Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0404

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0404

Улаанбаатар хот

     

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0157 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Г-ийн  нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн тасагт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.10-д заасныг тус тус баримтлан иргэн Г.Г-гаас Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн тасагт холбогдуулан гаргасан “М К” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104049 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, “” хотхоны  байрны тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Г.Г-г бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг иргэн Г.Г-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү.” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “Нэхэмжлэгчийн маргаан бүхий авто зогсоолыг өмчлөх эрх уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хийлгэснээс хойш үүссэн гээд нэхэмжлэгчийн маргаж байгаа “ .. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаар барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” үүрэгтэй барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч тухайн авто зогсоолыг өөрийн эзэмшил ашиглалтад хүлээгээд авсан байдаг” гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний 3.5.2-т “205 автомашины гараашийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан барьцааны гэрээг шинэчлэн байгуулах”-аар талууд тохиролцон байдаг.

Ингээд “М К” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 44А. Б, В, Г байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн барьцааны гэрээ”-г “К Б” ХХК-тай шинэчлэн байгуулсан.

Улмаар “М К” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу авсан зээл болон хүүг 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан атал анхан шатны шүүх барьцааны эрхийг дүгнэхдээ Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” гэх заалтыг баримталсангүйд гомдолтой байна.

Харин иргэн Г.Г нь “М К” ХХК-тай 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээний үүргээ 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бүрэн биелүүлж, төлбөр тооцоог барагдуулсан байх буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь “К Б” ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны эрхээс өмнө үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тодорхой байна.

Иймд анхан шатны шүүх “К Б” ХХК-ийн барьцааны эрхийг цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Г.Г-ийн өмчлөх эрхээс өмнө үүссэн гэж дүгнэж буй нь буруу юм.

Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагч байгууллагын татгалзлын үндэслэл болж буй барьцааны гэрээний бүртгэлийн асуудалд дүгнэлт хийхдээ дээрх үйл баримтад анхаарал хандуулж шийдвэрлэх ёстой байсан.

Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн Г.Г-г тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүссэнээс хойш буюу 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэх эрхгүй этгээд болох “М К” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг.

Улсын бүртгэлийн байгууллага нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М К” ХХК-ийн нэр, дээр 205 авто зогсоолыг бүртгэхдээ өмчлөгч болохыг нь баттай нотолсон баримт бичиг байхгүй, үл хөдлөх эд хөвөнгүүдийн тухайд гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгааг мэдсээр атлаа мэдүүлгийг хүлээн авахаас татгалзалгүй, барьцаанд зориулсан бүртгэл хийсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “Мэдүүлэгт тухайн этгээд уг ул хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана.” гэж заасан атал “Блью Скай” хотхоны 120 айлын орон сууц, 205 автомашины зогсоолыг зөвхөн нэг компанийн нэр дээр банкны барьцаанд барьцаалуулах зорилгоор бөөнд нь бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед “М К” ХХК-ийн өмч хөрөнгөөр бий болсон гэдгийг баттай нотлох баримтыг шаардан авч, нягтлан шалгалгүйгээр бүртгэсэн байдаг.

Хариуцагчийн тухайн үед үйл ажиллагаандаа мөрдөж байсан Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 55 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5.2-т “Уг барилга нь нэг өмчлөгчтэй, эсвэл хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж баригдсан эсэхийг нягтлан үзэх”, мөн журмын 4,5.3-д “Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ын, улсын мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд “эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана” гэж заасныг зөрчиж гүйцэтгэгч барилгын компанийн нэр дээр бүртгэл хийсний улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийг захиалсан, худалдан авсан олон иргэдийн өмчлөх эрх шууд хөндөгдөж, хохирсон юм.

Зүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах боломжтой байсан атал барьцаанд зориулсан худал бүртгэлийг хийж иргэдийг хохироосон болно.

Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллага “М К” ХХК-д 2007 оны 08 дугаар 1 дүгээр сарын 20-ны өдөр 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг анх удаа олгосны дараа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь дээрх журмын 4.10-д “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасныг зөрчиж бүртгэсэн.

Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй иргэн Г.Г-г 18 тоот авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэлүүд дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хавсарган мэдүүлэг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.”

Хариуцагч байгууллага нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой атал түүнийг биелүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь зөвхөн “К Б”-ны эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэхээс аргагүй байна. Эцэст нь хариуцагч байгууллагын хууль зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Г төлбөрийг нь бүрэн төлсөн авто зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авч чадахгүйд хүрч, улмаар “М К” ХХК болон “К Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”-ний оролцогч бус, банкны өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй атлаа заавал “К Б” ХХК-ийн зөвшөөрлийг авах шаардлагатай болгож буй анхан шатны шүүхийн шийдвэр нь Г.Г-ийн Монгол улсын “Үндсэн хууль”-иар олгогдсон өмчлөх эрхийг нь хязгаарласан зөрчсөн үйлдэл болж буйд гомдолтой байна.

Иймд иргэн Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... М К ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний дагуу авсан зээл болон хүүг төлж барагдуулсан атал анхан шатны шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтыг баримтлаагүйд гомдолтой байна. нэхэмжлэгчийн өмчлөх эрх К Б ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны эрхээс өмнө үүссэн байхад Г.Г-ийн өмчлөх эрхийг дараа нь үүссэн гэж буруу дүгнэсэн” гэжээ.

 Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагч, барьцаалуулагч хамтран гаргасан хүсэлт, түүнчлэн шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааг дуусгавар болгоно” гэж заасан бөгөөд хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь барьцаалагч, барьцаалуулагчийн хүсэлт гаргаагүй, барьцааг дуусгавар болгосон шүүхийн шийдвэр байхгүй байхад барьцааны бүртгэлийг хүчингүй болгох эрхгүй тул “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан” гэх үндэслэлээр хариуцагчид барьцааны хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгэхийг захиргааны хэргийн шүүхээс шууд даалгах үндэслэлгүй.

Түүнчлэн Г.Г-д өмчлөх эрх барьцааны эрх үүсэхээс өмнө үүссэн байхыг үгүйсгэхгүй боловч улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөгчийг өөрчлөн бүртгээгүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасанд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөгчийг өөрчлөн Г.Г-г уг авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэх эрх хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт олгогдоогүй тул дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Мөн давж заалдах гомдолд “... улсын бүртгэлийн байгууллага нь уг авто зогсоолыг “М К” ХХК-ийн нэр дээр бүртгэхдээ өмчлөгч болохыг нь баттай нотолсон баримт бичиг байхгүй, гуравдагч этгээдийг ашиг сонирхол зөрчигдөж байгааг мэдсээр байж татгалзалгүй бүртгэсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “М К” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 44Г байрны зоорийн давхрын 18 тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт шинэчлэн бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.

Нэхэмжлэгч Г.Г нь 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр М К ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрөө төлж гэрээний үүргээ 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр биелүүлсэн гэх боловч тухайн үедээ өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг заасан бөгөөд 2010 онд бүртгэлийн байгууллагаас “М К” ХХК-ийн дээрх авто зогсоолыг бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авах үед мөн хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, “М К” ХХК нь Г.Г-д уг авто зогсоолыг худалдсаныг хариуцагч бүртгэлийн байгууллага мэдээгүй, мэдэх боломжгүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Мөн “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгүүлснээс хойш ... эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэх үндэслэлээр улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан журмыг зөрчиж бүртгэсэн” гэж  гомдолд дурдсан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг өөрчлөөгүй, харин тухайн авто зогсоолыг 44Г барилгаас салгаж шинээр улсын бүртгэлд бүртгэсэн байх тул уг журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Мөн гомдолд иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар Г.Г-г өмчлөгчөөр  тогтоосон байхад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.4, 24.9-д зааснаар шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол бүртгэлд өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид гэрчилгээ олгоно гэж заасныг хариуцагч зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байхад анхан шатны шүүх хариуцагчийн татгалзсан үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн К Бны эрхийг  хамгаалсан. ... Г.Г-ийн Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг хязгаарласанд гомдолтой байна” гэжээ.

Улсын бүртгэлийн байгууллага нь иргэний өмчлөх эрхийг үүсгэдэг байгууллага биш бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ32016/05991 дүгээр шийдвэрээр тогтоогдсон маргаан бүхий авто зогсоолын өмчлөх эрх хязгаарлагдахгүй.

Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч “М К” ХХК зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл хувийн эрх зүйн харилцаанд үүссэн маргааныг шийдвэрлэсэн, харин өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахтай холбоотой захиргааны эрх зүйн харилцааны оролцогч улсын бүртгэлийн байгууллагыг оролцуулж, улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар шийдвэрлээгүй байх тул уг шүүхийн шийдвэр нь урьд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М К” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл болон барьцааны бүртгэлтэй давхцуулан бүртгэх, эсхүл эдгээр бүртгэлийг шууд хүчингүй болгож өөр өмчлөгч бүртгэх үндэслэл болохгүй.

Захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн бол захиргааны хэргийн шүүх уг зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой, харин эдийн болон эдийн бус баялагтай холбоотой иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг захиргааны хэргийн шүүх хамгаалах боломжгүй.

Г.Г нь “М К” ХХК түүнд уг авто зогсоолыг худалдсаныхаа дараа түүний зөвшөөрөлгүйгээр барьцаалсан барьцааны гэрээтэй холбоотой иргэний журмаар нэхэмжлэл гаргаж өөрийн эрхээ сэргээлгэж улсын бүртгэлийн байгууллагын өмчлөгчөөр бүртгэхэд саад болж байгаа бүртгэл, бусад тэмдэглэлийг зохих журмаар дуусгавар болгож өмчлөх эрхээ бүртгүүлэх боломжтой.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын давж давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ