Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00004

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00004

 

 

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний нээлттэй шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2021/00506 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 24,070,209 /хорин дөрвөн сая далан мянга хоёр зуун ес/ төгрөг гаргуулах тухай хэргийг прокурор Ц.Сувдаагийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн (цахимаар), прокурор Ц.Сувдаа (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие нь боловсролын салбарт тасралтгүй 30 жил ажилласан ба 2006 оноос Булган сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сараас 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажилласан. ...Гэтэл 2019 оны 8 дугаар сард аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас манай 7 дугаар цэцэрлэгт шалгалт хийгээд нийт 7,907,834 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж 20-01-04/18, 20-01-04/19, 20-01-04/20, 20-01-04/23 дугаартай акт тогтоосон. Эдгээр актыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөөгүй тул аймгаас миний асуудлыг мөрдөн шалгуулахаар Цагдаагийн газарт шилжүүлсэн ба энэ үндэслэлээр Булган аймгийн Засаг даргын 2019 оны 09 сарын 07-ны өдрийн Б/68 тоот захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Надад холбогдох Эрүүгийн хэрэг мөрдөн шалгагдаад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйл Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, 22.8 Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэсэн гурван зүйл ангиар ял сонсгон, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. ...Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцож, яллах дүгнэлтээр ирүүлсэн зүйл ангиар долоон сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаартай магадлалаар миний үйлдлийг Гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Прокурор магадлалыг үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар прокурорын эсэргүүцлээр хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэн давж заалдах шатны шүүхийн 45 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон 23 дугаартай тогтоол гарснаар надад холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.

...Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарч хүчин төгөлдөр болсныг үндэслэн Булган сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 тоот захирамжаар 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр буцаан томилсноор миний хөдөлмөрийн эрх сэргэсэн.

Миний бие одоо 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 14 сар 17 хоног /ажлын/-ийн цалин хөлсийг ажлаас халагдахаас өмнө бүтэн ажилласан 3 сар болох 2019 оны 4, 5, 6 дугаар сарын дунджаар /Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн/ тооцон Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар /982,767+2,501,589+1,206,123/ 4,690,479:3=1,563,493 төгрөг. Үүнийг 14 сараар тооцон 1,563,493х14=21,888,902 төгрөг. Мөн 17 хоногийн цалин 1,563,493:22,5=69,488,77х17=1,181,305 төгрөг. Эдгээр бүгд 14 сар, 17 хоногийн цалин хөлс /Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1 дэх заалт/ 21,888,902+1,181,305=23,070,207 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү.

Мөн эрүүгийн хэрэгт өмгөөлөгч хөлсөлж хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хамт нийтдээ 24,070,209 /Хорин дөрвөн сая далан мянга хоёр зуун долоон/ төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалт, 45.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн төрөөс гаргуулж олгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажлаас халсан үндэслэл буруу байсныг хүлээн зөвшөөрлөө гэсэн үндэслэлээр хөдөлмөрлөх эрхийг сэргээсэн. Б.*******ийг ажлаас нь халж, эрүүгийн хэрэгт шалгаж байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой эсэх нь гэм хорын хохирол гаргуулах гол зүйл юм. ...Эцэстээ хэрэг нь шийдэгдээд гэм буруутай байвал энэ асуудал дуусна. Гэм буруугүй бол эрхийг нь сэргээж, хохирол нь шүүхээр шийдэгддэг практиктай.Тиймээс нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэжээ.

Төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Сувдаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь төрөөс 24,070,209 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайлбал: Нэгдүгээрт хэргийг онцгой ажиллагааны журмаар хэлэлцэж байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас үүссэн үйлдэл тогтоогдохгүй байна. Мөн 2019 оны 09 сарын 07-ны өдрийн Б/68 дугаартай захирамжаар Б.*******ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед аудитын байгууллагын дүгнэлт, хяналт шалгалтаар энэ нь тогтоогдсон. Зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

...Гомдол мэдээлэлд дурдсан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хуурамч бичиг баримт үйлдсэн, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлийг шалгах зорилгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 2019 оны 12 сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс үзэхэд ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбоогүй. Нэхэмжлэгч нь эрх бүхий албан тушаалтны буруугаас намайг хэлмэгдүүлж, хэргийг шалгаж байх явцад үндэслэлгүйгээр ажлаас халсан. Шат шатны шүүхээр орж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан гэж тайлбар гаргаж байна. Тиймээс онцгой ажиллагааны журмаар гаргах үндэслэлд хамаарахгүй байна. Давж заалдах шатны шүүхийн 45 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 23 дугаартай тогтоолыг судалсан. ...Хэдийгээр ашигтайгаар шийдэж байгаа боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд гэм буруутай гэдгийг үгүйсгээгүй байна. Мөн Улсын дээд шүүхийн 23 дугаартай тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нар нь Л, Ц, Ө нарыг тус цэцэрлэгт ажиллаагүй байхад ажилласан мэтээр ирцийг бүртгэн цалингийн цэс, тушаал зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэж цалин хөлс олгосон болох нь нэр бүхий гэрч, иргэний нэхэмжлэгч, шинжээч нарын мэдүүлэг болон шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.1 дэх хэсэгт хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй эсвэл үүсэх нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг ач холбогдолтойд тооцох эрхгүй гэж хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ, хязгаарыг тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч баримт бичиг ашигласан байж болох гэмт хэргийн шинжийг шүүгдэгч нарын үйлдэл хангаж буй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэсэн байна. Тэгэхээр хуульд заасан хязгаарын хүрээнд хэргийг шийдсэн гэж үзнэ. Гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийж хэргийг шилжүүлээгүй тул хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн гэж дурдсан. Мөрдөгч, прокуророос нэхэмжлэгчийг цагдан хорьсон, баривчилсан, ажил албан тушаал эрхлэх эрхийг нь түдгэлзүүлсэн асуудал байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх саналтай байна. Харин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн маргааныг ердийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2021/00506 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д зааснаар 23,184,741 /хорин гурван сая нэг зуун наян дөрвөн мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 885,468 /найман зуун наян таван мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сувдаа давж заалдах гомдолдоо: Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа би Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2021/00506 дугаар шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

...Гомдлын агуулга, үндэслэл: Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Үндэслэл нь: 1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас хохирсон үйлдэл тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр зөвхөн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд гарсан гэж дүгнэн ажилгүй байсан хугацааны цалин 22,184,741 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөг, нийт 23,184,741 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулсан нь хийсвэр дүгнэлт бөгөөд Б.*******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан үйлдэлтэй шалтгаант холбоогүй юм. 2019 оны 09 сарын 07-ны өдрийн Б/68 дугаартай захирамжаар Б.*******ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасныг үндэслэн захиргааны санаачилгаар ажлаас нь халсан байхад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас хохирсон гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна. Иргэний хэрэгт авагдсан үндэслэл бүхий дараах нотлох баримтууд болох Булган аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 45 дугаартай магадлалд ...Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэм буруутай боловч Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэнтэй нийцэж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Аймгийн засаг даргын 68 дугаартай захирамжид заагдсан үндэслэл байгааг давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид ашигтай талыг баримталж шийдсэн ч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буруутай гэж үндэслэлтэй зөв тодорхойлж дүгнэсэн.

Улсын дээд шүүхийн 23 дугаартай тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүгдэгч нар нь Л, Ц, Ө нарыг тус цэцэрлэгт ажиллаагүй байхад ажилласан мэтээр ирцийг бүртгэн цалингийн цэс, тушаал зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэж цалин хөлс олгосон болох нь нэр бүхий гэрч, иргэний нэхэмжлэгч, шинжээч нарын мэдүүлэг болон шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч баримт бичиг ашигласан байж болох гэмт хэргийн шинжийг шүүгдэгч нарын үйлдэл хангаж буй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж тодорхойлсон нь мөн прокуророос хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэргийн шинжид эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсныг дурдсан байна. Анхан шатны шүүх нь дээрх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн давах болон хяналтын шатны шийдвэрүүдийг шинжлэн судалж зөв үнэлэлгүйгээр тухайлбал Аймгийн засаг дарга нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан үйлдлийг нь тогтоож, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр халсан шийдвэр нь Б.*******эд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэрхэн харилцан хамааралтай болоход дүгнэлт хийгээгүй байна. Албан тушаалтан нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар гомдол мэдээлэл гаргах журмыг Эрүүгийн хэрэг хянан хуулийн 30.4 дүгээр зүйлд зааснаар хуульчилсан бөгөөд энэ дагуу төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсныг шалгуулахаар гомдол гарсан үйлдлийг зөв үнэлээгүй.

Мөрдөгч, прокурор, шүүгчээс шүүгдэгчийг цагдан хорьсон, баривчилсан, ажил албан тушаал эрхлэх эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдол байхгүйн зэрэгцээ мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль бус үйл ажиллагаанаас хохирсон гэх бодит хохирол тогтоогдоогүй байхад хийсвэр дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна

2. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 22,184,741 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөг, нийт 23,184,741 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 885,468 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Үндэслэл нь: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгө нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2- т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ: 10.2.1-д заасан шүүхээс ногдуулсан торгох ялыг биелүүлж, төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;

10.2-д заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэ хуулийн 10.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс хохирол барагдуулсан төлбөр. гэсэн заалтыг, Мөн хуулийн 10.3 дугаар зүйлд заасан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/, 12.3 дугаар зүйл /Бэлгийн мөлжлөг/, 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/, 13.2 дугаар зүйл /Хүн хулгайлах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хүчээр алга болгох/, 15.3 дугаар зүйл /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах/, 15.5 дугаар зүйл /Хууль бусаар үр хөндөх/, 16.1 дүгээр зүйл /Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах/, 16.3 дугаар зүйл /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/, 16.6 дугаар зүйл /Хүүхэд худалдах/, 16.7 дугаар зүйл /Хүүхэдтэй хэрцгий харьцах/, 16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 29.1 дүгээр зүйл /Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна:

10.3.1.эмчилгээний зардал;

10.3.2.оршуулгын зардал;

10.3.3. хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого. гэсэн заалтыг тус тус зөрчиж Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу олгогдох боломжгүй зардлыг гаргасан нь мөн хуулийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2021/00506 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Б.******* нь эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас хөдөлмөрлөх эрх хязгаарлагдаж, цалин хөлсөөрөө хохирсон гэж ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчид төлсөн хөлс нийт 24,070,209 /хорин дөрвөн сая далан мянга хоёр зуун ес/ төгрөг-ийг гэм хорын хохиролд тооцож гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Ц.Сувдаа энэ хэрэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас үүссэн үйлдэл тогтоогдохгүй, аудитын байгууллагын дүгнэлт, хяналт шалгалтаар Б.*******ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбоогүй, санхүүгийн зөрчил гаргасан гэдэгтэй холбоотой, уг маргааныг ердийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж маргажээ.

Хэргийн талаар:

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 20-01-04/18, 20-01-04/19, 20-01-04-20, 20-01-04/23 дугаартай актуудыг үндэслэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Булган аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/68 дугаартай захирамжаар Булган сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас халсан байна. /хх-н 4 тал/

Улмаар Б.******* нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт шалгагдаж Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаартай магадлалаар дээрх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Б.*******ийг цагаатгаж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-н 8-20 тал/

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаартай магадлалыг үндэслэж, Булган сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаартай захирамжаар Б.*******ийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 7 цэцэрлэгийн эрхлэгчээр томилон ажиллуулжээ. /хх-н 5 тал/

Нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрх сэргэсэн тул 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 14 сар 17 хоног /ажлын/-ийн цалин хөлсийг ажлаас халагдахаас өмнө бүтэн ажилласан 3 сар болох 2019 оны 4, 5, 6 дугаар сарын дунджаар /Нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн/ тооцон Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар... бүгд 14 сар, 17 хоногийн цалин хөлс 23,070,207 төгрөгийг, мөн эрүүгийн хэрэгт өмгөөлөгч хөлсөлж хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хамт нийтдээ 24,070,209 /Хорин дөрвөн сая далан мянга хоёр зуун долоон/ төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалт, 45.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн төрөөс гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан тул Б.******* нь энэ заалтын дагуу хохирлоо нөхөн төлүүлэх, шаардах эрхтэй.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол зэргийг үндэслэж нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхийг тодорхойлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2, 45.3 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д зааснаар ...сүүлийн 3 сарын дундаж-аар тодорхойлох бөгөөд түүний 000246066 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин 1,531,983 төгрөг байна. Үүнээс өдрийн хөлсийг тооцоход 72,263 төгрөг байх ба үүнийг нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн өдрөөс ажилд томилсон өдөр хүртэлх хугацаа буюу 307 хоногоор үржүүлэн тооцоход нийт 22,184,741 төгрөг байгааг зөв тооцоолж, хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөг нийт 23,184,741 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Давж заалдах гомдлын тухайд:

Төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Сувдаа ...Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас хохирсон үйлдэл тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр зөвхөн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд гарсан гэж дүгнэн ажилгүй байсан хугацааны цалин 22,184,741 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,000,000 төгрөг, нийт 23,184,741 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулсан нь хийсвэр дүгнэлт бөгөөд Б.*******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан үйлдэлтэй шалтгаант холбоогүй юм. ... Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн ...10.3.3. хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого. гэсэн заалтыг тус тус зөрчиж Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу олгогдох боломжгүй зардлыг гаргасан гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор Б.*******, Б.Эрдэнэчимэг нарыг төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эсхүл хөрөнгө завшсан болохыг хөтөлбөргүй тогтоож чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч Б.*******ийг Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7,000,000 төгрөг-өөр торгох ялаар шийтгэсэн байна.

Энэ нь Б.*******ийг хууль бусаар яллагдагчаар татсан, ял шийтгүүлсэн гэх үндэслэлд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т ...Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана... гэж заасан, өөрөөр хэлбэл Б.*******эд учирсан хохирлыг Монгол Улсын төр хариуцан арилгах үүрэгтэй байх тул прокурорын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 10 дугаар зүйлд гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох зохицуулалтыг хуульчилсан бөгөөд Б.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор бус яллагдагч, шүүгдэгчээр оролцсон байх тул прокурорын гомдолд дурдсан мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3 дугаар зүйлд заасны дагуу олгогдох боломжгүй зардлыг гаргасан гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д гэж хуульд байхгүй заалт хэрэглэсэн байх тул 11.1.5-д гэснийг 11.1-д гэж хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2021/00506 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь: хэсгийн 1 дэх заалтын ...11.1.5-д... гэснийг ...11.1-д... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

.