Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 226/МА2022/00005

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25-ны өдөр            226/МА2022/00005                                   Хэрлэн сум

 

 

 

 

“Т” ХХК-ийн Хэнтий салбарын

нэхэмжлэлтэй,хариуцагч Р.Х-,

Л.Н- нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00005/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д- /цахимаар/,

Хариуцагч Р.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- /цахимаар/,

Хариуцагч Л.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А- /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 156/ШШ2021/00630 дугаар шийдвэртэй “Т” ХХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Р.Х-, Л.Н- нарт холбогдох “зээлийн 14.191.960.49 төгрөг гаргуулах” тухай иргэний 1 хавтас 90 хуудас бүхий хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Х-, Л.Н- нар нь “Т” ХХК-ийн Хэнтий салбараас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 61 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 14.500.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй өрхийн хэрэгцээндээ зориулан 24 сарын хугацаатай буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлж авсан. Зээлдэгч Р.Х- нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй, гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй уулзаж, утсаар удаа дараа холбогдож, мэдэгдэл хүргүүлж байсан. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12.000.000, үндсэн  хүү 1.257.708.46, хуримтлагдсан хүү 834.410.94, нэмэгдүүлсэн хүү 83.441.09, нотариатын үйлчилгээний хөлс 16.400, нийт 14.191.960.49 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Уг зээлийн төлбөрийг Р.Х- төлөх ямар ч боломжгүй. Гэр орон, мал, хөрөнгийг нь Л.Н-, Ш.А- хоёр булааж авсан. 2019 онд тоологдсон 643 толгой малаас 200 нь түрээсийн хонь байсан бөгөөд 443 толгой хонийг зараад Ш.А-ын дансанд мөнгө нь орсон. Мөн машиныг нь барьцаанд тавьж мөнгийг нь авсан. Р.Х-ыг өөрийн хүү н.Түвшинбаярын хамт гэр орон байхгүй айлаар хоног төөрүүлж явна.

Анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 325 тоот шийдвэрээр зээлийн төлбөрийг Л.Н-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.

Баянхутаг сумын Тны салбар ямар ч хяналтгүй их хэмжээний зээл гаргаж өгсөн. Р.Х- бичиг үсэг мэдэхгүй, бүх гүйлгээг Л.Н-, Ш.А- нар хийж байсан” гэв.

Хариуцагч Л.Н- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Р.Х-тай 2007 онд гэр бүл болж хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Р.Х- нь Тнаас барьцаат зээлийн гэрээ байгуулан 14.500.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй авсан нь үнэн. Тухайн үед уг мөнгөөр “Портер” маркийн автомашин 8.200.000, мотоцикл 2.800.000,  нарны эрчим хүчээр ажилладаг телевизийн тогоо, толь 1.000.000, мал усалдаг худгийн мотор 500.000, тонны сав 300.000, худгийн онгоц 100.000, 5 ханатай гэр 2.600.000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Ингээд нийт үнийг тооцоход 15.500.000 төгрөг болсон. Уг 5 ханатай гэрийг худалдан авахад банкнаас авсан зээлийн үлдэгдэл дээрээ би өөрөө мөнгө нэмж авсан. Р.Х- бид хоёрын хувьд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс тусдаа амьдарсан. 2021 оны 12 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. Би 2.600.000 төгрөгөөр худалдан авсан 5 ханатай гэрээ өөрөө авч, бусад эд хөрөнгийг Р.Х-ад үлдээсэн. Энэхүү банкнаас авсан 14.500.000 төгрөгийн зээлээс би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1.900.000, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны үеэр 1.320.000, нийт 3.220.000 төгрөгийг банканд төлсөн. Банканд зээлийн үлдэгдэл 10.780.000 төгрөг байх ёстой. Р.Х-ын хувьд машин, мотоцикл болон бусад бүх зүйлийг өөрийн нэр дээр байлгаж хэрэглэж байгаа. Миний бие зээлийн үлдэгдэл 10.780.000 төгрөгийн 50 хувь буюу 5.390.000 төгрөгийн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн үлдэгдлийг Р.Х- төлөх ёстой” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар 453.1-д зааснаар хариуцагч Р.Х-, Л.Н- нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 13.296.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагаас 895.960 төгрөгийг хасч тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь ямар ч үндэслэлгүй, Ш.А-ын ярьснаар зээл төлөөгүй байхад төлснөөр шийдвэрлэсэн.  

Баянхутаг сумын Тны салбар нь ганц Л.Н-аар гүйлгээр хийлгэж байсан. Р.Х- бичиг үсэг мэдэхгүй учир зөвхөн гарын үсэг зурдаг, зээлсэн мөнгийг нь Ш.А-, Л.Н- хоёр авдаг байсан.

Л.Н- нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлсэн мөнгөөрөө гэр барина гээд УлаанЧ.Б- хот явж 3 давхар бүрээстэй 5 ханатай тавилгатай гэр машин хөлсөлж авчруулсан.

Р.Х-ын эцэг Р-н өгсөн халзан азаргатай 10 гаруй тооны адууг 2020 онд зарж, 2021 онд 430 толгой бог малыг ачихыг нь ачаад туухыг нь туугаад Р.Х-ыг хилс хэрэгт гүтгэж Баянхутаг сумын хэсгийн төлөөлөгчид барьж өгчхөөд хаяад явсан. Том хүү н.Т-г Ш.А- хоёр ч удаа зодсон гээд эхтэйгээ ч уулзахгүй Р.Х-ын ах н.Тулгынд толгой хорогдож айл хэсч явна. Р.Х- эцэг н.Р-д амьдарч байна. Өнчин ишиг ч байхгүй хүнд Тны зээлийг төлөх боломж байхгүй.

Л.Н-, Ш.А- хоёр зээл авахаар Р.Х-аар гарын үсэг зуруулахдаа 10.000.000 төгрөг зээлсэн гэж худал хэлж мөнгийг нь Тны ажилчидтай хуйвалдаж Ш.А-ын дансанд хийсэн байсан. Иймд зээлийг Л.Н- бүрэн төлөх ёстой. Мөн Л.Н- том хүү н.Т-н хугацаатай хадгаламжийг авч үгүй хийсэн байсан” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         “Т” ХХК-ийн Хэнтий салбар нь Р.Х-, Л.Н- нарт холбогдуулан “үндсэн зээл 12.000.000, үндсэн  хүү 1.257.708.46, хуримтлагдсан хүү 834.410.94, нэмэгдүүлсэн хүү 83.441.09, нотариатын үйлчилгээний хөлс 16.400, нийт 14.191.960.49 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч Р.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- нарын давж заалдах гомдлын үндэслэлээр хянаж үзлээ.

Хариуцагч Р.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа: Р.Х- төлөх ямар ч боломжгүй, гэр орон, мал хөрөнгийг нь Л.Н-, Ш.А- хоёр булааж авсан, Р.Х- бичиг үсэг мэдэхгүй бүх гүйлгээг Л.Н- хийж байсан тул зээлийг Р.Х- төлөхгүй гэжээ.

Хариуцагч Л.Н- нь “Миний бие Р.Х-тай 2007 онд гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Т” ХХК-ийн Хэнтий салбараас уг зээлийг авсан үнэн. Бид хоёр 2021 оны 7 дугаар сараас тусдаа амьдарч гэр бүлээ цуцлуулсан тул зээлийн төлбөрийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна” гэж мэтгэлцжээ.

Хариуцагч Р.Х-, Л.Н- нар нь “Т” ХХК-ийн Хэнтий салбараас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 14.500.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр өрхийн хэрэгцээндээ зориулж 24 сарын хугацаатайгаар зээлж авсан болох нь барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Тны малчны зээл олгосон баримт, зээл олгохыг хүссэн хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна /хх 9-16/.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Хэнтий салбар нь барьцаат зээлийн гэрээний дагуу хариуцагч Р.Х-, Л.Н- нарт 14.500.000 төгрөгийг шилжүүлсэн, барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул зээлдэгч Р.Х-, Л.Н- нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч Л.Н- нь зээлийн өр төлбөрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-нд 1.900.000, 2021 оны 04 дүгээр сарын 07-нд 1.320.000 төгрөг, нийт 3.220.000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Л.Н-ын тайлбар, дансны хуулгуудаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Хэнтий салбар нь нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээл 12.000.000, үндсэн  хүү 1.257.708.46, хуримтлагдсан хүү 834.410.94, нэмэгдүүлсэн хүү 83.441.09, нотариатын үйлчилгээний хөлс 16.400, нийт 14.191.960.49 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ 45.150 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй хассан, харин хуримтлагдсан хүү 834.410 төгрөг болон нотариатын хураамж 16.400 төгрөгийг нотлох баримтгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Хэнтий салбар нь хуримтлагдсан хүү 834.410.94, нотариатын хураамж 16.400, нийт 850.810.94 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-ы давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Хариуцагч Р.Х-, Л.Н- нар нь “Т” ХХК-ийн Хэнтий салбараас зээлийг өөрсдийн гэр бүлийн хэрэгцээнд захиран зарцуулахаар авсан бөгөөд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн эрх үүргийг гэрээнд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тул хариуцагч Р.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ын “Р.Х- төлөхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх  Р.Х-, Л.Н- нар нь гэр бүл байх хугацаандаа зээлийг авсан, одоо гэр бүл цуцлагдсан тул зээлдэгч нарт хувь тэнцүүлэн зээлийн төлбөрийг хариуцуулах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 12.000.000, хүү 1.257.708.46, нэмэгдүүлсэн хүү 83.441.09, нийт 13.341.149.05 төгрөгөөс хариуцагч Р.Х-аас 6.670.575 төгрөгийг, хариуцагч Л.Н-с 6.670.575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Хэнтий салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 850.810 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.353 төгрөг, хариуцагч Р.Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 156/ШШ2021/00630 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн  242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Р.Х-аас 6.670.575 төгрөг, хариуцагч Л.Н-аас 6.670.575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Хэнтий салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 850.810 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “хариуцагч Р.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.679 төгрөгийг, хариуцагч Л.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.679 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Хэнтий салбарт олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Хэнтий салбараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.353 төгрөг, хариуцагч Р.Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.210 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДЭНСМАА

                                  ШҮҮГЧИД                                        Г.БОЛОРМАА

                                                                                                         

                                                                                                      Я.АЛТАННАВЧ