| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/05545/И |
| Дугаар | 191/ШШ2025/06869 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/06869
2025 08 14 191/ШШ2025/06869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХгийнУ /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЖД ХХК /РД: ***/-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ногдол ашгийн төлбөрт 123,433,327 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 174,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б, Ч.Ч нар
Хариуцагчийн өмгөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.У нь өөрийн багын найз Ш.Дтой хамт 2015 оноос хойш ЖД ХХК үүсгэн байгуулаад гадаад худалдаа бараа импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 7 жил энэ компани амжилттай ажиллаад олон салбар компани үүсэж байгуулаад бизнес нь өргөжиж явж байсан. 2021 оны эхнээс хувьцаа эзэмшигч Ш.Д Х.У хувийн таарамжгүй харилцаа үүсээд 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийж цаашдаа тусдаа үргэлжлүүлэхээр болсон. Энэ хурлын дүнд юу яригдсан бэ гэхээр Х.У тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан албан тушаалаа өгөх, компанийн эзэмшиж байсан 20%-ийн хувьцаагаа Ш.Дид шилжүүлэх, ерөнхий нягтлан Н.Б сүүлийн 2 жилийн компанийн үйл ажиллагааны орлогын 20%-тай тэнцэх дүн буюу 256,288,085 төгрөгийг тодорхой хугацаа графикийн дагуу төлөхөөр гэрээ байгуулагдаж явсан байгаа. Энэ гэрээ нь 2021 оны 9 дүгээр сар хүртэл хэрэгжиж явж байгаад 10 дугаар сараас огт төлөгдөхөө больсон. Улмаар гэрээний 6.1-т заасны дагуу шилжүүлж байгаа. Энэ талаар 2021 оны 10, 11 дүгээр сард компанид бичгээр мэдэгдэл өгөөд график төлөгдөхөө больчихлоо, өөрөөр хэлбэл тэр талаараа бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч төлөгдөхгүй яваад байгаа. Анх 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний үүрэгт 54 сая, хугацаа хэтэрсэн алданги нэхэж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны явцад 2 ч удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хамгийн сүүлийн байдлаар ашгийн төлбөр тооцоо байгуулах тухай гэрээний үүрэгт 82,288,885 төгрөг, хугацаа хэтэрсэн алдангид 41,144,442 төгрөг, нийт 123,433,327 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 11 дүгээр сараас хойш нэлээн удаан үргэлжилж байгаа, нэлээн олон шүүх хуралдаан болсон. Хуралдаан болгонд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлдэг. Гэрээнээс гадна ямар харилцаа үүссэн бэ гэхээр энэ хүн өөрийнхөө хийж байсан ажил, албан тушаал, хувьцаагаа өгөөд энэ компаниас гарч байгаатай холбоотой тухайн компанийн зүгээс санал болгож байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа болохоос, энэ зөвхөн ногдол ашгийн тухай харилцаа биш гээд, үүнтэй холбоотойгоор ч шүүхээс үйл ажиллагаа явуулж хувьцаа шилжүүлсэн гэрээтэй холбоотой нотлох баримтуудыг шүүх нотлох баримтаар татаад авсан болоод түүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд өмнө удаа дараа илэрхийлж байсан асуудлаар тодруулж өгсөн. Г гээд компанитай холбоотой асуудлыг 2015 оноос хойш 2021 онуудад явж байх хугацаанд бас Ш.Д Х.У нарын багын найз н.Ц гэж хүнтэй холбоотой энэ компанийг худалдаж аваад буцаад ЖД ХХК-аараа тухайн компанийн 70%-ийг эзэмшиж байсан. Яваа яваандаа Ш.Дийн мэдэлд энэ тухайн хувьцаа очсон, түүнийгээ буцаан зарсан, оролцоод явж байсан. Үүнтэй холбоотой компанийн балансаас гадна дотор болон гадна тооцоо явж байсан. Байнгын зөрүү явж байсан. Гэхдээ энэ нь уг тооцоололд хамааралгүй гэдгийг хэрэг хэрэгч хэрэг эрхлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан гэрч болох Н.Бгийн тайлбар дээрээс дурдагддаг. Нэхэмжлэлийн шаардлага цаана нь байгаа бичгээр хийгдээгүй байгаа харилцааг тодруулж байгаа. Бичгээр компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ гэдэг байдлаар хийгдсэн ч хувьцаагаа үнэ төлбөргүй өгөөд явж байгаа. Түүнээс зөвхөн 2019, 2020 оны ашгийн 20%-тай тэнцэх тооцоолол, үүнийг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тооцоо хийгээд хувьцаа эзэмшигчид танилцуулаад өглөг авлагын тооцоо гэж байгаа. Эндээс компани өөрсдөө боловсруулаад 20%-тай тэнцэх төлбөр ямар байгаа талаар хувьцаа эзэмшигч тухайн үедээ ярилцаж байсан. Ийм байдлаар тооцоо гаргаж байна, ийм байдлаар болохоор байна уу, энэ дээр саналаа хэлээч ээ гэж гэрээ байгуулахаас сарын өмнө хувьцаа эзэмшигчид мэйлээр өгч байсан. Дараа нь гэрээгээр ямар өглөг авлага тооцоо, ажил хүлээлцэхтэй холбоотой үүрэг Х.Уд байгаагүй, гэрээгээрээ ийм үүрэг хүлээгээгүй. Санхүүгийн тайлантай холбоотой бүх анхан шатны баримтууд компани дээр байдаг. Хэн нэгэн хүн ажлаас гарсантай холбоотой энэ баримтуудыг аваад гарах зүйл байхгүй. Шаардаад байгаа баримтыг компани өөрөө өгөх боломжтой. гэв.
2. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид аль ч шаардлагыг ч зөвшөөрөхгүй байгаа. ИХШХШТХ-ийн 26-р зүйлд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох л үүрэг байгаа. Сая 2021 оны орлогын 20%-тай тэнцэх гэж байна. Анх гаргасан нэхэмжлэлд ашгийн 20% ногдол ашиг гэж шаардаж байсан. Сүүлд гаргасан нэхэмжлэл нь болохоор дан ганц ногдол ашиг биш, энэ бол хувьцаа худалдах хувьцааны үнэ байсан гэдэг байдлаар яваад байдаг. Алданги шаардаж байгаа тохиолдолд өөрөө ч 10 сараас төлөгдөхгүй байсан гэж хэлдэг. Бид ч 10 дугаар сараас энэ гэрээг өөрт нь удаа дараа мэдэгдээд цуцалсан тухай байдаг. Цуцалсан шалтгаан нь ногдол ашиг гээд байгаа 122 сая төгрөгийг өөрөө зохиомлоор бий болгосонтой л холбоотой. Энэ хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог, Гы тооцооны нийлсэн баримтаар тогтоогддог. Г төв дээр 122 сая төгрөгийн авлагатай гээд байдаг. Анх ногдол ашиг гэсэн учраас бид нар яг энэ байдлаар тайлбар бичсэн. Тодруулах юм бол ногдол ашиг гаргахын тулд авлага цэвэр орлогын дараах, татварын дараах ашиг байгаад байдаг. Цэвэр ашгийг 120 сая төгрөгөөр гаргаад ирэнгүүт энэ үнийн дүн өндөр гарсан гэдэг байдлаар бид гаргаж байсан. Яг энэ талаар бид нар удаа дараа Х.Уд хэлдэг. Чи Г төвөөс 120 сая төгрөгийн авлагатай гээд байна, энийгээ нотлоод өгөөч ээ, энэ баримтуудаа гаргаад өгөөч ээ, чи гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа компанийн бүх тооцоог өөрөө хийж явсан, энийгээ нотлоод өг гэхээр нотолсон зүйл нэг ч байдаггүй. Г төв дээр бид нар очоод уулзахаар танайд 120 сая төгрөгийн өглөг байхгүй шүү дээ, юу яриад байгаа юм бэ гэдэг. Өөрөө дундаас нь аваад идчихсэн юм уу, эсхүл зохиомлоор ийм тоо гаргаж ирсэн юм уу гэдэг асуудал эргэлзээ төрсөн учраас бид нар 8, 9 дүгээр сард бид нар Х.Уд энийгээ нотлоод өг гэж шаардаад бараагүй, сүүлдээ төлбөрийг нь төлөхөө больсон байгаа. Бид нэг ч хугацаа алдагдалгүй төлж явсан. Нэхэмжилж байгаа шаардлагыг татгалзаж байгаа юм нь Иргэний хуулийн 219.1-т байгаа. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлоо шаардах эрхтэй. 222.2 дээр хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл бид нар Г төвтэй тооцооны асуудал гараад 122 сая төгрөгийн авлагын асуудал нь огт байхгүй болж таараад энийгээ чи тогтоогоод өг, тэгвэл бид нар тооцоогоо нийлээд хэдийг өгөх ёстой юм, өгье л гэдэг, огт энэ асуудал яригдаагүй, тооцоогоо нийлээгүй учраас бид өгөхөө больсон. Тэгэхээр анзын асуудал ч яригдахгүй гэж үзэж байна. гэв.
3. Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Уд холбогдуулан 174,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2003 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоог барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээний дагуу шилжүүлсэн 174 сая төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан байгаа. Х.У ЖД ХХК-д холбогдох ногдол ашиг болон алданги нийт 123,433,327 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байдаг. Шаардлагын үндэслэлээ компанийн 2019, 2020 онуудад олсон нийт ашгийн 20%-тай тэнцэх ногдол ашгийг гаргуулахаар шаардсан бөгөөд уг ногдол ашгийг Х.У нь ерөнхий нягтлан, гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа өөрөө тооцоолж гаргасан байдаг. Тодруулбал Х.У нь тус компанид 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өрийг хүртэл ЖД ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс ЖД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2001 тоот хурлын шийдвэрт тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байсан. Энэ үед өөрт ногдох ногдол ашгийг өндөр гаргах зорилгоор Г төвтэй 122,162,389.73 төгрөгийг зохиомол авлага үүсгэж мөн хэмжээгээр өөртөө ногдол ашгийг хувиар хассан болох нь Г төвтэй тооцоо нийлэх үед буюу 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр мэдэгдсэн болно. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г төвтэй ерөнхий нягтлан бодогч, төрийн нягтлан бодогч н.Түвшинжаргалын гэрчээр өгсөн ЖД ХХК 122,162,389.73 төгрөгийн өр төлбөр, Г төвд байхгүй. Тухайн үед ЖД ХХК нь тооцооны дүгнэлт дээрээ 122,162,389.73 төгрөгийг аван санхүүгийн анхан шатны баримт нь нотлогдоогүй учраас тооцоонд оруулах боломжгүй байсан гэж мэдүүлсэн байдаг. ЖД ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Н.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг дээр Г төв 122 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй. Өр төлбөр нь ЖД ХХК-ийн цэвэр ашигт нөлөөлөх тул ногдол ашиг хуваарилах гэрээний дүнд өөрчлөлт орно гэсэн мэдүүлгийг бас Г төв-д 122,162,389.73 төгрөгийн өр төлбөрийн асуудал огт байхгүй болохыг гэрчийн мэдүүлэг дээрээ өгсөн байдаг. Мөн ногдол ашгийг нь компанийн татварын дараах цэвэр ашгаас тооцдог. Дээрх өр төлбөр нь компанийн цэвэр ашиг тооцогдсон үнийн дүнгээс ногдол ашгийг нь бодож гаргасан тулд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2003 дугаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт буюу ногдол ашгийг төлбөр тооцоо гардуулах гэрээний үнийн дүн болох 256,288,885 төгрөгийн үнийн дүнд өөрчлөлт орох нь тодорхой байхын сацуу бидний зүгээс Х.У нь өөртөө маш их хэмжээгээр хуваарилах зорилгоор манай компанийг хууран мэхэлсэн болох нь нотлогдож байгаа гэж үзэж байгаа. Иймд Компанийн тухай хуулийн 46.8-д ногдол ашгийг компанийн татварыг төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж заасан бөгөөд манай компанийн хувьд 2019, 2020 онуудад ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах талаар гэрээнд заасан хэмжээгээр цэвэр ашиг нь олгоогүй. Г төвөөс 122,162,389.73 төгрөгийн авлагагүй болох нь дээрх баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ хэмжээний ногдол ашгийг Х.У хуваарилах ёсгүй байсан гэж үзэж үзсэн. Х.У нь өөртөө ногдох ашиг өндрөөр хуваарилах зорилгоор манай компанийг хууран мэхэлсэн байх тул хэлцлийг болон 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулж 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх төлсөн төлбөр болох нийт 174 сая төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргаж байгаа. гэв.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 4 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээ болон хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай гэж байна. Хариуцагч талаас анх шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбар хийж явахдаа гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргаагүй хүлээн зөвшөөрч, манайх энэ тооцооллоороо гаргах юм бол төлөөд явах боломжтой гээд гэрээ хүчин төгөлдөр бус гэж хэлж байгаагүй. Явц дундаа 1 зүйлийг 2 өөр юм тайлбарлаад түрүүний дурдсан энэ ногдол ашгийг өөртөө өндрөөр хуваарилсан тухай л асуудлыг яриад байдаг. 250 сая төгрөгийн ногдол ашиг гэдэгтэй холбоотой тооцооллоор энэ тооцооллыг Х.Ур гэж хүн өөрөө өөртөө зохиосон зүйл байхгүй. Энийг компанийн ерөнхий нягтлан бодогч Н.Б гэж хүн 2021 оныхоо компанийнхаа тооллогын зарлагыг үзэж үзээд ийм тооцоолол байна гэж үзээд 256 сая төгрөг үр дүнтэй тооцоолол гаргаж ирээд захирлууддаа танилцуулсан байдаг. Өмнө нь Х.Ун зүгээс өөрөө өөртөө тооцоо гаргаад өөртөө хуваачихсан зүйл байхгүй. Гэрээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болохоос биш өөр ямар нэгэн санал дүгнэлт ч юм уу оруулсан зүйл байхгүй. 122 сая төгрөг өглөг авлага байхгүй гэсэн зүйл яриад байна. Энэ гэрээний харилцаа үүссэнээс хожим нь ЖД ХХК болон Г төв хоорондоо тооцоо нийлдэг. Гарсан тооцооных нь нийт тооцооллын зөрүү 122 сая төгрөг байгаа. Компани хоорондын тооцоогоо өөрсдөө яагаад тусдаа учраа олоод маргаан үүсгээд шүүхээр зөрчиж болдоггүй юм бэ, энийг яагаад Х.У гэж ганц хувь хүнтэй холбоод авч хэлэлцээд байдаг юм бэ гэсэн зүйл байгаад байгаа. Н.Бгийн зүгээс гэрчийн мэдүүлэг өгөх үед энэ авлагын дүн нь Г төвөөс авах ёстой байсан дүн гээд байгаа нь ашгийн тооцоололд нөлөөлсөн зүйл байгаа юм уу, энэ хамааралтай юм уу гэхээр хамааралгүй гээд хариулсан байдаг. 2-р хавтасны 32-р талд нотлох баримт шинжлэн судалсан үед харагдах байх. Г төвтэй холбоотой авлага өглөгийн асуудал бол энэ тооцоо гаргахад нөлөөлсөн зүйл байхгүй. Зүгээр энгийнээр бодоход орох ёстой дүн нэмэгдсэн нь компанийн ашиг дээр Х.Уд ногдох дүн нь өснө үү гэхээс биш, орж ирээгүй дүнгээс шалтгаалан өөрт нь хиймэл ногдол ашиг нэмэгдсэн гэх зүйл байхгүй. Энэ гэрээг ногдол ашиг тооцоо гаргуулах гэж нэхээд байгаа болохоос биш энийг боловсруулахдаа бас компанийн удирдлагын зүгээс боловсруулаад санал болгоод үүн дээр нь Х.Ур хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад байгаа. Түүнээс гэрээнд бас гарын үсэг зурж байгаа Ш.Д, Х.Ур гэж хэн аль нь насанд хүрсэн, бүрэн эрх зүйн чадвар чадамжтай хүмүүс байгаа. Тийм учраас юун дээр юуг хүлээн зөвшөөрч зурж байгааг ойлгож, ухамсарлаж зурсан гэж ойлгож байна. Иймд хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар нэхэмжлэлийн шаардлагаа анх цаасан дээр буулгахдаа ч гэсэн гэрээний үүрэгтэй шаардлагууд явж байгаа. Шаардлагын үндэслэл нь нийт ашгийн 20%-тай тэнцэх нэхэмжлэлийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гуйвуулж бичээд байгаа. Бид нар 4 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулсан. Цаад агуулгаараа зохицуулж байгаа харилцаа нь тоондоо тохиролцсон 256 сая төгрөгийг төлж барагдуулах харилцаа холбоотой харилцаа болохоос ногдол ашиг хэд байх ёстой, тэрийг авмаар байна гэсэн зүйл огт яриагүй. Хуваарийн дагуу хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. гэв.
5. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
5.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-3-4, Х.Ун иргэний үнэмлэхийн хуулбар /хх1-5/, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №20-03 дугаартай ЖД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр /хх1-6/, Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ /хх1-7-8/, Батлан даалтын гэрээ /хх1-9/, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Х.Уас Б.Тт олгосон Итгэмжлэл /хх1-25/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-35-36/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-83/, Өглөгийн дэлгэрэнгүй тайлан /хх1-132/, Санхүүгийн байдлын тайлан /хх1-144-145/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хх1-224/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх2-122/, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Х.Уас Б.Тт олгосон 0304 дугаар Итгэмжлэл /хх3-210/,
5.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21-01-137 тоот Итгэмжлэл /хх1-20/, ЖД ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-21/, хариу тайлбар /хх1-22-23/, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №221 дугаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-69-71/, Хаан банк дахь **** тоот дансны хуулга /хх1-87-89/, *** тоот дансны хуулга /хх1-90/, *** тоот дансны хуулга /хх1-91/, Тооцооны үлдэгдлийн баталгаа №1 /хх1-92/, Албан томилолтын зөвшөөрөл хүссэн маягт /хх1-127/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-195-196/, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №Б22-213 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх1-215/, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22-02-226 тоот Итгэмжлэл /хх1-226/, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22-02-233 тоот Итгэмжлэл /хх1-241/, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №Б22-267 дугаар Ажилд томилох тухай тушаал /хх1-246/, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22-02-226 тоот Итгэмжлэл /хх1-247/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ш.Доос Е.Бд олгосон 1387 тоот Итгэмжлэл /хх2-14/, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/175 дугаар СДА ХХК-ийн Хараат бус аудиторын тайлан /хх2-91-93/, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЭСА ХХК-ийн Хараат бус аудиторын тайлан /хх2-94-96/, ЖД ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх2-235/, ЖД ХХК-ийн дүрэм /хх2-236-239/, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 24-02/1/-176 тоот Итгэмжлэл /хх-240/, 2019 оны гүйлгээний баланс /хх2-242-250, хх3-1-22/, 2020 оны гүйлгээний баланс /хх3-23-100/, ЖД ХХК-ийн 2019 оны 4 дүгээр улирлын Санхүүгийн байдлын тайлан /хх3-101-110/, ЖД ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирлын Санхүүгийн байдлын тайлан /хх3-111-120/, 2019, 2020 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /хх3-121-168/, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25-02/1/76 тоот Итгэмжлэл /хх3-209/, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25-02/1/146 тоот Итгэмжлэл /хх4-118/, хариу тайлбар /хх4-134/
5.3 Шүүхээс: Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гэрч оролцуулах тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2022/09285 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу ,
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрч Д.Тантын өгсөн мэдүүлгийн тэмдэглэл /хх-136-137/,
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч оролцуулах тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/11632 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу ,
2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрч М.Бгийн өгсөн мэдүүлгийн тэмдэглэл /хх-138-142/,
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/14217 дугаар шүүгчийн захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд тус шүүгчийн захирамжийн дагуу,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Бгийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар дүгнэлт /хх2-167-187/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Бгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 89 дүгээр дүгнэлт /хх3-183-194/,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/12840 дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ЖД ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын түүхчилсэн лавлагаа, хувийн хэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамжийн дагуу,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 9/4868 тоот албан бичиг бүхий нотлох баримт /хх3-239-250/, /хх4-1-108/,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Уас хариуцагч ЖД ХХК-д холбогдуулан 123,43,237.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.Уас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЖД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 20-03 тоот 2019, 2020 оны ногдол ашиг хуваарилах, түүнийг хэрхэн төлөх тухай ээлжит бус хурлын шийдвэрийг үндэслэн Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт 82,288,885.00 төгрөг, алданги 41,144,442.00 төгрөг, нийт 123,433,327.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.
2.1 Хариуцагч ЖД ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч Х.У нь ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэх хугацаандаа 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны харилцагч Г төв ХХК-иас 489,033,722.14 төгрөгийн авлагатай тухай санхүүгийн праграммд бичилт хийсэн боловч Г төв ХХК-иас 122,162,389.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй, мөн хариуцагч хуулийн этгээдийн санхүүгийн тайлан 2019, 2020 онд алдагдалтай гарсан байхад хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилах нь хуульд нийцэхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
3. ЖД ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЖД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 20-03 тоот 2019, 2020 оны ногдол ашиг хуваарилах, түүнийг хэрхэн төлөх тухай ээлжит бус хурлын шийдвэр, Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцох, уг гэрээгээ шилжүүлсэн төлбөр болох 174,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Х.Уас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
4.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ЖД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20-01 тоот гүйцэтгэх захирал томилох тушаалаар нэхэмжлэгч Х.Уг гүйцэтгэх захирлаар томилж, мөн өдрийн контрактаар хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар талууд гэрээ байгуулжээ. /2-р х.х-ийн 177-186 дугаар тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хариуцагч хуулийн этгээдийн хуулийн этгээдийн түүхчилсэн лавлагаагаар, нэхэмжлэгч Х.У нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЖД ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн ба 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 20-04 тоот шийдвэрээр хувьцаа эзэмшигч Х.Уг гүйцэтгэх захирал албан тушаалаас чөлөөлж, түүний эзэмшлийн 20 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Ш.Дид худалдахыг зөвшөөрч, мөн өдрийн хувьцаа худалдах, худалдан авах 21-01 тоот гэрээгээр нэхэмжлэгч нь нэг бүрийн үнийг 1,000.00 төгрөгөөр 20 ширхэг хувьцааг Ш.Дид шилжүүлсэн байна./3-р х.х-ийн 210, 4-р х.х-ийн 32, 44/
Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана. гэж тус тус заасан.
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЖД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 20-03 тоот 2019, 2020 оны ногдол ашиг хуваарилах, түүнийг хэрхэн төлөх тухай ээлжит бус хурлын шийдвэрээр хувьцаа эзэмшигч Х.Уд 2019, 2020 оны ногдол ашиг 256,288,885.00 төгрөгийг Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-гээр 2021 оны 04 дүгээр 10-ны өдөр 30,000,000.00 төгрөг, 2021 оны 05 дугаар 10-ны өдөр 30,000,000.00 төгрөг, 2021 оны 06 дугаар 10-ны өдөр 30,000,000.00 төгрөг, 2021 оны 07 дугаар 10-ны өдөр 30,000,000.00 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 27,000,000.00 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 27,000,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 27,000,000.00 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 27,000,000.00 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 28,288,885.00 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна./1-р х.х-ийн 6-8 дугаар тал/
Дээрх үүргийг зөрчсөн тохиолдолд хувьцаа эзэмшигч Ш.Д хамтран үүрэг гүйцэтгэхээр Батлан даалтын гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар ЖД ХХК-аас гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан. /х.х-ийн 9 дүгээр тал/
Хариуцагч ЖД ХХК нь Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт нэхэмжлэгч Х.Урт 174,000,000.00 төгрөг төлсөн үйл баримттай талууд хэн аль нь маргаагүй боловч Г төв ХХК-ийн санхүүгийн бүртгэлийг зориуд буруу тайлагнасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагч маргасан.
Хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 05-ны Тооцооны үлдэгдлийн баталгаагаар, Г төв ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,2578,032.09 төгрөгийн өр төлбөр үүссэн болохыг баталгаажуулжээ./1-р х.х-ийн 92 дугаар тал/
Гэрч Д.Т ... Г төв ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ЖД ХХК-д 371,257,030.00 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй гарсан, гэрч М.Б ... нэхэмжлэгчид олгох ногдол ашгийн тооцоог би гаргасан, 2020 оны тайланг Х.У гаргасан, хувьцаа эзэмшигчид өөрсдөө хуримтлагдсан ашгаа мэдэж байсан уг тайланг цахим хаягаар хүрүүлсэн, Г ХХК нь 492,000,000.00 төгрөгийг өр төлбөрөөс 371,2578,032.09 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх өр төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй ... гэж тус тус шүүхэд мэдүүлсэн./1-р х.х-ийн 136-143 дугаар тал/
Дээрх гэрчүүдийн мэдүүлэгт нэхэмжлэгч Х.У ерөнхий нягтлан байх хугацаандаа Г төв ХХК-ийн ЖД ХХК-д төлөх 492,000,000.00 төгрөгийн өр төлбөрийг зохиомлоор үүсгэсэн гэх боловч уг санхүүгийн тооцооллын зөрүү хэрхэн яаж үүссэн эсэх, энэ нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх явцад үүссэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, мөн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хувьцаа эзэмшигчийн хуульд заасан ногдол ашиг авах эсэх маргаан тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад үл хамаарах нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа түүнээс үүссэн эрх зүйн үр дагаврыг дүгнэх шаардлагагүй.
Мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн талуудын маргаан хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд дээрх гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны бусад хэрэгслээр нотлогдоогүй.
4.2 Хариуцагч, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-т Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна. гэж зааснаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн СДА ХХК-ийн 03/175 тоот Хараат бус аудитын тайлан, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЭСА ХХК-ийн 104 тоот хараат бус аудитын тайлангаар тус тус ЖД ХХК нь алдагдалтай гарсан үндэслэлээр ногдол ашиг хуваарилсан нь хууль зөрсөн гэж маргасан./х.х-ийн 91-96 дугаар тал/
Тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2023/14217 тоот захирамжаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг ЖД ХХК-ийн 2019, 2020 оны санхүүгийн тайлан болон холбогдох санхүүгийн анхан шатны баримтад дүгнэлт хийж тодорхойлох, СДА ХХК болон ЭСА ХХК-ийн хараат бус аудитын дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэхийг тодруулж, дүгнэлт гарган ирүүлэхээр шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн./х.х-ийн 144-146 дугаар тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлт ирүүлсэн боловч уг шинжээчид тавигдсан асуулт, санхүүгийн анхан шатны баримтад заагдсан үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоогоогүй үндэслэлээр дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн ба 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 89 тоот дүгнэлтээр ЖД ХХК нь 2019 оны жилийн эцэст 907,950,500.00 төгрөг, 2020 оны жилийн эцэст 855,000,500.00 төгрөгийн тус тус алдагдалтай ажилласан, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн СДА ХХК-иас 03/175 тоот Хараат бус аудитын тайлан, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЭСА ХХК-ийн 104 тоот хараат бус аудитын тайлангууд нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт гаргахад шаардлагатай нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг устгалд оруулсан тул уг хараат бус тайлангуудыг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн байна./х.х-ийн 2-р хавтаст хэргийн 167-171, 183-188 дугаар тал/
Нэгэнт 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн СДА ХХК-ийн 03/175 тоот, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЭСА ХХК-ийн 104 тоот тус тус хараат бус аудитын тайлангуудыг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл үүссэн тул ЖД ХХК-ийг 2019, 2020 онуудад алдагдалтай ажилласан гэх үндэслэл тогтоогдоогүй ба харин нэхэмжлэгчийн ашигтай ажилласан тооцооллыг нягтлан бодогч гаргасан, уг тооцооллыг хувьцаа эзэмшигч нарт цахим хаягаар мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.
Гэрч М.Бгийн ... 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах санхүүгийн тооцоолол нь харилцагч Г ХХК-ийн зөрүүнээс бусдаар ногдол ашгийг бодитоор тооцоолсон ... гэх мэдүүлэг нь хариуцагч ЖД ХХК-ийн 2019, 2020 оны санхүүгийн баримтад тулгуурласныг хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрч ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй ба уг ногдол ашиг тооцоолсон тооцоолол үйл баримттай талууд хэн аль маргадгүй.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж үзэхээр заажээ.
Тиймээс Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээ-ний гол нөхцөл нь хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг төлөх хугацаа, хүлээх хариуцлагыг талууд гэрээгээр тохиролцсон тул нэхэмжлэгч Х.У нь өөрийн хувьцаанд ногдох ногдол ашиг хуваарилсан хувьцаа эзэмшигчийн шийдвэрт заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах, хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.16-т Хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрөөс ногдол ашиг төлөх өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлсэн бол ногдол ашиг авах эрх нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хувьцааны хуучин эзэмшигчид үлдэнэ. гэж зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцааны ногдол ашиг хуваарилах хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээс хойш буюу 2021 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч өөрийн 20 хувийн хувьцааг Ш.Дид худалдсан ба уг шилжсэн хувьцааны ногдол ашгийг хэрхэх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй тул өөрийн эзэмшилд байх хугацааны ногдол ашгийг нэхэмжлэгч Х.У шаардах эрхтэй байна.
5. Талуудын Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, түүнчлэн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.
Хариуцагч ЖД ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-гээр 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 174,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, улмаар ногдол ашгийн тооцооллын зөрүү, санхүүгийн маргааныг тодруулахаар хариуцагч 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойших мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар хариуцагч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хожимдуулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох алданги 41,144,442.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдөр ЖД ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЖД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 20-03 тоот 2019, 2020 оны ногдол ашиг хуваарилах, түүнийг хэрхэн төлөх тухай ээлжит бус хурлын шийдвэрийг үндэслэн Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцох, уг гэрээгээ шилжүүлсэн төлбөр болох 174,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Х.Уас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан./х.х-ийн 193, 194 дүгээр тал/
Тодруулбал, нэхэмжлэгч Х.У нь ЖД ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байх хугацаандаа 2019, 2020 оны ногдол ашгийг тооцохдоо, харилцагч Г төв ХХК-д 122,162,389.73 төгрөгийн зохиомол авлага үүсгэж хууран мэхэлсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцийн үр дагаврыг шаардсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-д Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Х.У нь хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсан үйл баримтыг баримтаар нотлоогүй тул сөрөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч ЖД ХХК-аас 82,288,885.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,134,442.00 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т зааснаар ЖД ХХК-аас 82,288,885.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,134,442.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн хариуцагч ЖД ХХК-аас нэхэмжлэгч Х.Уд холбогдуулан гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЖД ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 20-03 тоот 2019, 2020 оны ногдол ашиг хуваарилах, түүнийг хэрхэн төлөх тухай ээлжит бус хурлын шийдвэр, Ногдол ашгийн төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцох, уг гэрээгээ шилжүүлсэн төлбөр 174,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Х.Уас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,091,050.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,509,595.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 569,394.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА