Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 203/МА2022/00001

 

Д.Батхуягийн нэхэмжлэлтэй,

Ханбогд хурд ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Батхуягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ханбогд хурд ХХК-д холбогдох,

Шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Батхуягийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Батхуяг миний бие Ханбогд хурд ХХК-д ажиллаж байсан бөгөөд тус компанийн 2015.12.21-ний өдрийн 157/2015 тоот тушаалаар намайг ажлаас халсан тул хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан.

Шүүх намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

Гэтэл Ханбогд хурд ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж намайг ажилд эргүүлэн аваагүй тул 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ханбогд хурд ХХК-д даалгаж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

2.    Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 53 тоот шийдвэрийг үндэслэн Ханбогд Хурд ХХК-ийн захирлын 108/2016 тоот тушаал гаргаж, Дамбын Батхуягийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жолоочийн ажилд эргүүлэн томилсон. Гэтэл Д.Батхуяг нь тушаал гарснаас хойш 14 хоногийн хугацаанд ажилдаа ирээгүй учраас Захирлын 111/2016 тоот тушаал гаргаж, захирлын 108/2016 тоот тушаалыг хүчингүй болгосон.

Үүнээс хойш огт ирээгүй байгаад 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр ирж уулзсан, улмаар бичиг баримт бүрдүүлэх болон хувийн шалтгаанаар буцаж яваад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилд орохоор ирсэн.

Оюутолгой ХХК-аас Батхуягийг Оюутолгой сайтад дахин ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн учраас захирлын жолоочийн ажилд томилсон тухай түүнд танилцуулахад уг ажилд орохоос татгалзсан.

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/1911 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх 01 тоот мэдэгдлийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Д.Батхуягийн 2016 оны 1-4 дүгээр сарын цалин 5,758,067 төгрөгөөр тооцож, түүнээс Нийгмийн даатгалын шимтгэлд 449,129.23 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд төлж, дэвтэр дээр бичилт хийж баталгаажуулсан.

Шүүхийн шийдвэрт жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай гэсэн бөгөөд бидний зүгээс дүйцүүлэх албан тушаалд томилсон хэдий ч нэхэмжлэгч өөрөө ирээгүй тул бидний зүгээс өөрөө ирэхгүй байгаа хүнд цалин бодож олгох үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

 3.    Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нэхэмжлэгч Д.Батхуягийн шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хуулийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

а. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжит хугацааны өмнө мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй нь хүндэтгэн үзэх үндэслэл байхад шүүх тухайн үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн.

б. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр бодит байдал дээр биелэгдээгүй байгаа үйл баримтыг шүүх эрх зүйн талаас нь дүгнэлт гаргахдаа алдаа гаргасан. Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч Батхуягийг өмнө эрхэлж байсан усны тэрэгний жолоочийн ажилд томилох боломжгүй байсан тул захирлын жолоочийн ажилд томилсон нь өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохгүй байх хүндэтгэн үзэх үндэслэл эсэх нь нотлогдоогүй.

Усны тэрэгний жолоочийн сарын хөдөлмөрийн хөлс нь дунджаар 1200000 төгрөг, захирлын жолоочийн хөлсний хэмжээ 400000 төгрөг зэрэг нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

в. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэхэд хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан байх, хэргийн оролцогчид нотлох баримттай танилцсан шаардлага тавигддаг.

г. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Ажилд авсан тушаал гаргаад байхад өөрөө ирээгүй. Ирээгүй шалтгаанаа өөрөө тайлбар гэж бичиж өгсөн. Эндээс ажилд ороогүй нь өөрөөс шалтгаалсан нь нотлогддог.

Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол 2019 оны 9 дүгээр сард гардаг. Жилийн дараа давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн.

2. Нэхэмжлэгч Д.Батхуяг нь Ханбогд хурд ХХК-д холбогдуулан Шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан байна. /хэргийн 01 дүгээр хуудас/

Нэхэмжлэлээ Д.Батхуягийг Ханбогд хурд ХХК-ий жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, тус компаниас 5,758,067 төгрөгийг Д.Батхуягт олгохоор шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар шийдвэрт үндэслэсэн байна. /хэргийн 03-05 дугаар хуудас/

3. Хариуцагч Ханбогд хурд ХХК-ийг төлөөлж захирал Б.Наранбаатар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоосон боловч өөрөө ирээгүй гэж тайлбар гаргаж, түүнтэй холбоотой захирлын 2016 оны 070, 108//2016, 111/2016 дугаартай тушаалууд, Д.Батхуягийн бичгээр гаргасан тайлбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргасан байна. /хэргийн 25-25-37 дугаар хуудас/

4. Анхан шатны шүүх нь хариуцагчийг тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин 5,758,067 төгрөгийг Д.Батхуягт бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч нь ...53 дугаартай шийдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч уг шийдвэрийн дагуу ...жолоочийн ажилд эгүүлэн томилсон ч тухайн ажилд өөрөө ороогүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хариуцагч Ханбогд хурд ХХК-ийг шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг хариуцагч Б.Батхуяг эс зөвшөөрч давж журмаар гомдол гаргасан байна. /хэргийн 47-52, 143-145 дугаар тал/

5. Хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн давж заалдах журмаар гаргасан гомдол, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар илт үндэслэл муутай захирамжаа хүчингүй болгохыг хүссэн хүсэлтүүд, шүүхээс гаргасан давж заалдах гомдлыг болон хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, хүсэлтийг хэлэлцэхээс татгалзах тухай шүүгчийн 2017 оны 110 дугаартай захирамж, Ерөнхий шүүгчийн 28 дугаартай захирамж, 2018 оны шүүгчийн 81 дугаартай, 144/ШЗ2018/00195 дугаартай захирамжууд, Ерөнхий шүүгчийн 2019 оны 144/ЕШ2019/00003 дугаартай захирамж, Шүүхийн 2019 оны 01 дугаартай тогтоол, 2021 оны шүүгчийн 144/ШЗ2021/00433 дугаартай захирамж авагджээ. /хэргийн 61,143, 69-70, 87-88, 121, 67, 75, 84, 91, 93, 116-117, 141 дүгээр хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийн ёс зөрчилд тооцогдсон тул давж заалдах гомдол гаргах хугацааг шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 144/ШЗ2021/00433 дугаартай захирамжаар сэргээснээр нэхэмжлэгч Д.Батхуяг өөрөө давж заалдах гомдол гаргасан байна.

Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 516 дугаартай захирамжийг эс зөвшөөрч тухайн шатны шүүхэд гомдол гаргасныг шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгосноор иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд Д.Батхуягийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн болно.

6. Шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар захирамжаар Д.Батхуягийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагт явуулахаар товлосон байна. /хэргийн 38 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх гэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгчээс явуулах бэлтгэл ажиллагааг заажээ.

Харин шүүхийн мэдэгдэх хуудас гэдэг нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт-ын 4.3 заалт болон мөн тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу шүүхээс үйлдэх албан ёсны баримт бөгөөд үйлдсэн мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод хүргүүлж, хүргүүлсэнээ баримтжуулах шаардлага нь хуулийн уг зүйл, хэсгийн зохицуулалтад тусгагджээ.

Хэргийн 40, 41 дүгээр хуудсанд авагдсан баримтуудад нэхэмжлэгч Д.Батхуяг утсаа авахгүй байсан тул шүүх хуралдаан 2017.01.20-д болохыг мессежээр мэдэгдсэн болно гэж бичигдснээс өөрөөр шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн баримт, мэдээлэл хэрэгт байхгүй байх тул түүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй гэж үзнэ.

Энэ нь нэхэмжлэгч Д.Батхуягт шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүхээс хангаагүй гэх үзэх үндэслэл болох тул шүүх хуралдааны товыг мэдээгүй тухай түүний давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

7. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авч шүүхэд гаргасан хариу тайлбартаа 10 хуудас материалыг хавсаргасан тухай бичсэн байх ба шүүх тайлбарыг хэзээ хүлээн авсан тухай дардас тэмдэглээгүйг хийгээгүй байна. /хэргийн 25-26,28-37 дугаар хуудас/

Хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан хэрэг танилцуулсан тухай баримтын нэхэмжлэгчид танилцуулсан гэсэн хэсэгт ямар нэг тэмдэглэл үйлдэгдээгүй байх тул түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах эрхийг хэрэгжүүлээгүй шүүх хуралдааныг явуулсан гэж үзэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх ба энэ нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Батхуягаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дугаартай харилцах дансанд шилжүүлсэн 127 991 /нэг зуун хорин долоон мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Н.НАСАНЖАРГАЛ

        ШҮҮГЧИД                  Х.ГЭРЭЛМАА

                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ