Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 621

 

М.Б, Г.Б, Б.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч, М.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаар магадлалтай, М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг мөн аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 50 000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, ... овогт М.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын мал хулгайлах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, .2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаатай баривчлах ял шийтгүүлж байсан, . овогт Г.Б,

3. Монгол Улсын иргэн, ... овогт Б.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын малыг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.Бийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар, шүүгдэгч Г.Б, Б.М нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч М.Б-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Г.Б, Б.М нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Г.Б, Б.М нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарыг оногдуулсан хорих ялаас нь тус тус өршөөн хэлтрүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-с 15,540,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгохоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаар тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Б-н эзэмшлийн “Тоёота Дина” загварын автомашины үнэ 6,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Б, Б.М, Н.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 1,550,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх шийдвэрийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн хохирогч Д.Д, Д.Б, гэрч Б.Б, А.Х, А.А нарын мэдүүлэг бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2013 оны 04 дүгээр сарын дунд үеэр Архангай аймгийн Хотонт сумын .... гэх газраас хохирогч Д.Д-ы 150 тооны буюу олон тооны бог малыг хулгайлсан болох нь нотлогдож тогтоогдсон бөгөөд хохирогч Д.Д, Д.Б нарыг 2013 онд малаа алдсан талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн эсэх, бүртгүүлсэн тохиолдолд тухайн баримтыг хэрэгт бэхжүүлснээр хэргийн шийдвэрлэлт болон тогтоогдсон нөхцөл байдал өөрчлөгдөхгүй юм.

Хохирогч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ...манайх тэр үед 1000 гаруй хонь, ямаатай байсан. Олон жил 1000 гаруй хонь, ямаа хариулж байна... гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч Д.Б, шүүгдэгч М.Б нарын малын А дансыг авч хэрэгт хавсаргаснаар Д.Б нарыг хэдэн хонь, ямаатай байсан, 150 тооны хонь, ямааг алдсанаар хэд болж цөөрсөн талаарх нөхцөл байдал тогтоогдохгүй.

Давж заалдах шатны шүүх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлэлгүйгээр хийсвэрлэн дүгнэсэн, нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг магадлалд заагаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч М.Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улмаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч М.Б нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэггүй бөгөөд түүнд холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийж, нотлох баримтыг шалгахад тэрээр тухайн гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хулгайлсан 150 тооны бог малыг өөртөө хэрхэн зарцуулсан болох нь бүрэн нотлогдоогүй, тэрээр гэрч А.А-ын тээврийн хэрэгслийг ашиглан гэрч С.А-д тодорхой тооны бог мал хүргэж өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг гаргасан гомдолдоо  “...Д.Д гуайн малыг 2013 онд М.Б гэгч хулгайлж авсан талаар гэрч Х /хх-34-39/, мөн А /хх-43-45/ нар мэдүүлсэн.

Давж заалдах шатны шүүхээс “Мал алдсан талаар тухайн үед бүртгүүлснийг шалгах, хохирогч            Д.Б, шүүгдэгч М.Б нарын 2012, 2013, 2014 оны малын А дансыг хэрэгт хавсаргах, шүүгдэгч М.Б 150 тооны хонийг хулгайлсан эсэх, хулгайлсан тохиолдолд бусадтай бүлэглэсэн эсэх, машин механизм ашигласан эсэх, бусдад зарсан, бэлэглэсэн аль нь болох зэрэг асуудлуудыг шалгаж тогтоох шаардлагатай гэж прокурорт буцаасан нь буруу байна.

Учир нь хохирогч алдсан малаа сумын цагдаад тэмдэглүүлсэн, малын А данс болох хичнээн малтай байсныгаа хохирогч Д.Д мөрдөн байцаалтад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Шүүгдэгч М.Б өөрөө нотлох баримтын эх сурвалжийг зааж Х-т хэлсэн, машин механизм хэрэглэсэн байдаг. Тухайн машиныг хэрэгт шалгагдаж битүүмжлэгдсэн байхад нь бусдад зарсан. Малыг зарж борлуулсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Иймд дээрх зүйлийг тодруулж шалгах шаардлагагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

...Гэрч Д.Б /хх-29-31, 32-33/, Б.Б /хх-40-42/ нарын мэдүүлгээс ...үзэхэд хэрвээ хулгай хийгээгүй бол “...Би Д-ы хонийг авсан...” гэж зохиож ярихгүй. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 9.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт ач холбогдол бүхий гэрчүүдийг бүгдийг оролцуулсан. Тэдгээр гэрчүүдийн мэдүүлэг байцаалтад өгсөн мэдүүлгээс зөрөөгүй тууштай, тогтвортой мэдүүлдэг тул М.Б нь Д-ны 150 тооны бог малыг авсан гэдэг нь нотлогдож байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үнэн зөв дүгнэлт өгсөн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Билгүүн хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх магадлал үндэслэлтэй гарсан. Хохирогч Д.Д нь 2013 оны 04 дүгээр сард 150 орчим хонь, ямаа алдсан гэдэг боловч тасарч явсан гэх асуудлыг бас ярьдаг. Гэтэл хохирогч Д.Д болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь алдсан малынхаа тоог зөрүүтэй мэдүүлж 156, эсхүл 157 гэх мэт хэдэн тооны хонь, ямаа алдсан гэдгээ нотолж чадаагүй.

Мөн М.Б 150 тооны хонь, ямаа хулгайлсан эсэхийг нотолж чадаагүй. М.Б нь 2015 оны 08 дугаар сард иргэн н.А-с хээр халзан зүсмийн гүүг 10 тооны хониор худалдаж аваад н.А-ын машинаар тээвэрлэж, аваачиж өгсөн байдаг. н.Х 2013 онд хулгайлсан малыг 2 удаа тээвэрлэж өгсөн гэдэг ч малын бэлчээрээс болж муудалцаж цагдаад баривчлагдсан учраас өс хонзонгийн сэдэлтээр мэдүүлэг өгсөн. Энэ нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анзааралгүй шийдсэн. Хохирогч Д.Д, М.Б нарынх саахалт айлууд бөгөөд хонь нь салж, нийлж байдаг талаар мэдүүлдэг. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, эсэргүүцэл, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч М.Б-ийн хувьд ганцаараа 150 тооны бог мал хулгайлсан, мөн Г.Б, Б.М нартай бүлэглэн 6 тооны адуу хулгайлсан үйлдэлд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх 150 тооны бог мал хулгайлсан хэргийг дутуу шалгасан үндэслэлээр бүрэн хэмжээгээр нотолсон зүйлүүдийг дурдаж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Хохирогч Д.Д тухайн үед мал алдсан талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлж байсан эсэхийг тодруулах нь гэмт хэргийг шалгаж тогтооход ач холбогдолгүй юм. Мөн 10 гаруй тооны хонийг н.А-н машиныг авч яваад Архангай аймгийн Хотонт сумын нутагт авч очиж зарсан нөхцөл байдал тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс тогтоосон зүйлүүдийг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хийсвэр дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос М.Б-ийг 2013 оны 04 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Хотонт сум, Хөөвөр багийн Замын хөтөл гэх газраас иргэн Д.Дамдингийн 150 тооны буюу олон тооны бог малыг хулгайлж, 15 540 000 төгрөгийн хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

М.Б, Г.Б, Б.М нарыг бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хотонт сум, Бургалтай багийн ... гэх газраас иргэн Ж.Батсайханы 6 тооны адууг хулгайлж 4 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх М.Б, Г.Б, Б.М нарыг холбогдуулан шалгасан дээрх үйлдлүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд хангалттай нотлогдож, тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, шүүхээс ийнхүү хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн М.Б, Г.Б, Б.М нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцон хорих ял оногдуулж, тэдний үйлдэл 2015 онд батлагдаж, мөрдөгдсөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хугацааны хувьд болон хэргийн ангилал, зүйлчлэлийн хувьд хамрагдсан үндэслэлийг баримталж, оногдуулсан ялаас нь тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн ямар нэг алдаа гаргаагүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, М.Б, Г.Б, Б.М нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдсонгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогч Д.Д нь мал алдсан талаараа зохих байгууллагад тэмдэглүүлсэн эсэх, 2012, 2013, 2014 оны малын А дансыг хэрэгт хавсаргах, М.Батдорж бусдын олон тооны малыг хулгайлсан эсэх, хулгайлсан бол хэрхэн яаж, ямар аргаар үйлдсэн зэрэг асуудлыг шалгаж тогтоох нь зүйтэй хэмээн дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт, түүнийг үнэлгээ хэрхэн үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй нотлох баримтыг олж цуглуулах, түүнийг үнэлэх зэрэг давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн үйл баримтын дүгнэлт хийсэн байна.

Тухайлбал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “...анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгож болохгүй” гэж хууль тогтоогч эрх хэмжээг нь хуульчилсан болно.

Энэхүү хэм хэмжээний агуулга нь анхан шатны шүүх тогтоосон үйл баримтынхаа нотолгоо болгосон аливаа нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс эсрэг агуулгаар тайлбарлах, үгүйсгэж тайлбарлан шинээр үйл баримт тогтоох, эсхүл тогтоосон үйл баримтыг үгүйсгэхэд ашиглахыг хориглосон агуулгатай байна.

Харин үйл баримтыг тогтоохдоо эсрэг агуулгатай, үгүйсгэсэн нотлох баримтыг ашигласан нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх агуулгыг илэрхийлж чадахгүйд хүргэдэг тул уг нотлох баримтыг үгүйсгэж, эсхүл няцааж чадаагүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу ноцтой зөрчилд тооцогдож, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлдэг боловч энэ талаар давж заалдах шатны шүүх шийдвэртээ ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх М.Б, Г.Б, Б.М нарын гэм бурууг тогтоож, ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан аргачлалыг баримталж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагуудыг бүрэн тусгасан байна.

Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гаргасан гомдлыг хангасугай.

                                     ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН