Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 819

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч  “Ган*******” ХХК-ийн захирал Н.Э*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, П.С******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3******* тоот хяналт шалгалтын актын нөхөн татвар 20.000.000 төгрөгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ган*******” ХХК-ийн захирал Н.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Ган*******” ХХК нь 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Автомашин болон бүх төрлийн туухай, механик болон электрон жин суурилуулах, засварлах, автомашинаар ачаа тээвэрлэх, цахилгаан болон механик, электрон тоолуур, халуун хүйтэн усны тоолуур худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш татвар ноогдох орлогоо цаг хугацаанд нь үнэн зөв тодорхойлж, татвараа шударгаар төлөн улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан, татвар төлөгчийнхөө үүргийг бүрэн ухамсарлаж ирсэн билээ. Гэтэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуульд заасны дагуу татвар төлөгчийн холбогдох санхүүгийн тайлан, материал зэргийг гаргуулж, нягталж харалгүй акт тавигдсанд гомдолтой байна. Татварын ерөнхий хуульд татварын хяналт шалгалт хийх журам, татвар төлөгчийн эрх болон татварын байцаагчийн үүргийг хуульчилж өгсөн байдаг. Дээрх маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэдэгт эргэлзэж байна. Учир нь манай байгууллага 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 8581909 тоот падаанаар, 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 8581907 тоот падаанаар нийт 200.000.000 төгрөгийн бараа материал худалдан авсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаж, татварын тайлангаа үнэн зөвөөрөө тайлагнаж байсан. Худалдан авагч талд мөнгө шилжүүлсэн нэхэмжлэл, кассын орлогын ордер, зарлагын ордер, мөн худалдагч талын тамгатай, гарын үсэгтэй нөат-ын падаан зэрэг хуульд заасан нотлох баримтууд байсаар байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж 20.000.000 төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан явдалд гомдолтой байдаг. Иймд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3******* тоот хяналт шалгалтын актын нөхөн татвар 20.000.000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагч нар нь “Ган *******” ХХК-нд хяналт шалгалт хийгээд 2 зөрчил байна гэж нийт 20.000.000 төгрөгний торгууль тогтоосон. Нөхөн татвар гэж 20.000.000, торгууль алданги гээд нийт 30.000.000 төгрөгний акт тавьсан байдаг. Уг маргаан бүхий актын зөвхөн нөхөн татвар дээр маргаж байгаа. 20.000.000 төгрөгийг задалвал “Ган *******” ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 8881909 тоот паданаар мөн 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 8881907 тоот паданаар худалдан авалт хийсэн байдаг. Энэ худалдан авалтыг хийхдээ худалдагч тал буюу “Ж” ХХК-аас бараа худалдаж аваад холбогдох хууль тогтоомжийн дагуу мөнгөө төлсөн. Мөнгө төлсөн гэсэн падан аваад 2013 оны 4 дүгээр сарын тайланд тухайн компаниас худалдан авалт хийснээр нь татварын тайланд тусгасан. Гэвч улсын байцаагч нар нь татварыг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хянан шалгалтаар  актыг тавьсан байдаг. Үүнийг зөвшөөрч байгаа. Худалдагч талаас хуульд заасны дагуу хоорондоо тохиролцоод худалдан авалт хийгээд бараа бүтээгдэхүүнээ авсан учраас нөхөн татвар төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагч нарын татварын хяналтын акт нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан акт тогтоосон байдаг. Хэрэв “Ган *******” ХХК нь захиргааны хууль тогтоомж зөрчсөн бол энэ захиргааны зөрчил нь өршөөл үзүүлэх хуульд хамрагдах ёстой нөхцөлийг хангаж байна гэж үзэж байгаа. Иймээс тус хуульд хамруулж уг актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв. 

Хариуцагчийн Ц.Ц*******, П.С******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 5193567 тоот регистерийн дугаартай “Ган*******” ХХК-ийн 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, хяналт шалгалтын тасгийн даргын 35******* тоот томилолт, ЦЕГ-ын ЗБГХТГазрын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 94/1386 тоот албан бичгийн дагуу Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.С*******, Ц.Ц******* бид хэсэгчилсэн шалгалт хийж 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3******* тоот актаар 36,000,000.0 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон. Хяналт шалгалт хийх явцдаа:

ЦЕГ-ын ЗБГХТГазрын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 94/1386 тоот албан бичиг, Татварын Ерөнхий газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 7/519 тоот албан бичиг,

Татвар төлөгчийн ярилцлага

Нэмэгдсэн өртгийн албан татварын 8581907 тоот 90,000,000.0 төгрөгийн падаан, 8581909 тоот 110,000,000.0 төгрөгийн падаан.

Татварын программын хөндлөнгийн мэдээллийн санд 2011 оны 4 дүгээр сарын 27-нд Ж******* ХХК-аас 008581907 тоот падаанаар 90,000,000.0 төгрөгийн, 2011 оны 4 дүгээр сарын 18-нд Ж******* ХХК-аас 008581909 тоот падаанаар 110,000,000.0 төгрөгийн худалдан авалт хийсэн мэдээллийг тус тус ашиглан акт тогтоосон. 

Иймд: Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөөх үндэслэл болохгүй гэж заасан тул 2011 онд 200,000,000.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан хий бичилт хийсэн зөрчилд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4. “тоо, хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.1.6. “баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах” 74.3. “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасныг үндэслэн 20,000,000.0 төгрөгийн нөхөн татвар, 6,000,000.0 төгрөгийн торгууль, 10,000,000.0 төгрөгийн алданги ногдуулсан.” гэв. 

Хариуцагч Ц.Ц******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан үндэслэлээр акт тавьсан байгаа. Тухайн бараа ажил үйлчилгээг худалдан авсан нь баримтаар тогтоогдоогүй тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно гэсэн заалтыг үндэслэн акт тавьсан.  

“Ган *******” ХХК-ний хувьд 2013 онд хяналт шалгалтаар ороод .... хэрэгээр акт тавигдсан байдаг. Энэ нь дээд шүүхээс татварын улсын байцаагчийн акт үндэслэлтэй гэж шийдвэр гарч байсан. 2015 онд дахиад хяналт шалгалтад орход дахиж акт тавигдсан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр орж хоёулаа тухайн байцаагчийн акт үндэслэлтэй гэж батлагдсан. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасаныг үндэслэн акт тавьсан шалтгааныг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хамтарсан тушаалаар заавар зааварчилгааг батлах тухай тушаалаар Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хэрхэн ашиглах талаар зохицуулсан байдаг. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын падан гэдэг нь “...борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн үнэ, нийт үнэ, нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан” баримт бичиг байна гэж заасан байдаг. Үүнээс хархад: 

  1. Саяхан шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан баримт шаардлага хангаагүй баримт байна гэж үзэж байна.

    2. Уг тушаалын Нэмэгдсэн өртгийн албан татварын паданы үнэ зөв эсэхийг өгч байгаа байгууллага болон авч байгаа падааныг ашиглаж байгаа байгууллага бүрэн хариуцна гэж заасан байдаг. Тайланд тусгагдаж улсад төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэх үндэслэл болдог учраас тухайн падааны үнэ зөв эсэхийг өөрсдөө хариуцдаг.

“Ган *******” ХХК-ийн хувьд манай Татварын хэлтэст болон Улсын мөрдөн байцаах газарт падааны хэрэг дээр шалгагдаж байгаа. Уг газарт бид нар ийм бичигтэй падааныг авсанаа хүлээн зөвшөөрсөн. Акт гарах үед хийгдсэн ярилцлагын тэмдэглэлд мөн “...Улсын мөрдөн байцаах газар шалгагдаж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой болсон гэж үзэж байна. Сая шүүхэд гаргасан нотлох баримтаас хархад бэлнээр төлбөр хийсэн гэж тайлбарлах нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны баримт бүрдээгүй нь тодорхой болж байх шиг байна. Өршөөлийн тухай хуульд хамруулах талаар дэмжихгүй байна. Өршөөлд хамрагдах гол үндэслэл нь тухайн этгээд захиргааны зөрчил гаргасан эсвэл эрүүгийн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Захиргааны маргаан бүхий акт дээр хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа тохиолдолд нөхцөл нь хангагдаагүй байхад өршөөлд хамрагдуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ган*******” ХХК нь тус шүүхэд хандан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, П.С******* нарын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3******* тоот актын нөхөн татвар 20.000.000 төгрөгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.  

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, П.С******* нар нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 94/1386 тоот албан бичиг болон  Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 35******* тоот Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу   “Ган*******” ХХК-ийн 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг  хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3******* тоот хяналт шалгалтын актаар “Ж*******” ХХК-иас 2011 оны 4 дүгээр сарын 27-нд 008581907 тоот падаанаар 90.000.000 төгрөгийн, 2011 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр 008581909 тоот падаанаар 110.000.000 төгрөгийн худалдан авалт  хийсэн талаар хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил гаргасныг тогтоож,  шалгалтаар илэрсэн 200.000.000  төгрөгийн зөрчилд 20.000.000 төгрөгийн нөхөн татвар, 6.000.000 төгрөгийн торгууль, 10.000.000 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч “Ган*******” ХХК нь дээрх актаар тавигдсан төлбөрийн дүнгээс зөвхөн 20.000.000 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргажээ. 

Нэхэмжлэгч “Ган*******” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 3******* дүгээр актыг хэвээр үлдээж, улмаар Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/146 дугаар тушаалаар Гаалт, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолыг баталгаажуулжээ. 

2. Нэхэмжлэгч “Ган*******” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “... Татвар төлөгчийн холбогдох санхүүгийн тайлан, материал зэргийг гаргуулж, нягтлаж харалгүй акт тавьсанд гомдолтой байна. ... мөнгө шилжүүлсэн нэхэмжлэл, кассын орлогын ордер, зарлагын ордер, мөн худалдагч талын тамгатай, гарын үсэгтэй НӨАТ-ын падаан зэрэг хуульд заасан нотлох баримтууд байсаар байхад... 20.000.000 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан явдалд гомдолтой байна” гэж, хариуцагч нь “НӨАТ-ын падааны зөрчил нь баримтаар нотлогдсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу хариуцлага тооцсон. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ “Ган*******” ХХК-ний захирал Э******* нь зөрчлийг зөвшөөрч, тайлбар гаргаж, гарын үсэг байдаг. Акт хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ. 

Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл хөтөлнө” гэж заасны дагуу татвар төлөгч “Ган*******” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хэлбэр, журмаар баримтаа бүрдүүлэх үүрэгтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “Ган*******” ХХК нь “Ж*******” ХХК-иас 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 008581907 тоот падаанаар 90.000.000 төгрөгийн, 2011 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр 008581909 тоот падаанаар 110.000.000 төгрөгийн худалдан авалт  хийсэн гэж тайлагнаж, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн 2011 оны тайланд тусган, албан татвар ногдох орлогоос хасч тооцсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч худалдан авалт хийсэн, худалдан авсан бараа, материалын үнийг төлсөн, бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар тогтоогдоогүй байна. 

Мөн хэрэгт авагдсан “Ган*******” ХХК-ийн худалдан авалт хийсэн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын 008581907 болон 008581909 дугаар бүхий падаануудад худалдан авсан бараа, материалын нэр, төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнэ зэргийг заагаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “ ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ ...” -ийг тусгасан байх шаардлагыг хангаагүй байна. 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ган*******” ХХК нь “Ж*******” ХХК-иас 2011 онд 008581907, 008581909 дугаар бүхий НӨАТ-ын падаанаар нийт 200.000.000 төгрөгийн худалдан авалт хийснийг нотлох, уг төлбөрийг бэлнээр эсхүл бэлэн бусаар шилжүүлсэн тухай баримт байхгүй, нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгөхийг шаардсаны дагуу гаргаж өгсөн 2011 оны 4  дүгээр сарын 18, 27-ны өдрийн кассын зарлагын болон орлогын ордер, худалдан авалтын дэвтэрийн хуулбар зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байна. 

Өөрөөр хэлбэл дээрх анхан шатны баримтуудад холбогдох албан тушаалтан, ажилтны гарын үсэг бүрэн гүйцэд зурагдаагүй, кассын зарлагын ордерд зөвхөн захирал Н.Э*******гийн гарын үсгийн дардас дарагдсан, кассын орлогын ордер ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэггүй, зарлагын баримтад шалгасан нягтлан бодогчийн гарын үсэг зурагдаагүй байх тул уг анхан шатны баримтыг хүчин төгөлдөр баримт гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэв. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасанчлан дээрх анхан шатны баримтууд нь “... түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болох” хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх үзэв. 

Хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч “Ган*******” ХХК-ийг “Ж*******” ХХК-иас бараа, материал худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 008581907 тоот падаанаар 90.000.000 төгрөгийн, 2011 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр 008581909 тоот падаанаар 110.000.000 төгрөгийн  худалдан авалт хийсэн тухай хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, акт тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан “Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасантай нийцсэн байна. 

Иймд, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч “Ган*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч “Ган *******” ХХК-ийн захирал Н.Э******* нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандан 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 15/15 дугаар албан бичигтээ “Ган *******” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх ёстой 20,000.000 төгрөгийн нөхөн татварыг сайн дураар төлөхөө хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон байгааг дурдах нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус үндэслэн “Ган*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, П.С******* нарт холбогдох “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц*******, П.С*******  нарын2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3******* тоот хяналт шалгалтын актын нөхөн татвар 20.000.000 төгрөгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.МӨНХТУЛГА