Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 02

 

 

Ж.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2021/00554 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, 2 хэсэг их дарь эх 1 гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:*******/,

 Хариуцагч: Ховд аймаг, Ховд сум, Улаанбураа баг, ******* газарт оршин суух, овогт ын ******* /РД:/-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал /онлайнаар/, хариуцагч Б.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Нэхэмжлэлийн агуулга:Б.*******ы хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх.

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн ******* газар хаягт байрлах нэгж талбарын 8417000723 дугаар бүхий 50000 м2 /га/ талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрыг Б.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл:  Миний бие нь Ховд аймгийн Ховд сумд газар тариалан эрхлэхээр төмс хүнсний ногооны тариалангийн газар худалдаж авахаар хайсан. Улмаар ын ******* гэдэг хүн надтай уулзаад би Ц.Балжинням гэдэг хүний газрыг харж манаж байгаа газрын эзэмшигч Ц.Балжинням нь 50000 мкв /га/ Төмс, хүнсний ногооны усалгааны тариалан зориулалттай газраа зарна гэж байгаа гэж хэлсэн.

Улмаар би Ц.Балжиннямтай холбогдож Ховд сумын Улаанбураа багийн ******* газар хаягт байрлах нэгж талбарын 8417000723 дугаар бүхий 50000 м.кв /га/ газрыг 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар надад Иргэний газар эзэмших эрхийн 000129881 дугаартай гэрчилгээг сумын Засаг даргын захирамжийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/156 тоот шийдвэрийг үндэслэн Ховд аймаг, Ховд сумын Улаанбураа баг, ******* газар хаягт байрлах нэгж талбарын 8417000723 дугаар бүхий 50000 м.кв /га/ Төмс, хүнсний ногооны усалгааны тариалангийн зориулалтаар 45 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-1613000315 дугаартай бүртгэж гэрчилгээ олгосон.

Мөн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №08440-2021/00047 дугаартай гэрээг Ховд сумын газрын албаны мэргэжилтэн Хинауар овогтой Жанартай дараах нөхцөлтэйгээр байгуулсан.

Үүнд: Газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ: 50000 м2, үүнээс нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан, тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ 50000 м2, газар эзэмших хугацаа 45 жил байх гэрээний нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.

Гэтэл энэ хооронд Б.******* нь миний эзэмшлийн газарт дур мэдэн ногоо тарьж, хүмүүст түрээслүүлж миний Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Би хуулийн дагуу авсан өөрийн эзэмшлийн газартаа хүнсний ногоо тариалах өргөтгөл хийж янзлах гэсэн боловч Б.******* нь хүрз, жоотуу зэрэг багаж барьж над руу дайрч хэл амаар доромжилж намайг өөрийн эзэмшил газар луу минь оруулахгүй хохироосоор ирлээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, мөн 106.4-д Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасан.

Иймд Ховд аймаг, Ховд сумын Улаанбураа баг, ******* газар хаягт байрлах нэгж талбарын 8417000723 дугаар бүхий 50000 м.кв /га/ Төмс, хүнсний ногооны усалгааны тариалангийн зориулалттай газар эзэмших эрхтэй Ж.*******гийн газрыг Б.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн  тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 2.1 Хариуцагчийн татгалзлал: Ж.*******гийн авсан шинэ гэрчилгээг хүчингүй болгуулах.

2.2 Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Миний бие нь Ховд аймгийн Буянт сумын 10-ын газарт 2001 оноос хойш газар тариалан эрхэлж одоо 2021 он хүртэл 20 жил уг газрыг эзэмшиж ирсэн билээ. 2001 онд уг газрыг миний Казакстанд нүүсэн ах дүүгээс надад хуучин хүнсний үйлдвэрийн дарга Д.Цэвэгжав авч өгсөн билээ. 20 жилийн дараа буюу 2021 онд Ж.******* гэх залуу би худалдаж авсан гэж булаацалдаж байгаа. Газар тариалан эрхлэхэд саад учруулж удаа дараа ирж шахалт үзүүлсэн. 2009 оны газрын гэрчилгээтэй боловч уг Ж.******* гэх залуу газрын даамал Жанартай хуйвалдаж, шинэ гэрчилгээ авсан гэж 2021 оны зун даралттай, өвчтэй хүнийг удаа дараа дарамталж, сэтгэл санааг үймүүлж, хуулийн байгууллагаар сүлдүүлсэн. Ажил хийлгэхгүй, зунжин хөлс хөдөлмөрөө урсгаж тарьсан ногоо өвсийг хураалгахгүй өдий хүрлээ. Иймд миний 20 жилийн хөдөлмөрөө урсгаж, тордож босгож ирсэн тул  Ж.*******гийн авсан шинэ гэрчилгээг хүчингүй болгож өгөхийг хүсье.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2021/00554 дугаар шийдвэрээр:” Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн ******* газар хаягт байрлах нэгж талбарын 8417000723 дугаар бүхий 50000 м2 талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрыг Б.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

4.1 Ховд аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.2 Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой үндэслэл: Хариуцагч Б.*******ы Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа баг, арвын газарт байрлах 201400096 дугаартай гэрчилгээ авагдаагүй байна. Мөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр авсан 201400096 нэгж талбарын дугаартай газрын гэрчилгээнд бичигдсэн нэгж талбараас өөр буюу 8417000673 дугаартай кадастрын зураг Ховд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гарч ирж байна. 8417000673 дугаартай кадастрын зургийг 2021.11.29-ний өдөр хүртэл хариуцагч Б.*******, нэхэмжлэгч Ж.******* мэдээгүй юм.

Мөн газрын кадастрын мэдээллийн системээс харвал Б.*******ы газар, нэхэмжлэгч Ж.*******гийн газар өөр өөр газар байна. Мөн хариуцагч Б.*******ы газрын координат 403606.80, 403656.56, 403755.48, 40,739.44 байхад нэхэмжлэгч Ж.*******гийн газрын координат 402865.00, 402832.50, 402767.68, 402761.00, 402768.01, 402808.07, 402831.05,402903.14, 402895.61, 402906.70, 402907.65, 402928.94 буюу нэг газар дээр давхардуулан олгосон газар биш тус тусдаа газар байна. Тухайн хэргийг анхан шатны шүүхэд буцаавал газрын алба, эсвэл хэмжилт хийдэг эрх бүхий хүмүүсийг аваачиж газрын кадастрын зургийн дагуу хэмжилт хийлгэх зайлшгүй шаардлагатай байна.

4.3 Хууль хэрэглээний талаар: Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 270 дугаар зүйлийн 270.1, 270.2, 271.1-д зааснаар давуу эрх эдлэх эрхтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар Ж.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            1.Нэхэмжлэгч Ж.******* нь “Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн ******* газарт байрлах нэгж талбарын 8417000723 дугаар бүхий 50000 м2 талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрыг Б.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” шаардлагыг хариуцагч Б.*******д холбогдуулан  гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлохоор “000129881 дугаар бүхий газар эзэмших  гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн  № 08440-2021/00047  дугаар гэрээ, нэгж талбарын дугаар 8417000723 дугаар бүхий газрын  кадастрын зураг, Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/140 дугаар захирамж, Ховд сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/156 дугаар захирамж, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг  шүүхэд ирүүлжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн газар эзэмших эрхээ бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ  биелүүлсэн, түүний шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

2.Хариуцагч Б.******* нь “хуучин хүнсний үйлдвэрийн дарга байсан  Д.Цэвэгжав 2001 онд миний казахстанд нүүсэн ах дүү нараас уг газрыг авч өгсөн, 2001 оноос хойш газар тариалан эрхэлж өдий хүртэл 20 жил уг газрыг эзэмшиж ирсэн, 2009 оны газрын гэрчилгээтэй” гэж тайлбарладаг боловч уг тайлбар нь  хэрэгт авагдсан  нотлох баримтаар нотлогдоогүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшилдээ авсан, уг газрыг эзэмших эрхтэй болохоо шүүхэд нотолж чадаагүй байх тул түүний татгалзал нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/140 дугаар захирамжаар  “Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдарч байсан Чимэдцэрэн овогтой Цэвэгжав /ЦГ69021777/-н Улаанбураа багийн ******* газарт төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байгаа 5,0 га газрыг Цэвэгжав овогтой Балжинням /УК97010917/-д өвлүүлэн шилжүүлж, 2006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар захирамжаар уг газрыг эзэмшиж байсан Чимэдцэрэн овогтой Цэвэгжав /ЦГ69021777/-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон байна.

Мөн Ховд сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/156 дугаар захирамжаар   “Ховд сумын Улаанбураа багийн ******* газарт төмс, хүнсний ногооны зориулалттай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн Цэвэгжав овогтой Балжинням /УК97010917/-ын эзэмшлийн 5,0 га газрыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн ******* овогтой ******* /*******/-д төмс, хүнсний ногооны зориулалтаар 45 жилийн хугацаагаар эрх шилжүүлэн эзэмшүүлж,  2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/140  дугаар захирамжийг хүчингүйд тооцжээ.

Түүнчлэн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр  Ховд сумын Засаг даргын 08440-А/156/2021 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж, Ховд сумын Газрын албаны мэргэжилтэн Х.Жанар,газар эзэмшигчийг төлөөлж иргэн Ж.******* нар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх  № 08440-2021/00047  дугаар гэрээ байгуулж улмаар Ж.*******д “Ховд сумын Улаанбураа багийн ******* газарт байрлах,нэгж талбарын 8417000723 дугаар бүхий 50000мкв га газрыг 45 жилийн хугацаагаар эзэмшүүлж,эрхийн улсын бүртгэлийн Э-1613000315 дугаарт бүртгэж иргэний газар эзэмших эрхийн 000129881 дугаар гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон байна.

Ховд сумын Засаг даргын дээрх шийдвэрээр иргэн Ц.Балжиннямын эзэмшлийн “Ховд сумын Улаанбураа багийн ******* газарт байрлах, нэгж талбарын 8417000723 дугаар бүхий 50000мкв га талбай бүхий төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтай газрыг эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт иргэн Ж.*******д  шилжүүлэн эзэмшүүлсэн  байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад нийцжээ.

Түүнчлэн шүүх талуудын хоорондох маргааны үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй  дүгнэлт хийж  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” Гэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4.Хариуцагч Б.******* нь анхан шатны шүүхэд маргаан бүхий уг газрыг Ж.*******д давхцуулан олгосон гэж тайлбарлаж байсан боловч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...газрын кадастрын мэдээллийн системээс харвал Б.*******ы газар, Ж.*******гийн газар өөр өөр газар, нэг газар дээр давхцуулан олгосон газар биш тус тус газар байна. ” гэснийг дурдах нь зүйтэй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар  нэхэмжлэгч Ж.******* нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн ******* газар хаягт байрлах нэгж талбарын 8417000723 дугаар бүхий 50000 м2 талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болох нь  тогтоогдсон байх тул  “газар эзэмших эрх шилжүүлэгч Ц.Балжинням нь хариуцагч Б.*******аас эрх шилжүүлж, худалдаж авах талаар ямар нэгэн байдлаар асуугаагүй” гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 153/ШШ2021/00554 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   хариуцагч Б.******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар  хариуцагчийн   давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200  төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

              

                                               ШҮҮГЧ                                   Д.КӨБЕШ

  

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА