Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 218/МА2022/00004

 

 

 

******* ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 139/ШШ2021/00480 тоот шийдвэртэй, ******* ХХК-ны нэхэмжлэлтэй *******, *******, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, хамтран хариуцагч ******* нарт холбогдох гэм хорын хохиролд 7750000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /онлайн/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваа /онлайн/,

Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ... 2020 оны 07 сарын 26-ны өдөр манай үйл ажиллагаа явуулдаг Дундговь аймгийн ******* сумын 1-р багт байрлах ******* ХХК-ны жуулчны баазын барилга доторх эд зүйлсийг эвдэж, устгаж сүйтгэсэн тохиолдол гарсан. Тухайн үед Дундговь аймгийн цагдаагийн газарт мэдэгдэж өргөдөл гаргасан. ...Ингээд тус хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* ХХК-ны жуулчны баазын барилга доторх эд зүйлсийг эвдэж, устгаж сүйтгэсэн этгээдүүдийг олж тогтоосон бөгөөд 2020 оны 10 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн прокурорын 202200210122 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол гарсан. 2020 оны 08 сарын 17-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор эвдэж сүйтгэсэн эд зүйлс тэдгээрийн засвар үйлчилгээний бодитой үнийг тогтоолгохоор шинжээч томилсны дагуу Дундговь аймгийн ******* сумын үнэлгээний комиссын шинжээч ******* ХХК-ны жуулчны баазад ажилласан. Шинжээчийн дүгнэлтээр эвдэж сүйтгэсэн эд зүйлс тэдгээрийн засвар үйлчилгээний үнийг зах зээлийн үнэ ханшид үндэслэн нийт 7750000 /долоон сая долоон зуун тавин мянга/ төгрөг хэмээн тогтоосон. ... тухайн хэрэгт холбогдогч этгээдүүд нь насанд хүрээгүй гэх шалтгааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж бидэнд мэдэгдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.1 дэх хэсэгт Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно хэмээн заасныг үндэслэн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн Дундговь аймаг дахь цагдаагийн тасгийн мөрдөгчийн Иргэний хариуцагчаар татах тухай тогтоол гарсан. Уг тогтоолоор ******* жуулчны баазын барилга доторх эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн, устгасан гэмтээсэн гэх хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд болох *******, түүний ээж ******* нарыг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй хэмээн үзэж иргэний хариуцагчаар татсан байна. Иймд хариуцагч *******, хариуцагч *******, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ******* нараас 7750000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

1.б. Шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Дундговь аймгийн ******* сумын үнэлгээний шинжээч шаардлага хангасан дүгнэлт гаргасан. Хуульд заасны дагуу мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсны дагуу эвдэж сүйтгэсэн хөрөнгө болон засвар үйлчилгээг 7000000 төгрөг гэж тогтоосон. Энэ 3 хүүхэд эвдэж сүйтгэсэн болохоор 3 тэнцүү хуваагаад хохирлоо төлнө гэж шаардаж байна. гэжээ.

 

2.а. Хариуцагч гийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ... 2020 оны 07 сарын 26-ны өдөр ******* ХХК-ны жуулчны баазын барилга доторх эд зүйлсийг эвдэж, устгасан гэж өсвөр насны миний хүү ******* болон *******, гуравт холбогдох хэргийг 2020 оны 11 сарын 09-ний өдрийн Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдэлд насанд хүрээгүй 3 хүн оролцсон. 2020 оны 6 сард ******* ХХК-ны жуулчны баазад хүүхдүүд хонинд явж байхдаа манаач, сахиул үгүй байсан тул орж тоглож, эд зүйл эвдэж устгасан бөгөөд хулгай хийгээгүй, авч ашигласан, хэрэглэсэн зүйл байхгүй байдаг. Уг жуулчны баазын өмчлөгч, эзэмшигч өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Эзгүй, сахиул манаагүй орхиж явсан нь хүүхдүүд орж тоглох нөхцөлийг бүрдүүлсэн. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн ******* сумын Үнэлгээний комиссын Эд зүйл үнэлсэн тухай тайланг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 06 сард уг жуулчны бааз халдлагад өртөөд цонх нь хагарсан байхад хүүхдүүдээр төлүүлэхээр үнэлсэн. Эвдсэн эд зүйлийг засварлах, эсвэл шинээр худалдаж авахаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй. Тухайн эд зүйлийн үнэлгээг үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, шаардлага хангасан эрх бүхий этгээд хийсэн эсэх нь тодорхойгүй тул энэхүү үнэлгээгээр төлөх боломжгүй. Хохирлыг үнэн зөв, бодитой гаргаад хариуцах ёстой хүмүүст бүгдэд нь хариуцуулсан тохиолдолд өөрийн хүүхдэд хариуцагдах хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй болно... гэжээ.

 

2.б. Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бямбацэрэн нь 2021 оны 03 сарын 21-ний өдөр шүүхэд хариу тайлбараа өгсөн. Энэ тайлбарыг миний бие бүрэн дэмжиж байна. ******* ХХК-ны жуулчны бааз дээр насанд хүрээгүй 9, 10 насны 3 хүүхэд цонхоор нь орж тоглож тэнд байсан манекеныг авч өмсөж, угаалгын бодисуудыг хана руу цацан тоглож, сувинерээр тоглосон үйл явдлууд болсон. Хавтаст хэргийн материалд авагдсан 3 хүүхдийн гэрчийн мэдүүлгээс харахад энэ 3 хүүхэд хулгай хийх бусдын эд хөрөнгийг гэмтээнэ гэсэн санаа зорилго харагддаггүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар тухайн жуулчны бааз ерөөсөө хараа хяналт байхгүй. Өмчлөгч өөрийн өмчөө халдлагаас хамгаалах үүрэгтэй. Гэтэл хайхрамжгүй хандсан. Өмнө нь жуулчны баазад хулгай орсон мэдээлэл байдаг. Ийм эзэнгүй нөхцөл байдлаас болоод хонинд явж байсан 3 хүүхэд онгорхой цонхоор орж тоглож, юмнуудыг нь сүйтгэсэн зүйл ажиглагддаг. Хариуцагч Бямбацэрэн нь насанд хүрээгүй хүүхдийнхээ учруулсан хохирлыг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдүүд энэ гэм хорыг учруулахад нэхэмжлэгч талын хайхрамжгүй эд хөрөнгөө хамгаалахгүй байгаа нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 1-д заасан нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна. Хариуцагчаар *******, , ******* нарын ээж нарыг татсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн энэ 3 хүүхдээс хэд хэдэн төгрөг гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч маань нэхэмжлэлээ ******* сумын үнэ тогтоох комиссын эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд гаргаж байгааг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа. ******* сумын үнэ тогтоох комиссын үнэлгээний дүгнэлт нь нэлээн хэдэн төрлийн эд зүйлийг шинээр авах гээд байгаа юм уу, засварлах гээд байгаа юм уу, тодорхойгүй байгаа. Хүүхдүүд насанд хүрээгүй учраас хэрэг хаагдсан. Үнэлгээний хувьд хариуцагчийн төлөөлөгчийн хувьд гомдолтой байгаа учраас энэ үнэлгээний дүгнэлтээр төлөх боломжгүй юм гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

  3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, хамтран хариуцагч *******, хариуцагч ******* нараас гэм хорын хохирол 7750000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139300 /нэг зуун гучин есөн мянга гурван зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 .д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно гэж заасан байна. Дундговь аймгийн ******* сумын үнэлгээний комиссын гишүүд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч эсэх нь тодорхойгүй, тусгай зөвшөөрлийн хуулбарыг хэрэгт ирүүлээгүй байна. Мөн ******* сумын үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна гэж үзээд тухайн 05 дугаартай Эд зүйлд үнэлгээ хийсэн актыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 25 дугаар тогтоолыг мөрдөгч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7.1. Шүүхийн шинжилгээ /цаашид шинжилгээ гэх/ хийлгэх шаардлагатай гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж, эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргана гэж заасны үндсэн дээр гаргасан байдаг.

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Дундговь аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цог-Очирын 25 дугаартай шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол нь Монгол улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9-р зүйлд зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур буюу ******* сумын үнэлгээний комиссоор хийлгэсэн уг дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гаргасан байна.

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны нэг хэрэгсэл бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт юм.

Уг нотлох баримтыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байтал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 139/ШШ2021/00480 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 139/ШШ2021/00480 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдсан гомдлоор хянан хэлэлцэв.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Энэхүү хэргийн нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлдээ: 2020 оны 07 сарын 26-нд ******* суманд байрлах ******* ХХК-ны жуулчны баазын барилга доторх эд зүйлийг эвдэж сүйтгэсэн. Энэ үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд болох *******, түүний ээж ******* нарыг хариуцагчаар татаж 7750000 төгрөгийг гаргуулахыг шаардсан бөгөөд нэхэмжлэлдээ тухайн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалган шийдвэрлэсэн талаарх бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Энэ хэргийн хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны 6 дугаар сард ... хүүхдүүд хонинд явж байхдаа орж тоглож, эд зүйл эвдэж устгасан бөгөөд хулгай хийгээгүй... ******* сумын үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй.

Эвдсэн эд зүйлийг засварлах, эсвэл шинээр худалдан авахаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй. Тухайн эд зүйлийн үнэлгээг үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй шаардлага хангасан эрх бүхий этгээд хийсэн эсэх нь тодорхойгүй тул энэхүү үнэлгээгээр төлөх боломжгүй, хохирлыг үнэн зөв, бодитой гаргаад хариуцах ёстой хүмүүст бүгдэд нь хариуцуулсан тохиолдолд өөрийн хүүхдэд хариуцагдах хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ. Хариуцагч талын зүгээс татгалзлаа үндэслэсэн нотолсон аливаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын маргаанд үндэслэн, мөн хэрэгт авагдсан ******* сумын үнэлгээний комиссын гишүүдийн хийсэн үнэлгээ хуульд заасан шаардлагыг хангах эсэх талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан ******* ХХК-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалджээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчилтэй явагдсан гэж үзэх үндэстэй байна.

Энэхүү хэргийн хариуцагчийн эрх зүйн байдал, насанд хүрээгүй хариуцагчийн талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөв хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд даргалагчаар Ерөнхий шүүгч Д.Уранчимэг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр томилогдсон атал 2021 оны 05 дугаар сарын 11, 2021 оны 10 дугаар сарын 07, 2021 оны 12 сарын 15-ны өдрүүдийн шүүх хуралдаануудыг З.Ганчимэг шүүгч даргалжээ.

Шүүхийн тухай хуульд заасан журмын дагуу томилогдсон хурал даргалагч чухам ямар үндэслэлээр өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний энэ өөрчлөгдсөн байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцээгүй, хууль ёсны болоод шударга шүүхийн зарчмыг зөрчсөн шинжтэй байна.

Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81, 82 дугаар зүйл, 86 дугаар зүйлийн 86.1-т заасантай зөрчилдөж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан энэхүү зөрчил Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх заалтыг зөрчсөн шинжтэй байна. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр тогтов.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болсон тул давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 139/ШШ2021/00480 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Ш.ТӨМӨРБААТАР