Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 05

 

 

   2022          02           22                                  206/МА2022/00005

 

 

 

П.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2021/00613 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 9 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:******* /

Хариуцагч: Ховд аймаг, Чандмань сум, багт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д  холбогдох

 Гэм хорын хохирол 3,129,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэлийн агуулга:Гэм хорын хохирол гаргуулах тухай

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 3,129,000 төгрөг гаргуулах тухай

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн үед миний охин Д.Болортунгалаг П.******* миний өмчлөлийн Тоёото приус 30 маркийн 60-78 УНМ улсын дугаартай авто машинаар явж байх үед 85-30 ХОА улсын дугаартай Тоёото приус маркийн машинтай Г.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан. Уг ослын улмаас миний Тоёото приус 30 маркийн 60-78 УНМ улсын дугаартай авто машины урд талын хэсэг гэмтсэн ба Ашид билгүүн үнэлгээний газраар өөрт учирсан хохирлыг үнэлүүлэхэд нийт 3,129,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд тус хэрэгт авагдсан баримтаар шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр миний охин П.Болортунгалаг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бөгөөд харин 85-30 ХОА улсын дугаартай Тоёото приус маркийн машинтай Г.******* нь замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн ба хариуцагч өөрөө тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна.

Иймд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээнд дурдсан 19 нэр төрлийн сэлбэг хэрэгсэл, будгийн өнгө гаргах, будах,эд анги солих хөлс, тэнхлэг шалгуулах мөн шууд бус зарим зардал гэх мэт 23 нэр төрлийн тус үнэлгээний компанийн тайлангийн үнэлгээгээр тогтоогдсон 3,129,000 төгрөгийг Г.*******гээс гаргуулж нэхэмжлэгч надад олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Хариуцагчийн татгалзлал:  Миний буруутай үйлдэл байхгүй тул хохирол төлбөрийг төлөхгүй гэжээ.

2.2.Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутагт приус 20 маркийн авто машинтай өөрийн буруугаас болж мөргөлдсөн. Тэгээд удаан зогсож байтал нөгөө машины араас приус 30 маркийн авто машин ирж мөргөсөн. Тэгээд мөргөсөн машиныг намайг төл гэсэн. Улаанбаатар хотод өмгөөлөгч үзээд үндэсгүй, төлбөл зогсож байсан машин төлөх ёстой гэж хэлсэн. Би төлөх үндэсгүй, хуулийг гуйвуулж төлбөр нэхдэг нь ямар учиртай юм бол гайхмаар юм гэж хууль мэддэг улсууд хэлэх юм гэжээ.

 

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2021/00613 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Г.*******гээс эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3,129,000 /гурван зуун нэг зуун хорин есөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.*******гээс 65,400төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Гэм хор учруулсан учруулаагүйгээ хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн нөлөө байхгүй юм.

Нэхэмжлэгч П.******* нь хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1723 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд бичигдсэн 3,129,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.

Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд Буянт-Оюу ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн буюу осол болсны маргаашийн 461 дугаартай оношилгооны тодорхойлолт авагдсан энэ тодорхойлолтоор шийдэгдэх ёстой.

 Буянт-Оюу ХХК-ний оношилгооны тодорхойлолтын дагуу Ашид билгүүн ХХК-ний үнэлсэн үнэлгээний дагуу эд хөрөнгөнд учирсан хохирлыг мөнгийг нэмбэл 660,000 төгрөг болж байна.

 Хариуцагчийн зүгээс 660,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа харин үлдэгдэл 2,469,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Г.*******гээс 660,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 2,469,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 3,129,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагч Г.*******д холбогдох 1808001308 дугаартай зөрчлийн хэргээс “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №20 дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №23 дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Буянт-Оюу ХХК-ийн инженерийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Оношилгооны тодорхойлолт, Ашид Билгүүн ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч Г.*******г асуусан тэмдэглэл” зэрэг нотлох баримтыг хуулбарлан өгсөн байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

 

2.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Содномбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагч Г.*******гийн гэм буруу байхгүй тул хохирлыг нөхөн төлөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Очирбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлалаа нотлох зорилгоор “Г.*******д холбогдох 1808001308 дугаартай зөрчлийн хэргээс шинжээчийн дүгнэлтүүд, холбогдогч, хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шийтгэлийн хуудас, прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын схем зураг зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэж, зөрчлийн хэргээс өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан баримтуудыг хуулбарлан авсан байна”.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Очирбат нь “Бодь даатгал ХХК-иас 60-78 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч П.******* нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл хугацаанд даатгалын нөхөн төлбөр авсан эсэх, даатгалын төлбөр авсан бол хэдэн төгрөгийн төлбөр авсан эсэх талаарх лавлагааг гаргуулан авах” тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байх ба Бодь даатгал ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №02/102 дугаартай албан бичгээр “Д.*******ийн өмчлөлийн 60-78 УНМ улсын дугаартай Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд даатгалын нөхөн төлбөр олгогдоогүй”  гэсэн хариу ирсэн нь хэрэгт авагджээ.

 

3. Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудаар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагийн орчимд П.*******ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 60-78 УНМ улсын дугаартай авто машиныг түүний охин П.Болортунгалаг жолоодож явах үед Тоёота Приус маркийн 85-30 ХОА улсын дугаартай авто машины жолооч Г.*******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас П.*******ийн авто машинд гэм хорын хохирол учирсан үйл баримт тогтоогдсон талаар дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас П.*******ийн эзэмшлийн авто машинд 3,129,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

 

            4.”Хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбатын “П.*******ийн эзэмшлийн приус 30 маркийн автомашинд учирсан хохирлыг Буянт-Оюу ХХК-ийн эвдэрсэн эд ангийн оношилгооны тодорхойлолтоор шийдэгдэх ёстой, 461 дугаартай уг оношилгооны тодорхойлолтын дагуу Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн үнэлгээний дагуу эд хөрөнгөд учирсан хохирлын мөнгийг нэмэхэд 660,000 төгрөг болж байх тул үлдэх 2,469,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэх агуулгатай”  гомдлын тухайд.

 

            “Ашид Билгүүн” ХХК нь П.*******ийн эзэмшлийн приус 30 маркийн автомашинд учирсан хохирлыг тогтоох зорилгоор “Буянт-Оюу” ХХК-ийн UB-4 авто засварын газарт оношилгоо хийлгэсэн баримт хэрэгт авагдсан байгаа боловч “Ашид Билгүүн” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг гаргахдаа “Буянт-Оюу” ХХК-ийн UB-4 авто засварын газарт оношилгоо хийлгэсэн баримтыг эх сурвалжаа болгосон талаар дурдаагүй байна.

 

            Өөрөөр хэлбэл “Ашид Билгүүн” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг гаргахдаа П.*******ийн эзэмшлийн приус 30 маркийн автомашинд үзлэг хийж, www.ashidbilguun.mn вэб хуудас болон авто машин, тээврийн хэрэгслийн үнэлгээний “AB System” программд тулгуурлан зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглаж үнэгээ гаргасан байна.

 

            Мөн “Ашид Билгүүн” ХХК нь энэхүү үнэлгээ гаргахдаа  приус 30 маркийн авто машины өмчлөгч П.*******ийн захиалгаар бус “Бодь Даатгал” ХХК-ийн захиалгаар хийсэн байх тул “үнэлгээг иргэн хүний хэлснээр эвдэрсэн эд анги түүний үнэлгээг гаргадаг” гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

            Нөгөө талаар Буянт-Оюу ХХК-ийн 461 дугаартай эвдэрсэн эд ангийн оношилгооны тодорхойлолтод приус 30 маркийн автомашины “цахилгаан мотор шахагдаж хойшоо гүйсэн, Моторын урд ламп хөшигдсөн” гэх гэмтлийг дурдсан атлаа уг гэмтэл гарахад хамгийн түрүүнд өртөх нь илэрхий ойлгомжтой “урд буфер чихэгдэж хагарсан, зүүн урд их гэрэл хагарсан” гэх гэмтлийг тусаагүй зэргээс харахад уг авто машины зөвхөн “явах эд ангийн оношилгоо хийсэн байна” гэж үзэхээр байна.

 

            Иймд “Ашид Билгүүн” ХХК үнэлгээ нотлох баримтаар үнэлж, маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,754 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

 

5. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь О.Өнөржав нь “приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.Болортунгалагын буруутай үйлдлийн улмаас осол гарсан” гэж дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлтийн агуулгыг  анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлон тусгаж, “хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь заалттай нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8-д зааснаар “давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана” гэж зохицуулжээ.

 

Давж заалдах шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Өнөржавын “приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.Болортунгалагын буруутай үйлдлийн улмаас осол гарсан” гэж шүүх хуралдаанд уншин сонсгож, бичгээр ирүүлсэн дүгнэлтийг харгалзан үзсэн боловч “хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1 дэх хэсэгт нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна” гэж дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2021/00613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар  хариуцагчийн   давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  54,754  төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          С.ӨМИРБЕК

                                                                     

                                                   ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР