Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 205/МА2021/00023

 

Э.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн иргэн *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлоор 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******/ZOOM/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай 

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн иргэн *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Э.******* нь хариуцагч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын хууль бус эс үйлдэхүйн улмаас 2020 оны 01-р сарын 10-ны өдрөөс 2021 оны 04-р сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан Улмаар Улсын дээд шүүхийн 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.4, 49-р зүйлийн 49.1-д заасны дагуу Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06-р сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолын дагуу Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Э.*******г тус хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалган шийдвэрлэсэн. Харин тогтоолын хянавал хэсгийн 20, 21 дэх хэсэгт нэхэмжлэгч нь хэнээс ямар үндэслэлээр хэдэн төгрөгний цалин ямар нэмэгдлийг хэдэн хувиар тооцон гаргуулж авах талаар буюу хохирлын хэмжээг маргаангүй байдлаар зөв тодорхойлж гаргаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүсэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан асуудлыг мөн хуулийн 102.2-д хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай тухай дурдсан. Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн тогтоолд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг маргаан зөв тодорхойлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрлэсэн. Э.******* миний бие хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нийт 16 сар ажилгүй байсан бөгөөд энэ хугацааны үндсэн цалин 14,539,972 төгрөг зэргийн нэмэгдэл 3.780.389 төгрөг, ЭБАТ-ын нэмэгдэл 2.181.003 төгрөг, Төрийн албан хаагчийн нэмэгдэл 1.454.002 төгрөг нийт 21.955,366 төгрөгийн цалин авах байсан. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөх мөнгөн дүн нь 2.573.445 төгрөг, хувь хүний лодогын албан татварт төлөгдөх мөнгөн дүн нь 1,680,197 төгрөг тус тус байна. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч миний бие захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нийт 16 сарын хугацаанд ажилгүй байсан бөгөөд ажилдаа буцаан томилогдсон хэдий ч тухайн хугацаанд ямар нэг ажил эрхлээгүй, шүүх маргаанд маш их хэмжээний зардал гаргасан зэрэг шалтгаанаар ар гэр, ахуй амьдрал хүнд нөхцөл байдалд орсон учир ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулан өөрт учирсан хохирлыг арилгуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэхүү боломж нь ч хуулиар олгогдсон болно.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, мөн хуулийн 101-р зүйлийн 101.1-д Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гэж мөн зүйлийн 101.2-т иргэн хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана хэмээн тус тус заасны дагуу хариуцагчийн хууль бус үйлдэхүйн улмаас надад учирсан хохирлыг арилгахаар хуульчилсан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэг, мөн хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, мөн зүйлийн 101.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.2, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 03-р сарн 01-ний өдрийн 55-р тогтоолын хянавал хэсгийн 20,21 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 21,955,366 төгрөгийг гаргуулж ажилгүй байсан 16 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Э.*******г Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарч ажлаас халаагүй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн. Мөн төрийн албаны тухай хуулийн 50-р зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байна. Иймд Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тэргүүлэгчид нь хариуцагч байх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Э.*******гийн ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжилсэн 21.955.366 төгрөгөнд түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг оруулж тооцсоныг нэмж тайлбарламаар байна. Э.*******гийн цалинг Төрийн сангийн мэргэжилтнээр тооцуулж гаргасан байгаа түүний тооцсоноор Э.*******гийн ажилгүй байсан хугацаанд гар дээрээ авах байсан цалин нь 17.701.724 төгрөг байгаа юм гэв.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаартай шийдвэрээр

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч Э.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 13ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 16.754.577 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 947.147 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж,

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 241.723 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж,

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох,

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч: Тус сумын Агьт багийн иргэн *******ын *******гийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 140/ШШ2021/00320 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна.

1. Э.*******г иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарч ажлаас чөлөөлөөгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн байдаг.

2. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд Э.*******гийн 2020 оны 01 дугээр сарын 10-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлүүдийг буруутай этгээдээр бүрэн төлүүлэх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

3. Э.******* нь уг албан тушаалд томилогдохдоо Терийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно" гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллах иргэн төрийн жинхэнэ албаны еренхий шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байх гэсэн шаардлагыг зөрчиж томилогдсон нь төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/2015 дугаартай албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Холбогдох материалуудыг хавсралтаар хүргүүлж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Э.*******гийн гаргасан нэхэмжлэлийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүх Э.*******г хуульд заасны дагуу томилогдсон төрийн албан хаагч мөн эсэхийг нь яагаад шалгаж үздэггүй юм бэ?, Э.******* төрийн албаны шалгалт өгсөн, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, хуулийн дагуу томилгоотой байсан бол бид цалин хөлсийг нь олгоод явахад татгалзах зүйл байхгүй. Гэтэл хууль бус томилгоотой, төрийн албан шалгалтад ороогүй, мөн Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны салбар зөвлөлөөс авсан бичгээс харахад төрийн албаны нөөцөд байхгүй байгаа. Э.******* хуулийн дагуу томилогдсон төрийн албан хаагч байсан бол бид маргаан үүсгээд яваад байх шаардлагагүй байсан. Төрийн албаны нөөцөд байхгүй, төрийн албаны шалгалт өгөөгүй ийм хүн төрийн албанд ажиллаад яваад байсан байна. Үүнийг анхан шатны шүүх нягталж үзээгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2 үндэслэлээр тайлбар хэлье.

Нэгдүгээрт: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргааны үйл баримтыг сайн ойлгохгүй байна. Э.*******гаас гаргасан төрийн албаны маргаан бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн хяналтын шатны шүүх шийдвэрлэсэн байгаа. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч та судалж үзээд, шаардлагатай бол мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах эрх чинь нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна.

Хоёрдугаарт: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл: Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уялдаагүй, тухайн ажлын байрны нөхцөл шаардлага, төрийн албан хаагчийн ажиллах шаардлагатай холбоотой тайлбарыг шүүхэд ирүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийн асуудалд дүгнэлт хийхдээ Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас иргэн Э.*******г ажилд нь буцаан томилох нь зүйтэй, тухайн үеийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр хууль бус байна. Цалин мөнгөний хэмжээний талаарх тооцооллыг үнэн бодитой гаргаж өгөөгүй учраас энэхүү асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Тийм учраас нэхэмжлэгч Э.******* нь энэхүү асуудлаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тухайн хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан 2 жилийн цалин, нийгмийн даатгал болон холбогдох татварын бичилтийг хийлгэхээр нэхэмжлэл гаргасан байдаг. Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тогтоолын дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг гаргасан.

Ийм учраас Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна гэж бидний зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсч байна. Хариуцагч талыг энэ шийдвэртэй холбогдуулж тайлбараа гаргах байх гэж бодсон боловч, энэ шийдвэрт ач холбогдолгүй тайлбар гаргалаа. Үүнийг шүүх харгалзан үзэх байх гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Э.******* нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 13-ныг өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 21.955.366 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Э.*******г Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгасан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарч, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговор олгохоор,

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ...Захиргааны байгуулагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй байхаар, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт дээрх учируулсан хохирлыг төр хариуцахаар, 101 дүгээр зүйийн 101.2 дахь хэсэгт иргэн өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулахаар тус тус хуульчилсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.*******гийн ажилгүй байсан бүх хугацааны, уг хугацаанд олгох нөхөн олговрыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан тогтоосон нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ 

Б.АРИУНБАЯР