Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2022/00001

 

С.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 431 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ******* тоотод оршин суух иргэн С.******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох 2020 оны 04-р сарын 06-ны өдрөөс 2021 оны 07-р сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ы давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч С.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 04-р сарын 06-ны өдрөөс 2021 оны 07-р сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай 

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Дархчуул овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 1974 онд төрсөн. Намайг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019.5.13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар жолоочийн ажлаас чөлөөлсөн тул Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020.04.06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж шийдвэрлэсэн. Тус хэргийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдаанаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021.7.26-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар ажилдаа эгүүлэн томилогдсон тул 2020 оны4 сарын 06-ны өдрөөс 2021 оны 7 сарын 26-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх холбогдох бичилтийг хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочоор ажиллаж байсан С.*******ын 2020 оны 04 сарын 06-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Манай байгууллага 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр С.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилох тухай Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2021 оны 06 сарын 02-ний өдрийн 001/XT2021/00615 дугаар шийдвэрийг хүлээн авсан болно.

Шийдвэрийг авсан тухайн өдрөө манай газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Ч.*******а түүнтэй холбогдох гэхэд утас нь холбогдохгүй байсан бөгөөд 22-ны өдөр С.*******тай утсаар холбогдож ажилдаа эргэн орохыг мэдэгдэхэд тэрээр "Аймаг дээр байхгүй байгаа тул 26-ний өдөр очье гэсэн хариуг өгсөн байсан. Иймээс С.*******ыг 2021 оны 07 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн урд эрхэлж байсан албан тушаалд нь томилон ажиллуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт: "Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн. халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байна. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчид төрөөс олгох нөхөн төлбөрийн төрлийг тусгайлан заасан бөгөөд мөн заалттай нийцүүлэн Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам"-ын 1.2 дахь хэсэгт төрийн албан хаагчид олгох нөхөн төлбөрийн төрөлд "үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны нөхөн төлбөр"-ийг төлөх зохицуулалт огт байхгүй бөгөөд, мөн журмын 1.3 дахь хэсэгт зөвхөн энэхүү журмын 1.2 дахь хэсэгт заасан төрлөөр төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага төсөвтөө тусгаж санхүүжүүлэхээр зохицуулсан байна. Дээрх хууль, тогтоомжид заасны дагуy манай байгууллагын төсвөөс жолооч С.*******ын үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн үеийн хугацааны цалинг нөхөн олгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд жолооч С.*******ыг ажлаас үндэслэлгүйгээр халсан шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтан буюу А.*******оос С.*******ын ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлнэ үү.

2. Харин нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээгээр жолооч С.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн хувиар төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би 2019 оны 5 сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Би ажилдаа эргэн орсон боловч орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Одоо болтол би ажилгүй хохирч байна. Тийм учраас би ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлмээр байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би Мэргэжлийн хяналтын газрын даргаар сэлгэн ажиллахаар 2021 оны 7 сард томилогдон ажилласан. 2021 оны 7 сарын 21-ний өдөр манай байгууллага дээр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүхийн тогтоол ирсэн. Уг тогтоол дээр манай байгууллагад өмнө жолоочоор ажиллаж байсан С.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн учраас ажилд нь эгүүлэн томилох гэсэн шүүхийн шийдвэр. Уг шийдвэрийг авсан даруйдаа би С.*******тай холбогдож ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэрийг 2021 оны 7 сарын 26-ны өдөр гаргасан. 2021 оны 7 сарын 22-ны өдөр С.*******тай холбогдоход Улаанбаатар хотод байна, би 2021 оны 7 сарын 26-ны өдөр ажил дээрээ очно гэж хэлсэн учраас би ирсэн өдрөөс нь эхлээд албан тушаалд нь эгүүлэн томилсон. С.*******ын 2021 оны 8 сард шүүхэд гаргасан нэхэмжлэлийг би яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлд төрд учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох талаар тодорхой заасан байдаг. Энэ хуульд зааснаар Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журамд төрийн албан хаагчид учирсан хохирлыг нөхөн төлөхөөр журамласан байдаг. Энэхүү нөхөн төлбөрийг уг журмын 1.2 дахь хэсэгт нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллагын төсөвтөө суутгаж санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ журам дээр тухайн албан хаагчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан тохиолдолд нөхөн төлбөр олгох ямар ч заалт байхгүй. Төсвийн шууд захирагч нь өөрөө Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Хэрвээ энэ үүргээ зөрчсөн тохиолдолд төсөв зориулалтын дагуу зарцуулсан гэдэг байдлаар аудитын байгууллагаас акт тавигддаг. Манай байгууллагын 2021 оны төсөв дээр С.*******ад учирсан ямар нэгэн хохирол нөхөн төлбөртэй холбоотой төлбөрийг төлүүлэх мөнгө төсөвт огт суугаагүй учраас энэ хохирлыг манай байгууллагаас гаргах боломж байхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлд захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдвөл төрөөс нөхөн олговрыг олгохоор заасан байдаг. Гэтэл энэ нөхөн олговор нь байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас учирсан хохирол биш. Тийм учраас Захиргааны нөхөн олговрыг төрөөс олгох боломжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учирсан хохирлыг шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Тийм учраас тухайн үед ажлаас халах шийдвэр гаргасан албан тушаалтан болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.*******оор нэхэмжлэгч С.*******ад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Тухайн үед Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолоочоор ажиллаж байсан С.*******ыг тухайн үед тус байгууллагын даргаар ажиллаж байсан А.******* миний бие ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үнэн. Гэхдээ уг шийдвэрийг иргэн А.*******ийн хувьд гаргаагүй, Мэргэжлийн хяналтын газрын даргын эрх хэмжээний хүрээнд энэ шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс миний гаргасан шийдвэрийг үгүйсгэж С.*******ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсан. Тухайн үед бид Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан.

С.******* Мэргэжлийн хяналтын газрын жолоочоор ажиллаж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн, С.*******ыг архи уусан гэдгийг би тогтоогоогүй, ёс зүйн хороо тогтоож, дүгнэлт гаргаж өгснийг үндэслээд Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн. Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр гүйцэтгэгч Д.*******ы шүүхэд гаргасан тайлбартай танилцсан, мөн сая тайлбарыг нь сонслоо. Төрийн албаны тухай хуулиар шийдвэр гаргасан этгээд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргах ёстой буюу надаас гаргуулахаар тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн биелүүлэх боломжгүй. Яагаад гэвэл ажилд томилох асуудлыг нь дарга биелүүлдэг, төлбөр төлөх асуудлыг ажлаас түр чөлөөлөгдсөн байгаа ажилгүй байгаа иргэн надаар төлүүлэх хуулийн зүйл заалт байхгүй байгаа учраас Мэргэжлийн хяналтын газар шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. С.*******ыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг иргэн А.******* миний бие хувь хүн талаасаа гаргаагүй, Мэргэжлийн хяналтын газрын дарга гэх албан тушаалтны хувьд гаргасан шийдвэр шүү гэдгийг онцолж хэлмээр байна. Би Д.******* даргын тайлбарыг ойлгож байна. Мэргэжлийн хяналтын газарт ийм хохиролд зарцуулагдах төсөв байхгүй ч гэсэн цалингийн сан хангалттай, одоо орон тоо дутуу ажиллаж байгаа учраас цалин хэмнэгдсэн гэж ойлгож байна. Ийм учраас С.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах боломжтой гэж үзэж байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 422 дугаартай шийдвэрээр

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 9.269.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгож,

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 163.264 төгрөгийг гаргаж улсын төсвийн орлогод оруулж,

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж,

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******ы давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 сарын 16-ний өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай шийдвэрт иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд:

1/ Шүүгч Иргэний хуулийн (цаашид ИХ гэх) 498.5 дахь хэсэгт заасан "Энэ хуулийн 498.1. 498 2, 498 4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй." гэсэн заалтыг үндэслэл болгож авсан байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь ИХ-ийн 498.1 дэх хэсэгт "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэж заасан бөгөөд С.*******ыг ажлаас халсан шийдвэр гаргасан А.******* нь өөрөө ажил олгогч тул энэ заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна. Мөн хуулийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэсэн заалт нь мөн хамааралгуй байна. Учир нь С.*******ыг ажлаас халсан шийдвэрийг МХГ-ын дарга А.*******ийн хувьд өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан бөгөөд энэхүү шийдвэр нь албан үүргээ зөрчсөн үйлдэл биш болно.

Мөн ИХ-ийн 498.4 дэх хэсэгт заасан "Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана" гэсэн заалт нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд огт хамааралгүй байна.

2/ шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 3.3 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ" гэснийг харгалзан үзээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгч шийдвэрийн үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 101.1, 101. 2 дахь хэсгийг баримталсан байх бөгөөд Төрийн байгууллага, албан тушаалтны гэм буруугаас учирсан хохирлыг нарийвчлан зохицуулсан, хамгийн сүүлд хүчин төгөлдөр болсон 2017 онд шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй алдаа гаргасан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан байгаа. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчид төрөөс олгох нөхөн төлбөрийн төрлийг тусгайлан заасан бөгөөд мөн заалттай нийцүүлэн Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам-ын 1.2 дахь хэсэгт төрийн албан хаагчид олгох нөхөн төлбөрийн төрөлд Үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны нөхөн төлбөр-ийг төлөх зохицуулалт огт байхгүй байна. Дээрх журмын 1.3 дахь хэсэгт зөвхөн энэхүү журмын 1.2 хэсэгт заасан төрлөөр төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага төсөвтөө тусгаж санхүүжүүлэхээр зохицуулсныг анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, шүүхийн мэтгэлцээний явцад тайлбарласан байхад шүүгч энэхүү асуудлыг огт харгалзан үзээгүй болно.

3/ Төсвөөс санхүүждэг төсвийн байгууллага болох Мэргэжлийн хяналтын газрын төсвийг тухайн төсвийн жилийн өмнөх онд буюу 2020 оны Төсвийн тухай хуулиар баталдаг бөгөөд төсөвт тусгагдаагүй тохиолдолд , Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь хэсэг төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй бөгөөд тухайн жилийн төсөвт тусгагдаагүй С.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох боломжгүй тухай шүүх хурлын явцад тайлбарласан. Мөн манай талаас хүсэлт гаргаж С.*******ыг ажлаас халсан шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтан буюу МХГ-ын даргаар ажиллаж байсан А.*******ийг гуравдагч этгээдээр шүүх хуралд татан оролцуулсан байхад төлбөрийг МХГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгч шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан, Мэргэжлийн хяналтын байгууллага нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай иргэн С.*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 9.269 650 төгрөгийг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 431 дугаартай шийдвэрт шүүгч Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт заасан "Энэ хуулийн 498.1. 498 2, 498 4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй." гэсэн заалтыг үндэслэл болгож авсан байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь ИХ-ийн 498.1 дэх хэсэгт "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэж заасан бөгөөд С.*******ыг ажлаас халсан шийдвэр гаргасан А.******* нь өөрөө ажил олгогч. Хэрвээ А.******* нь ажил олгогч гэвэл Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар биш энэ хүнийг томилдог эрх бүхий албан тушаалтан буюу ажил олгогч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тухайн үеийн дарга нь *******а гэдэг хүн байдаг. Үнэхээр А.******* гэдэг хүний гэм буруугийн үйлдэл гэж үзэх юм бол *******а гэх хүнээс нэхэмжлэх ёстой байтал байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан гэсэн байдаг. Учир нь С.*******ыг ажлаас халсан шийдвэрийг Мэргэжлийн хяналтын газрын дарга А.*******ийн хувьд өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан бөгөөд энэхүү шийдвэр нь албан үүргээ зөрчсөн үйлдэл биш юм. Мөн Иргэний хуулийн 498.4 дэх хэсэгт заасан "Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана" гэсэн заалт нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд огт хамааралгүй байна. Мөн шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 3.3 дахь хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ" гэснийг харгалзан үзээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгч шийдвэрийн үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 101.1, 101. 2 дахь хэсгийг баримталсан байх бөгөөд Төрийн байгууллага, албан тушаалтны гэм буруугаас учирсан хохирлыг нарийвчлан зохицуулсан, хамгийн сүүлд хүчин төгөлдөр болсон 2017 онд шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй алдаа гаргасан гэж үзэж байна. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчид төрөөс олгох нөхөн төлбөрийн төрлийг тусгайлан заасан бөгөөд мөн заалттай нийцүүлэн Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам-ын 1.2 дахь хэсэгт төрийн албан хаагчид олгох нөхөн төлбөрийн төрөлд Үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны нөхөн төлбөр-ийг төлөх зохицуулалт огт байхгүй байна. Тэгэхээр энэ журамд заагдаагүй асуудлаар нөхөн олговор олгох нь өөрөө тухайн ажил олгогч ямар нэгэн захиргааны байгууллагаас гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Төсвөөс санхүүждэг төсвийн байгууллага болох Мэргэжлийн хяналтын газрын төсвийг тухайн төсвийн жилийн өмнөх онд буюу 2020 оны Төсвийн тухай хуулиар баталдаг бөгөөд төсөвт тусгагдаагүй тохиолдолд үүнийг барагдуулах ямар ч боломжгүй. Мөн манай талаас хүсэлт гаргаж С.*******ыг ажлаас халсан шийдвэр гаргасан гэм буруутай албан тушаалтан буюу Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан А.*******ийг гуравдагч этгээдээр шүүх хуралд татан оролцуулсан байхад төлбөрийг Мэргэжлийн хяналтын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгч шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан, Мэргэжлийн хяналтын байгууллага нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мэргэжлийн хяналтын газраас өөрт учирсан хохирлоо гаргуулах нь зөв байх гэсэн бодол надад байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар С.******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар жолоочоор ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдсаныг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсан байна.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/20 дугаартай тушаал гарч нэхэмжлэгч С.******* мөн өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн томилсон байна.

С. ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс ажилд томилогдсон өдөр болох 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо- Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэснийг баримтлах ёстой гэсэн агуулага бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох зохицуулалт зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зохицуулагдсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай зохицуулалт, нөгөө талаар төрд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан байна.

Нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь төрд учирсан хохирол бусдад учирсан хохирол, гэм хор гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтууд нь энэ маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй болно.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах тухай маргаанд Иргэний хуулийн гэм хорын зохицуулалтуудыг тайлбарлан хэрэглэж, хууль буруу хэрэглэсэн байгаа боловч энэ нь маргааны эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зохицуулалтыг баримтлан хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан ажилгүй байсан бүх хугацааг зөв тодорхойлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 431 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ  

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР