2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05427

 

 

 

 

 

    2025           06            23                         

                                       192/ШШ2025/05427

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 01 дүгээр гудамж, Өнөр хороолол, ***** дугаар тоотод байрлах, Д****** ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил, Зайсан гудамж, Оргил стар хотхон, ***** дугаар байр, ***** тоотод оршин суух, М******* овогт  Л******* Э******* /РД:*******/-д холбогдох,

 

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг,

 

Дээрх иргэний хэрэгт нэгтгэсэн:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, UBH центр, ***** тоотод байрлах, Ө******* х******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Стадион оргил, Зайсан гудамж, Оргил стар хотхон, **** дугаар байр,**** тоотод оршин суух, М******* овогт  Л******* Э******* /РД:*******/-д холбогдох,

 

 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгож, албадан чөлөөлүүлэх тухай шаардлагатай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******,

Нэхэмжлэгч Өндөр буянт х******* ХХК-ийн төлөөлөгч Д.Г,

Хариуцагч Л.Э*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б,

Гэрч Н.Л, Д.Б, З.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д****** ХХК нь хариуцагч Л.Э*******ад холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Л.Э******* нь манай компанитай хамаарал бүхий Ө******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа буюу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 25,000,000 төгрөг авсан боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,000,000 төгрөгийг Л.Э*******аас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Л.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие тухайн үед Ө******* х******* ХХК-ийн захирал байсан бөгөөд Д******* ХХК нь тус компанийн охин компани тул техник, аж ахуй санхүүгийн удирдлагаар бүрэн хангаж ажиллаж байсан. Энэ үед хоёр компанийн хооронд санхүү болон техник хүчний шилжүүлгийг байнга хүн хийдэг байсан болно. Энэ гүйлгээ нь түүний нэг гэж үзэж байна. Иймд 25,000,000 төгрөг зээлээгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ө******* х******* ХХК нь хариуцагч Л.Э*******ад холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгож, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэгдүгээрт, Үйл баримтын тухайд

Л.Э******* нь Ө******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 8 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр компанийн өмчлөлийн Хан- Уул дүүргийн 11 /одоогийн 17/-р хороо, Стадион оргил /17012/, Зайсан гудамж, ***** дугаар байр, **** тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан байдаг. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн өмчлөлийн дээрх***** тоот орон сууцыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авахаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр OST 16C142 тоот "Орон сууцыг захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г өөрөө өөртэйгөө байгуулж, гэрээнд заасан төлбөр төлөгдсөн мэтээр албан бичиг үйлдэж, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байсан. 1.2. Нэхэмжлэгч компани нь 2012 онд дээрх **** тоот орон сууц бүхий нийт 331 айлын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр захиалан, туслан гүйцэтгэгч нэр бүхий компаниудтай хамтран барьсан бөгөөд улсын комисс барилгыг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар ашиглалтад оруулсан. Нэхэмжлэлд дурдсан **** тоот орон сууцыг компанийн оффисын зориулалтаар ашиглах гээд бусдад худалдахгүй хадгалж байсан. Гэтэл Л.Э******* өөрт нь түр эзэмшүүлж байсан орон сууцыг гүйцэтгэх захирлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрөө өөртэйгөө сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулж, компанийн эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, орон сууцны төлбөрийг төлсөн мэтээр худал албан бичиг үйлдэж Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээр өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан байдаг. Л.Э******* гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд компанийн үйл ажиллагаа илт муудаж, компанийн банкнаас авсан зээл, зээлийн хүү, алданги болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд төлөх ёстой төлбөрийн хуримтлал 100 гаруй тэрбум болсон учраас түүнийг 2018 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлсөн. Ингээд шинэ удирдлагууд компанийн үйл ажиллагаа, хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой шалгалтыг хийснээр Л.Э*******ын дээрх хууль бус үйлдлийн талаар мэдсэн. Ийнхүү мэдсэн даруйдаа Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст "Л.Э*******ыг компанийн эд хөрөнгийг залилан авсан" гэж гомдол гаргасан боловч хэрэг бүртгэлтийн ажиллагаа маш удаан явагдаж, улмаар Хан-Уул Дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1246 дугаартай Тогтоолоор "Л.Э*******ын дээрх үйлдэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлбэл зохих иргэд хоорондын маргаан" гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Бидний зүгээс Дүүргийн Прокурорын энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл болон Улсын Ерөнхий Прокурорын газарт шат дараалсан гомдол гаргахад Прокурорын Газрын эцсийн шийдвэр болох М******* Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/1359 тоот "Хариу мэдэгдэх хуудас"-аар “...хэргийг хянахад. Л.Э******* нь дээрх орон сууцыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан "хөрөнгө завших" гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг буруутай этгээдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй" гэж шийдвэрлэсэн байдаг.

Хоёрдугаарт, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 тоот "Орон сууцыг захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай 2.1. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST160142 тоот "Орон сууцыг захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г нэг талаас гүйцэтгэгч буюу Өндөр буянт х******* ХХК, нөгөө талаас захиалагч буюу Л.Э******* нар байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион оргил /17012/ Зайсан гудамж, "Оргил стар" хотхон **** байр, **** тоот хаягт байрлах, 118.8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2014 оны 07 дугаар сард багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний төлбөр 273,240,000 төгрөгийг гэрээ батлагдахад гүйцэтгэгч талд 100 хувь төлөх гэсэн илт хуурамч нөхцөлийг тусгасан байдаг. Гэтэл тус гэрээний гүйцэтгэгч болон захиалагч талын аль алинд нь Л.Э******* өөрөө байх бөгөөд 2016 онд гэрээ байгуулж байгаа атлаа гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 07 дугаар сард ашиглалтад оруулах, захиалагч нь гэрээ байгуулсан өдрөө буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээний төлбөр 273,240,000 төгрөгийг төлөх гэх мэт илт Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлсэн гэрээг өөртэйгөө байгуулсан байдаг. Тухайн гэрээнд компанийн Ерөнхий нягтлан бодогч М.Ц гарын үсэг зураагүй бөгөөд түүний нэрийг бичсэн байдаг. Түүнчлэн, тухайн үед компанийн борлуулалтын менежерээр ажиллаж байсан Э.Бт итгэмжлэл олгож, өөрийн нэрийн өмнөөс улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргах байдлаар тухайн байгууллагыг төөрөгдүүлсэн байдаг. 2.2. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Л.Э******* нь Хан-Уул дүүрэг дэх Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хандан "Орон сууц захиалагчийн ҮХЭХӨЭУБ-ийн гэрчилгээ гаргуулах тухай" гэсэн албан бичиг үйлдэж, үүндээ өөрийгөө дээрх гэрээний төлбөрийг төлсөн гаж тусгасан байдаг. Гэтэл тус гэрээний дагуу ямар ч төлбөр компанийн дансанд болон бэлнээр төлөгдөөгүй. Тодруулбал, Л.Э******* нь дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-уул дүүрэг дэх Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс /хуучнаар/-т хандахдаа, өөрөө өөртэйгөө байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ". Өндөр буянт х******* ХХК-ийн нэрийн өмнөөс Л.Э******* нь 273,240,000 төгрөгийн төлбөрөө төлсөн гэсэн утгатай 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17/49 тоот албан бичгийг тус тус үйлдэж хүргүүлсэн байдаг. Гэтэл Өндөр буянт х******* ХХК нь дээрх орон сууцыг 273,240,000 төгрөгөөр үнэлж байсан удаагүй бөгөөд Л.Э*******ад болон бусдад худалдах ямар ч хүсэл зориг аливаа этгээдэд тэр дундаа Л.Э*******ад илэрхийлж байгаагүй. Тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хэлцэл байх бөгөөд тэрээр тухайн хэлцлийн дагуу аливаа төлбөр төлөөгүй, дүр эсгэж хэлцлийг өөртэйгөө байгуулж, компанийн хөрөнгийг завших үйлдэл хийсэн байдаг. Иймд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагчийн шилжүүлсэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан Ө******* х******* ХХК-д шилжүүлэх буюу тухайн хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож өгнө үү. Мөн орон сууцны эзэмшлийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Гуравдугаарт, Л.Э*******ын хууль бусаар шилжүүлэн авсан өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллага хүчингүй болгосон тухайд, Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 186 тоот орон сууцыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авахаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр OST160142 тоот "Орон сууцыг захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г өөрөө өөртэйгөө байгуулсан. Ийнхүү хууль зөрчсөн байдлаар байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэгчийн үйлдэл тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгч компаниас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт "…2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Лүндэгдаваа овогтой Э******* (РД: *******)-ыг ... **** тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн Улсын бүртгэлийн Ү-2206051030 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах тухай" гомдол гаргасан. Тус гомдлын дагуу улсын Ү-2206051030 дугаартай бүртгэлийн үйл ажиллагаанд УБЕГ-ын Хяналт, шалгалтын газраас хяналт, шалгалт хийж, Л.Э*******ыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхдээ улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /2009 он/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон гээд тус газрын хяналтын Улсын байцаагчийн 2023 оны 348 дугаартай Дүгнэлтээр эрхийн улсын Ү-2206051030 дугаар бүртгэлийг түдгэлзүүлж, Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/202045695584 дугаар барьцааны гэрээ дуусгавар болсны дараа эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Л.Э******* нь тухайн барьцааны гэрээг дуусгавар болгохгүй байгаа бөгөөд хэзээ дуусгавар болох эсэх нь ч тодорхой бус байгаа юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаас өөр аргагүй, хүнд нөхцөл байдалтай байна.  Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт тус тус зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагч нь өөрийн үүргээ тэргүүн ээлжид хангуулахаар хөрөнгийг барьцаалсан нь барьцааны зүйлийг шууд өөрийн өмчлөлд шилжүүлэн авах агуулгатай биш байх бөгөөд барьцааны эрх нь тухайн хөрөнгийн өмчлөх эрх, өмчлөгч солигдоход саад болох нөхцөл биш болно. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2. эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж заасныг үндэслэн шүүхэд хандаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авах үндэслэл болсон 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 тоот "Орон сууцыг захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг хэлцлийн дагуу хариуцагч нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан Хан-Уул дүүргийн 11 /одоогийн 17/-р хороо, Стадион оргил /17012/, Зайсан гудамж, **** дугаар байр, **** тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө******* х******* ХХК-ийг тогтоож, эзэмшлийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч Л.Э*******ад даалгаж өгнө үү…” гэжээ.

Top of Form

Bottom of Form

Top of Form

Bottom of Form

Top of Form

Bottom of Form

Top of Form

Bottom of Form

 

Хариуцагч Л.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Ө******* х******* ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр OST16C142 тоот "Орон сууцыг захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг хэлцлийн дагуу хариуцагч нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан Хан-Уул дүүргийн 11/одоогийн 17/-р хороо, Стадион оргил /17012/, Зайсан гудамж, *** дугаар байр, **** тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Өндөр буянт х******* ХХК-ийг буцаан тогтоолгох, орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч Л******* Э*******ад даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгчээс ийнхүү нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Л.Э******* намайг хууль бусаар буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн эрх мэдлээ ашиглаж дээрх орон сууцыг хувьдаа завшсан мэтээр хандаж байгаад туйлын харамсаж байна. Учир нь миний бие өөрийн залуу насаа Өндөр буянт х******* ХХК-д өнгөрүүлж 2015 оноос 2018 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ. Миний хичээл зүтгэлийг компаниас өндрөөр үнэлж тухайн орон сууцыг надад өгч байсан. Гэтэл ийнхүү өөрийн эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хувьдаа завшсан мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

 Нэхэмжлэгч Д******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д**** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д***** ХХК-ийн дүрэм, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2017.08.08-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, өмнөх өмчлөгчдийн мэдээлэл, авлага өглөгийн тооцоо, Ди Ар Жэй ХХК-ийн 2024.10.10-ны өдрийн 24/24 дугаар албан бичиг, Д****** ХХК-ийн 2024.10.09-ний өдрийн 24/23 дугаар албан бичиг, Д***** ХХК-ийн 2024.10.07-ны өдрийн 24/16 дугаар албан бичиг, бэлэн мөнгөний баримт, ерөнхий журнал, гүйлгээний журнал, авлага өглөгийн тооцоо, гүйлгээ журнал, дансны лавлах, Ч**** ХХК-ийн 2025.05.26-ны өдрийн 25/07 дугаар албан бичиг, депозит дансны хуулга,

Нэхэмжлэгч Ө******* х******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Ө******* х******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ө******* х******* ХХК-ийн дүрэм, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар мэдээлэл технологийн хэлтсийн 2012.07.16-ны өдрийн 3/993 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стар хотхоны 56 байр, 1,2 орцны 4 давхрын байгуулалтын зураг, фото зураг, 2014.07.04-ний өдрийн 2014/379 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, 2015.08.11-ний өдрийн 15/09 дугаар Ө******* х******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын протокол, 2020.08.17-ны өдрийн 20/06 дугаар Ө******* х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, 2020.08.17-ны өдрийн 20/06 дугаар Ө******* х******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2016.10.25-ны өдрийн OST16C142 дугаар Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Ө******* х******* ХХК-ийн 2017.03.06-ны өдрийн 17/49 дугаар албан бичиг, 2017.03.06-ны өдрийн итгэмжлэл, эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Л.Э*******ын өргөдөл, 000586070 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022.03.24-ний өдрийн 1/244 дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022.05.02-ны өдрийн 1/1240 дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022.06.03-ны өдрийн 1/1359 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.01.17-ны өдрийн 7/523 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.11.21-ний өдрийн 6/10832 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.01.17-ны өдрийн 348 дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.02.22-ны өдрийн 6/2281 дугаар албан бичиг, 2014.10.16-ны өдрийн 14/08 дугаар Ө******* х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2015.04.20-ны өдрийн 15/06 дугаар Ө******* х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол,

 Хариуцагчаас Л.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

Шүүхээс зохигчдын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.10.28-ны өдрийн 10-6/1219 дугаар албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051030 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Тандэм инвэст ББСБ ХХК-ийн 2024.11.11-ний өдрийн 1399 дугаар албан бичиг, Л.Э*******ын зээлийн дансны хуулга, нэгдсэн болон нэрээ өөрчилсөнтэй холбогдон гарсан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025.04.03-ны өдрийн 9/4582 дугаар албан бичиг, Д**** ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Хаан банк ХК-ийн 2024.10.25-ны өдрийн 29/11665 дугаар албан бичиг, Л.Э*******ын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, зайсан гудамж **** байр, **** тоот хаягт байршилтай 118,8 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2020.10.02-ны өдөр зээл авсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.10.28-ны өдрийн 10-6/1219 дугаар албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051030 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Хаан банк ХК-ийн 2024.11.11-ний өдрийн 29/12450 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д****** ХХК нь хариуцагч Л.Э*******ад холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Ө******* х******* ХХК нь хариуцагч Л.Э*******ад холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгож, эзэмшлийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлэх буюу албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг  тус тус гаргажээ.

 

1. Д***** ХХК нь хариуцагч Л.Э*******ад холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар Байгууллагын нэр Д**** ХХК мөнгө хүлээн авагч Э******* захирал олгосон мөнгөний дүн 25,000,000 төгрөг, олгосон нярав Д.Б гэсэн баримтад Л.Э******* гарын үсэг зурсан,  мөн  Д***** ХХК-ийн санхүүгийн ерөнхий журнал /2017.08.07-2017.12.31/-ын 13 дугаарт 2017.08.08-ны өдөр Л.Э******* захирал зээл гэсэн агуулгаар 25,000,000 төгрөгийн гүйлгээг Д.Б гүйцэтгэсэн баримт хэрэгт тус тус авагджээ. /1х.х-ийн 8, 145 хуудас/

 

Хариуцагч Л.Э******* нь уг  25,000,000 төгрөгийг Д****** ХХК, Ө******* х******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, хувьдаа зээл хэлбэрээр аваагүй гэж маргадаг.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч тухайн 25,000,000 төгрөгийг Д***** ХХК, Ө******* х******* ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан болохоо нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Гэвч Иргэний хуулийн 75.2.1.-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд дээрх зээлийн гэрээний шаардах эрхийн хугацаа зогссон, тасалдсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд зээлийн гэрээний шаардах эрхийн хугацаа 2020.08.08-ны өдөр дуусгавар болсон байх тул Д***** ХХК-ийн 25,000,000 төгрөг гаргуулах шаардах эрхийн хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ө******* х******* ХХК нь хариуцагч Л.Э*******ад холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгож, эзэмшлийг буцаан нэхэмжлэгчид шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Л.Э*******ыг Ө******* х******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 15/09 дугаар хурлын шийдвэрээр Ө******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, 2020 оны 8 дугаар сарын 20/06 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /2х.х-18, 31-32 хуудас/

 

Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” гэх нэртэй гэрээгээр Гүйцэтгэгч буюу Ө******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Э*******, Захиалагч буюу Л.Э******* нар нь Хан-Уул дүүргийн 11  хороо, Оргил стар хотхон,  56 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарт, 186 тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 273,240,000 төгрөгөөр орон сууцыг барьж, ашиглалтад оруулахаар Гүйцэтгэгч талаас Ө******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Э*******, ерөнхий нягтлан бодогч М.Ц, борлуулалтын менежер Э.Б, Захиалагч талаас Л.Э******* нар гарын үсэг зурсан хэлцэл авагджээ.

 

Хариуцагч Л.Э******* нь Ө******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллавал орон сууц өгнө гэж тухайн үеийн удирдлагууд нь хэлсэн тул  гүйцэтгэх захирлын ажлыг хийж гүйцэтгэхийг зөвшөөрч, ажилд орсон. Ийнхүү амлалтын дагуу Хан-Уул дүүргийн 11  хороо, Оргил стар хотхон,  56 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарт, **** тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг хэлцэл хийн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-т Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, Ө******* х******* ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т  Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж тус тус заажээ. Ө******* х******* ХХК нь нэр бүхий гурван хувьцаа эзэмшигчтэй байх бөгөөд эдгээр хувьцаа эзэмшигчдийн хурал нь Ө******* х******* ХХК-ийн эрх барих дээд байгууллага юм. /2х.х-ийн 19-22 хуудас/

 

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.-т Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ, 62.2.10.-т энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох,  55.2.-т Энэ хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно гэж зааснаар Ө******* х******* ХХК-ийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11  хороо, Оргил стар хотхон,  56 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарт, ***** тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны худалдах зах зээлийн үнийг тодорхойлох, шийдвэр гаргах эрх нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуулиар олгогдсон байна.

 

Гэвч Ө******* х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гүйцэтгэх Хан-Уул дүүргийн 11  хороо, Оргил стар хотхон,  56 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарт, ****тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг худалдах зах зээлийн үнийг тодорхойлсон шийдвэр гараагүй байхад хариуцагч   Л.Э******* нь тухайн орон сууцыг өөртөө худалдаж, хэлцэл хийсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-т Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хэлцэл хийхдээ Ө******* х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр, олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх  эрхтэй байхад өөрөө дур мэдэн Хан-Уул дүүргийн 11  хороо, Оргил стар хотхон,  56 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарт, **** тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг өөрөө өөртөөгөө хэлцэл хийхээр замаар өмчлөгч болсон нь дээрх хуулийг зөрчжээ.

Түүнчлэн Ө******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал  Л.Э******* Ө******* х******* ХХК-ийг төлөөлөн хэлцэл хийх эрхтэй боловч Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-т заасан Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно гэснийг зөрчихгүйгээр хэлцэл хийх эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ нь  хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.

 

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Хан-Уул дүүргийн 11  хороо, Оргил стар хотхон,  56 дугаар байр, 2 дугаар орц, 4 давхарт, **** тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Л.Э******* бүртгэлтэй, гуравдагч этгээдэд шилжүүлээгүй болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10-6/219 тоот албан бичиг, хавсралтад авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцлээр хариуцагч  Л.Э*******ад шилжүүлсэн 186 тоот хаягт байршилтай, 118.8 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ө******* х******* ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэх боломжтой байх тул өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар хариуцагч Л.Э*******ын эзэмшлээс нэхэмжлэгч Ө******* х******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв. /2х.х-ийн 90-132 хуудас/

 

Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 дугаартай хэлцлийн шаардах эрхийн хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар тоолоход 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байх бөгөөд мөн хуулийн 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэж тоолохоор заажээ.Иймд  Ө******* х******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Гыг 2019.09.30-ны томилогдсон үеэс дээрх хэлцлээр Ө******* х******* ХХК-ийн эрх зөрчигдсөн тухай мэдэх боломжтой байх тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2025.09.30-ны өдөр дуусахаар байх  тул нэхэмжлэгч нь шаардах эрхийн хугацаанд нэхэмжлэл гаргасан болохыг дүгнэвэл зохино. /2х.х-ийн 18 хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Э*******аас 25,000,000 төгрөг гаргуулах Д**** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн OST16C142 дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 56 байр, **** тоот орон сууцны өмчлөгчөөр Өндөр буянт х******* ХХК-ийг тогтоож, хариуцагч Л.Э*******ын эзэмшлээс нэхэмжлэгч Ө******* х******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг  хариуцагч Л.Э*******ад даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д***** ХХК-ийн  төлсөн 282,950 төгрөг, нэхэмжлэгч Ө******* х******* ХХК-ийн төлсөн 1,664,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э*******аас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулж Д***** ХХК-нд, хариуцагч Л.Э*******аас улсын тэмдэгтийн хураамжид  1,664,550 төгрөгийг гаргуулж Ө******* х******* ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ