Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0115

 

Д.У-ын нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 918 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын гаргасан давж заалдах гомдлоор, Д.У-ын  нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 918 дугаар  шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Д.У-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.У-ыг Нийслэлийн дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.341.734 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун гучин дөрвөн) төгрөгөөс Д.У-д олгосон тэтгэмж болох 1.200.000 (нэг сая хоёр зуун мянган) төгрөгийг хасч, үлдэх 2.141.734 (хоёр сая нэг зуун дөчин нэгэн мянга долоон зуун гучин дөрвөн) төгрөгийг Д.У-д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж шийдвэрлэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтыг Төрийн аудитын тухай хуулийн 71.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд батлан гаргасан бөгөөд шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг тус тушаалд дурдсан. Гэтэл шүүх уг тушаалд ач холбогдолгүй 2014 онд баталж, хүчингүй болсон ажлын байрны тодорхойлолтыг иш татан дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

     Д.У нь аудиторын албан тушаалд ажиллаж байгаагүй бөгөөд зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан талаар тайлбарыг гаргасаар байтал өмнө нь ажиллаж байгаагүй албан тушаалд эгүүлэн тогтоох тухай тодруулгыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаас тодорхой харагдана.

     Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэний дараа томилогддог зохицуулалттай бөгөөд Д.У нь тус журмын дагуу томилогдоогүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 965 дугаартай "... Та Аудитын байгууллагад томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албанд томилогдоогүй байна..." гэх албан бичгээр нотлогдоно.

     Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасан болзол журмын дагуу томилогдсон албан тушаалтан, төрийн байгууллагыг шалган Төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтыг тусгай алба юм. Төрийн аудитын тухай хуулийн 14.5-д "Төрийн аудитын байгууллагын ажилтан үүрэгт ажлаа үр нөлөөтэй гүйцэтгэх мэдлэг ур чадварыг эзэмшсэн байна...", Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь ... тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн" гэж тус тус тодорхойлсон бөгөөд Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 4-т "Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг "сул орон тоо гарсан" гэдэгт хамааруулж үзнэ." гэжээ.

     Ийм байтал шүүх төрийн жинхэнэ албан хаагч мэтээр дүгнэн хуулийг буруу хэрэглэн, тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-т "шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж ..." гэж заасанд хамаарахаар байна.

     Нийслэл дэх Төрийн аудитын газарт Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул уг нэгжийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгон, албан тушаалын жагсаалтыг баталсан. Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулж баталсан. Зохион байгуулалтын бүтцийн хүрээнд Газрын дарга 1, Дэд дарга 1, Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, Аудитор 26, Нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас орон тоо цөөрсөн болно.

     Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2010 оны "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаар тогтоолын 15-д "Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..." гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ" гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д "хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, ...өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно" гэж, мөн тус тайлбарт "Энэ хэсэгт заасан "...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн..." гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно" гэж тус тус тайлбарласан бөгөөд тус тайлбарт "Мөн хэсэгт заасан "...шалгаруулж авна" гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг/комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ" гэсэн тайлбар, холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилж, чөлөөлсөн.

     Түүнчлэн дээрх байдлаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..." гэж үзэж байгаа юм. Энэ талаар ч тайлбар болон нэмэлт тайлбараар нотлох баримтын шаардлага ханган хүргүүлсээр байтал хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

     Төрийн аудитын байгууллага нь нийцлийн аудит, гүйцэтгэлийн аудит, санхүүгийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг. Нийцлийн аудитыг эрх зүйч, санхүүгийн аудитыг мэргэшсэн ня-бо гүйцэтгэдэг бөгөөд гүйцэтгэлийн аудитыг мөн л мэргэшсэн ня-бо, санхүүч гүйцэтгэхээр ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн хувьд өмнө нь 19 хүний орон тоотойгоор ажиллаж байсан бөгөөд шинэ бүтэц зохион байгуулалтаар 10 болж цөөрсөн бодит нөхцөл байдал нь нотлох баримтаар шүүхэд авагдсан болно.

     Энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа "Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтэст аудитороор" гэж тодруулсаар байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж Төрийн аудитын байгууллагаас төрлөөр хэрэгжүүлдэг санхүүгийн аудит, нийцлийн аудиттай хольж, нийт аудиторын тоогоор авч үзэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй, өнгөц, өрөөсгөл дүгнэсэн шийдвэр боллоо.

     Нийслэл дэх Төрийн аудитын газарт 50 орон тоотойгоор ажиллаж байсныг шинэ бүтэц зохион байгуулалтаар 45 болгож цөөрүүлсэн, Нийцлийн аудитын хэлтэс байгаагүйг бий болгосон зэргээр бүтэц өөрчлөгдсөн бөгөөд менежер 5 байсан нь 4 болж, ахлах аудитор, ахлах шинжээч 15 байсан нь 8 ахлах аудитор болж, 27 аудитор, шинжээч нь 26 болж өөрчлөгдсөн бөгөөд 9 албан хаагчийн орон тоо цөөрсөн юм. Аудитыг аудитор, ахлах аудитор, аудитын менежер нь багаар гүйцэтгэдэг бөгөөд цөөрсөн ахлах аудитор, аудитын менежерийн чиг үүрэг нь аудиторын ажлын байрны тодорхойлолтод заасан хэрэгжүүлэх чиг үүрэгт хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна" гэж заасны дагуу хамгийн илүү хангаж байгааг томилсон болно.

     Энэ талаар шүүх хуралдаанд болон, шүүхэд гаргасан тайлбарын хамт өгсөн боловч шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой судлан үзэлгүй, муйхраар өрөөсгөл дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, шинэчлэн батлагдсан ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан албан хаагчдийг томилсон.

     Гэтэл шүүх Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т "иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх", 4.2.5-д "төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх", 17 дугаар зүйлд заасан "... төрийн жинхэнэ албан тушаалд авах" зохицуулалтуудыг зөрчиж, Монгол Улсын үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч..." гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг дэмжсэн шийдвэр гаргасан.

     Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, шүүхээс гаргасан дүгнэлт нь маргаан бүхий актыг үндэслэлгүй, хууль зөрчсөн байдлыг тогтоогоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

     Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн байхад тус шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 "Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай" тушаал, мөн 2017 оны А/88 дугаартай "Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцийн нэгжүүдийн ажлын байрны жагсаалт, ажлын байр албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай" тушаал хүчингүй болсон, хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

     Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0918 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдолтой нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэд биелүүлэлгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

     Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрч батлагдсан, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.У-ыг тус даргын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

     Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.У “...анх ажилд орохдоо 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаатай ажиллаж, дараа нь шинжээч албан тушаалд томилогдож 4 жил 5 сар ажилласан байхад шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод төрийн байгууллагад 5-аас дээш жил ажилласан гэх шаардлага тавьсан гэж намайг ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй. Шинжээч албан тушаал нь аудитор болж нэршил нь өөрчлөгдөж, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн” гэж, хариуцагчаас “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт чиг үүрэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, А/88 дугаар тушаалаар тус газрын албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах үед шинжээчийн орон тоо хасагдсан бөгөөд Д.У нь ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангахгүй болсон учраас түүнийг ажлаас чөлөөлсөн” гэж тус тус маргажээ.

     Анхан шатны шүүх Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталсан аудитор /шинжээч/-ын ажлын байрны тодорхойлолт, шинжээчийн албан тушаалын чиг үүрэг Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалын үүрэгт хадгалагдан үлдсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий “Д.У-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгах, хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд шүүх үүнийг тодруулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

     Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон нь урьд эрхэлж байсан албан тушаал гэж аль албаны, ямар албан тушаалыг хэлж байгаа болох, чиг үүрэг нь харилцан адилгүй албадын яг алинд нь, ямар албан тушаалд тогтоолгохоор шаардсан нь тодорхойгүй, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч байгууллагынхаа ямар нэгжийн, ямар албан тушаалд томилох нь тодорхойгүй нөхцөл үүссэн байхад шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

     Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газарт /хуучин бүтэц/ 27 аудитор, шинжээчийн ажлын байр батлагдсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газарт /шинэ бүтэц/-ээр аудитор ажлын байранд нийт 26 орон тоотой, үүн дотор гүйцэтгэлийн аудитор 6 орон тоотойгоор батлагджээ.

     Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, мэдэлд авах” тухай Б/177 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газрын ажлаас чөлөөлөгдөх албан хаагчдын нэрсийн жагсаалтад Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн шинжээч Д.У багтаж, нийт 26 аудитор, шинжээчийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт шилжүүлэн авсан байна.

     Хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудаас үзэхэд “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөж 50 орон тоотой байсныг 45 болгож цөөрүүлсөн” гэх боловч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/177, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/206 дугаар тушаалаар Нийслэлийн Төрийн аудитын газарт ажиллаж байсан 46 албан хаагчийг ажлаас чөлөөлж, Нийслэл дэх Төрийн аудитын газарт буцаан ажилд томилохдоо нийт 34 албан хаагчийг томилж, үлдсэн орон тоонд хүн томилсон эсэх нь тодорхойгүй, хариуцагч нь манай байгууллага бүрэн орон тоогоор ажиллаж байгаа гэсэн байхад хэрэгт энэ талаарх баримт огт авагдаагүй байна.

     Гэтэл анхан шатны шүүхээс тухайн байгууллагад нийт хэдэн хүн ажиллаж байсан, одоо хэдэн хүн ажиллаж байгаа, шинэ бүтэц, орон тоо батлагдсанаас хойш гүйцэтгэлийн аудитын хэлтэст томилогдсон бүх аудиторууд нь өмнө нь бүгдээрээ гүйцэтгэлийн аудитын чиг үүрэг бүхий ажил, албан тушаал эрхэлж байсан эсэх, шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа болохыг тодруулаагүй атлаа “...өмнө 27 аудитор, шинжээчийн орон тоо батлагдаж байсан, шинэ бүтцээр 26 аудиторын орон тоо баталж, аудитор буюу шинжээчийн орон тоог нэгээр цөөрүүлсэн болох нь тогтоогдож байх хэдий ч ийнхүү шинжээч болон аудиторын орон тоог цөөрүүлэн батлах үед тус аудитын газарт батлагдсан 26 орон тооноос илүү аудитор болон шинжээч ажиллаж байгаагүй байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул дээрх нөхцөл байдлыг бүрэн тодруулах нь зүйтэй.

     Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комиссын хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тэмдэглэлээр шинэ бүтцийн нэгжийн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа гэж үзээд 34 хүнийг сонгон шалгаруулсан байх бөгөөд шаардлага хангаагүй гэж тус газарт ажиллаж байсан 11 албан хаагчийг үзжээ.

     Түүнчлэн дээрх тэмдэглэлээс үзэхэд Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдын мэргэжил нь “эрх зүйч, экологи, химийн багш, эдийн засагч, банкны удирдлага, эдийн засагч” зэрэг харилцан адилгүй байгаа учир тухайн хэлтсийн аудиторуудын хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөр хоорондоо адилхан байдаг эсэхээс шалтгаалаад ажлын байрны тодорхойлолтууд нь харилцан адилгүй батлагдсан эсэх талаар тодруулах, энэ талаарх баримтыг цуглуулах нь зүйтэй.

     Мөн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа “...Ахлах шинжээч, ахлах аудитор, менежерээр ажиллаж байсан хүмүүс аудитор болсон. Дээд шатны албан тушаалтны орон тоонд өөрчлөлт орсноос тэдгээр хүмүүс тушаал буурсан. Мөн гаднаас хүмүүс ажилд авсан” гэсэн байх тул энэ талаарх нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

     Нөгөөтэйгүүр хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “шинжээч албан тушаал нь шинэ бүтэц, орон тоогоор хасагдсан, Д.У ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангахгүй байгаа учраас ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж байх тул анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэхийг тодруулах, түүнчлэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх болсон бодитойгоор тулгарсан ямар хэрэгцээ, шаардлага бий болсон болохыг тодруулах шаардлагатай.

     Учир нь хариуцагч өмнө нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан, гүйцэтгэвэл зохих чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн жинхлэн томилсон атлаа ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг нэмэгдүүлэн өөрчилж, улмаар нэмэгдүүлсэн шаардлагадаа нийцээгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

     Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байхад ямар учраас сонгон шалгаруулалтыг нийт ажилтнуудын дунд явуулсан болох, ийнхүү явуулсан сонгон шалгаруулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т нийцсэн эсэхийг тодруулж, дүгнэх шаардлагатай.

     Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                             ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

                             ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН