Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 205/МА2022/00004

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 432 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суух иргэн Очирваань овогт*******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох Засаг даргын 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/24 тоот, 2021 оны 05-р сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож урьд эрхэлж байсан ******* сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.ын давж заалдах гомдлоор 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Улиастай сумын Засаг даргад холбогдох Засаг даргын 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн Б/24 тоот, 2021 оны 05-р сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож урьд эрхэлж байсан ******* сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай  

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Д.******* миний бие Улиастай сумын ******* сургуулийн захирлаар Улиастай сумын Засаг даргын 2020.10.22-ны өдрийн Б/26 тоот захирамжаар томилогдон ажилласан.

2020 оны 12 сарын 25-ны өдөр Улиастай сумаас сургууль цэцэрлэгүүдийг 2020 оны тайлангаа тавь гэсний дагуу тайлангаа тавьсан. *******,*******, ******* нарыг 2021 оны 4 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Мөн физикийн багшаар ажиллаж байсан *******аг мөн энэ өдөр ажлаас чөлөөлсөн. Иргэний боловсрол физикийн хичээлийг газар зүй байгаль шинжлэлийн багш орж байсан учраас иргэний боловсролын хичээлийн багш аа хүүхэд асрах чөлөөтэй байхад нь *******а багшийг ажиллуулахаар ажилд томилсон.

Тэгээд нэг сул орон тоо гарсан учраас *******г буцаад 1-р ангийн багшаар эгүүлэн ажилд томилсон. Англи хэлний багш *******ийг 2021 оны 4 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөөд 2021 оны 5 сарын 03-ны өдөр англи хэлний багш М.гийн жирэмсний амралтын хугацаанд томилсон. Өөрөөр хэлбэл нэгийг ажлаас чөлөөлчихөөд жирэмсний амралттай байгаа багшийн оронд томилсон. Нөгөө багшийг буцааж ажилд авахдаа сул орон тоо гарсан байсан учраас *******а багшийг Мядагмаа багшийн оронд томилчихоод бага боловсролын багш *******г тодорхой шалтгааны улмаас ажилд эгүүлэн авсан.

Бага боловсролын багш *******г яагаад ажилд авах болсон бэ гэхээр 2021 онд 1-р ангид нийт 121 хүүхэд элссэн, үүнийг 4 бүлэгт хуваахад нэг анги 41 хүүхэдтэй болохоор байсан болохоор Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 сарын 31-ний өдрийн 300791237 дугаар тушаал буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын багшийн ажлын норм тогтоох багш зарим удирдах ажилтны цалин хөлсийг тооцож олгох журам зөрчигдөх байдал үүсэн гэж үзсэн. Тухайн журамд бага ангийн анги дүүргэлтийг 30-35 хүүхэд гэж заасан байдаг. Дээрх журам зөрчигдсөнөөр багшийн ажлын норм хэтрэх, тухайн багшийн эрүүл мэндэд сөрөг нөлөө гарах эрсдэлтэй байна гэж үзээд тухайн асуудлыг шийдэхдээ зөвхөн захирал шийдээгүй, захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Үүнд оролцсон сургуулийн удирдах албан тушаалтан буюу бага ангийн хариуцсан сургалтын менежер, бага ангийн заах аргын нэгдлийн ахлагч буюу бусад хүмүүс 1-р ангийн багшийг ажлаас чөлөөлөх нь хүүхдийн эрх зөрчигдөх маш олон зөрчлийг бий болно гэсэн саналууд гарсан. Уг саналуудыг харгалзан үзсэн.

Мөн 1-р ангийн багшийг ажлаас чөлөөлөхөд ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад 1-р ангийн нэг анги 39, 40 хүүхэдтэй байхад эрүүл ахуй халдвар хамгаалалтын дэглэм зөрчигдөх нөхцөл байдал үүсэхээр байсан. тухайн цаг хугацаанд Засгийн газрын 104 дүгээр тогтоол гарсан, мөн аймгийн Засаг даргын А/172 дугаар захирамж гарсан, мөн сумын Засаг даргын А/103 дугаартай захирамж гарч бүх нийтийн бэлэн байдал зарлагдаж гадуур хэнийг ч явуулахгүй бүтэн хөл хорио тогтоогдсон байсан учраас тухайн ангид суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг эхтэй уулзах ямар ч боломжгүй байсан. Тийм учраас тухайн үед сургуулийн бүлгийг өөрчлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхээр, эцэг эхээс гомдол гарахаар, мөн хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөөр, багшийн ажлын норм зөрчигдөхөөр байдал үүссэн учраас дотроо зохицуулалт хийгээд тухайн 2 ажилтныг ажилд эгүүлэн томилсон.

Технологийн комбинатыг засварлахад 9.600.000 төгрөг, 4.800.000 төгрөгийн 2 удаа гүйлгээ хийгдсэн. ******* сургууль 2020 онд 42.000.000 төгрөгийн орлого олсон. Тэр орлого бол төсвийн зүйл заалт дээр тусгагдаад явдаг. Өөрийн олсон орлого болон хүүхдүүдээс хураасан сургалтын төлбөрийн 30 хүртэл хувь нь тухайн багш болон туслах ажилтанд цалин хөлс олгогддог, үлдсэн хувь нь сургалтын орчинд зарцуулагдах ёстой. Тийм учраас үүнийг зориулалт бусаар гарсан зардал гэж хэлэхэд учир дутагдалтай. Гэхдээ хичээл практикийн зардал бичиг хэргийн зардлаас гарсан гэж аудитын дүгнэлтээр гарсан. Энэ асуудлаар миний бие тухайн үед нь 2021 оны 3 сарын 17-нд сумын Засаг даргад хандсан байхад арга хэмжээ авна гэж яриагүй байж өөрийнх нь санал болгосон хүнийг ажилд аваагүй гэх утгаар 2021 оны 5 сарын 07-нд арга хэмжээ авсанд гомдолтой байна.

Тухайн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэж биелэлтийг хүргүүлэх аудитын албан шаардлагын хугацаа болоогүй байхад хөдөлмөрийн гэрээнд заагдсанаар аудитын дүгнэлтэд үндэслэх байтал ажил сайжруулах аудитын албан шаардлагад үндэслэн сахилгын шийтгэл ногдуулан арга хэмжээ авсан нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж сахилгын шийтгэлийн талаар Завхан аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасан боловч ирц хүрэлцэхгүй байна гэсэн хариуг авсан болно.

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021 оны 5 сарын 07-ны өдрийн А/113 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж нь ... сургуулийн тухайн оны төсөвт тусгагдсан хичээл практик болон бичиг хэргийн зардлыг зориулалт бус бараа материал бэлтгэж зарцуулсан нь аймгийн Төрийн аудитын газрын даргын 2021 оны 2 сарын 25-ны өдрийн А/15 тоот албан шаардлагаар тогтоогдож сумын Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.11 дэх заалтыг зөрчсөн ... гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

Иймд Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021 оны 8 сарын 18-ны өдрийн Б/24 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх уг цалин хөлснөөс ХАОАТ-г хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021 оны 5 сарын 07-ны өдрийн А/113 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хүлээн авч эс зөвшөөрөн энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15/17/3АА-2021/162/СТА-ТШЗ гэсэн очил арилгах тухай аудитын албан шаардлагаар Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийсэн Улиастай сумын "*******" бүрэн дунд сургуулийн 2020 оны аудитаар тайлант хугацаанд цахилгаанчин Т.*******, англи хэлний багш Ю.*******, бага боловсролын багш Ж.******* нарыг батлагдсан орон тооноос илүү авч ажиллуулж 19,352,8 мянган төгрөгийн цалин олгосон, сургуулийн склад байгаа байрыг эрэгтэй технологийн кабинет олгож тохижуулахаар хичээл практик болон бичиг хэргийн зардлаас 9,600,0 мянган төгрөгийн бараа материал бэлтгэж зориулалтын бус зарцуулсан зэрэг зөрчил илэрсэн байсан. Энэ зөрчлийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор арилгаж биелэлтийг хүргүүлэх байсан. Энэ шаардлагын дагуу нэр бухий 3 багш ажилтныг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлж хариуг хүргүүлсэн. Гэтэл 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бага боловсролын багш Ж.*******г, цахилгаанчин Т.*******ыг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тус тус эргүүлэн авсан байдаг. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

Би Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021 оны 8 сарын 18-ний өдрийн Б/23 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан. Мөн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021 оны 5 сарын 07-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Аудитын албан шаардлагын 9.600.000 төгрөгийн асуудал дээр надад сахилгын арга хэмжээ авагдсан. Тухайн асуудлыг мэдсэнээс хойш би 2021 оны 3 сарын 17-ны өдөр Засаг даргад албан бичгээр хандсан. 2021 оны 3 сарын 24-ны өдөр Засаг дарга буцааж хариу албан бичиг ирүүлсэн. Түүний дараа 2021 оны 26-ны өдөр намайг дуудаж 3 хүн илүү авч ажиллуулсан, 9.600.000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан байгаа учраас таныг ажлаас чөлөөлнө гэж хэлээд захирамж уншиж гарын үсэг зураад тамгалж өгсөн. Үүний дараа 2021 оны 5 сарын 07-ны өдөр надад сахилгын арга хэмжээ авагдсан. Ийм учраас тухайн сахилгын арга хэмжээг үндэслэлгүй авагдсан арга хэмжээ гэж үзэж байгаа учраас сахилгын арга хэмжээ авагдсан захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. Би ******* сургуулийн захирлаар ажиллахдаа зарлагдсан сонгон шалгаруулалт орж тэнцээд Авлигатай тэнцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч хянагдаад хууль дүрмийн дагуу тухай албан тушаалд томилогдон ажилласан гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа:

...Д.*******ийг Завхан аймгийн ******* сургуулийн захирлаар ажиллаж байхад Завхан аймгийн Аудитын газраас шалгалт хийж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15/17/ЗАА-2021/162/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагыг хүргүүлж уг шаардлагаар цахилгаанчин, Т.*******, англи хэлний багш Ю.*******, бага боловсролын багш Ж.******* нарыг батлагдсан орон тооноос илүү авч ажиллуулсан, хичээл практик болон бичиг хэргийн зардлаас 9,600,000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэх зөрчлийг гаргасан гэж үзээд уг зөрчлүүдийг арилгахыг хугацаа заан шаардаж биелэлтийг заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан байдаг. Гэтэл Д.******* нь уг албан шаардлагын дагуу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Аудитын албан шаардлагад нэр дурдагдсан хүмүүсийг ажлаас чөлөөлсөн боловч 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ж.*******г эгүүлэн ажилд нь томилсон зөрчлийг гаргасан байдаг. Улиастай сумын Засаг даргын зүгээс Д.*******ийн төрийн хуурсан энэ үйлдэлд хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх захирамжийг гаргасан. 

Үндэслэл: Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Ч.******* нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б/24 дугаартай захирамжаар Завхан аймгийн ерөнхий боловсролын дэвшил сургуулийн захирал Д.*******ийг Төсвийн тухай хуулийн 16.5.3 батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэснийг, засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь хэсэгт заасан Ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь удаа дараа гүйцэтгэхгүй үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн гэснийг мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр 1 дэх хэсэгт заасан Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэснийг тус тус үндэслэн, мөн зүйлийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Захирамжийн үндэслэл нь Аудитын байгууллагаас ирсэн албан шаардлагын дагуу нэр бүхий хүмүүсийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн боловч, Ж.*******г 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн байдаг. Сахилгын шийтгэл нь Д.*******ийн гаргасан үйлдэлд тохирсон хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Учир нь тушаалд зааснаар Ж.*******г ажилд эгүүлэн томилсон нь Төрийг хуурсан үйлдэл бөгөөд тэр хүний цалин төсвөөс гарах учраас төрд хохирол учруулсан үйлдэл юм. Зүй нь хэрэв Ж.*******г ажилд авах зайлшгүй шаардлагатай байсан юм бол түр тушаалаар ажилд авах ёстой байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад цахилгаанчин Т.*******, Ю.******* нарыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас бүрэн чөлөөлсөн мөртлөө 2021 оны 05 дугаар сард Т.*******од ажилд томилсон тушаалгүйгээр 488,376 төгрөгийн цалин олгосон, Ю.*******т 901,090 төгрөгийн цалин олгосон байдаг.

Ю.*******ийг ажилд авсан талаараа нэхэмжлэгч тайлбарлахдаа жирэмсний амралттай байгаа М.гийн оронд томилсон гэж байгаа боловч М. нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 тоот Д.******* захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу жирэмсний амралтай байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно гэж заасан. Энэ тушаалын дагуу М.гийн жирэмсний болон амаржсаны амралт 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсан. Монгол улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаартай Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. Уг тогтоолын 1.2 шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэрт тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан албан тушаалтын орон тоог цараах, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэсэн заалтыг зөрчиж нөхөн томилгоо хийсэн байдаг.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн байгууллагын 2021 оны батлагдсан орон тоо 72 байх ёстой боловч 2021 оны 05 дугаар сард 07 сарын хооронд 73 орон тоотой байсан болох нь цалин олгох хүснэгт, жирэмсний болон амаржсаны амралт олгосон тушаалууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

******* сургууль нь төсөвт байгууллага учраас төсвийн байгууллагын ашигт үйл ажиллагаа нь төсвийн хэмнэлт хийх юм гэж үзэж байна.

Тийм учраас Ю.*******ийг М.гийн оронд томилсон тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ мэтчилэн Төрийн аудитын албан шаардлагыг нэр төдий биелүүлж төрийг хуурсан үйлдлийг гаргасаар байсан байна.

Ажил олгогч эдгээр зөрчлүүдийг бүгдийг мэдэх боломжгүй байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаалд нэг бүрчлэн дурдах боломжгүй байсан.

Гагцхүү өөрт нь ирсэн гомдол мэдээллийн дагуу шалгахад Ж.*******г ажлаас чөлөөлөөд 2021.05.03-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар үндсэн ажилтнаар томилсон зөрчил гаргасан нь нэр бүхий иргэдээс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирсэн мэдээллийн дагуу шалгахад баримтаар нотлогдсон учраас дээрх арга хэмжээг авсан байдаг. Энэхүү зөрчлийг гаргасныг мэдсэн буюу нотлогдсоноос хойш 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан ... илрүүлснээс хойш 1 сарын дотор гэх хугацаанд хамаарч байна. Улиастай сумын Засаг даргын Д.*******ийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийн Улиастай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, уг цалин хөлснөөс хүн амын орлогын албан татварыг зохих санд төлүүлэх гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улиастай сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/113 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийн тухайд

Болсон явдал...Завхан аймгийн Аудитын газраас шалгалт хийж 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15/17/ЗАА-2021/162/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагаар төсвийн зардлыг зориулалт бусаар зарцуулсан нь тогтоогдог Улиастай сумын Засаг дарга Ч.******* нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан сануулах арга хэмжээ авсан байдаг. 

Үндэслэл: Д.******* нь Завхан аймгийн Улиастай сумын ******* сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн тухайн оны төсөвт суугдсан хичээл практик болон бичиг хэргийн зардлыг зориулалт бусаар зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15/17/ЗАА-2021/162/СТА-ТШЗ дугаартай албан шаардлага, болон тус сургуулийн захирал Д.*******, нягтлан бодогч, Т.Эрдэнэчимэг, төрийн сангийн мэргэжилтэн нарын гарын үсэгтэй 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 303, 309 дугаартай Ундрах баянбулаг ХХК-ны данс гүйлгээ хийсэн төлбөрийн хүсэлтүүд зэрэг баримтаар тогтоогдож байна.  

Дүгнэлт: Энэ санхүүгийн зөрчлийг үндэслэн Улиастай сумын засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 /сануулах/, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь хэсэгт заасан / батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах /-ыг баримтлан 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/113 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн сахилгын сануулах арга хэмжээг авсан байдаг. Сахилгын арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасан Зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын дотор... /5 сар орчмын дараа/ ...сахилгын нь шийтгэл ногдуулна гэсэн заалтад хамаарч байх тул Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/113 дугаартай захирамж хуульд нийцсэн захирамж гэх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдагдсан үндэслэлүүдээр Д.*******ийн гаргасан зөрчлүүд хангалттай тогтоогдож байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 432 дугаартай шийдвэрээр 

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 тоот, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ийг түүний урьд эрхэлж байсан ажил болох Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Д.*******ийн ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.798.081 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож,

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж,

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 75719 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж,

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж,

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. давж заалдах гомдолдоо,

Улиастай сумын Засаг дарга нь ******* сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.*******ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, сахилгын арга хэмжээ авсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх Улиастай сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны Б/24, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/113 дугаартай тушаалуудыг хүчингуй болгож, Д.*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шуухийн 11 дүгээр сарын 16-ны өдрийн 140/ШШ2021/00432 дугаартай шүүхийн шийдвэрийг хянуулахар давж заалдах гомдол гаргасан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.ын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга,

Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оын 2 дугаар сарын 25-ны өдрийн 15/17 дугаартай албан шаардлагаар нэр бүхий багш нарыг батлагдсан орон тооноос илүү авч ажиллуулж 19.352.800 төгрөгийн цалин олгосон 9.600.000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсныг Төсвийн тухай хуулийн 16.5.3, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн хамтарса 2018 оны а/024/11дүгээр тушаалаар баталсан орон тооны жишиг нормативын зөрчсөн зөрчил гэж үзэж биелэлтийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг шаардсан байна. Нэхэмжлэгчээс албан шаардлагад нэр дурдагдсан байгаа ажилтнуудыг ажлаас нь чөлөөлж дүр үзүүлээд 2021 оны 05 дугаар сард багш Ж.*******г буцаан томилж байгаа нь нэхэмжлэгч Д.*******т шууд хамаарах илэрхий ноцтой зөрчил ба энэ нь Төсвийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11 дүгээр тушаалаар баталсан орон тооны жишиг нормативыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 8.2.3ийг зөрчсөн зөрчил байна гэж үзэж байгаа учираас ажил олгогчийн Д.*******ийг ажлаас чөлөөлсөн захирамж үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга,

Завхан аймгийн Уиастай сумын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтыг баримталж ажлаас чөлөөлсөнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогчоос надад ямар нэгэн үүрэг даалгавар удаа дараа өгсөн нь тодорхойгүй, миний бие нь үүрэгт ажилдаа хайрхамжгүй хандаж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн гэх ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөнийг үндэслэлгүй гэж маргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэн шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын засаг даргад холбогдуулан Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б24 тоот 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/113 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тал үндэслэлээ тайлбарлахдаа, Завхан аймгийн Уиастай сумын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/23 тоот захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт баримтлаагүй, мөн хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтыг баримталж ажлаас чөлөөлсөнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогчоос надад ямар нэгэн үүрэг даалгавар удаа дараа өгсөн нь тодорхойгүй, миний бие нь үүрэгт ажилдаа хайрхамжгүй хандаж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн гэх ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөнийг үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзалаа тайлбарлахдаа, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15/17заа-2021/162/СТА-ТШЗ гэсэн дугаар бүхий аудитын шаардлагаар Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийсэн шалгалтаар Улиастай сумын ******* бүрэн дунд сургуулийн 2020 оны аудитаар тайлант хугацаанд цахилгаанчин Т.*******, англи хэлний багш Ж.******* нарыг батлагдсан орон тооноос илүү авч ажиллуулж 19.352.800 төгрөгийн цалин олгосон, сургуулийн склад байгаа байрыг эрэгтэй технологийн кабинет болгож тохижуулахаар хичээл практик болон бичиг хэргийн зардлаас 9.600.000 төгрөгийн бараа материал бэлтгэж зориулалтын бус зарцуулсан зэрэг зөрчил илэрсэн байсан. Энэ зөрчлийг 2021 оны 05 дугаар сарын 01-ны дотор арилгаж биелэлтийг хүргүүлэх байсан. Энэ шаардлагын дагуу нэр бүхий 3 багш ажилтныг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бага боловсролын багш Ж.*******г, цахилгаанчин Т.*******ыг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус тус эгүүлэн авсан зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т. тайлбартаа, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оын 02 дугаар сарын 25-ны өдрийн 15/17 дугаартай албан шаардлагаар нэр бүхий багш нарыг батлагдсан орон тооноос илүү авч ажиллуулж 19.352.800 төгрөгийн цалин олгосон 9.600.000 төгрөгийг зориулалт бусар зарцуулсныг Төсвийн тухай хуулийн 16.5.3, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд, Сангийн хамтарсан 2018 оны а/024/11 дүгээр тушаалаар баталсан орон тооны жишиг нормативын зөрчсөн зөрчил гэж үзэж биелэлтийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг шаардсан байна. Нэхэмжлэгчээс албан шаардлагад нэр дурдагдсан байгаа ажилтнуудыг ажлаас нь чөлөөлж дүр үзүүлээд 2021 оны 05 дугаар сард багш Ж.*******г буцаан томилж байгаа нь нэхэмжлэгч Д.*******т шууд хамаарах илэрхий ноцтой зөрчил ба энэ нь Төсвийн тухай хууль, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11 дүгээр тушаалаар баталсан орон тооны жишиг нормативыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 8.2.3ийг зөрчсөн зөрчил гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар Улиастай сумын ******* сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Ажил олгогч нь Д.*******ийг ******* сургуулийн захирлын ажлаас Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3,т Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн үндэслэлтэй тушаал шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ийнхүү үндэслэлтэй шийдвэр гаргасан гэдгээ шүүхэд хариуцагчаар оролцож буй тохиолдолд нотлох үүргийг хүлээдэг.

Хөдөлмөрийн харилцаанд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар эсхүл ажилтны санаачлагаар цуцлах ойлголт байдаг. Талуудын маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаас харахад Д.*******ийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой заасан байна .

Ажил олгогчийн ажилтанг ажлаас чөлөөлсөн захирамжаас харахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг үндэслэлийг тодорхой заагаагүй байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй шийдвэр гэж үзэхээр байна.

Хариуцагч тал Д.*******ийг ажлаас чөлөөлсөн захирамж болон тайлбартаа нэхэмжлэгч Д.******* нь Аудитын шаардлагаар багш Ж.*******г 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан атлаа 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар ажилд эгүүлэн томилсон зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад Завхан аймаг дахь Төрийн Аудитын газар нь Улиастай сумын ******* сургуулийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, зөрчил илрүүлэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр албан шаардлага хүргүүлж, албан шаардлагын биелэлтийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг даалгасан байна.

Нэхэмжлэгч Д.******* нь ******* сургуулийн захирлаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр томилогдсон бөгөөд аудитын албан шаардлагыг биелүүлэхийн тулд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр багш Ю.*******, Ж.*******г цахилгаанчин Т.******* нарыг ажлаас чөлөөлсөн боловч багш Д.*******г 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажлын зайлшгүй шаардлагаар /жирэмсэн хүний оронд / авч ажиллуулсан байгаа боловч үүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Захирал Д.******* нь сургуулийн сургалтын хэвийн ажиллагааг хангахын тулд өөрийн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд багш Д.*******г авч ажиллуулсан нь байгууллагад ноцтой хохирол учирсан гэж үзэх боломжгүй, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна

Мөн ажил олгогч Д.******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сургуулийн эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос эрх мэдлээ хэтрүүлсэн, байгууллагын хөрөнгөнөөс хувьдаа завшсан гэж үзэж, сануулах сахилгын арга хэмжээ авсан боловч тушаалын үндэслэл, тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь нэхэмжлэгч Д.*******ийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, сануулах шийтгэл оногдуулсан захирамжийнхаа үндэслэлийг нотолж чадахгүй байна.

Анхан шатны шүүх ажил олгогчийн Д.*******т сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь давж заалдах гомдол болон тайлбартаа. Д.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсжээ. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүх Д.*******ийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг буруу тооцсон тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж тайлбарласан боловч хариуцагч талын давж заалдах гомдлоор нэхэмжлэгчийн тайлбарын агуулгыг хянах нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцэхгүй тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлж, талуудын маргааны үйл баримтыг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 432 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Ж.БАТТОГТОХ