Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 218/МА2022/00003

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 139/ШШ2021/00445 тоот шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******д хариуцагдах Дундговь аймгийн ******* 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор 7679093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав /онлайн/

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ******* *******ийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож намайг Дэлгэрхангай сумын *******ийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 7679093 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ...Засаг даргын өрөөнд ороход та ажилтнуудаа маш их дарамталдаг гэж байна гээд олон зүйл ярихаар нь би өөрийгөө өмөөрөөд өөдөөс нь ганц нэг зүйл хэлээд гараад явсан. Бүхэл бүтэн сум удирдаж байгаа хүн наадах цаадхыг харах болов уу гээд аяыг хараад байсан. Би өргөдлөө буцааж авъя гээд онцгой байдлын жижүүртэй өдөр буюу 3 сарын 15-ны өдөр Засаг даргын өрөөнд ороход тамгын газрын дарга Сайхантуяа хамт байсан. Намайг өөр арга зүйч юм уу багшаар түр солих бодолтой байна гэсэн. Хамт олныхоо гомдлыг ажлын шаардлага гэж ойлгохоос биш ажлын байрны дарамт гэж ойлгох зүйл биш. Зөвхөн би хууль, журмын хүрээнд албан үүргийн шаардлагаа тавьсан. Өргөдлөө буцааж авах талаар амаараа нэг хэлээд бичгээр өгөөд хүлээгээд байсан чинь таныг өнөөдрөөс эхлээд ажлаас чинь чөлөөллөө гэсэн. Яагаад ингэж байгаа юм бэ, би өргөдлөө буцааж авъя гээд өргөдөл өгч байхад гэхэд тэр өргөдлийг чинь аваагүй гэсэн. Намайг ажлаас чөлөөлж байгаа нь хууль бусаар чөлөөлж байна гэж үзэж байна. Би нэхэмжлэлийг ******* гэсэн хувь хүнд нь биш *******, ажил олгогчийнх нь хувьд гаргасан болно гэжээ.

 

2.а. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Цэрэнчунтын гаргасан тайлбарын агуулга: Дэлгэрхангай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан ******* нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл гаргасан. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/05 тоот захирамж гарган Дэлгэрхангай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас нь чөлөөлөх захирамжийг гаргасан. Олон удаагийн цасан болон шороон шуурга болж, отор нүүдлээр бусад аймгийн сумдад отор нүүдэл хийж байгаа малчдын тоо их байгаагаас шалтгаалан улс, аймаг болон хувь хүмүүсээс өгсөн хандив тусламжийг малчдад цаг алдалгүй хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахаар Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх сумд, Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь, Сүмбэр сумууд, Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Сайнцагаан сумдад 2021 оны 3, 4 дүгээр саруудад ажилласан. Уг ажлаас шалтгаалан *******ын өгсөн өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж чадаагүй бөгөөд хуульд заасан эрхийн дагуу өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг 1 удаа 30 хоногоор сунгаж, хуулийн дагуу шийдвэрлэсэн болно гэжээ.

2.б. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хүлээж авсан. Будням гэдэг хүнтэй хувийн өс хонзон муудалцсан зүйл огт байхгүй. Шинээр ажил авсан учраас албан байгууллагатай танилцсан. ... Яг чөлөөлөгдөх өргөдөл өгдөг өдөр би хуралтай байсан. Өрөөнд ороход Будням өргөдлөө ширээн дээр тавьсан байсан. Мөнхсоёл гэдэг хүн олон удаа дотоод асуудлаар уулзана гэсэн асуудал тавигдсан би уулзахгүй, дотоод асуудлаар уулзах ямар ч шаардлага байхгүй. Би энэ хүнтэй хамтарч ажиллах талаар бодож байсан. Гэсэн хэдий ч би энэ өргөдлийг хараад гайхаж байсан. Энэ юу болж байна гээд Буднямыг дуудаж уулзсан. Та яагаад халагдах өргөдлөө өгч байгаа юм бэ. Уулзахдаа тамгын газрын даргаа байнга байлгаж уулзаж байсан. Энэ хүнийг яах вэ ямар ажилд оруулах талаар байнга уулзаж ярилцаж байсан. Отрын нүүдэл их байсан учраас отрын бүс нутаг руу хувийнхаа машинтайгаа холбогдох мэргэжилтэн жолоочтойгоо явсан. Явж байх хугацаандаа хуулийн хугацаа 30 хоног байдаг талаар мэдэж байсан. Намайг явж байх хугацаанд цэцэрлэгийн улсууд над руу залгаж дарамт шахалт их өгсөн. Наад хүнтэй чинь ажиллахгүй. Өвлийн хүйтэнд ажлаа хаяна, олон жил намайг ингэж байна гэдэг зүйлийг ярьдаг байсан. Нотлох баримттай, зурагтай зөндөө зүйл үзүүлсэн. Шөнө нь очиход хурал өглөө нь зарлагдсан байсан. Хурал дээр өөрийнх нь шийдвэрийн дагуу би шийдвэрээ гаргасан. Шийдвэр гаргасан хойно Бямбасүрэнг өрөөнд дуудаж авчраад өргөдлөө өгсөн би тэрийг мэдээгүй. Шийдвэр гаргахаас өмнө ажлаа хаяна гэдэг асуудал хамгийн их эмзэг туссан. Будням өөрийнхөө гараар өргөдлөө бичсэн. Би хэзээ ч Буднямыг ажлаа өг гэж дарамталж ажил дээр нь очиж байгаагүй би үүнийг хариуцлагатайгаар хэлнэ. Би өөрийнх нь хүсэлтийн дагуу өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж бодож байна гэжээ.

 

  3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан ******* овогт ******* /*******/-ыг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын *******ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7679093 төгрөгийг хариуцагч тал /Дундговь аймгийн *******/-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208015 /хоёр зуун найман мянга арван таван/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 208015 /хоёр зуун найман мянга арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг *******д гаргасан байдаг. Тус өргөдлийг Дундговь аймгийн ******* буюу ажил олгогч хүлээн аваад хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх өргөдөлдөө дурдсан байдаг, ажилчдаа сэтгэл санаагаар унагаж, ажлын байрны хямралд оруулсан тул ажлаас чөлөөлж өгнө үү гэж, ажлаас чөлөөлөгдөх өргөдөлдөө өөрийн буруугаас болж чөлөөлөгдөх гэж байгаа мэтээр дурдчихаад шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлдээ ажил олгогчийг буруутай мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Ажил олгогч хуулийн хүрээнд өргөдлийг хүлээн авсан, хуулийн хүрээнд үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа энэ ойлголт, хуулийн тайлбар нь ажил олгогчийн ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлгүйгээр, өөрийн сайн дурын үндсэн дээр өргөдлөө гаргасан байхыг шаарддаг.

Гэтэл ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн ажлаа өг гэж шахаж шаардсан, зүй бус нөлөөлөл үзүүлсэн үйл баримт хавтаст хэргийн материалд авагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадсангүй.

Өргөдлөө татан авах өргөдлийг хэзээ гаргасан, уг өргөдөл ямар байдлаар Засаг даргад хүрсэн, уг өргөдлийг хүлээн авсан эсэх, хүлээн авч хянасан эсэхийг өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Бямбасүрэн тодорхой мэдүүлдэг.

Нэхэмжлэгчийн чөлөөлөгдөхөөр гаргасан өргөдлөө буцаан авах өргөдлийг ажил олгогч хүлээн авч танилцаагүй, хянах боломжгүй байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох боловч нэхэмжлэлдээ Мөнхтогоогийн Батсүх гэж тодорхойлон нэхэмжлэлээ гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т хуулийн этгээд бол оноосон нэр-ийг тодорхой зааж өгөхийг шаарддаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлж нэхэмжлэлээ гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Энэ нөхцөл байдал хэрэг үүсгэснээс хойш, хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны үед тогтоогдсон.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан нөхцөл байдал үүссэн байхад хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 139/ШШ2021/00445 тоот шийдвэрийг хариуцагч талын давж заалдсан гомдлоор хянав.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар гомдлоор хязгаарлалгүйгээр шийдвэрийн үндэслэл болон хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлийг хянаад гомдолд дурдсан үндэслэлүүд нотлогдохгүй байна гэж үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Нэхэмжлэгч Дончинминжүүр овогтой Будням нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох хүсэлт гаргажээ.

Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хүсэлтдээ: Ажилгүй байсан хугацааны цалин 7679093 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн холбогдох бичгийн баримтуудыг /засаг даргын захирамж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт болон түүнийг буцааж авах хүсэлт, уг хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэл, цалин хөлсний тодорхойлолт/ ирүүлсэн байна.

Хэргийн хариуцагч ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн өөрийн нь чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. ...Ажлын шаардлагаар өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж чадаагүй бөгөөд хуульд заасан эрхийн дагуу өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтыг тодорхой бөгөөд хангалттай ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-т заасныг баримтлан ******* овогт *******ыг Дэлгэрхангай сумын *******ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7679093 төгрөгийг хариуцагч *******ас гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилан тогтоож шийдвэрлэжээ.

Ажилтны эрх ашгийг хамгаалж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллах ёстой.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 139/ШШ2021/00445 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Ш.ТӨМӨРБААТАР