Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 205/МА2021/00025

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумд байрлалтай ******* *******ы ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Завхан аймгийн ******* сумын Нуга багт үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухыг өмчлөх эрх ******* ХХК-нд үүссэн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******, Р.*******/ ******* сумаас ZOOM/-р, Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн ******* сумын Нуга багт үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухыг өмчлөх эрх ******* ХХК-нд үүссэн болохыг тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* *******ы ******* ХХК нь ******* сумд 2020 онд уурын зуухыг ашиглалтад оруулсан. Уг бүтээн байгуулалтыг хийхэд 1 тэрбум 200.000.000 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоо 6 галч, 1 слесарь, 1 гагнуурчин уурын зуухын дарга 1 нийт 9 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Компани хэвийн ажиллагаатай уурын зуухын өмчлөх эрхтэй гэрчилгээ авахын тулд улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Гэтэл хуучин чулуун барилгын баримт бичиг олдохгүй байсан. Анх уурын зуухын барилгыг засварлаж дэд бүтцийг хийж байх үед гэдэг хүн тухайн уурын зуухыг миний өмчлөлийнх гээд компанитай тохиролцсон байдаг. Үүний дагуу мөнгө төгрөгөө өгөөд бичиг баримтыг шилжүүлэх гэтэл ямар ч бичиг баримт байгаагүй. Тухайн уурын зуухын өмчлөлийн хувьд эргэлзээтэй болсон учраас компанийн зүгээс тухайн уурын зуухыг хэний өмчлөлийнх юм бэ гэдгийг судалсан. Социализийн үед уурын зуухыг Сайханжаргал гэдэг хүн хувьчилж аваад эргүүлээд төрд буцааж өгч байсан гэх мэдээллүүд гарч ирсэн. Үүний дагуу нэлээн хөөцөлдөж явсан боловч энэ талаарх баримт бичиг олдоогүй. Аймгийн Орон нутгийн өмчлөлийн газарт тухайн уурын зуухыг хаана хэний өмчлөлд байна вэ гэхэд бүртгэлгүй гэсэн хариуг өгсөн байдаг. ******* *******ы ******* ХХК-ны зүгээс их хэмжээний хөрөнгө оруулсан уурын зуухыг өмчилж чадахгүйд хүрсэн. Бичиг баримт үрэгдсэн зохих ёсоороо төрд бүртгэгдээгүй учраас ийм нөхцөл байдал үүссэн. ******* сумын кассын зарлагын ордер гэсэн баримт дээр бичигдсэн мэдээлэлд үндэслээд тухайн уурын зуухыг төрийн өмчлөлд байх үндэслэлтэй хөрөнгө байна гэж үзээд гуравдагч этгээдээр төрийн байгууллагын татан оролцуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухын нэг бүрэлдэхүүн хэсэг болох хуучин барилга төрийн өмчлөлийн эд зүйл байна, хуулийн этгээдийн зүгээс нэлээн их хэмжээний хөрөнгө гарсан, үүний үр дүнд үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуух байгаа учраас уурын зуухны өмчлөлийг заавал тогтоолгох шаардлагатай. Хэд хэдэн хөрөнгө нийлж шинээр бий болсон хөрөнгийн өмчлөлийг бий болгох вэ гэхээр хууль зааснаар өмчлөл үүсэж байгаа.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрх үүсэх нөхцөл байдал үүссэн байна гэж үзсэн учраас шүүхээр өмчлөлийг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс гаргаж өсгөн нотлох баримт дээр энэ талаар ойлгомжтой байгаа байх. 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уурын зуухын барилга, газар доогуурх шугам, агаарын шугам мотор уурын зуухны бүх төхөөрөмж гэх бүх зүйл нь үнэлэгдэж сумын Засаг даргын тамгын газрын дансанд бүргэгдсэн байна. Энэ талаарх баримт нь байгаа учраас тухайн уурын зуухны барилга төрийн өмч юм. Хэн нэгэн хариуцлагагүй төрийн албан хаагчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж төр хохирох ёсгүй. Тухайн үед 1.000.000 төгрөгөөр үнэлээд төрд шилжүүлсэн баримт нь байгаа учраас энэ хэргийн үнэн мөнийг үнэнээр нь шийдэж өгнө үү. Мөн ******* *******ы ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухны агаарын шугам, дулааны шугам нь одоо болтол ******* сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлд байна. Тухайн эд зүйлсийг ямар хэлбэрээр яаж авсан юм, ямар үнэлгээтэй юм бэ, төрийн өмч гэхээрээ үнэгүйдчихдэг юм уу, өдий олон жил төрийн өмчид бүртгэж аваагүй хариуцлагагүй этгээд нь хэн бэ гээд үнэхээр эргэлзээтэй учраас үнэн мөнийг нь шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд ******* *******ы ******* ХХК нь ******* сумд нэгдсэн халаалт дулааны том бүтээн байгуулалт хийсэн. Дулаан эрчим хүчээр хангаж байгаа. Тухайн үед тухайн уурын зуухын өмчлөлийн асуудлыг шийдээгүйгээр үйл ажиллагаагаа явуулсан. Би хүүхэд ахуй наснаасаа эхлээд өдийг хүртэл ******* сумд өсөж ажиллаж амьдарч байна. 1997 оны үйл явдал, 1998 оны үйл явдал зэргийг мэднэ. Тухайн үед би Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тухайн уурын зуухыг хувь хүнээс төрд шилжихэд комиссын даргаар нь ажиллаж байсан. Энэ талаарх холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэр үед дулааны шугам, агаарын шугам, уурын зуухны барилга байгууламж, тоног төхөөрөмж зэргийг бүгдийг нь 1.000.000 төгрөгөөр үнэлээд төрд нь аваач гэж хүссэний дагуу тухайн уурын зуухыг төрийн өмчлөлд шилжүүлж байсан. Тухайн үед санхүүгийн ажилтан болох нярав нягтлангууд нь тухайн уурын зуухын бүртгэж авах ёстой эд зүйлсийн заримыг нь бүртгээд заримыг нь бүртгэж аваагүй юм шиг байна лээ. Одоо тухайн уурын зуухны худаг, агаарын шугам нь бүртгэлтэй байгаа. Тухайн үед уг уурыг нийтээр нь 1.000.000 төгрөгөөр үнэлж авсан юм чинь яах аргагүй л төрийн өмч мөн. Бага хувьчлалаар тухайн уурын зуухыг манай сумын иргэн болох Сайханжаргал гэдэг хүн хувьчилж аваад үйл ажиллагаа явуулж байгаад Улаанбаатар хот руу шилжих болоод буцаагаад төрд нь шилжүүлж байсан. Би тухайн үеийн үйл явдалд оролцож байсан хүн учраас тухайн үед төрийн өмчлөлд шилжүүлж төрийн өмч болгож байсан гэдгийг нотолж байна. ******* *******ы ******* ХХК манай сумд том бүтээн байгуулалт хийсэн гэдэгтэй маргах зүйлгүй. Тийм учраас энэ өмчлөлийн асуудлыг нэг их маргахгүйгээр төрийн өмчлөлд нь буцаж бүртгэж аваад хууль журмын дагуу мэргэжлийн шинжээчээр үнэлүүлээд дуудлага худалдаагаар ороод тодорхой хэмжээний мөнгөөр ******* *******ы ******* ХХК-д худалдах боломжтой гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******, Р.******* нарын гаргаж өгсөн нотлох баримтаас харахад тухайн уурын зуух ******* сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн газар болох нь ойлгомжтой байна. Тухайн уурын зуухны чулуун барилга нь бүртгэлгүй байсан байна гэж ойлгож байна. 2020 оны байдлаар тухайн уурын зуухад ******* *******ы ******* ХХК тухайн уурын зуухад засвар хийхээс өмнөх байдлаар хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгоод дараа нь аймгийн иргэдийн төлөөлөгчдын хуралд уламжлаад худалдах, дуудлага худалдааны журмаар хуульд заасны дагуу өмчлөгчийг өөрчилж болох гарц харагдаж байна. Тухайн уурын зуухыг дуудлага худалдаагаар оруулж дуудлага худалдаагаар худалдаж авсан тохиолдолд ******* *******ы ******* ХХК-д тухайн уурын зуухны өмчлөл шилжих боломжтой гаргалгаа харагдаж байна. Бүртгэлгүй уурын зуухыг буцаагаад төрд нь бүртгүүлээд буцаагаад аймгийн иргэдийн төлөөлөгчдын хуралд хандаж үнэ тогтоолгоод дуудлага худалдааны журмаар худалдаж аваад ******* *******ы ******* ХХК-ийн өмчлөлд шилжих боломжтой гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаартай шийдвэрээр  

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний Завхан аймгийн ******* сумын Нуга багт үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухыг өмчлөх эрх ******* ХХК-нд үүссэн болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлын агуулга:

Иh Мянганы Хишиг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* би Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 27-ны өдрийн 140/2021/00308 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар ******* *******ы ******* ХХК нь өөрийн хөрөнгө (хөдлөх хөрөнгө)-өөр Завхан аймгийн ******* сумын Нуга багт байрлалтай хуучин уурын зуух (үл хөдлөх эд хөрөнгө)-ийг засаж сайжруулан өөрийн хөрөнгийг уг уурын зуухтай нийлүүлж, холилдсоны улмаас салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон гэж үзэж шаардаж байгаа нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хуулийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэснийг, мөн шинээр ямар эд хөрөнгө бий болсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмыг баримтлах хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх тус хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.  

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн хамгийн эхэнд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухайн уурын зуух ******* сумын өмч хөрөнгө мөн гэж маргаж байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлдээ өөрийнхөө бүтээн байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуух буюу нэгдсэн халаалтын системийг бүхлээр нь өмчлөх эрхтэй гэж үзэж өмчлөх эрх үүссэн байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар гуравдагч этгээдүүд үндэслэлгүй гэж маргаагүй.

Тухайлбал: Хавтаст хэргийн 78-аас 79 дүгээр хуудсанд авагдсан хурлын тэмдэглэлд гуравдагч этгээд ******* хэлэхдээ 2020 онд ******* *******ы ******* компани ******* сумд нэгдсэн системийн том бүтээн байгуулалт хийсэн, дулааны эрчим хүч гаргаж хангаж байгаа. ******* *******ы ******* компани манай сумд том бүтээн байгуулалт хийсэн гэдэгтэй маргах зүйлгүй тийм учраас өмчлөх асуудал дээр маргахгүйгээр төрийн өмчлөлд нь буцааж бүртгэж аваад /барилгыг хэлж байгаа/ мэргэжлийн шинжээчээр дүгнүүлж тодорхой хэмжээний мөнгөөр компанид худалдах боломжтой гэж хэлж байсан.

Гуравдагч этгээд ******* болохоор хавтаст хэргийн 78 дугаар хуудаст тухайн уурын зуухны чулуун барилга нь бүртгэлгүй байсан гэж ойлгож байна. 2020 оны байдлаар буюу өмнөх байдлаар хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгож, дараа нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд уламжилж дуудлага худалдаагаар худалдаж авсан тохиолдолд компанид өмчлөл нь шилжих боломжтой байна гэж тайлбар хийж байсан.

Гуравдагч этгээд ******* нь хавтаст хэргийн 78 дугаар хуудаст тухайн уурын зуухны барилга нь төрийн өмч юм гэсэн тайлбарыг хэлж байсан.

Гуравдагч этгээд ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэхдээ компани манай суманд хөрөнгө оруулалт хийснийг үгүйсгэхгүй. Анхнаасаа хэний өмчлөлийнх болохыг асууж тодруулах байсан юм. Манай хөрөнгө боллоо гээд танай хөрөнгийг булааж авахгүй нь ойлгомжтой шүү дээ гэсэн тайлбар нь хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан байгаа.

...Мөн хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд кассын зарлаг дээр Ж.Сүхээ эрчмийн тогны төлбөр, худалдан авсны үнэ 1 сая төгрөг гэсэн баримтуудаар нотлогддог. Шинээр бий болсон уурын зуух Нуга багт байгаа болох нь талуудын тайлбар, гэрч Самдангын мэдүүлэг, хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан гэрэл зураг зэргээр нотлогддог. Анхан шатны шүүх засаж сайжруулсныг хамааруулахгүй гэж дүгнэсэн. Үнэхээр засаж сайжруулсан байна гэж дүгнэсэн ч гэсэн Иргэний хуулийн 120.2-т зааснаар засан сайжруулж, дахин боловсруулахад их хөрөнгө, илүү хөдөлмөр зарцуулсан тал нь өмчлөгч байна гэж заасан байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 119, 120 дугаар зүйлүүдийн аль нь ч бай компани өөрийн хөрөнгөөрөө бүтээн байгуулсан хөрөнгөө өмчлөх эрхтэй гэж хуульд заасан байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанд эрх зүйн ямар нэгэн маргаангүй байх ба зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаарддаггүй. Эрх зүйн маргаангүй байгаа нь эсрэг талын зохигч байхгүй байхыг ойлгохгүй гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн. Энэ талаар судлаад үзэхэд Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар тогтоолд эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй гэж тайлбарладаг. Талууд нийлж холилдохоос өмнө байсан тус тусын хөрөнгийг өмчлөх эрхтэй гэдэг болохоос шинэ хөрөнгийг нэг бол төр өмчилнө эсвэл хуулийн этгээд өмчилнө гэсэн туйлын эсрэг сонирхолтой маргадгүй. Нуга багт үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухыг төрийн өмч хөрөнгө мөн гэж гуравдагч этгээд маргаагүй. Харин тухайн компанийн хийсэн бүтээн байгуулалтыг бид нар булааж авах гээгүй гэж тайлбарладаг. Гуравдагч этгээдүүдийн концессын гэрээ гэдэг асуудал тухайн хурал дээр яригдсан. Хэрэгт концессын гэрээ авагдсан байгаа. Гэтэл 2 янзаар зохицуулсан гэрээ байгаа мэтээр буруу тайлбарласан. Тухайн гэрээний 2.3-т өмчлөлийн асуудлыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр хуулийн дагуу тодорхойлно гэж заасан. ******* сумд хийгдсэн уурын зуух нь 100% хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Тийм ч учраас гэрээг оруулсан хөрөнгөөр өмчлөл тодорхойлогдоно гэж заасан байгаа. Концессын тухай хуулийн 5.1-т Концессын зүйл болон түүний эд анги, тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг концессын гэрээгээр зохицуулна гэж заасан байгаа. Мөн хуулийн 4.1.3-т концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөх гэсэн байгаа. Тэгэхээр концессын гэрээнд өмчлөх эрхээ талууд тохирч болох чухал зүйл байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******/ ******* сумаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн өмчийг, өмчлөлийн маргаангүй гээд байх юм. Өмчлөлийн маргаан үүсээд ******* *******ы ******* ХХК нь төрийн өмчийг үнэгүй авах гээд байгаа юм шиг санагдаад байх юм. Тухайн үед байсан хөрөнгийн заримыг нь санаатай бүртгэлгүй болгосон зүйл байдаг. Хамт байдаг худаг, агаарын шугам, бусад шугам сүлжээнүүд нь байсан хэр нь зарж үрэгдсэн байхгүй болсон зүйл санаатай хийгдсэнээс болж төрийн өмчийг яагаад өөрт ашигтай байдлаар хувь хүн, компани авах гээд байгааг ойлгохгүй байна. Мөн тухайн уурын зуухыг эзэнгүй хоосон хөрөнгө байсан мэтээр зүйл яриад байх юм. Тухайн уурын зуухыг хувьчлаад авчихсан хүний газар дээр байсан зүйлийг ******* *******ы ******* ХХК нь авсан. Харин тухайн уурын зууханд тодорхой хэмжээний засвар үйлчилгээ орсныг үгүйсгэхгүй. Уг уурын зуух нь 1986 онд ашиглалтад орж 2-оос 3 жил ажиллаж байгаад хувьчлагдсан байдаг. Мөн ******* *******ы ******* ХХК нь одоо болтол ******* сумаас сард 30-аас 40 сая төгрөгийн халаалтын төлбөр авдаг байж буцааж огт татвар төлдөггүй. Гэтэл төрийн өмчийн юмыг заавал үнэгүйдүүлж хувьчилж авах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.*******/ ******* сумаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд 1987 оноос хойш одоог хүртэл 34 жил ******* сумд ажиллаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай талаас шүүхэд холбогдох нотлох баримтуудыг өгсөн байгаа. Маш тодорхой уурын зуух нь ******* сумын өмчлөлд байгаа. Харин эрчим хүчний шугам, дулааны шугам зэргийг ******* *******ы ******* ХХК нь ашиглаж байгаа. Гэтэл манай талаас хөрөнгө оруулалт хийгдсэн байхад ******* *******ы ******* ХХК нь 100%-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн мэтээр тайлбарлаад байна. Энэ барилга нь төрийн өмчлөлд байгаа нь үнэн гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Концессын гэрээ гэдэг нь төр, хувийн хэвшлийн хоорондын түншлэлийг зохицуулсан эрх зүйн акт гэж миний хувьд ойлгодог. ******* *******ы ******* ХХК нь ямар нэгэн байдлаар барьж, ашиглаж, шилжүүлэх юм уу? 6-аас 7 төрлийн нөхцөл байдаг. Яг аль нөхцөлөөр нь хийсэн гэдэг нь мэдэгддэггүй. Бусад сумуудын хувьд өөрийн хөрөнгөөр барьж 15 жил ашиглаж байгаад төрд буцааж өгнө гэсэн нөхцөлөөр хийгдсэн гэрээ байдаг. Уурын зуухны барилгын хувьд ашигладаггүй хөрөнгө байсан нь үнэн. 1997 онд хүлээж авахдаа бүхэлд нь уурын зуух шугам сүлжээ, худаг, мотор гээд иж бүрэн 1 сая гаран төгрөгөөр шилжүүлсэн байдаг. Явцын дунд чулуун барилгыг хассан талаар бүртгэл байхгүй бусад зүйлс нь бүртгэлтэй байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК -нь Завхан аймгийн ******* сумын Нуга багт үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуухны өмчлөх эрх ******* *******ы ******* ХХК-нд үүссэн болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас харахад хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Завхан аймгийн ******* сумын Нуга багт байрлах хуучин ашиглагдаагүй байсан уурын зуухны чулуун барилга нь хэний эзэмшилийн эд хөрөнгө байсан эсэх, нэхэмжлэгч ******* -******* ******* ХХК нь ямар журмаар эзэмшилдээ авсан болох нь тодорхойгүй байна. 

Талуудын тайлбараар уг чулуун барилгыг 1993 оны 07 дугаар сарын 19-нд өмч хувьчлалыг комиссын шийдвэрээр Б.Сайханжаргал гэдэг хүн хувьчлан авсан, Б.Сайханжаргал нь 1997 онд 1 сая төгрөгөөр тус сумын засаг даргын тамгын газрын өмчлөлд шилжүүлсэн гэх боловч ямар учраас төрийн өмчийн данс бүртгэлд авагдаагүй байсан, хэдэн онд ямар журмаар гэдэг хүний эзэмшилд шилжсэн эсэх, ******* ******* ХХК-ны оос ямар гэрээ хэлцэлийн үндсэн дээр дээрх барилгын эзэмгилийг шилжүүлж авсан эсэх, ******* ******* ХХК-ны өмчилж авсан гэх газар нь уг маргаан бүхий уурын зуух байрлах газар мөн эсэх болон тухайн барилга нь хэн нэгний эзэмшилд байсан эсэх, эсхүл эзэнгүй эд хөрөнгө байсан эсэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна. 

Түүнчлэн маргаан бүхий хуучин уурын зуухны чулуун барилга нь ямар хэмжээтэй, ямар үнэ өртөгтөй барилга байсан эсэх, уг барилгыг *******-******* ХХК нь ямар үнэ өртөгөөр хэрхэн засан сайжируулалт хийж, одоо ямар хэмжээтэй, ямар үнэ өртөгтөй эд хөрөнгө бий болсон эсэх, шинээр бий болсон эд хөрөнгө нь тухайн сум орон нутагт эдийн засгийн ямар ач холбогдолтой байгаа зэргийг судлан шинжилж, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоосны эцэст, үйл баримтанд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ 

Б.АРИУНБАЯР