Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0009

 

“Ганхэмжүүр” ХХК-ийн  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 819 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ганхэмжүүр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, П.Саран нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 819 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, П.Саран нарт холбогдох “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, П.Саран нарын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 350017464 тоот хяналт шалгалтын актын нөхөн татвар 20.000.000 төгрөгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий “Ганхэмжүүр” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьд давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 819 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нар нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуульд заасны дагуу татвар төлөгчийн холбогдох санхүүгийн тайлан, материал зэргийг гаргуулж, нягталж харалгүй акт тавигдсанд гомдолтой байна. Татварын ерөнхий хуульд татварын хяналт шалгалт хийх журам, татвар төлөгчийн эрх болон татварын байцаагчийн үүргийг хуульчилж өгсөн байдаг.

“Ганхэмжүүр” ХХК нь:

-2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 8581909 тоот падаанаар,

-2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 8581907 тоот падаанаар нийт 200.000.000 төгрөгийн бараа, материал худалдан авсан байдаг.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаж, татварын тайлангаа үнэн зөвөөрөө тайлагнаж байсан.

Худалдан авагч талд мөнгө шилжүүлсэн нэхэмжлэл, кассын орлогын ордер, зарлагын ордер, мөн худалдагч талын тамгатай, гарын үсэгтэй НӨАТ-ын падаан зэрэг хуульд заасан нотлох баримтууд байсаар байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.3 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж 20.000.000 төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан явдалд гомдолтой байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 819 дүгээр шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй байгаа тул, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ганхэмжүүр” ХХК-аас “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Цолмон, П.Саран нарын  2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 350017464 тоот актын нөхөн татвар 20.000.000 төгрөгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.Саран, Ц.Цолмон нар “Ганхэмжүүр” ХХК-ийн 2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 350017464 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчил тогтоон, нөхөн татвар, торгууль, алданги, нийт 36.000.000 төгрөгийн төлбөр ногдуулсан, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2015 оны 350017464 тоот актыг хэвээр үлдээжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт хэрэглэнэ” гээд падааны үнэн зөв эсэхийг бэлтгэн нийлүүлэгч буюу худалдан авагч болон худалдагч хариуцахаар заажээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ““нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ажил, гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредит бичилт, журнал, бүртгэл гэх мэт санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлд уг гүйлгээ гарсан нь тусгагдсан тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

“Ганхэмжүүр” ХХК нь “Женарал эталон” ХХК-аас 2011 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан гэж санхүүгийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэгт тусгасан боловч “Женерал эталон” ХХК нь “Ганхэмжүүр” ХХК-д борлуулалт хийж байгаагүй, нэхэмжлэгч дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 819 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:         

            ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР