Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 84

 

Ж.От-, Ж.Эн-т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

                                                         Б.Манлайбаатар

Прокурор                                         Д.Энхтуяа

Ялтны өмгөөлөгч                           О.Батболд

                                                         Г.Батбаяр

Хохирогч                                         Н.Эр-

Хохирогчийн өмгөөлөгч                Л.Оюунсувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулгын даргалж шүүгч Я.Туул, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч О.Батболд, Г.Батбаяр, ялтан Ж.От- нарын бичсэн давж заалдах гомдол, улсын яллагч Д.Энхтуяагийн бичсэн давж заалдах эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жа-ын От, Жа-ын Эн нарт холбогдох эрүүгийн 201409000407 тоот 3 хавтас хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 25 дугаар байрны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Ха овогт Жа-ын От /РД: **********/

Монгол Улсын иргэн, 1969 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Хөтөл хорооллын 14 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Ха овогт Жа-ын Эн /РД: **********/ нар нь бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Н.Эр-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 6 дугаар байрны 30 тоот 28 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьцаалан “Н К” банк бус санхүүгийн байгуулагаас 8.000.000 төгрөгийн зээл авч,  зээлийн эргэн төлөлтийн хугацаанд зээлээ төлж чадахгүй болмогц Н.Эр-ын дээрх байрыг дахин зээл чөлөөлөгч Ч.Цэ-д өндөр хүүтэй барьцаанд тавьж эргэн төлөх боломжгүй нөхцөл байдалд байхдаа 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 7.500.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.500.000 төгрөг нийт 13.000.000 төгрөгийг давтан үйлдлээр шунахай сэдэлтээр хуурч мэхлэх аргаар авч улмаар зээлийг төлөлгүй хохирогч Н.Эр-аар 21.200.000 төгрөгийг төлүүлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Ж.Эн-т, Ж.От-г дээрх гэмт хэргийг Ж.Эн-тай бүлэглэн үйлдсний зэрэгцээ 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Н.Эр-ын байр зарсан мөнгө болох 30.000.000 төгрөгийг “би хадгалж байя” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар өөрийн дансандаа авч, уг мөнгийг өөртөө ашиглаж залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ж.От-, Ж.Эн- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Эн-т Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Ж.От-г бусадтай бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болон 9.011.900 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Ж.От- нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний буюу 42.188.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ж.От-гийн хувьд оногдох эд хөрөнгөнөөс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.От-гээс 27.868.100 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Эр-т олгохоор шийдвэрлэсэн байна.

Ялтны өмгөөлөгч О.Батболд, Г.Батбаяр нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Ж.От- нь бусдад Н.Эр-ын зөвшөөрөлгүйгээр мөнгө зээлдүүлж нийт 42.188.100 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч үрэгдүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Түүнчлэн Ж.От- нь хохирогч “Н.Эр-тай харилцан ярьж тохиролцсоны  үндсэн дээр 20.188.100 төгрөгийг дансандаа шилжүүлж авсан, Н.Эр- уг мөнгийг дансандаа хадгалж байхыг өөрөө хүсэж шилжүүлсэн “ гэх байдал тогтоогдохгүй байх ба “миний дансанд байж байг чи үрчихнэ” гэж хэлж Н.Эр-ын өмчөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, төөрөгдүүлсний үндсэн дээр хариу төлбөргүйгээр 20.188.100 төгрөгийг өмчлөлдөө авч захиран зарцуулсан байх тул уг үйлдлийг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж ял шийтгэжээ. Үүнийг өмгөөлөгчдийн зүгээс хэргийн зүйлчлэл болоод оногдуулсан ял шийтгэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчим, Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхийг зөрчин ял шийтгэсэн нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх”  төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимтай зөрчилдөж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.2 дахь хэсэгт заасан “тогтоолыг хэзээ гаргасан” гэдгийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж байна. Тус шүүхийн шүүгчийн туслах шийтгэх тогтоолыг өмгөөлөгчид гардаж авахыг мэдэгдсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаартай тогтоолыг гардуулсан нь учир холбогдлын хувьд давж заалдах эрхээ эдлэх хуулиар олгогдсон хугацааг төөрөгдүүлсэн ба түүнээс гарах үр дагавар нь хэргийн оролцогчдын хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан байна.” гэжээ.

Улсын яллагч Д.Энхтуяагийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлд: “...шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтанд тулгуурлаагүй, Ж.Эн-т холбогдох үйлдлийг нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Мөн үүний зэрэгцээ Ж.От-гийн үйлдлээс бусадтай бүлэглэн дээрх хэргийг үйлдсэн гэж үйлдлийг бас хэрэгсэхгүй болгосон. Ж.Эн- нь анх “Н К” банк бус санхүүгийн байгууллагад хохирогч Н.Эр-ын байрыг барьцаалан 8.000.000 төгрөгний зээл авахдаа өөрийн найз Б.Эрдэнэбаярын хэрэгжүүлдэг үдийн цай хөтөлбөрийн бараа материалыг татаж авах нэрээр зээл авахуулж мөнгийг Ж.Эн- авсан болох нь хохирогч Н.Эр-, гэрч Б.Эрдэнэбаяр, С.Доржготов нарын мэдүүлэг, дансны хуулга баримтуудаар нотлогддог. Дээрх зээлийг Ж.Эн-, Ж.От- нар нь төлж чадахгүй болмогцоо “Н К” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл болон дэлгүүр, нарийн боовны цехэд мөнгө хэрэгтэй байна хохирогч Н.Эр-ыг төөрөгдүүлэн итгүүлж, зээлийг эргэн төлөх боложгүй нөхцөл байдалд орсноо мэдсээр байж, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлан Н.Эр-ын байрыг Ч.Цэнгэлд барьцаанд тавьж нийт 13.000.000 төгрөг залилан мэхэлж авсан нь хохирогч Н.Эр-, гэрч Ч.Цэнгэл нарын мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож байгааг  тогтоолд дурдаагүй, зөвхөн шүүгдэгчийн өгдөг тогтворгүй мэдүүлгүүдийг үнэлж шийдвэрлэсэн байна. Залилан мэхлэх гэмт хэргийн гол шинж нь хохирогч түүнд итгэн, залилагч этгээдийн саналыг зөвшөөрч өөрийн хүсэлтээр түүнд эд хөрөнгө болон өмчлөх эрхээ сайн дураараа шилжүүлж өгсөн байдгаас гадна залилагч этгээд бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авснаар төгсдөг байхад харин залилан авсан эд хөрөнгийг хэн, хэрхэн зарцуулсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Эдгээр үндэслэлээр шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх Ж.От-гийн хохирогчийн байраа зарсан мөнгөнөөс үлдсэн 30.000.000 төгрөгийг “хадгалж байя” гэж итгүүлэн, залилж өөрийн дансандаа шилжүүлж улмаар 1-2 хоногийн дараа шууд захиран зарцуулж эхэлсэн үйлдлийн хохиролд дүгнэлт хийхдээ Ж.От- нь хохирогчийн мөнгийг нь дээрх аргаар залилж авсны дараа буюу өөрөөр хэлбэл залилангийн үйлдэл төгссөний дараа түүнд цувуулж буцаан өгсөн гэх 9.011.900 төгрөгийг залилан авсан гэж үзэхгүйгээр хасч тооцон нийт 42.188.100 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Ялтан Ж.От- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...миний бие анхнаасаа хохирогч Н.Эр-ыг залилан мэхлэх санаа агуулж байгаагүй бөгөөд түүнтэй ярьж тохирсоны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр банк бус санхүүгийн байгуулагаас зээл авч зээлийн гэрээний үүргийг биелүүлэх явцад эрсдэл учирч цаашид зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн нь иргэний журмаар шийдвэрлэх процесс юм. Энэ хэрэгт хамтран шалгах ёстой гэрч М.Наранцэцэгийн үйлдэл холбогдлыг тусд нь хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийг зөрчсөн. 30.000.000 төгрөгийг хохирогч өөрөө “би үрчихнэ танд хадгалуулъя” гэсэн бөгөөд энэ мөнгөнөөс 9.011.900 төгрөгийг өөрөө буцаан авсан. Үлдэх 20.000.000 төгрөгийг М.Наранцэцэгт зээлдүүлсэн. Өөрийнх нь зөвшөөрөлгүй бусдад өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байхад шүүх хэргийн жинхэнэ бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Миний бие урьд нь энэ хэрэгт шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, ялаа бүрэн эдэлж дууссан. Дахин ял шийтгүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна. Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч О.Батболд: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх Ж.От-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болоод оногдуулсан ял шийтгэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Ж.От-г хохирогч Н.Эр-ын зөвшөөрөлгүйгээр түүний мөнгийг бусдад зээлдүүлсэн нийт 42.188.100 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч үрэгдүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.От- нь анхнаасаа хохирогч Н.Эр-ыг сайн таньдаг байсан учраас түүний байрыг барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч зээлийг төлж байгаад ажлаасаа халагдсан тул гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж дахин зээл чөлөөлдөг Ч.Цэнгэл гэгчийн барьцаанд тавьж мөнгө зээлсэн байдаг. Үүнээс үзэхэд хохирогч Н.Эр-ыг залилан мэхлэх санаа түүнд байгаагүй болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Энэ бүх байдалд шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлгүй болсон тул Ж.От-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Г.Батбаяр: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь эсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх” заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ж.От- нь энэ хэрэгт тус шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан болох нь давж заалдах гомдолд хавсаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны албан бичгээр нотлогдож байна. Ийм учраас түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг зөрчиж байна. Түүнчлэн өмгөөлөгч бидэнд гардуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэсэн огноотой байгаа бөгөөд түүнийг давж заалдах гомдолдоо хавсаргасан байгаа. Энэ байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Ж.От-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа: Давж заалдах эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ж.Эн-, Ж.От- нарын залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж хохирогч Н.Эр-т онц их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон. Ж.Эн- нь өөрийн дүү Ж.От-тэй бүлэглэн хохирогч Н.Эр-ын байрыг удаа дараа барьцаанд тавьж 21.200.000 төгрөгийн хохирол учруулж улмаар хохирогч Н.Эр- аргагүй байдалд орж өөрийн өмчлөлийн 2 өрөө байраа зарж өр төлбөрийг төлсөн байдаг. Шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй дүгнэлт хийж Ж.Эн-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Түүнчлэн Ж.От- нь хохирогч Н.Эр-ын өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь зөрчиж байр зарсан мөнгийг нь өөрийн “Хас” банкинд байдаг дансанд шилжүүлэн “хадгална” гэж хэлээд 7 хоногийн дотор түүний зөвшөөрөлгүй авч зарцуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох банкны дансны хуулга болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Түүний итгэлийг эвдэж авч зарцуулсан мөнгөнөөс шүүх хохирогчийг буцааж авсан үндэслэлээр 9.011.900 төгрөгийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүхэд оролцсон хохирогч Н.Эр- мэдүүлэхдээ: Миний байрыг барьцаалж зээл авъя гэсний дагуу би Ж.Эн-, Ж.От- нарт өөрийн өмчлөлийн байрыг итгээд зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Гэтэл эхлээд банк бус санхүүгийн байгууллагад тавиад мөнгийг нь төлж чадахгүй боллоо гээд Ч.Цэнгэл гэж зээл чөлөөлдөг хүнээс мөнгө авахдаа барьцаалсан. Сүүлд нь “мөнгөө төлж чадахгүй боллоо” гээд  “байрыг маань буцааж авч өгнө” гэхээр нь бас л итгээд л  байраа зарж 21.200.000 Ч.Цэ-д өгч үлдэх 30.000.000 төгрөгийг нь Ж.От- эгчийг “Хас” банкинд данстай гэхээр нь тэр дансанд нь хийлгэсэн чинь “чи мөнгөө үрчихнэ, би хадгалж байя” гэхээр бас л итгээд түүний дансанд хадгалуулахаар болсон. Гэтэл мөнгийг маань надад хэлэлгүй, миний зөвшөөрөлгүй бусдад зээлдүүлсэн гэж хэлсэн. Би одоо өөрийн хохирлыг гаргуулж авмаар байна. Хэргийг шийдвэрлэснээс хойш надад 80.000 төгрөг л өгсөн. Би прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд: Би шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Ж.Эн-, Ж.От- нар нь хохирогчийг сайн таньдаг түүний итгэлийг далимдуулан байрыг нь барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч улмаар түүнийгээ төлөх ямар ч боломжгүй болж дахин зээл чөлөөлдөг хүний барьцаанд тавьж 21.200.000 төгрөгийг  хохирогчийн байрыг зарж төлүүлсөн байдаг. Ингээд түүний байрны үлдэгдэл мөнгийг “чи үрчихнэ, архи уучихна. Би хадгалж байя” гэж хэлээд өөрийн дансандаа хийлгэж улмаар түүний итгэлийг эвдэж бүгдийг нь захиран зарцулсан болох нь тогтоогдож байгаа юм. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх Ж.Эн-ын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

- Ялтан Ж.От- нь өөрийн төрсөн ах Ж.Эн-тай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Н.Эр-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр байрны 6 дугаар хороололын 6 дугаар байрны 30 тоотод 2 өрөө 28 м.кв байрыг барьцаалан “Н К” банк бус санхүүгийн байгууллагаас 8.000.000 төгрөгийн зээл авч, зээлийг эргэн төлөх хугацаанд төлж чадахгүй болмогц Н.Эр-ын байрыг дахин зээл чөлөөлдөг Ч.Цэнгэл гэгчид барьцаалан 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7.500.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин 5.500.000 төгрөг нийт 13.000.000 авч улмаар зээлийг төлөх боломжгүй болсны улмаас барьцаанд байсан хохирогч Н.Эр-ын байрыг заруулж 21.200.000 төгрөгийг зээлийн үлдэгдэлд төлж, түүнд үлэмж хэмжээний хохирол учруулсан

- Ялтан Ж.От- нь 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Н.Эр-ын байр зарсны үлдэгдэл мөнгө болох 30.000.000 төгрөгийг “чи үрчихнэ, би хадгалж байя” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн “Хас” банкин дах дансандаа шилжүүлэн авч өөртөө ашиг олох зорилгоор түүний зөвшөөрөлгүйгээр ашиглаж залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдэж бусдад онц их хэмжээний буюу 51.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар;

- Ж.Эн- нь өөрийн төрсөн дүү Ж.От-тэй бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Н.Эр-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 6 дугаар байрны 30 тоот 2 өрөө 28 м.кв байрыг барьцаалан “Н К” банк бус санхүүгийн байгууллагаас 8.000.000 төгрөгийн зээл авч, зээлийг эргэн төлөх хугацаанд төлж чадахгүй болмогц Н.Эр-ын байрыг дахин зээл чөлөөлдөн Ч.Цэнгэл гэгчид барьцаалан 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 7.500.000 төгрөг, 2013 оны 06 дугаар арын 20-ны өдөр 5.500.000 төгрөг нийт 13.000.000 төгрөг авч улмаар зээлийг төлөх боломжгүй болсны улмаас барьцаанд байсан хохирогч Н.Эр-ын байрыг заруулж 21.200.000 зээлийн үлдэгдэлд төлүүлж, түүнд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ж.Эн-, Ж.От- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ж.Эн-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.От-г Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  улсын яллагч Д.Энхтуяагийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, ялтны өмгөөлөгч О.Батболд, Г.Батбаяр нарын ялтан Ж.От- нь гэмт хэрэг үйлдээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн, ялтан Ж.От-гийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүссэн давж заалдах эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудын үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хуульд заасан журмын дагуу хэргийг бүхэлд нь хянаад прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх Ж.Эн-т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.От-гийн үйлдэл холбогдлоос 9.011.900 төгрөгийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, хохирлоос хасч шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.   

Давж заалдах шатны шүүх Ж.Эн-, Ж.От- нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тэдний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, яллах дүгнэлтийн хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

Ялтны өмгөөлөгч Г.Батбаяр болон О.Батболд нар нь ялтан Ж.От-гийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэний гэрээ хэлцлийн үндсэн дээр хохирогч Н.Эр- нь Ж.От-д өөрийн өмчлөлийн байрыг бусдад барьцаалахыг зөвшөөрсөн иргэний хэргийн шинжтэй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох, Ж.От-д Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор энэ хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, түүнийгээ биечлэн эдэлж дууссан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчиж анхан шатны шүүхээс дахин ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдлын үндэслэлүүдийг шүүх хүлээж авах боломжгүй гэж  үзлээ.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаар Ж.Эн-, Ж.От- нар нь иргэний гэрээ хэлцлээр халхавчлан хохирогч Н.Эр-ын итгэлийг эвдэж, хуурч мэхлэн удаа дараагийн үйлдлээр түүний өмчлөлийн эд хөрөнгийг бусдад барьцаалан үлэмж хэмжээний мөнгө авсан, Ж.От- нь хохирогчийн байрны үлдэгдэл мөнгө болох 30.000.000 төгрөгийг “хадгална” гэж итгэл төрүүлэн дансандаа шилжүүлэн авч өөртөө ашиг олох зорилгоороо ашигласан үйлдлүүдийн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байгаагийн зэрэгцээ Ж.От-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Сум дундын 7 дугаар шүүхийн 100 дугаар шийтгэх тогтоол нь прокурорын эсэргүүцлээр тус шүүхээр хянагдаж 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 89 дугаартай магадлалаар хүчингүй болж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх тул Ж.От- нь энэ хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж, ялыг биечлэн эдэлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан тул Ж.От-г ял шийтгэл эдэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж ялтан Ж.От-гийн өмгөөлөгч нарт гардуулсан шийтгэх тогтоолын огноог “2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр” гэж буруу бичсэн нь байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж цаашид ийм төрлийн алдаа зөрчил гаргахгүй байхыг анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад анхааруулж байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.От-, Ж.Эн- нарт холбогдох 201409000407 тоот 3 хавтас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ж.От- авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Ж.Эн-т бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ                                                    Я.ТУУЛ

                            ШҮҮГЧИД                                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                     Б.МАНЛАЙБААТАР