Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 06

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, яргайт 43 гудамжны 745 тоотод оршин суух, Тогоруутан овогт Дамбын Батхуяг /РД:РЮ63032695/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбод сумын 4-р баг, Баянгийн 3-р байрлах “Ханбогд хурд” ХХК-нд холбогдох шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг, хариуцагч “Ханбогд Хурд” ХХК-ний захирал Б.Наранбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Батхуяг миний бие “Ханбогд хурд” ХХК-д ажиллаж байсан бөгөөд тус компанийн 2015.12.21-ний өдрийн 067/2015 тоот тушаалаар намайг ажлаас халсан юм. Уг тушаал илт хууль зүйн үндэслэлгүй, мөн зөрчил гаргаагүй байхад гаргасан мэт алдаатай шийдвэр үйлдэж ажилтан миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан юм. Улмаар “Ханбогд хурд” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл “Ханбогд хурд” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж намайг ажилд эргүүлэн аваагүй. Иймд бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Дараа нь шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гүйцэтгэх хуудас хүргүүлсэн. Гэх мэтчилэн холбогдох хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой хуульд заасан хугацаанд захирагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Ханбогд хурд”  ХХК-д  даалгаж,

C:\SHINE\Ajil\Shiidwer\№06_D.Bathuyag.docx

зөрчидсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Ханбогд хурд” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн дугаар 53 тоот шийдвэрийг үндэслэн “Ханбогд Хурд” ХХК-ийн захирлын 108/2016 тоот тушаал гаргаж, Дамбын Батхуягийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жолоочийн ажилд эргүүлэн томилсон болно.

Гэтэл Д.Батхуяг нь тушаал гарснаас хойш 14 хоногийн хугацаанд ажилдаа ирээгүй учраас Захирлын 111/2016 тоот тушаал гаргаж, захирлын 108/2016 тоот тушаалыг хүчингүй болгож, Наранцэцэгийн Дэлгэдоржийг “Автобусны жолооч”-ийн ажлаас чөлөөлж “Усны машины жолооч”-оор 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс ажилд томилж мөн Д.Батхуягийг захирлын жолоочийн ажилд томилж хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлэхийг хүний нөөцийн ажилтан Б.Цэндмаа, нягтлан бодогч Э.Алтанчимэг нарт үүрэг болгосон. Л.Батхуяг нь үүнээс хойш хугацаанд ажилд огт ирээгүй бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ирж уулзсан, улмаар бичиг баримт бүрдүүлэх болон хувийн шалтгаанаар буцаж яваад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажилд орохоор ирсэн бөгөөд яагаад энэ хугацаанд ирж ажилд ороогүй тухайгаа бичгээр гаргаж өгөхийг хүсэхэд өөрөө бичгээр тайлбар гарган өгсөн болно. Д.Батхуяг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 сар гаруй хугацаанд ажилд ирээгүй учраас түүний орон тоон дээр Наранцэцэгийн Дэлгэдоржийг томилсон, мөн “Оюутолгой” ХХК-наас Д.Батхуягийг “Оюутолгой” сайтад дахин ажиллуулах боломжгүй гэж мэдэгдсэн учраас түүнийг захирлын жолоочийн ажилд томилсон тухай түүнд хэлсэн боловч уг ажилд орохоос татгалзсан байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн б/1911 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх 01 тоот мэдэгдлийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Д.Батхуягийн 2016 оны 1-4 дүгээр сарын цалин 5.758.067 төгрөгийг тооцож, түүнээс Нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8%-аар бодож 449.129,23 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтэсийн Хаан банк дахь 5595001511 тоот дансанд төлж, НДДэвтэр дээр бичилт хийж баталгаажуулсан.

Мөн Д.Батхуягт нөхөн олгох цалингаас 400 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банк дахь 2100000020153 тоот дансанд төлсөн бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэрийн дагуу үлдсэн цалинг өгч дуусгасан болно.

“Ханбогд хурд” ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-т зааснаар Д.Батхуягийг ажилд эгүүлэн томилсон боловч ирээгүй, алга болсон тул байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагын үүднээс өөр хүн томилж Д.Батхуягийг захирлын жолоочийн ажилд томилсон боловч тэрбээр нэгд: өөрөө ирээгүй 3 сар гаруй алга болсон, хоёрт: одоо ирсэн боловч компанийн зүгээс гарган өгч байгаа ажлын байрнаас татгалзаж байна.

Шүүхийн шийдвэрт жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай гэсэн бөгөөд бидний зүгээс дүйцүүлэх албан тушаалд томилсон хэдий ч нэхэмжлэгч өөрөө ирээгүй тул бидний зүгээс өөрөө ирэхгүй байгаа хүнд цалин бодож олгох үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Мөн Д.Батхуягийг ирсэн даруйд ажиллуулахад ямар нэгэн саадгүй болохыг үүгээр уламжилж байна. Иймд Д.Батхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.” гэжээ.                                            

Хариуцагч “Ханбогд хурд” ХХК-ний захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Дамба овогтой Батхуяг нь манай Ханбогд хурд ХХК-д жолоочоор 2015 оны 5 сарын 1-ний өдрөөс нийт 7 сар ажилласан. Гэвч 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 14 цаг орчимд Оюу толгой ХХК-ийн сайт дотор өөрийн хариуцсан RT063 дугаартай усны машиндаа 2 конестортай түлш хулгайлан ачиж яваад хяналтын хүмүүст баригдах болохоор машинаасаа цувуулан унагасан байдаг. Түүний энэ үйлдлийг хөдөлгөөнт механикийн ахлах мэргэжилтэн П.Ганбат, Б.Сонор нар илрүүлэн Батхуягийн машиныг зогсоохоор дуут дохио өгсөн боловч зогсоогүй байсан. Тиймээс түүний араас Ганбат, Сонор нар очиж Батхуягтай уулзаж “таны машинаас 2 савтай түлш унаж замаар асгарчихлаа” гэж хэлчихээд буцаад 2 сав унасан газар очиход савнууд алга болсон байсан гэсэн. Батхуяг нь шатахуун саванд хийж авч явсан үйлдлийг Оюу толгойн эрх бүхий ажилтнууд харж баримтжуулан баталгаажуулсан байдаг. Мэдээллийн системээс харахад тодорхой байсан. Мөн 2015 оны 12 сарын 18-ны өдөр сайтын үйлчилгээ хариуцсан кемп менежер Тим Нортон Батхуягийг хулгай хийх тухай оролдлого хийсэн тухай бүх хэсгүүд рүү мэдээлж ажлын системд бүртгэж сайтад ажиллах эрхийг нь хаасан байна. Дээрх үйлдлийн улмаас Оюу толгой ХХК-ийн шаардлагаар түүнийг ажлаас халахаас өөр сонголт үлдээгүй ба харин түүний хулгайн үйлдлийг Цагдаагийн байгууллагад өгч шалгуулаагүй. Батхуяг нь ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд хандсан бөгөөд шүүхээс хулгайн үйлдлийг хуулийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж шийдвэрлүүлсэн зүйл байхгүй учир шүүхээс гэм буруутайг хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцох боломжгүй. Иймээс хулгай хийсэн гэх үйлдэл нь тогтоогдохгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнийг Ханбогд хурд ХХК-ийн жолоочийн ажилд буцаан тогтоосон шийдвэр гаргасан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын шүүхийн 2016 оны 4 сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийдвэрийг үндэслэн Ханбогд хурд ХХК-ийн захирлын 108/2016 тоот тушаал гаргаж, Дамбын Батхуягийг 2016 оны 5 сарын 16-ны өдрөөс эхлэн жолоочийн ажилд эгүүлэн томилсон. Гэтэл Батхуяг нь тушаал гарсан өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд ажилдаа ирээгүй тул захирлын 111/2016 тоот тушаал гаргаж захирлын 108/2016 тоот тушаалыг хүчингүй болгож Наранцэцэгийн Дэлгэдоржийг Автобусны жолоочийн ажлаас чөлөөлж, усны машины жолоочоор 2016 оны 5 сарын 30-ны өдрөөс ажилд томилж мөн Батхуягийг захирлын жолоочийн ажилд томилж хөдөлмөрийн гэрээ болон бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлэхийг хүний нөөцийн ажилтан Б.Цэндмаа, нягтлан бодогч Э.Алтанчимэг нарт үүрэг болгосон. Батхуяг нь үүнээс хойш хугацаанд ажилд огт ирээгүй бөгөөд 2016 оны 8 сарын 30-ны өдөр ирж уулзсан. Улмаар бичиг баримт бүрдүүлэх болон хувийн шалтгаанаар буцаж яваад 2016 оны 9 сарын 14-ний өдөр ажилд орохоор ирсэн  бөгөөд энэ хугацаанд ирж чадаагүй тухайгаа бичгээр гаргаж өгсөн. Батхуяг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 сар гаруй хугацаанд ажилд ирээгүй учраас түүний орон тоон дээр Наранцэцэгийн Дэлгэдоржийг томилсон. Мөн Оюутолгой ХХК-аас Дамбын Батхуяг нь Оюу толгой сайтад дахин ажиллуулах боломжгүй гэж мэдэгдсэн учраас захирлын жолоочийн ажилд томилсон тухай түүнд хэлэхэд уг ажилд орохоос татгалзсан. Өмнөговь аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 сарын 7-ны өдрийн б/1911 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх 01 тоот мэдэгдлийн дагуу 2016 оны 9 сарын 14-ний өдөр Дамбын Батхуягийн 2016 оны 1-4 сарын цалин 5.758.067 төгрөгөөр тооцож, түүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар бодож 449.129,23 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтсийн хаан банк дахь 5595001511 тоот дансанд төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулсан. Ханбогд хурд ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т зааснаар Батхуягийг ажилд эгүүлэн томилсон боловч ирээгүй алга болсон тул байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагын үүднээс өөр хүн томилж Батхуягийг захирлын жолоочийн ажилд томилсон боловч тэрбээр өөрөө ирээгүй алга болсон. Одоо ирсэн боловч компаний зүгээс гарган өгч байгаа ажлын байрнаас татгалзаж байна. Оюутолгой ХХК нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учир дүрэм журам нь чанга байдаг. Миний бие олон хүн хариуцан ажилладаг учир зөрчил гаргасан хүмүүст итгэл үзүүлж дахин ажилд буцаан авдаг. Гэтэл Батхуяг нь санал болгосон ажлын байрнаас татгалзсан. Шүүхийн шийдвэрт жолоочийн ажилд эгүүлэн томилсугай гэсэн байсан бөгөөд бидний зүгээс дүйцүүлэх албан тушаалд томилсон хэдий ч нэхэмжлэгч нь өөрөө ирээгүй учир бидний зүгээс өөрөө ирэхгүй байгаа хүнд цалин олгох үндэслэлгүй хэмээн үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрөө ажилд орохгүйгээр хууль шүүхийн байгууллагаар өөрөө буруугүй мэтээр тайлбарлан зүгээр сууж цалин авах сонирхолтой байна хэмээн үзэж байна. Мөн Батхуягийг ирсэн даруйд ажилуулах ямар нэгэн саадгүй болохыг өнөөдөр ч гэсэн шүүх танхимд хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх нөгөө талаас ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн цөхцөлөөр хангах тухай тохиролцоог хэлнэ гэж заасан байдаг бөгөөд Батхуяг нь өөрөө ирж хөдөлмөрийн гэрээ байгуулан тодорхой ажил гүйцэтгэж компаний зүгээс түүнд тохирсон цалин олгох ёстой атал ирж ажлаа хийгээгүй байж цалин нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. Иймд Батхуягийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү?” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батхуяг нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба хариуцагч нь түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №53 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Батхуягийн гаргасан нэхэмжлэлийг хангаж түүнийг “Ханбогд хурд” ХХК-ийн жолоочийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5 758 067 төгрөгийг түүнд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин болох 5 758 067 төгрөгийг хариуцагч тал нь бүрэн төлж барагдуулсан ба нэхэмжлэгч Д.Батхуягийг жолоочийн ажилд эгүүлэн ажиллуулах талаар бүхий л ажиллагааг хийсэн нь хавтаст хэргийн 6-р хуудаст авагдсан “Оюу толгой” ХХК-ний албан бичиг, хавтаст хэргийн 28-р хуудасны Ханбогд хурд ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №108/2016 дугааратай “ажилд томилох тухай” тушаал,  хавтаст хэргийн 29-р хуудасны Ханбогд хурд ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №111/2016 дугаартай “Д.Батхуягийг захирлын жолоочийн ажилд томилох тухай” тушаал,  хавтаст хэргийн 30-р хуудасны ниймгийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн тухай Д.Батхуягийн №А0181497 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хавтаст хэргийн 32-35-р хуудаст авагдсан төлбөрийн баримтууд хавтаст хэргийн 36-р хуудасны Д.Батхуягийн ниймгийн даатгалын шимтгэл болон нөхөн олгосон цалингийн хүснэгт зэрэг баримтаар нотлогдож байна. Тодруулж хэлбэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелээлэх бүхий л арга хэмжээг авсан байна.

Дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Харин нэхэмжлэгч нь шүүхийн шүүхийн шийдвэрийг өөрөө биелүүлээгүй буюу “Ханбогд хурд” ХХК-ний жолоочийн ажилд өөрөө ороогүй, цаг хугацаа хожимдуулсан нь өөрөөс нь шалтгаалсан болох нь хариуцагчийн “Би өмнө нь өгсөн тайлбар үнэн. Өөр тайлбар алга” гэх тайлбар /Хавтаст хэргийн 37-р хуудас/ болон хавтаст хэргийн 31-р хуудаст авагдсан түүний “Ханбогд хурд” ХХК-д бичгээр өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №53 дугаартай шүүхийн шийдвэрээс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Д.Батхуягийг “Ханбогд хурд” ХХК-ний жолоочийн ажилд эргүүлэн томилсон ч нэхэмжлэгч нь тухайн ажилд өөрөө ажилдаа ороогүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, хариуцагч “Ханбогд хурд” ХХК-ийг шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй гэх үндэслэл тогтоохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Батхуягийн шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА