Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00243

 

 

“ э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/02616 дугаар шийдвэртэй,

“ э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК, Я.Б, Я.Тэг нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 832,422,850 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Я.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, хариуцагч Я.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “ э” ХХК нь “Г” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээг Я.Тэгтэй, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээг Я.Бтэй тус тус байгуулсан.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал нь гэрээний зүйл болох газрын тосыг нийлүүлэх, худалдан авагч тал хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх болон хугацаа хэтрүүлж зөрчил гаргасан, түүнээс улбаалан гэрээг цуцалсан тохиолдолд хохирол нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгч талын зүгээс үүргээ биелүүлэн 2019 оны 06 дугаар сарын 0З-ний өдөр 30,600 литр газрын тос, 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдөр 79,440 литр газрын тос, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 120,850 литр газрын тос, 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдөр 30,000 литр газрын тосыг буюу нийтдээ 10 удаагийн ачилтаар 260,890 литр газрын тосыг нийлүүлсэн болно. Энэ нь ачилт тус бүрд хийгдсэн зарлагын падаанаар нотлогдоно.

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2-т зааснаар талууд сар бүрийн 15, 30-ны өдөр тооцоо нийлж, дараа сарын 03-ны өдрийн дотор худалдан авагч нь төлбөрийг худалдагчид төлөх үүрэгтэй байна.

“Г” ХХК 2019 оны 06 дугаар сарын 0З-ны өдрийн 30,600 литр газрын тосны үнийг хугацаанд нь бүрэн төлсөн, Үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт огт хийгдээгүй бөгөөд үндсэн төлбөрийн 482,100,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Гэрээний 3.3 дахь хэсэгт Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө гэж заасан. Үүний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 241,050,250 төгрөгийн алдангийг төлөх үүрэг үүсээд байна.

Мөн гэрээний 10.1-т худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээхээр заасан. Хариуцагч төлбөр төлөх үүргээ зөрчсөн, гэм буруутай байх тул манай байгууллага өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, гэрээний нийт үнийн дүн болох 546,360,500 төгрөгийн 20 хувь болох 109,272,100 төгрөгийн торгууль шаардах эрхтэй байна.

Түүнчлэн барьцааны гэрээний дагуу дээрх төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулах эрх зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч “Г” ХХК-аас гэрээний үндсэн төлбөр 482,100,500 төгрөг, алданги 241,050,250 төгрөг, торгууль 109,272,100 төгрөг, нийт 832,422,850 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “Г” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь өмнө авсан 20,000 литр дизель түлшний төлбөрийг төлсөн. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний нийт авах дизель түлшний хэмжээг 20,000 литрээр тусгайлан зааж нийт өртөг нь 42,000,000 төгрөг гэж үнэлэн талууд гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг байгуулахдаа үл хөдлөх хөрөнгө нийт 42,000,000 төгрөгөөр үнэлсэн ба зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж гэрээнд тусгайлан заасан. Манай байгууллагын зүгээс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дизель түлшний үнэд нийт 64,260,000 төгрөгийг төлсөн ба илүү 22,260,000 төгрөгийг төлсөн. Тиймээс байгууллагын зүгээс өөрсдийн авсан дизель түлшний төлбөрийг төлсөн, нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй.

Нэхэмжлэгч 482,100,500 төгрөгийн шаардлагыг хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь Я.Б, Б.Энхтөр нар манай байгууллагын нэрийг ашиглан, ихээхэн хэмжээний дизель түлш зээлээр худалдан авсанд гомдолтой байна.

Я.Б, Б.Энхтөр нарын хувьдаа авсан дизель түлшийг манай байгууллага төлөх үндэсгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Я.Тэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Я.Тэг нь өөрийн төрсөн хүү болох О.Ундрахын ятгалгаар түүний “Г” ХХК-ийн үйл ажиллагаанд тус дэм болох гэж 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээг “ э” ХХК-тай байгуулан өөрийн эзэмшлийн орон сууцыг 42,000,000 төгрөгөөр үнэлүүлэн барьцаалсан.

Улмаар 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “ э” ХХК нь Б.Энхтөр гэгчийн хүсэлтээр өөрсдийн байгуулсан барьцааны гэрээ болон газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд 20,000 литр гэж заагдсаныг хэтрүүлэн 30,600 литр дизель түлшийг Б.Энхтөрд олгосон байсан ч “Г” ХХК нь дээрх 30,600 литр дизель түлшний үнийг гэрээнд заагдсан хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.

Я.Тэг нь нийт 42,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 20,000 литр шатахуун авах гэрээнд гарын үсэг зурж өөрийн хөрөнгөө барьцаалсан болохоос өөр төрлийн, их хэмжээний үнийн дүнтэй гэрээнд өөрийн хөрөнгөө барьцаалаагүй.

Иймд дээрх гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзэж байгаа тул “ э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч биш юм. Барьцааны гэрээний 1.4-т зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэж заасан ба мөн гэрээний 3.1.1, 4.2.1-т зааснаар өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг “ э” ХХК-аас шаардаж байна гэжээ.

 

4. Хариуцагч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 626,271,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206,151,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК нь 593,610,000 төгрөгийн төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Я.Бийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48 байр 1501, 1502 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024157 дугаартай, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 593,610,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Тэгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат 13 байр,19 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206000497 дугаартай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,390,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,289,308 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Я.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Я.Б нь тус шүүхийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 183/Ш32021/01515 дугаар шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон бөгөөд хэргийг шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй байна гэж холбогдох баримтын хамтаар хүсэлтээ гаргасан.

Гэтэл шүүхээс хүсэлтийг хүлээн авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй гэж шүүх хуралдаанд оролцуулалгүй, үл хөдлөх эд хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн бусад оролцогч нараас хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй, ирээгүй оролцогч нарыг оролцуулах хүсэлт гаргасан байхад хүлээж аваагүй нь хэт нэг талыг баримталсан, хэргийн оролцогчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй, шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан шийдвэр болсон гэж үзэж байна.

Миний бие энэхүү маргаанд өөрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүний үр дагавар, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний хариуцлагын талаар маргаж, өөрийн хөндөгдсөн эрх, ашгаа хамгаалуулахаар шүүх хуралдаанд оролцох байсан атал биеийн эрүүл мэндийн нөхцөл байдал, эмнэлэгт нээлттэй, төлөвлөгөөт хагалгаа зайлшгүй хийлгэж цаг хугацаатай давхардсан учир товлосон шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйл нь зохиогчдын хэн нэг нь байхгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргавал шүүгчийн захирамж гарах ёстой бөгөөд хүсэлт гаргаагүй бол шүүх хуралдаан үргэлжилнэ.

Мөн хариуцагч Я.Бийн эрхийг шүүхээс удаа дараа хангаж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүх хуралдааныг хойшлуулсан хүсэлтүүд, шүүхээс хангасан ажиллагаагаар тогтоогдоно. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай хуралдаанд ирээгүй бол албан ёсны баримтыг хавсаргаж, хүсэлт гаргадаг.

Анхан шатны шүүхийн хэргийн оролцогчийн хуралдаанд оролцуулахгүй байсан гэж буруутгах нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Я.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “ э” ХХК нь хариуцагч “Г” ХХК, Я.Тэг, Я.Б нарт холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 482,100,500 төгрөг, алданги 241,050,250 төгрөг, торгууль 109,272,100 төгрөг, нийт 832,422,850 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Г” ХХК, Я.Тэг нар эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан, хариуцагч Я.Б тайлбар гаргаагүй байна.

 

3. “ э” ХХК нь “Г” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр УБ2019/04, УБ2019/05 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ/хх7-18/. Гэрээний үнэ төлөхөд хүү тохиролцоогүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

3.а 2019/04 тоот гэрээний дагуу “ э” ХХК нь “Г” ХХК-д 20,000 литр дизель түлш нийлүүлж, “Г” ХХК нь гэрээний үнэд 42,000,000 төгрөгийг төлсөн тул уг гэрээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон. Уг үндсэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “ э” ХХК болон Я.Тэг нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар дуусгавар болсон үндэслэлээр анхан шатны шүүх Я.Тэгийн өмчлөлийн орон сууцаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

3.б “Г” ХХК УБ2019/05 тоот гэрээний дагуу нийт 200,000 литр дизель түлшийг хүлээн авсан, гэрээний үнэ болох 418,000,000 төгрөгийг төлөх үүргээс 2019/04 тоот гэрээний төлбөрт илүү төлсөн 22,260,000 төгрөгийг хасч гэрээний үлдэх төлбөрийг 395,740,000 төгрөгөөр тогтоосон нь зөв болжээ.

2019/05 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “ э” ХХК болон Я.Б нар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Я.Бийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 48 байр 1501, 1502 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024157 дугаарт бүртгэлтэй, 359 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл эд хөдлөх хөрөнгийг барьцаалсан, Я.Бээс Б.Энхтөрд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн Б.Энхтөр уг гэрээнд Я.Бийг төлөөлж гарын үсэг зурсан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 30-35/

Иймд “ э” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар УБ2019/05 тоот гэрээний дагуу 395,740,000 төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв болжээ.

 

3.в. “ э” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд 40,980 литр дизель түлшийг худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан нь зарлагын падаан болон анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн зөв тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, бодитоор хүлээн авсан 260,890 литр дизель түлшнээс 2019/05 тоот гэрээний 220,000 литр дизель түлшийг хасч тооцсон нь зөв болжээ. Иймд уг түлшний үнэ 32,661,700 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх учиртай.

 

4.а Талууд УБ2019/04, УБ2019/05 тоот гэрээний 3.3-т алдангийн талаар тохиролцсон, хариуцагч нь УБ2019/04 тоот гэрээний үүргийг гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй, УБ2019/05 тоот гэрээний дагуу төлөх алдангийг хуульд зааснаар хязгаарлаж, 197,870,000 төгрөгөөр тогтоосон нь зөв.

Амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт алдангийн талаар хэлцэл бичгээр байгуулаагүй тул шаардах эрхгүй гэж зөв дүгнэжээ.

 

4.б Талууд УБ2019/04, УБ2019/05 тоот гэрээний 10.1-т Гэрээг худалдан авагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд худалдан авагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж тохиролцсныг анхан шатны шүүх “ э” ХХК нь “Г” ХХК-аас үүргээ хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор алданги болон торгуулийг давхардуулж ногдуулах нь буруу гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

5. Хариуцагч Я.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “ э” ХХК-ийн нэхэмжлэлд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 183/ШЗ2020/13717 дугаар захирамжаар иргэний хэргийг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШЗ2021/01515 дугаар захирамжаар Я.Тэг, Я.Б нарыг хамтран хариуцагчаар татжээ.

Я.Б нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/01814 дугаар захирамжаар Я.Бийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамж 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр биелэгдэж, хариуцагч шүүхэд ирсэн тул шүүх нэхэмжлэлийг түүнд гардуулсан, мөн өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлажээ.

Хариуцагч Л.Батцэцэг нь нэхэмжлэл гардаж авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоног буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тайлбар гаргах үүргээ огт биелүүлээгүй байна. /хх61, 62, 79/

2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Я.Б нь хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан /хх93/. Хариуцагч Я.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 27 /хх174/, 2021 оны 10 дугаар сарын 04-ний /хх188/ өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус ирээгүй, анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2021/12283 дугаар захирамжаар Я.Бийг албадан ирүүлэх арга хэмжээ дахин авсан. Шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Я.Бт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг 2 дахь удаагаа тайлбарласан, тэрээр мөн өдөр хэргийн материалтай танилцжээ. /хх 204, 206/

Хариуцагч Я.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 дүгээр төрөх эмнэлэгт хэвлийн нээлттэй хагалгаанд орох болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2021/14106 дугаар захирамжаар ...Я.Бийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд албадан ирүүлсэн... хариуцагч Я.Б нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, шүүх таслах ажиллагаанд удаа дараа саад учруулсан... түүний хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь эмнэлгийн тамга, ерөнхий эмчийн гарын үсэггүй, хэвтэн эмчлүүлж байгаа талаарх холбогдох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан баримтын шаардлага хангаагүй, хуульд нийцээгүй... гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Шүүх хариуцагч Я.Бт нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацаанд явагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Я.Б нь эрх зүйн туслалцаа авах, шүүхэд тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж хангалттай байсан ба уг эрхээ хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.

 

6. Хариуцагч Я.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэж заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Я.Бээс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,055,800 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн учир буцаан олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Я.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/02616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,055,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА