Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00250

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00250

 

МАГАДЛАЛ

2022.02.ЭЭТ - ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/02961 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЭЭТ - ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ИММ- ХХК-д холбогдох зуучлалын хөлс 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ЭЭТ - ХХК нь ИММ- ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр ИММ- ХХК нь зээл буюу төсөлд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЭЭТ - ХХК-д 3,000,000 төгрөгийн хураамжийг шилжүүлсэн боловч төслийн санхүүжилт орж ирээгүй ба гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй болно. Иймд ИММ- ХХК-ийн захирал Ц.Ц- нь гэрээний дагуу ажил гүйцэтгээгүй тул 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулна. Хариуцагч нь хаягтаа байхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

ЭЭТ - ХХК-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9-д нэхэмжлэгчийн хүлээх үүргийг заасан. Эдгээр заалтуудыг удаа дараа зөрчсөн учраас хөрөнгө оруулагчтай харилцах гэрээний зорилго үргэлжлэх боломжгүй болсон ч ИММ- ХХК-ийн зүгээс удаа дараа хөрөнгө оруулагчтай үйл ажиллагааг явуулах талаар хүсэлт гаргаад, 2 удаагийн хариуг авч өгсөн. Тэр хариу нь тухайн хөрөнгө хүсэгч ЭЭТ - ХХК-ийн санхүүгийн баримтууд болон компанийн үйл ажиллагааг тодруулах шаардлагатай болсон. Эдгээр баримтуудыг ЭЭТ - ХХК гаргаж өгөөгүй. Ийм учраас гэрээнд заасан ажиллагаа хэсэг хугацаанд зогссон, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ИММ- ХХК-аас ажлын хөлс 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ЭЭТ - ХХК-д олгож, хариуцагч Ц.Ц-ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ИММ- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

ЭЭТ - ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А/18 тоот зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулж хамтран ажиллахаар болсон. Үүнээс хойш ЭЭТ - ХХК нь удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хожимдуулж, хангалттай баримт бүрдүүлээгүй. ИММ- ХХК хөрөнгө хүсэгч талын бичиг баримтад хөрөнгө оруулагч талын зохих шаардлагын дагуу бичиг баримтын боловсруулалт хийж, материалыг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал солилцох, хөрөнгө хүсэгч талд хариуг албан бичгээр дамжуулах зэргээр ажилласан.

Хөрөнгө оруулагч Чайна Секонд Металлуржи группын өмнө ИММ- ХХК нь удаа дараа үл ойлгогдох байдалд орсон. ЭЭТ - ХХК нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зөрчсөн атлаа үйл ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Уг төлбөрийн 50 хувийг төлөхөөр тайлбарласан боловч анхан шатны шүүх нотлох баримтгүй гэж дүгнэж 3,000,000 төгрөгийг гаргуулсан байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдсэн, шаардсан тохиолдол байхгүй. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан боловч БНХАУ-ын арилжааны банкны зээл авахад зуучлах үйл ажиллагаа хийгдээгүй. Хариуцагч компани нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулж байсан гэх боловч хаягтаа байхгүй байсан. Иймээс нэхэмжлэгч шүүхэд хандаж эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч ЭЭТ - ХХК нь хариуцагч ИММ- ХХК-д холбогдуулан зуучлалын хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

1.б. Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан А/18 дугаартай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ гэсэн нэртэй гэрээгээр ИММ- ХХК (А тал) нь ЭЭТ - ХХК (Б тал) -ийн хөрөнгө оруулалтын төсөлд шаардлагатай санхүүжилтийг БНХАУ-ын арилжааны банкны зээл хэлбэрээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, ЭЭТ - ХХК нь зөвлөх үйлчилгээний хураамжид 3,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. (хх-ийн 9)

ЭЭТ - ХХК нь гэрээний 4.1-д заасны дагуу ИММ- ХХК-д ажил үйлчилгээний хураамж гэж 3,000,000 төгрөгийг тус компанийн нягтлан бодогч Г.Цогтоогийн 5034825697 тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч 3,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй байна. (хх-ийн 10)

1.в. Зохигчдын тайлбар, дээрх гэрээнд заасан зорилго, агуулга зэргээс үзэхэд талуудын хооронд зуучлалын гэрээний тусгай төрөл болох Иргэний хуулийн 412 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгуулахад зуучлах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. (хх-ийн 10)

Учир нь хариуцагч ИММ- ХХК нь нэхэмжлэгч ЭЭТ - ХХК-ийн хөрөнгө оруулалтын төсөлд шаардлагатай санхүүжилтийг БНХАУ-ын арилжааны банкны зээл хэлбэрээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээсэн гэж үзэхээс гадна гэрээний 4.2-т Зөвлөх үйлчилгээ үр дүнгүй болсон нөхцөлд (Б талд хөрөнгө оруулалт орж ирэхгүй болсон) тухай хураамжийг Б талд 100 хувь үл маргах журмаар эргүүлэн А тал төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, зуучлуулагч зуучлалын дагуу зээл авсан тохиолдолд зээлийн зуучлагчид хөлс, шагнал төлөх үүрэг үүсэх бөгөөд зуучлалын дагуу зээл аваагүй тохиолдолд зуучлалын хөлс төлөх үүрэг үүсэхгүй.

1.г. Хариуцагч нь нэхэмжлэгч ЭЭТ - ХХК хөрөнгө оруулагчийн шаардсан баримтыг өгөөгүйгээс хөрөнгө оруулалт орж ирээгүй гэж тайлбарлаж байгаа боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, хөрөнгө оруулалт авахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх талаар зуучлуулагч компанид мэдэгдэж шаардаж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Мөн хэргийн 41-45 дугаар талд авагдсан Хятад Улсын хоёрдугаар төмөрлөгийн групп гэх компаниас ЭЭТ - ХХК-д хаягласан гэх албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болохыг хариуцагч нотлоогүй тул нэхэмжлэгчийн төлсөн хураамжийн 50 хувийг буцаан төлнө гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

1.д. Талуудын хооронд байгуулагдсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч ЭЭТ - ХХК нь хариуцагч ИММ- ХХК-д төлсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 412 дугаар зүйлийн 412.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, харин мөн хуулийн 412 дугаар зүйлийн 412.4 дэх хэсэгт зааснаар зээлийн зуучлагчид хөлс, шагнал төлөх үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй тул хариуцагчийн татгалзал тайлбар үндэслэлгүй байна.

1.е. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримталсан нь тус тус хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болсныг дээрх байдлаар залруулан дүгнэж байна.

Мөн шийдвэрийн 2 дахь заалтад ... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 62,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж... гэж найруулгын алдаатай бичсэнийг залруулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/02961 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 гэснийг ... 205 дугаар зүйлийн 205.1, 412 дугаар зүйлийн 412.1 гэж,

2 дахь заалтын ...7 дугаар зүйлийн гэсний дараа 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ЭЭТ - ХХК-ийн төлсөн гэж нэмж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ИММ- ХХК-ийн төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ