Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 310

 

Г.Ц-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох

 захиргааны хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:         Б.Мөнхтуяа

       Шүүгчид:                       Л.Атарцэцэг

                                             Д.Мөнхтуяа

                                             Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага: "Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай" захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар  захирамжийн “Ө” ХХК-д  холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.О нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м.кв газрыг дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах"

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0141 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0269 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Г.Ц, түүний өмгөөлөгч А., гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Д.У, Г.Б, С.А, С.С, Н.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, өмгөөлөгч Р.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-ийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0141 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м.кв газрыг дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах" шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/365 дугаар захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.О нарт холбогдох хэсгийг хариуцагчаас шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/365 дугаар захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.О нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0269 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ц-ийн өмгөөлөгч А.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Иргэн Г.Ц-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0141 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0269 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Шийдвэрт: нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгохдоо “...Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар өөрийн эрх мэдлийн хүрээнд бусдад газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрх эдэлсэн” гэх дүгнэлтийг хийсэн.

5. Магадлалд: “Нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/490 дүгээр захирамж, 2016 оны А/443 дугаар захирамжаар “Ө” ХХК-д эзэмшүүлсэн сургалт, үйлчилгээ, үйлдвэрийн барилгын зориулалтаар эзэмшүүлсэн газартай газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн тул анхан шатны шийдвэр үндэслэл бүхий байна" гэх дүгнэлт хийн гомдлыг хангахгүй орхисон нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна.

6. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн "...гол дүгнэлт хийсэн маргаан бүхий захирамжид заагдаагүй нийслэлээс олгох газрыг дүүрэг олгосон, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ийм үйл баримтаар хариуцагч актаа гаргаагүй байхад Нийслэлийн Засаг даргын өмнөөс үндэслэл гаргаж маргаж буй актыг зөвтгөх эрх хуулиар олгогдоогүй дүгнэлт хийж, нотлох баримтуудыг буруу үнэлж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д заасныг зөрчсөн.

7. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлээ 2012 оны А/490 дүгээр захирамжаар “Ө” ХХК-д газар эзэмших эрх үүссэн байхад тус компанийн газартай нь хэсэгчлэн давхцуулан газар олгосон гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ө” ХХК-д Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан гэрээ, гэрчилгээ байхгүй энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхээс цуглуулаагүй, мөн кадастрын мэдээллийн санд цэг координатаар байршлыг нь тодорхойлж оруулсан баримт байхгүй, түүнчлэн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан боловч байршлын зураг мөн байхгүй байхад шүүх ямар байдлаар “Ө” ХХК-д түрүүлж маргаж буй газрыг эзэмшүүлсэн гэж тогтоож байгаа нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, хэрэглэх ёстой байсан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг тайлбарлан хэрэглээгүй.

8. Нийслэлийн Засаг даргаас давхцалтай гэх үндэслэлийг заахдаа нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээс хойш даруй 4 сарын дараа гаргасан буюу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжаар олгосон "Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг хамгаалах үүднээс гэж маргаан бүхий 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамжийг гаргасан нь эсрэгээрээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцээгүй, кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн мэдээлэл байхад илтэд хүч түрэмгийлэх байдлаар нэг талын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс захирамжийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад кадастрын мэдээллийг засвар оруулсан байдлыг шүүхүүд анхааралгүйгээр илэрхий алдаатай, хууль зөрчсөн захирамжуудыг хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

10. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/898 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэсийн арал хотхоны баруун талд аж ахуйн зориулалтаар 15000 м.кв газрыг иргэн Г.Ц нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд иргэн Г.Ц нь газрын төлбөрөө зохих хугацаанд бүрэн төлөөгүйн зэрэгцээ тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, уг захирамжийн 3 дахь заалтаар Г.Ц-д маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн хавсралтын 08 дахь хэсгийг хүчингүй болгож шийджээ.

11. Дээрх захирамжийн хууль зүйн үндэслэлд заасан “Г.Ц нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

12. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх” журмыг зөрчсөн гэх үндэслэл нь холбогдох захиргааны байгууллагад хамааралтай байх тул энэ нь дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарахгүй юм.

13. Иймд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/898 дугаар захирамжийн дээрх үндэслэлүүд нь бодит байдалд нийцээгүй тул хууль ёсны гэж дүгнэх боломжгүй.  

14. Харин энэхүү А/898 дугаар захирамжид заасан “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн” гэсэн нэг үндэслэл нь гуравдагч этгээд “Ө” ХХК-д холбогдох хэсгээрээ үндэслэлтэй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна. Учир нь, нэхэмжлэгч Г.Ц-д газар эзэмших эрх үүсэхээс өмнө /2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар газар эзэмших эрх шинээр үүссэн үү, эсхүл байршил, хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн үү гэдгээс үл хамааран/ Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/490 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Ө” ХХК-д маргаан бүхий газрыг /Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэсийн арал” хотхоны баруун талд 2.0 га хэмээн захирамжид тодорхой заасан байна/ эзэмших эрх түрүүлж үүссэн байх бөгөөд уг эрхийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжаар баталгаажуулсан байна.

15. Иймээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/898 дугаар захирамжаар “нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохдоо бусдын газартай давхцуулан олгосон” гэсэн үндэслэлээр “Ө” ХХК-ийн эзэмшиж буй газрын хэмжээгээр хүчингүй болгосон хэсэг нь хууль ёсны байх тул тус компанийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан 2016 оны А/443 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

16. Харин анхан шатны шүүх “Хан-Уул дүүргийн Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар өөрт олгогдоогүй эрх эдэлж, иргэн Г.Ц-д .... газар эзэмшүүлсэн нь хууль бус тул хүчингүй болгосон нь үндэслэлтэй” хэмээн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/898 дугаар захирамжийн үндэслэлд үл хамаарах асуудлаар дүгнэлт хийн тухайн актыг бүхэлд нь хууль ёсны гэж зөвтгөн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу /энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-6-д заасан хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй/, ийнхүү нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа гуравдагч этгээд Д.У нарын таван иргэнд газар эзэмших эрх олгосон захирамжийн холбогдох хэсгийг шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь агуулгын зөрчилтэй болжээ.

 17. Давж заалдах шатны шүүх “Хариуцагчаас... “Ө” ХХК болон тус компанийн ажилчид дээрх нэр бүхий иргэдэд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн гэх тайлбар гаргасан байх боловч Г.Ц-д эзэмшүүлэхээс өмнө дээрх иргэдэд газар эзэмших эрх олгогдсон нь тогтоогдохгүй байх тул энэхүү тайлбар нь үндэслэлгүй” хэмээн хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа гуравдагч этгээд иргэдэд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн нь буруу байна.

18. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гуравдагч этгээд Д.У, С.А, Г.Б, С.С, Н.О нарт Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхийг анх удаа олгосон байх бөгөөд харин үүнээс өмнө тухайн газрыг нэхэмжлэгч Г.Ц нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар эзэмших эрхтэй болсон байна. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч Г.Ц-ийн газар эзэмших эрх хүчинтэй байхад /газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын А/898 дугаар захирамж нь 2017 оны 11 дүгээр сарын 24-нд гарсан/ дээрх иргэдэд газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн хууль бус байна.

19. Иймд маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн нэр бүхий 5 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

20. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Ц нь маргаан бүхий газрыг бүхэлд нь эзэмших боломжгүй тул “Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м.кв газрыг дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, иймээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхүүдийн шийдэл зөв байна. Харин холбогдох захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээгээр дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлэх байдлаар алдаагаа засах боломжтойг дурдах нь зүйтэй.

21. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0141 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-3 дахь хэсгийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2019/0269 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1-ийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц-с Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн иргэн Д.У, С.А, Г.Б, С.С, Н.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/898 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагаас гуравдагч этгээд Д.У, С.А, Г.Б, С.С, Н.О нарын эзэмшиж байсан газрын хэмжээгээр хэсэгчлэн хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15000 м.кв газрыг дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 1-3 дахь хэсгийг нэгтгэж 1 гэж дугаарлан, 4 дэх хэсгийг 2 гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

           ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ