Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0106

 

“БӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 846 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, “БӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 846 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 б, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “БӨ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаар шийдвэрийн “БӨ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ашигт малтмалын ашиглалтын MV-011378 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

           Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар "БӨ" ХХК нь хуулийн дээрх заалтын дагуу М\/-011378 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан. Гэтэл тус компаниас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаа хэтрүүлж 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр алдангийн хамт төлсөн байгаа нь хуулийн шаардлага хангахгүй байна.

           "БӨ" ХХК-нд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан буюу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бий болсон тухай 7/1390 тоот мэдэгдэл хүргүүлсэн. Мөн цуцалсан тухай мэдэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/2910 тоотоор хүргүүлсэн байна.

           Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, Ашигт малтмал газрын тосны газарт буцаан хүргэгдсэн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримт бичиг хүлээлцэх дэвтэр, заасан хаягт байхгүй, утас салгаатай гэсэн тэмдэглэл бүхий шуудангийн дугтуй зэргээр хүлээн авах боломжгүй байсан нь... тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 5-д "Хуулийн ... бичгээр мэдэгдэх гэж төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд... хүргүүлснийг хэлнэ", 6-д "Хуулийн 56.2, 56.4... заасан мэдэгдэл гэдэгт төрийн захиргааны эрх бүхий байгууллагын албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж тус тус тайлбарласны дагуу төрийн захиргааны байгууллага хуулийн дагуу ажиллагаа хийж шийдвэрийг мэдэгдэж хүргүүлсэнд тооцох боломжтой.

           Мөн "БӨ" ХХК татвар төлөгч аж ахуйн нэгжийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ" гэж заасан ба кадастрын системд бүртгэлтэй хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн атал буцалт хийгдэж ирсэн нь тус компани хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

           Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... нэхэмжлэгч "БӨ" ХХК-ийн захирал Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын хилээр орсон тухай тэмдэглэгээ болон Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн талаарх холбогдох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжтой байсан.

           Өөрөөр хэлбэл, "БӨ" нь Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд болохын хувьд мөн түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь хэсэгт зааснаар хайгуулын ажил эрхлэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх гэж хуульчилснаас үзвэл тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын болон ашиглалтын ажил эрхлэхдээ зөвхөн үүсгэн байгуулагч захирлаас хамааралгүйгээр үйл ажиллагаа үргэлжилж байхаар заасан байна.

           "БӨ" ХХК-ийн захирал Д.Б нь эрүүл мэндийн байдал муудсан тул Солонгос улсад эмчлүүлж байх үе нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаатай давхцаж байсан гэх шалтгаан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан хэлж байгаа хэдий ч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ажиллах талаар шүүх авч үзээгүй байна.

           Хэдийгээр тухайн компанийн захиралд хүндэтгэн үзэх шалтгаан байсан ч гэсэн тухайн компанийн эрх бүхий бусад этгээд /нягтлан бодогч, геологич г.м/, эсхүл гүйцэтгэх захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн ч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх бүрэн боломжтой байсан.

           Дээрх үндэслэлүүдээр шүүх буруу дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 846 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр “Ш” ХХК-д Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Шар хөтөл нэртэй газарт 210 гектар талбайд MV-011378 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож, улмаар Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр 25.83 гектар талбайг хэсэгчлэн буцаан өгсөн байх бөгөөд тус хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 414 дүгээр шийдвэрээр 184.15 гектар талбай бүхий MV-011378 тоот тусгай зөвшөөрлийг “БӨ” ХХК-д шилжүүлснийг бүртгэжээ.

           Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэж нэр бүхий 9 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор нэхэмжлэгч “БӨ” ХХК-ийн эзэмшлийн MV-011378 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл багтсан байна.

           Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ “... компанийн захирал Д.Б нь Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчилгээ хийлгэж байсан” нь хүндэтгэн үзэх шалтгаан хэмээн тайлбарлаж, холбогдох баримтуудыг ирүүлснийг анхан шатны шүүхээс зөв дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

           Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “мэдэгдэл өгөх” гэдгийг төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно.

           Дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 7/1390 тоот албан мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээд хүлээн аваагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагч захиргааны байгууллагын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр” дэх “Буцалт III/24” гэх тэмдэглэгээ[1], Тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудас дахь “7/1390 мэдэгдэл буцаж ирсэн IV/10” гэх тэмдэглэгээ[2]-гээр тус тус тогтоогдож байна.

             Тодруулбал, нэхэмжлэгч “БӨ” ХХК-иас тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн баримт болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хүсэлт, бусад холбогдох баримтуудыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн атал дээрх нөхцөл байдлыг шалган тогтоолгүй, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг зөрчсөн байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

           Хариуцагчаас “тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эрх бүхий бусад этгээд “нягтлан бодогч, геологич, гүйцэтгэх захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч” хэн ч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх боломжтой байсан” гэх гомдлын тухайд захиргааны байгууллага дээрх нөхцөл байдлыг тодруулахаар ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх уг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

                              ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

 


[1] Хавтаст хэргийн 96 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 114 дүгээр тал