Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00002

 

 

 

 

2022 02 09 225/МА2022/00002

 

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/01238 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай хэргийг нэхэмжлэгч Н.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагчийн төлөөлөгч Д.Чанцалдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав С.Нэргүй нь 2008 онд Капитал банкнаас зээл авсан бөгөөд төлж чадалгүй нас барсан ба түүний эхнэр Б.Нямсүрэн нь ч Дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоол гарахаас өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Дээд шүүхээс эрхийн чадвараа алдсан Б.Нямсүрэнгээр зээлийг нь төлүүл гэсэн тогтоол гарсан боловч хариуцагч нас барсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон билээ. Гэтэл 2018 оны сүүлчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээсэн гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас янз бүрийн байдлаар намайг дарамтлах болж данс барьцаалах, надаар болон бусад хүмүүсээр мөнгө төлүүлэх, бусдын оршуулгын зардлыг үндэслэлгүйгээр суутгаж авах зэрэг хуульд нийцээгүй үйл ажиллагааг явуулж миний эрхийг зөрчиж ирсэн болно. Энэ байдал хирээс хэтэрч, миний оролцоо болон эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хууль зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд намайг эрх залгамжлагчаар оролцуулах тогтоол үйлдэн миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд дахин ноцтойгоор халдлаа. Миний бие Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэт нэг талыг барьсан хууль бус ажиллагаа явуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан захиргааны акт болох эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй тул уг тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Чанцалдулам шүүхэд гаргасан тайлбартаа: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.******* нь эцэг С.Нэргүйн хөрөнгийг өвлөн авсан нь 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №013 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйл /ШШГТ 2002 оны хуулийн 24-р зүйл/-д заасныг баримтлан төлбөр төлөгч нас барсан тул түүний хөрөнгийг өвлөн авсан этгээд буюу охин Н.*******ийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр тогтоосон нь хуулийн дагуу явагдаж буй ажиллагаа төдийгүй, Монгол Улсын Дээд Шүүхийн тайлбар 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолд: Эрх залгамжлан авбал зохих этгээд гэдэгт төлбөр төлөгч иргэн нас барсан бол түүний эд хөрөнгийг өвлөн авсан этгээдийг ...ойлговол зохино гэж тодорхой тайлбарлан өгсөн байна. Н.******* нь уг өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахдаа өвлөх эрхийн гэрчилгээн дээр бичигдсэн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд заасан үндэслэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, хөрөнгийг өвөлж авсан байтал эрхээ бүрэн эдэлчихээд үүргээ ойлгож ухамсарлахгүй байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ..., Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч ...өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасныг бүрэн хүлээн зөвшөөрч эцэг, эхийнхээ хөрөнгийг хүлээж авсан. Өв хүлээн аваагүй байсан ч Н.******* нь С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын хууль ёсны өвлөгч мөн. Учир нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүухэд...хууль ёсны өвлөгч гэж заасан байна.

...Иймээс Н.*******ийг С.Нэргүй, Б.Нямсүрэн нарын эрх залгамжлагч мөн болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах Монгол Улсын Дээд Шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолыг биелүүлэх боломжийг хангаж, Н.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/01238 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.157 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.******* давж заалдах гомдолдоо: ...Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/01238 дугаартай шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр хянаж өгөхийг хүсч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нь шийдвэрлэж байгаа маргааны мөн чанарыг зөв тодорхойлж чадаагүй, нэхэмжлэгч миний гаргасан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үйл баримтад хамааруулан үнэлэлгүйгээр хэт нэг талыг барин Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын талд хэргийг шийдвэрлэлээ.

2. Миний зүгээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан өвлөж авсан гэж үзэж байгаа хөрөнгийг аргагүй байдалд орж хүнийг хохироохгүйн тулд өв хүлээн авсан явдлыг хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлтийг шүүхээс хийгээгүй нь нэхэмжлэлийн үйл баримтад үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүй болохыг харуулж байна. Миний аав амьд сэрүүн байхдаа банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахын тулд хүний хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлж зээл авсан байдаг ба энэ хөрөнгийг нь буцааж өгөхийн тулд л тухайн өвийг авч эзэнд нь шилжүүлж өгсөн юм. Тухайн өвийн хэмжээгээр талийгаач аавын гүйцэтгэх үүргийг биелүүлж нэг иргэнийг хохиролгүй болгосон нь үнэн. Хууль зүйн үүднээс авч үзвэл тухайн өвийг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр нь хүртэл хүний хөрөнгө гэж бичээстэй байгаа болно.

3. Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолын гүйцэтгэх хуудас тогтоол гарснаас хойш бүтэн 4 жилийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бичигдсэн байгаа ба төлбөр төлөгч тал нь нас барсан эзэнгүй байхад эрх залгамжлагчийг тухайн ажиллагаанд татан оролцуулалгүйгээр Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн явагдаж байгаа мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн байгаа нь буруу гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/01238 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоол-ыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

С.Нэргүй нь Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбараас хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхээ барьцаалж зээл авч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбар шүүхэд хандаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 354 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4, 520.5, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар Б.Нямсүрэнгээс 10,564,259 төгрөг гаргуулж Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбарт олгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоор С.Нэргүйн өв залгамжлагчаар Б.Нямсүрэнг тогтоож өр төлбөрийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч тэрээр 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байна.

Нэхэмжлэгч Н.******* нь талийгаач эцэг С.Нэргүйн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 07 дугаар багийн 16-12 тоотод байрлах 36 м2 өвлийн сууц, 600 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах 500м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус тус өвлөн авсан болох нь №013 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар болон бусад холбогдох баримтуудаар тогтоогдсон ба Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өвлүүлэгчийн үүргийг хариуцах эрх зүйн үр дагавар Н.*******т үүсчээ.

Анхан шатны шүүх төлбөр төлөгч талийгаач Б.Нямсүрэнгийн эрх залгамжлагчаар Н.*******ийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах тухай тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан Талуудын аль нэг нь байхгүй /...нас барсан,.../, ...эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. гэх хуулийн зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч өөрийн эрх хэмжээний хүрээнд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлан авбал зохих этгээдийг оролцуулах, өөр этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 155/ШШ2021/001238 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

.