Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 558

 

                                                                                                                                                                                                                                            

                                                                    

 

 

 

 

 

 

         Х.Баяржаргалд холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Оюунжаргал,

Хохирогч Ц.Батсайхан,

Шүүгдэгч Х.Баяржаргалын өмгөөлөгч Д.Барсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Баяржаргалын өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Баяржаргалд холбогдох эрүүгийн 201626021424 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Хайчингийн Баяржаргал, 1975 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагад гэрээт ажилчин ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 2 дугаар багийн Ланс 10-3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НЮ75061407/,

Х.Баяржаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нураг дэвсгэрт Ц.Батсайханаас 5.000.000 төгрөгийг “зам тээврийн ажил олж өгнө” гэх нэрээр залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

          Баянгол дүүргийн Прокурорын газраас: Х.Баяржаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Баяржаргалыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Баяржаргалд холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Х.Баяржаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Сиди”-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баяржаргалаас 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батсайханд олгож, Х.Баяржаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, …тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Баяржаргалд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Х.Баяржаргалын өмгөөлөгч Д.Барсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Баяржаргалд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Х.Баяржаргал нь хохирогч Ц.Батсайхантай тохиолдлоор тааралдаад мөнгө аваад залилчихсан юм биш. Х.Баяржаргал, Ц.Батсайхан нар нь гэр бүлийн харилцаатай, дундаасаа 1 охинтой, хамтран амьдарч байсан. Ц.Батсайхан нь охиноо 1996 онд төрснөөс хойш 20 жилийн хугацаанд охиндоо ямар ч эд хөрөнгийн тусламж үзүүлж байгаагүй. Хүүхдийн төрсөн эцгийн хувьд Ц.Батсайхан нь охиндоо 5.000.000 төгрөг өгчихөөд эхээс нь нэхэмжлээд, хуулийн байгууллагын сүр хүчийг ашиглан төрсөн охиныхоо эхийг гэм буруутан болгох гээд байгаа нь ёс суртахуунгүй, эрх зүйн үндэслэлгүй үйлдэл гэж үзэж байна. Тухайн үед Х.Баяржаргал нь Ц.Батсайханд ажил олоод өгчихвөл охиноо тэжээн тэтгэхэд нэмэр болох болов уу гэх үүднээс таньдаг хүнээсээ ажил сураглаж өгөх гэсэн боловч таньдаг хүн нь ажлаасаа гарчихсан байсан тул яаж ч чадаагүй. Гэхдээ Х.Баяржаргал нь замын ажил хариуцдаг албан тушаалтан биш гэдгийг Ц.Батсайхан сайн мэдэж байсан. Тиймээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

          Хохирогч Ц.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Х.Баяржаргалтай гэр бүлийн харилцаагүй, түүнтэй хамтран амьдарч байгаагүй. 10-н жилдээ нэг ангид сурдаг байсан. Х.Баяржаргал нь Зам тээврийн яамны сайдын туслахыг сайн таньдаг гээд байсан тул ажил олж өгч чадах болов уу гэж бодоод найзаасаа хүүтэй мөнгө зээлж аваад Х.Баяржаргалд өгсөн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

          Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Д.Барсүрэн нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг гэм буруугийн асуудалтай хольж яриад байна. Х.Баяржаргал нь Ц.Батсайханаас замын ажил олж өгнө гэж хуурч мэхлээд 5.000.000 төгрөг авахдаа би энэ хүний хүүхдийг төрүүлсэн юм чинь хэдэн төгрөг хуурч мэхлээд авчихаж болно гэх бодолтой байсан. Анхан шатны шүүх Х.Баяржаргалд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Х.Баяржаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Х.Баяржаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нураг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараар дамжуулан Ц.Батсайханаас 5.000.000 төгрөгийг “зам тээврийн ажил олж өгнө” гэх нэрээр залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Батсайханы “…Би 2016 оны 1 дүгээр сарын 14-нд нэг нутгийн бөгөөд ангийн найз Баяржаргал нь “замын ажил авч өгнө” гэсэн ярианы дагуу 5.000.000 төгрөгийг Баяржаргалд өгөхөөр болж, би өөрөө хотод явж байхдаа найз Б.Мөнхбатаас 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлээд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын “Хаан” банкны салбараар дамжуулан түүний “Хаан” банкны 5723004429 тоот дансанд шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сараас эхлэн Баяржаргал нь надад “чи замын ажил хийдэг юм байна, Зам тээврийн яаманд таньдаг хүн байгаа, хавар замын ажил төрөл авч өгч болно, Зоригт сайдын туслахыг нь танина” гэх мэт яриаг дэлгэсэн. Сүүлдээ он гараад энэ яриа бүр хурдасч намайг шахаж “ажил хөөцөлдөх хүн надтай уулзлаа, ямар ч асуудалгүй бүтээгээд өгнө, мөнгө төгрөг шаардлагатай гэнэ, Цагаан сарын дараа ажил нь болох юм байна, 5.000.000 төгрөгөөр бүтээнэ гэнэ” гэхээр нь “уг хүнтэй чинь уулзъя” гэхэд нөгөө хүн “чамтай уулзахгүй гэнэ, мөнгө дансанд хийлгэхгүй, нэр усаа хэлмээргүй байна гээд байна. Чи бэлнээр мөнгийг нь авчих, би чамаас авна гэж байна” гэж хэлсэн. Энэ яриа их олон удаа яригдсан бөгөөд маш их итгэл үнэмшилтэй ярьж байсан. Ингээд би дээрх өдөр түүнд “би чамд итгэлээ шүү гээд чиний дансны дугаар луу би шилжүүлье” гэж хэлээд 5.000.000 төгрөг Баяржаргалын данс руу хийсэн. Цагаан сарын дараа ажил олж өгнө гэсэн тул би хүлээсэн чинь ажил сураггүй байхаар нь Баяржаргалтай утсаар ярьж очиж уулзахад “хүлээж бай, бүтнэ, болно, чи юун сүртэй юм” гээд бүр сүүлдээ “нөгөө хүн чинь Зоригт сайдтай Сүхбаатар аймагт явж байгаад хүнд хутгалуулсан, тэгээд онгоцоор тээвэрлэгдээд гэмтлийн эмнэлэгт ирж өнгөрсөн” гэж намайг худлаа хуурч цаг хожиж байсан. Сүүлдээ бүр утсаа авахаа болиод, очиж гэрт нь очиж уулзахаар “нөгөө мөнгийг чинь авсан хүн үхчихсэн юм чинь би яах юм, чамд мөнгө өгч чадахгүй” гэснээ “манай том хүүхэд чиний хүүхэд байгаа юм, түүнийг би өдий 20 гаран жил ганцаараа өсгөж хүмүүжүүлсний төлөөсөнд авна” гэх мэт хачин сонин юм яриад байсан. Би энэ эмэгтэйтэй нэг ангид сурч байсан болохоос хамтдаа амьдраад гэр бүл болсон юм ерөөсөө байхгүй юм. Тэр одоо өөрөө 3 хүүхэдтэй, нөхөртэй байж ийм сонин юм яриад миний мөнгийг өгөхгүй залилан мэхэлж байна…” /хх-7/,

Х.Баяржаргалын сэжигтнээр өгсөн: “…Батсайхан бид хоёр 10-н жилийн найзууд байсан бөгөөд үерхэж нөхөрлөж байсан. 1995 оны намар түүнийг цэргээс халагдаж ирсний дараа дотно харьцаанд орж түүнээс би охинтой болсон. Хүүхэдтэй болсноо хэлэхэд тэр “манай ээж чамтай суулгахгүй гээд хөөгөөд байгаа, хүүхдээ авахуул” гэдэг шаардлага тавьсан. Ингээд надаас хөндийрч холбоо тасраад 1996 оноос хойш уулзалдаагүй байж байгаад сая 2014 оны сүүлчээр уулзалдаж эхэлсэн. Амьдрал ахуйгаа ярьдаг болсон. Би “чиний охин 3 дугаар курсийн оюутан болсон” гэж хэлсэн, тэр зургийг нь үзээд “харин тийм байна, боломжтой үедээ би эргэж харж хандахыг хүсдэг юм” гэж ярьж байсан. Охин маань 1996 онд төрсөн, Батсайхантай маш их адилхан, төрснөөс хойш түүнд би хэлээгүй өөрөө өсгөж том болгосон. Өдий 21 нас хүртэл нь эцэг болох Батсайханаас нэг ч дэм авч үзээгүй, сүүлд уулзчихаад “дэм тус болно” гэж амласан учир охины сургалтын төлбөр нэхэгдээд байсан учир түүнд хэлээд “чи охиныхоо төлбөрийг хийгээд өгөөч” гэхэд тэр “за” гэж хэлээд 2016 оны 1 дүгээр сарын 10-ны үеэр байх над руу залгаад “чи дансныхаа дугаарыг явуулчих” гэхээр нь “Хаан” банкны 5723004429 гэсэн дансаа өгсөн чинь 5.000.000 төгрөг ороод ирсэн. Тэр мөнгийг нь аваад хүүхдийнхээ төлбөрийг төлж, хүүхдийнхээ хэрэгцээнд зарцуулсан…” /хх-11/ гэх мэдүүлгүүд болон 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ц.Батсайханы гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-72/, эзэмшигч Х.Баяржаргалын “Хаан” банкны 5723004429 дугаарын дансны хуулга /хх-57/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.Баяржаргалын өмгөөлөгч Д.Барсүрэн “…шүүгдэгч Х.Баяржаргал нь Ц.Батсайхантай урьд эр, эмийн харилцаатай байсан, охиныг нь төрүүлж өсгөсөн ба түүний дээрх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү…” гэж гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Баяржаргал нь хохирогч Ц.Батсайханы хүүхдийг төрүүлж өсгөсөн, тэдний хооронд эр, эмийн харилцаа байсан эсэх нь түүний “зам тээврийн ажил олж өгнө” гэж хохирогчоос 5.000.000 төгрөг залилан мэхлэж авсан гэмт хэрэгтэй холбогдолгүй, түүнчлэн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлд хамаарахгүй байх ба хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Баяржаргалын өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Баяржаргалын өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

               

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

           ШҮҮГЧИД                                                          Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                     Д.МЯГМАРЖАВ