Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/01238

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/01238

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 01-16 тоотод оршин суух, ТЕ71030164 дугаар регистртэй, эмэгтэй, Барнууд овогт Н.Эийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2021/01041/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Нэргүй овогтой Эрдэнэцэцэг нь ам бүл 6, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг. Миний аав С.Н нь 2008 онд Капитал банкнаас зээл авсан бөгөөд төлж чадалгүй нас барсан ба түүний эхнэр Б.Н нь ч Дээд шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоол гарахаас өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Дээд шүүхээс эрхийн чадвараа алдсан Б.Нгээр зээлийг нь төлүүл гэсэн тогтоол гарсан боловч хариуцагч нас барсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон билээ. Гэтэл 2018 оны сүүлчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээсэн гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас янз бүрийн байдлаар намайг дарамтлах болж данс барьцаалах, надаар болон бусад хүмүүсээр мөнгө төлүүлэх, бусдын оршуулгын зардлыг үндэслэлгүйгээр суутгаж авах зэрэг хуульд нийцээгүй үйл ажиллагааг явуулж миний эрхийг зөрчиж ирсэн болно. Энэ байдал хирээс хэтэрч, миний оролцоо болон эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хууль зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд намайг эрх залгамжлагчаар оролцуулах тогтоол үйлдэн миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд дахин ноцтойгоор халдлаа. Маргаантай эрх, үүрэг нь надад хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжээгүй, шүүхээс эрх залгамжлагчаар томилох тухай шийдвэр гараагүй байхад шийдвэр гүйцэтгэгч нь Эрх залгамжлагчаар оролцуулах тухай тогтоол үйлдэх боломжгүй гэж үзэж байна. Миний бие Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэт нэг талыг барьсан хууль бус ажиллагаа явуулж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан захиргааны акт болох эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаж гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй тул уг тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чанцалдулам шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Э нь 2008 оны 5 дугаар сард өөрийн нэр дээр байсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 22-01 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгийг Ж.Наранчулуун гэх хүнд 2008 оны 4 дүгээр сард 9,000,000 (есөн сая) төгрөгөөр зарж, мөн Капитал банкнаас зээл авахын тулд эцэг С.Нн нэр дээр 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Капитал банкнаас зээл авч, уг төлбөрийг төлөөгүйгээс үүдэн С.Н түүний хууль ёсны өвлөгч эхнэр Б.Н нь Капитал банкны өр төлбөрийг төлөхөөр Дээд шүүхийн тогтоол 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарсан. С.Нн хууль ёсны өвлөгч эхнэр Б.Н нь мөн нас барж, Н.Э нь өөрийн төрсөн эцэг, эхийн өр төлбөрийг өөрийн биеэр 2016 оноос 2019 оны 6 дугаар сар хүртэл төлж байснаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг гэх иргэнтэй нийлж өр төлбөр өвлөгдөхгүй гэх зүйл ярьж, тус газрыг хууль бусаар 3,965,450 төгрөг авсан мэтээр буруутган нэхэмжлэл гарган Хөвсгөл аймгийн СДИХАнхан шатны шүүх, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр уг хэргийг хэлэлцүүлээд байгаа билээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.Э нь эцэг С.Нн хөрөнгийг өвлөн авсан нь 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №013 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр тогтоогдсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйл /ШШГТ 2002 оны хуулийн 24-р зүйл/-д заасныг баримтлан төлбөр төлөгч нас барсан тул түүний хөрөнгийг өвлөн авсан этгээд буюу охин Н.Эийг эрх залгамжпан авбал зохих этгээдээр тогтоосон нь хуулийн дагуу явагдаж буй ажиллагаа төдийгүй, Монгол Улсын Дээд Шүүхийн тайлбар 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолд Эрх залгамжлан авбал зохих этгээд гэдэгт төлбөр төлөгч иргэн нас барсан бол түүний эд хөрөнгийг өвлөн авсан этгээдийг...ойлговол зохино гэж тодорхой тайлбарлан өгсөн байна. Н.Э нь уг өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахдаа өвлөх эрхийн гэрчилгээн дээр бичигдсэн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлд заасан үндэслэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, хөрөнгийг өвөлж авсан байтал, эрхээ бүрэн эдэлчихээд, үүргээ ойлгож, ухамсарлахгүй байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ..., Иргэний хуулийн 535 дугаар зүйл Өвлөгчийн хариуцлага 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч...өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасныг бүрэн хүлээн зөвшөөрч эцэг, эхийнхээ хөрөнгийг хүлээж авсан, өв хүлээн аваагүй байсан ч Н.Э нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар С.Н, Б.Н нарын хууль ёсны өвлөгч гэдгийг 520.1.1-д Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүухэд...хууль ёсны өвлөгч гэж заасан байна.

Н.Э нь С.Н, Б.Н нарын хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу хөрөнгийг нь өвлөн авсан эрх залгамжлагчийн хувиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу төлбөр төлөгчтэй холбоотой эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ. ШШГТХуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т шийдвэр гүйцэтгэгч нь эрх залгамжлан авбал зохих этгээдийг 2 үндэслэлээр солино. Н.Эийн хувьд төлбөр төлөгчийн төрсөн охин хууль ёсны өвлөгч төдийгүй өвлөх эрхийн гэрчилгээ байгаа тул Шийдвэр гүйцэтгэгч нь ШШГТХуулийн 35.3.2-т заасан үндэслэлээр буюу Хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичиг-ийг үндэслэн тогтоол үйлдэхийг нэхэмжлэгч нь ойлгохгүй, заавал шүүхээр шийдэгдэх мэтээр ойлгосон байна.

Иймээс Н.Эийг С.Н, Б.Н нарын эрх залгамжлагч мөн болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах Монгол Улсын Дээд Шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дүгээр тогтоолыг биелүүлэх боломжийг хангаж, Н.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 09-09 тоотод оршин суух, ГГ62082609 дугаар регистртэй, эмэгтэй, Бэрх овогт Лувсандоржийн Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тайлбартай холбогдуулан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Капитал банкнаас зээл авч, уг төлбөрийг төлөөгүйгээс үүдэн С.Н түүний хууль ёсны өвлөгч эхнэр Б.Н нь мөн нас барж, Н.Э нь өөрийн төрсөн эцэг, эхийн өр төлбөрийг өөрийн биеэр 2016-2019 оны 06 сар хүртэл төлж байснаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг гэх иргэнтэй нийлж өр төлбөр өвлөгдөхгүй гэх зүйл ярьж, тус газрыг хууль бусаар 3,965,450 төгрөг авсан мэтээр буруутган нэхэмжлэл гарган... гэж болж байгаа үйл явдлыг илт мушгин гуйвуулсан тайлбарыг ирүүлсэнд маш их харамсаж байна. Мөрөн сумын иргэн С.Н, Б.Н нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан бол тухайн маргаан гарахгүй байсан гэдгийг ойлгох нь зүйтэй гэж үзэж байна.

2. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.Э нь эцэг С.Нн хөрөнгийг өвлөн авсан нь 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр өдрийн 013 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйл /2002 оны хуулийн 24 дүгээр зүйл/-д заасныг баримтлан төлбөр төлөгч нас барсан тул түүний хөрөнгийг өвлөн авсан этгээд буюу охин Н.Эийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольсон нь хуулийн дагуу явагдаж буй ажиллагаа..., ...хөрөнгийг өвлөн авсан байтал, эрхээ эдэлчихээд, үүргээ ойлгож ухамсарлахгүй байна гэжээ. Нэхэмжлэгч Н.Э нь Дээд шүүхийн 2011 оны 414 дүгээр тогтоолд тусгагдсан хөрөнгийг хүлээж аваагүй, бусдын хөрөнгийг эзэнд нь буцааж өгөхийн тулд тухайн өвийг хүлээн авсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасан Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэсэн зохицуулалтын хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл иргэн С.Н нь хүний эд хөрөнгийг зээлээр авч ашигласан ба буцааж өгөх үүрэгтэй байсан боловч амжилгүй нас барсны улмаас охин Н.Э түүний энэ үүргийг хүлээж, өв хүлээн авах замаар эзэнд нь юмыг нь буцаан шилжүүлж өгсөн хэрэг юм. Дээрх үйл явдал нэхэмжлэгч Н.Э аавынхаа хүлээсэн үүргийг биелүүлсэн болохыг харуулж байгаа ба энэ нь нотариатын байгууллагаас ирүүлсэн баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

3. Тайлбарт Н.Э нь С.Н, Б.Н нарын хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу хөрөнгийг нь өвлөн авсан эрх залгамжлагчийн хувиар ШШГТХуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу төлбөр төлөгчтэй холбоотой эрх эдэлж, үүрэг хэрэгжүүлнэ , ...Н.Эийн хувьд төлбөр төлөгчийн төрсөн охин, хууль ёсны өвлөгч төдийгүй өвлөх эрхийн гэрчилгээ байгаа тул шийдвэр гүйцэтгэгч нь ШШГТХуулийн 35.3.2-т заасан буюу хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлагчаар тогтоосон бусад бичиг баримтыг үндэслэн тогтоол үйлдэхийг нэхэмжлэгч нь ойлгохгүй, заавал шүүхээр шийдэгдэх мэтээр ойлгосон байна гэжээ. Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч Н.Эийг хууль ёсны өвлөгчид тооцож болох боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдгээр хүмүүсийн эрх, үүргийг залгамжлаагүй болохоор төлбөр төлөгч биш юм. Хэрвээ сонирхогч этгээд буюу Капитал банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс нэхэмжлэгч Н.Эийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн эрх, үүргийг хэрэгжилтийг хангуулах зорилгоор эрх залгамжлагч этгээдээр тогтоолгосон тохиолдолд түүнээс төлбөр төлөгчийн үүргийг шаардах боломжтой байсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бол Капитал банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт Гүйцэтгэх хуудсыг дахин олгох тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шүүгч шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Эийн нэр дээр гүйцэтгэх хуудас бичигдэж тэрээр албан ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал болсон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд татан оролцуулах хууль зүйн үндэслэл бүрдэх ёстой. Гэтэл Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өнөөдөр ч гэсэн нас барсан хүн дээр буюу иргэн Б.Н дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, хэрэгт хамааралгүй хүн дээр үндэслэлгүйгээр эрх залгамжлах тогтоол үйлдэж байгааг хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Дээрх хуульд заасан ажиллагаа явагдаагүй болох нь хэрэгт авагдсан Шүүхийн Тамгын газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотоор нотлогдож байна. Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 2 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын тухай зөвлөмжид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлах асуудлыг хөндсөн байх бөгөөд тухайн тайлбарт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн аль нэг нь процессийн эрх зүйн харилцаанаас гарч болох ба энэ тохиолдолд сонирхогч этгээд эсхүл эрх залгамжлагчийн хүсэлтэд үндэслэн шүүх нэхэмжлэгч, хариуцагчийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж үзжээ. Хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын талаар холбогдох хууль болон тайлбарт тодорхой заачихсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч нь ШШГТХуулийн 35.3.2-т заасан буюу хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлагчаар тогтоосон бусад бичиг баримтыг үндэслэн тогтоол үйлдэж болно гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

4. Монгол Улсын Дээд Шүүхийн 414 дүгээр тогтоол гарахаас 14 хоногийн өмнө иргэн Б.Н нас барсан боловч шүүхээс түүнийг С.Нгийн өв залгамжлагчаар тогтоосон, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тухайн хаасан хэргийг сэргээсэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд Б.Нгээс эрх залгамжлан авах этгээдийг татан оролцуулж гэж заасан, ипотекийн хөрөнгийг иргэн Б.Эрдэнэцэцэг өвлөж аваагүй байхад иргэн С.Нгээс өв хүлээн авсан бол эрх залгамжлагч гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үзэж байгаа нь туйлын буруу юм.

5. Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Иймээс Н.Эийг С.Н, Б.Н нарын эрх залгамжлагч мөн болохыг тогтоож, ...Дээд шүүхийн 2011 оны 411 дүгээр тогтоолыг биелүүлэх боломжийг хангаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргажээ. Нэхэмжлэгч Н.Эийг эрх залгамжлагчаар тогтоолгох болон Дээд шүүхийн 2011 оны 411 дүгээр тогтоолыг биелүүлэх боломжоор хангуулах талаараа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй атлаа ийм зүйл бичиж байгааг огт ойлгохгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоол-ыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Н.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 03-05 тоотод оршин суух, РХ85020501 дугаар регистртэй, эмэгтэй, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ахлах шийдвэр гүйцэтгэгч ажилтай, Шар барууд овогт Даваанямын Чанцалдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Н.Эийг шүүхээр эрх залгамжлагч томилох тухай шийдвэр гараагүй байхад шийдвэр гүйцэтгэгч нь эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоол үйлдэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Н.Э нь Иргэний хуулийн 520, 527 дугаар зүйлд зааснаар эцэг, эх С.Н, Б.Н нарын эд хөрөнгийн өвлөгч бөгөөд өв хүлээн авч, өөрийн эрхээс гадна үүргээ хүлээн зөвшөөрч, өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т шийдвэр гүйцэтгэгч нь эрх залгамжлан авбал зохих этгээдийг хоёр үндэслэлээр солино гэж заасан. Н.Эийн хувьд төлбөр төлөгчийн төрсөн охин, хууль ёсны өвлөгч төдийгүй өвлөх эрхийн гэрчилгээ байгаа тул шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан үндэслэлээр буюу хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичгийг үндэслэн эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг үйлдэх эрхтэй зохицуулалт байгааг салгаж ойлгохгүйгээр нэхэмжлэгч нь 35 дугаар зүйлийн 35.1-т заасан үндэслэлийг харж заавал шүүхээр шийдэгдэх мэтээр ойлгосон, эсхүл шүүхийн шийдвэрийг удаашруулах зорилготой шүүхэд хандаж байна. Н.Э хоёр үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авсан болох нь нотлох баримтаас харагдаж байна. Шийдвэр гүйцэтгэгч өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд эрх залгамжлагч оролцуулах тогтоолоо үйлдэх эрхтэй. Н.Э үл хөдлөх эд хөрөнгөөс гадна хөдлөх буюу мал, эд хогшил болон С.Н, Б.Н нарын үнэт эдлэл зэрэг хөрөнгийг өвлөж авсан байдаг. Дээрх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар маргаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өвлөх эрхийн гэрчилгээ, өв хөрөнгийг нь өвлөж авсан хүнийг татан оролцуулдаг болохоос өвлөх эрхээс татгалзсан хүнийг эрх залгамжлагчаар татан оролцуулах эрх зүйн үндэслэл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх газар нь хууль эрх зүйн хүрээнд Н.Этэй харилцахаас өөр аргагүй. Барьцааны хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахын тулд Н.Эийг татан оруулж, мэдэгдэл, тогтоол гардуулах, үнийн санал авна. Хэрэв барьцааны хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээ авлаа гэхэд худалдан борлуулах хөрөнгө нь төлбөрийн үнийн дүнд хүрээгүй тохиолдолд Н.Эээс өвлөн авсан өвийн хэмжээгээр төлбөр төлүүлэх ажиллагааг явуулна. Дээрх нөхцөл байдал үүсэхийг нэхэмжлэгч мэдэж байсан. Капитал банкнаас албадан гүйцэтгүүлэхээр хүсэлтээ өгсний дагуу 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Барьцаа хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад Н.Э барьцааны үл хөдлөх хөрөнгийг нь Ж.Наранчулуун гэх хүнд зарсан. Би өөрөө төлбөрийг нь төлнө, тус хөрөнгөнд битгий халдаач, Ж.Наранчулуун бид хоёр хувааж төлнө гэх тайлбар өгч, гүйцэтгэх ажиллагааг хойшлуулж, хэсэгчлэн төлөх талаар харилцан тохиролцсон байсан. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сар хүртэл 3,965,450 төгрөгийн төлөлт хийсэн. Н.Э сайн дураараа төлж байсан учраас шийдвэр гүйцэтгэгч нь эрх залгамжлагчаар оролцуулах тогтоол үйлдээгүй байсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэр байхгүй. Шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж болно эсхүл шийдвэр гүйцэтгэлийнхээ журмаар хангуулж болно. Гүйцэтгэх хуудас бичигдсэн хүн нь нас барсан байхад хөрөнгө нь эрх залгамжлагчид шилжихэд гүйцэтгэлийн ажиллагаа яаж хийх тухай хуулиар зохицуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа албажуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хийнэ. Гүйцэтгэх хуудас Б.Нгийн нэр дээр бичигдсэн учир Н.Эийн нэр дээр дахин гүйцэтгэх хуудас бичихгүй. Тогтоолыг хэзээ үйлдэх эсэх нь манай байгууллагын асуудал. 2018 оны 9 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргасан боловч хууль хэрэглээний алдаа гаргасан гэсэн үндэслэлээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон. 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулагаар тогтоол гаргахаар заасан тул 2018 оны 10 дугаар сард тогтоолын загвар гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тогтоол үйлдэх явцад нэхэмжлэгч Н.Э, Ж.Наранчулуун нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оноос хойш түдгэлзэж байсан. Улсын Дээд Шүүхийн тогтоолоор Б.Нгээс 10,564,259 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөнд гүйцэтгэх ажиллагааг явуулахад Ж.Наранчулуун гомдол гаргасан. Тус гомдол Улсын Дээд Шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн тул гүйцэтгэх ажиллагааг сэргээж, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Н.Эийг эрх залгамжлагчаар оролцуулах тухай тогтоолыг гаргасан. Хэрэв нас барсан этгээд өвлүүлэх эд хөрөнгөгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож хаадаг. Гэтэл Н.Э эцэг, эхээс хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өвлөн авсан тухайн эд хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах ёстой.

Иймд Н.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхэд гаргасан зохигчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Э 174 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан эрх залгамжлагчаар оролцуулах тухай тогтоолд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж, тухайн байгууллагаас хариу ирүүлсэн байх тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй. (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас)

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй. Тус хэргийн нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томилсон байна.

Нэхэмжлэгч Н.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дугаар тогтоолд тусгагдсан хөрөнгийг өвлөж аваагүй, мөн бусдын хөрөнгийг эзэнд нь буцааж өгөхөөр өв хүлээж авсан, төлбөр төлөгч биш байхад шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчиж, эрх залгамжлагчаар оролцуулах тогтоол гаргасан тул хүчингүй болгож өгнө үү гэж маргав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Эийн төрсөн эцэг С.Н 2010 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, төрсөн эх Б.Н 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус тус нас барсан болох нь зохигчийн тайлбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 216701000706, 216701000707 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаанууд зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 24, 25 дугаар хуудас)

Нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлтэй С.Нгийн өв залгамжлагчаар Б.Нг тогтоож, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 10,564,259.28 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнийн 16251 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дугаар тогтоолоор ...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.4, 520.5, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар Б.Нгээс 10,564,259.28 төгрөг гаргуулж, Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбарт олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Б.Нгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас)

Дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 22-01 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай барилга болон газрыг иргэн Ж.Наранчулуунд 2009 онд С.Н худалдсан тухай зохигчийн тайлбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1392 дугаар шүүгчийн захирамж, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/00740 дугаар тогтоол зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 82, 88-91 дүгээр хуудас)

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, мөн хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно, 527.3-д Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ гэж заасан үндэслэлээр талийгаач С.Н, Б.Н нарын өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-12 тоотод байрлах 36м2 өвлийн сууц, 600м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 06-04 тоотод байрлах 500м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус тус нэхэмжлэгч Н.Э өвлөн авсан болох нь:

а. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 946 дугаар шүүгчийн захирамж, (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас)

Хөвсгөл аймгийн тойргийн нотариатч Х.Пын Өвлөх эрхийн гэрчилгээний тухай тодорхойлолт, (хавтаст хэргийн 42 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн тойргийн нотариатч Х.Пын Өвлөх бүртгэлийн 2014 оны сар өдөр: 02 сарын 18, Б/Д №013, ургийн овог, эцгийн нэр, нэр РД: ИҮД: өвлөгч Барнууд Нэргүй Эрдэнэцэцэг ТЕ71030164, гэрийн хаяг: 9-29-08, үйлдлийн агуулга: нас барагч Сэнгээгийн Нэргүй, 2010.02.06-ны өдөр нас барсан. С.Н агсан, эхнэр Нямсүрэн нар 4 хүүхэд төрүүлсэн. Нямсүрэн нь 2011 онд нас барсан. 4 хүүхдийн 3 нь өвөөс татгалзаж Н.Эт өвлүүлэхээр болсон. Өвлөгдөх хөрөнгө: Хө Мөрөн 7-16-22 тоот 36м2, өвлийн сууц, 600м2 гэр бүлийн хэрэгцээний газар, 000070282, Ү-1723004229, 0131425, НТД-210705518, мөнгөний тасалбар 20.000, Эрдэнэ гэж гарын үсэг зурагдсан бичилттэй №01 дугаар дэвтрийн хуулбар, (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн тойргийн нотариатчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон Хөвсгөл-Мөрөн 7 дугаар баг 16-р гудамж 22 тоотод байршилтай 36м2, өвлийн сууц өвлөх эрхийн гэрчилгээ олгов. Өвлөгч Нэргүй овогтой Эрдэнэцэцэг ТЕ71030164...үйлчилгээний хөлс 20.000 төгрөг хураав гэх бичилттэй №013 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 26 дугаар хуудас)

Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон сар өдөр: 07 сарын 08, Б/Д №045, ургийн овог, эцгийн нэр, нэр РД: ИҮД: өвлөгч Барнууд Нэргүй Эрдэнэцэцэг ТЕ71030164, гэрийн хаяг, харилцах утас: 9-29-08, 98114386, үйлдлийн агуулга: Н.Эийн аав Сэнгээгийн Нэргүй 2010.2.10-нд нас барсан. Хө-Мөрөн 10 баг 06-04 тоотод 500м2 гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газар өвлөх (Мөрөн сумын ДЗ-ын 2008.08.08-ны 127 дугаар захирамжийн хавсралтын 62-т Сэнгээгийн Нэргүйн нэр бичигдсэн) газраа 2.000.000-д үнэлсэн, мөнгөний тасалбар 20.000, Н.Э гэж гарын үсэг зурагдсан бичилттэй нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, (хавтаст хэргийн 44, 84 дүгээр хуудас)

б. Тус өвлөн авсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 22 тоотод байршилтай 36м2 талбайтай өвлийн сууц, 600м2 талбайтай газрын хамт Я.Э, Э.Батлхагва нарт худалдсан тухай Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн улсын бүртгэлийн Ү-1723004229 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн архивын хуулбарууд зэрэг баримтаар тус тус тогтоогдов. (хавтаст хэргийн 45-63 дугаар хуудас)

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дугаар тогтоолд шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарган, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх акт тавьж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дахин сэргээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа болох нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 16230003 дугаар тогтоол, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх 0283 дугаар акт, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар, Хорих 443 дугаар нээлттэй Хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоолыг хүчингүйд тооцох тухай 23 дугаар тогтоол, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 03/1365 дугаар албан бичиг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ...Улсын Дээд Шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дугаар тогтоолоор Б.Нгээс 10,564,259 төгрөг гаргуулан Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбарт олгохоор өөрчлөлт оруулсан байна. Тус тогтоолын дагуу 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 236 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж тухайн хэрэгт дахин нэмэлт эрх зүйн акт гаргаагүй болно... гэх бичилттэй 1/639 дугаар Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00748 дугаар, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/00740 дугаар тогтоолууд, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаар магадлал зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 81, 83, 77, 78, 79, 80, 85-91, 109 дүгээр хуудас)

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцахаар заасан тул Н.Э нь талийгаач эцэг, С.Н, эх Б.Н нарын гүйцэтгэх үүргийг тэднээс өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх үүрэгтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Монгол Улсын Дээд Шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б.Нгээс 10,564,259 төгрөг гаргуулан Капитал банкны Хөвсгөл аймаг дахь салбарт олгох-оор шийдвэрлэсэн 414 дугаар тогтоолд гүйцэтгэх ажиллагаа явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Талуудын аль нэг нь байхгүйэсхүл хууль тогтоомжид эрх залгамжлахаар тогтоосон тохиолдолд нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно, 35.3-д Шийдвэр гүйцэтгэгч дараахь баримт бичгийг үндэслэн талуудыг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солино, 35.3.2-д хууль тогтоомжид заасны дагуу эрх залгамжлахаар тогтоосон бусад баримт бичиг гэж заасан үндэслэлээр төлбөр төлөгч талийгаач Б.Нгийн эрх залгамжлагчаар Н.Эийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах тухай тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нь үндэслэлтэй гэж үзлээ. (хавтаст хэргийн 3 дугаар хуудас)

Тодруулбал: Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 414 дугаар тогтоолд тусгагдсан хөрөнгийг өвлөж аваагүй, мөн бусдын хөрөнгийг эзэнд нь буцааж өгөхөөр өв хүлээж авсан, төлбөр төлөгч биш гэж мэтгэлцэж байна. Гэвч төлбөрийг зээлийн гэрээнд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу гаргуулж болох бөгөөд шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах дарааллыг заавал баримтлахыг шаардахгүй байхыг хуулиар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл дээрх зээлийн гэрээний барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөс гадна бусад өвлөн авсан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байна.

Мөн нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Маргаантай эрх, үүрэг нь надад хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжээгүй, шүүхээс эрх залгамжлагчаар томилох тухай шийдвэр гараагүй байхад шийдвэр гүйцэтгэгч нь Эрх залгамжлагчаар оролцуулах тухай тогтоол үйлдэх боломжгүй гэж үзэж байна..., итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт Гүйцэтгэх хуудсыг дахин олгох тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шүүгч шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Эийн нэр дээр гүйцэтгэх хуудас бичигдэж тэрээр албан ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг тал болсон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд татан оролцуулах хууль зүйн үндэслэл бүрдэх ёстой. Гэтэл Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өнөөдөр ч гэсэн нас барсан хүн дээр буюу иргэн Б.Н дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, хэрэгт хамааралгүй хүн дээр үндэслэлгүйгээр эрх залгамжлах тогтоол үйлдэж байгааг хуульд нийцэхгүй гэж үзэж байна... гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрт шүүхээс нэг удаа гүйцэтгэх хуудас бичигдэх бөгөөд тухайн шийдвэрт гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулна.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.2-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч эрх залгамжлагч оролцуулах тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагааг явуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаа болно.

Иймд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Н.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Дараахь нотлох баримтыг үнэлээгүй болно. Үүнд: Гэрч Я.Эийн мэдүүлэг тухайн хэрэгт ач холбогдолгүй, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаар магадлалын хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй, давхардсан байна. (хавтаст хэргийн 70, 92-100 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн эрх залгамжлагч оролцуулах тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Н.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА