Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 322

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал,

газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн

дарга нарт холбогдох захиргааны хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                       Л.Атарцэцэг

                                             Д.Мөнхтуяа

                                             Б.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, XV-012514 тоот хайгуулын талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “Б” ХХК-д талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт  тус тус даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0285 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2019/0372 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0285 дугаар шийдвэрээр: Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал газрын тосны газраас нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ”Б” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “Б” ХХК-д талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2019/0372 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0372 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэг. “Б” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 639 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Цонгол-Уул нэртэй газарт орших 16061,71 гектар талбайд хайгуулын XV-012514 тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болж, хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлж, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, хайгуулын ажлыг өндөр зардал гарган гүйцэтгэж байсан. Тухайн үед Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг, Засгийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмал эзэмшигчид нөхөх олговор олгох” тухай журмыг тус тус баталсан байдаг. Дээрх хуулийн дагуу Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолоор хуулийн үйлчлэлд хамаарсан зарим гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар болон ойн сан бүхий газруудыг солбицол тогтоож улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд энэ тогтоолын үйлчлэлд “Б” ХХК-ийн эзэмшлийн XV-012514 тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ давхацсан гэх үндэслэлээр Ашигт малтмал газрын тосны газраас 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-2610 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр нөхөх олговор авах тухай мэдэгдсэн.

5. Нэхэмжлэгчээс “Ашигт малтмал эзэмшигчид нөхөх олговор олгох” тухай журмын 4.1-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлэн хариуцагчид хандсан боловч, Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал газрын тосны газар нь хууль, журам, тогтоолд заасан үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон хууль болоод холбогдох журамд заасныг үндэслэн хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Хууль хэрэглээтэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж заасны дагуу 2009 онд Улсын Их Хурлаас “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалттай уялдуулж 2014 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд хуулийн 9.1.13 дахь заалтыг нэмж оруулснаар 2009 онд батлагдсан хууль болон хуулийн үйлчлэлийн дагуу гарсан тогтоолын үйлчлэлд хамаарсан аж ахуйн нэгжийн нөхөх олговортой холбоотой асуудлыг зохицуулсан. Гэтэл хуулийн дээрх зохицуулалт, маргаан бүхий газар хуулийн үйлчлэлд хэрхэн хамаарч, хариуцагч Засгийн газрын ямар шийдвэрийн дагуу нөхөх олговор авах нөхцөл байдал үүссэнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй“... уг талбайг тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхтэй холбоотой харилцааг дээрх байдлаар тусад нь зохицуулсан”, “... Монгол Улсын Засгийн газарт хандаж хүсэлт гаргаж байсан нь баримтаар тогтоогдоогүй байхад” гэж дүгнэж байгааг шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй гэж үзэж байна.

6. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын 4-т “Энэхүү тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгасугай” гэж Засгийн газрын үүргийг тухайлан заасан буюу тухайн харилцаатай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж Засгийн газрыг хариуцагчаар татан маргасан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Тус харилцаатай холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагаас шууд байдлаар Монгол Улсын Засгийн газартай тохиролцоонд хүрэх боломжгүй тул 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмал эзэмшигчид нөхөх олговор олгох” тухай журмыг баталж, Ашигт малтмалын газраар дамжуулан нөхөх олговроо авахаар Засгийн газар өөрөө журамласан атлаа шууд Засгийн газарт хандаагүй гэх өөрсдийн баталсан журмыг үгүйсгэж, хэвийн үйл ажиллагаагаа явуулж ихээхэн хэмжээний зардал гаргасан аж ахуйн нэгжийг хохироож, цаашлаад олон иргэдийг ажилгүй болгож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөх боломжгүй юм.

7. Хоёр. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал газрын тосны газарт нөхөх олговор авахтай холбоотойгоор хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/7693 дугаар албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасан үндэслэлээр нөхөх олговор олгох асуудлаар холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсний дагуу нөхөх олговортой холбоотойгоор шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газраас шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэнтэй танилцаад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмын дагуу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр шийдвэрийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан. Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/1697 дугаар албан бичгээр “...12514Х дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээх асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэж заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/1697 дугаар албан бичгийг гардан аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тодруулж, нотлох баримтыг судалсан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 372 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн XV-012514 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь 2009 онд батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, уг хуулийн дагуу гарсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоол болон түүнээс хойш гарсан тогтоолуудаар батлагдсан солбицолд бүхэлдээ хамаарч байгаа, мөн Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад бүхэлдээ орсон, хэдий тийм ч нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 26-ныг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, хугацаагаа сунгуулж байсан, Ашигт малтмалын газрын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 6-2610 дугаар мэдэгдлээр тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь “Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасны дагуу холбогдох байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэх” талаар мэдэгдэж байсан, иймээс нэхэмжлэгч нь нөхөх олговрын асуудлаар Ашигт малтмалын газарт хандахад тус газрын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/039 дүгээр албан тоотоор “...Танай компаниас ирүүлсэн 87 хуудас материалтай танилцахад дээрх хуулийн заалтын дагуу эрх бүхий хөндлөнгийн этгээдээр дүгнэлт гаргуулаагүй байна, иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу хүргүүлж байсан, мөн Ашигт малтмалын газраас 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 6-4859 дүгээр албан тоотоор “нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг Засгийн газартай тохиролцож шийдвэрлүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд гаргана уу” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн, нэхэмжлэгчээс 2015-2017 онуудад нөхөх олговрын асуудлаар Уул уурхайн яаманд хандаж байсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

10. Гэвч нэхэмжлэгч нь “даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: “XV-012514 тоот хайгуулын талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “Б” ХХК-д талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгах” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

11. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохыг шаардаж байгаа атлаа уг асуудлаар Засгийн газарт хандаж байгаагүй, харин Ашигт малтмалын газар болон бусад төрийн захиргааны төв байгууллагуудад хандаж байсан, мөн Ашигт малтмалын газраас ирүүлж байсан албан тоотын дагуу эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлт гаргуулсан эсэх, нөхөх олговрын асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хандаж байсан эсэх зэрэг нь тодорхойгүй байна.

12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нөхөх олговрын асуудлаар түүний тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан учир Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу хандсан уу /хэрэв тийм бол холбогдох нотлох баримтуудыг хэрэгт авах/, эсхүл Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын 4 дэх заалтын дагуу хандсан уу /хэрэв тийм бол мөн нотлох баримтыг цуглуулах/, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “тусгай хэрэгцээний газар”-т орсонтой холбоотойгоор хандсан уу /дээр дурдсан баримтаас үзвэл уг журмын дагуу хандсан байх боломжтой байна, хэрэв тийм бол үүний шалтгааныг тодруулж, нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан холбогдох шаардлагыг хангасан эсэхийг, тухайлбал хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан эсэхийг тодруулах/ гэдгээ тодорхой болгосны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар даалгах шаардлага гаргаж байгаа үндэслэлээ тодорхой болгох шаардлагатай байна.

13. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6 гэсэн хэрэгт хамааралтай, хамааралгүй байж болох хуулийн бүх зүйл, заалтуудыг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

14. Мөн шүүхээс дээр дурдсан гурван тохиолдолд буюу тусгай зөвшөөрлийн талбай нь “хуулийн хориглолтод орсон”, эсхүл Улсын Их Хурлын тогтоолоор “тусгай хамгаалалт”-д авсан юм уу эрх бүхий этгээдийн шийдвэрээр “тусгай хэрэгцээнд” авсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам хэрхэн хэрэгждэг, нэхэмжлэгч нь журмын дагуу хандсан эсэх, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан Засгийн газрын бүрэн эрх ямар тохиолдолд ямар журмаар хэрэгждэгийг хариуцагчаас тодруулах, шаардлагатай бол Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд орсон хуулийн уг зохицуулалтын зорилго, энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан шиг “2009 онд батлагдсан хууль болон хуулийн үйлчлэлийн дагуу гарсан тогтоолын үйлчлэлд хамаарсан аж ахуйн нэгжийн нөхөх олговортой холбоотой асуудлыг зохицуулсан” гэсэн үндэслэл болон энэхүү зохицуулалт нь дурдсан гурван тохиолдлын аль алинд нь сонголт байдлаар /нөхөх олговор олгох боломжгүй бол тусгай зөвшөөрөл олгох/ хэрэгжих боломжтой эсэх, мөн энэхүү эрх олгосон зохицуулалтын хүрээнд шүүхээс “тусгай зөвшөөрөл олгохыг” Засгийн газар болон Ашигт малтмалын газарт шууд даалгаж шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай.

15. Дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2019/0372 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ