Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 75

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,

Улсын яллагч: Л.Соёмбо,

Хохирогч: Ц.Батсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Барсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Хайчингийн Баяржаргалд  холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201626021424 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 14-
ний өдөр Төв аймагт төрсөн, 40 настай, яс үндэс халх, эмэгтэй, Бүрэн бус дунд
боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Дэлхийн зөн олон улсын байгууллагад
гэрээт ажилчин ажилтай, ам бүл-6, нөхөр хүүхдүүдийн хамт Төв аймаг
Зуунмод сум 2-р баг8 Ланс 10-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Хайчин Баяржаргал. регистрийн дугаар: НЮ-75061407,

Шүүгдэгч Х.Баяржаргал нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний
өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан
банкны салбараас Ц.Батсайханаас 5.000.000 төгрөгийг зам
тээврийн ажил олж өгнө гэх нэрээр залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Баяржаргал мэдүүлэхдээ: ...Би Батсайхантай эр эмийн харьцаатай байсан. Нэг талдаа зам тээврийн ажил олж өгнө гэж ярьж байсан. Би 20 жил түүний хүүхдийг нь өсгөж байгаагийн хувьд 5.000.000 төгрөг авсан. Би энэ  мөнгийг зам тээврийн ажил олж өгнө гэж хэлж аваагүй хүүхдэдээ зориулж авсан гэв.

Хохирогч Ц.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Баяржаргал надад замын ажил олж өгнө гэж хуурч 5 сая төгрөг авсан. Одоог хүртэл буцааж өгөөгүй байгаа. Би энэ мөнгийг найзаасаа зээлж авч өгсөн. Хүүг нь одоо хүртэл төлж байгаа. Иймд 5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хохирогч Ц.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн:....Би 2016 оны 01-дүгээр сарын 14-нд нэг нутгийн бөгөөд нэг ангийн найз Баяржаргал нь замын  ажил авч өгнө гэсэн ярианы дагуу 5 сая төгрөгийг Баяржаргалд өгөхөөр болж би өөрөө хотод явж байхдаа найз Б.Мөнхбатаас 5 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлээд Баянгол дүүргийн 10-р хороололын Хаан банкны салбараар түүний Хаан банкны 5723004429 тоот дансанд шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сараас эхлэн Баяржаргал нь надад чи замын ажил хийдэг юм байна, зам тээврийн яаманд таньдаг хүн байгаа, хавар замын ажил төрөл авч өгч болно, Зоригт сайдын
туслахыг нь танина гэх мэт яриаг дэлгэсэн. Сүүлдээ он гараад энэ яриа бүр хурдасч намайг шахаж, ажил хөөцөлдөх хүн надтай уулзлаа, ямар ч асуудалгүй бүтээгээд өгнө, мөнгө төгрөг шаардлагатай гэнэ, цагаан сарын дараа ажил нь болох юм байна, 5 сая төгрөгөөр бүтээнэ гэнэ гэхээр нь уг хүнтэй чинь уулзая гэхэд тэр нөгөө хүн чамтай уулзахгүй гэнэ, мөнгө дансанд хийлгэхгүй, нэр усаа хэлмээргүй байна гээд байна. Чи бэлнээр мөнгийг нь авчих би чамаас авна гэж байна гэж хэлсэн. Энэ яриаг их олон удаа яригдсан бөгөөд маш их итгэл үнэмшилтэй ярьж байсан. Ингээд би дээрх өдөр түүнд би чамд итгэлээ шүү гээд чиний дансны дугаар луу би шилжүүлье гэж хэпээд 5 сая төгрөг Баяржаргалын данс руу хийсэн. Цагаан сарын дараа ажил олж өгнө гэсэн тул би хүлээсэн чинь ажил сураггүй байхаар нь Баяржаргалтай утсаар ярьж очиж уулзахад хүлээж бай, бүтнэ, болно, чи юун сүртэй юм гээд бүр сүүлдээ нөгөө хүн чинь Зоригт сайдтай Сүхбаатарт явж байгаад хүнд хутгалуулсан, тэгээд онгоцоор тээвэрлэгдээд гэмтлийн эмнэлэгт ирж өнгөрсөн гэж намайг худлаа хуурч цаг хожиж байсан. Сүүлдээ бүр утсаа авахаа болиод, очиж гэрт нь очиж уулзахаар нөгөө мөнгийг чинь авсан хүн үхчихсэн юм чинь би яах юм, чамд мөнгө өгч чадахгүй гэснээ манай том хүүхэд чиний хүүхэд байгаа юм, түүнийг би өдий 20 гаран жил ганцаараа өсгөсөний төлөөсөнд авна гэх мэт хачин сонин юм яриад байсан. Би энэ эмэгтэйтэй нэг ангид сурч байсан болохоос хамтдаа амьдраад гэр бүл болсон юм ерөөсөө байхгүй юмаа. Тэр одоо өөрөө 3 хүүхэдтэй, нөхөртэй байж ийм сонин юм яриад миний мөнгийг өгөхгүй гэж залилан мэхэлж байнаа гэсэн мэдүүлэг /хх- 7-р хуудас/

Шүүгдэгч  Х.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ... атсайхан бид хоёр арван жилийн найзууд байсан бөгөөд үерхэж нөхөрлөж  байсан. 1995 оны намар түүнийг цэргээс халагдаж ирсэний дараа дотно харьцаанд орж түүнээс би охинтой болсон. Хүүхэдтэй болсоноо хэлэхэд тэр манай ээж чамтай суулгахгүй гээд хөөгөөд байгаа, хүүхдээ авахуул гэдэг шаардлага тавьсан. Ингээд надаас хөндийрч холбоо тасраад 1996 оноос хойш уулзалдаагүй байж байгаад сая 2014 оны сүүлчээр уулзалдаж эхэлсэн. Амьдрал ахуйгаа ярьдаг болсон. Түүний охины талаар 3-р курсийн оюутан болсон гэж хэлсэн, тэр зургийг нь үзээд харин тийм байна, боломжтой үедээ би эргэж харж хандахыг хүсдэг юмаа гэж ярьж байсан. Охин маань 1996 онд төрсөн, Батсайхантай маш их адилхан, төрснөөс хойш түүнд би хэлээгүй өөрөө өсгөж том болгосон. Өдий 21 нас хүртэл нь эцэг болох Батсайханаас нэг ч дэм авч үзээгүй, сүүлд уулзчихаад дэм тус болно гэж амласан учир охины сургалтын төлбөр нэхэгдээд байсан учир түүнд хэлээд чи охиндоо төлбөрийн хийгээд өгөөч гэхэд тэр за гэж хэлээд 2016 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр байх над руу залгаад чи дансныхаа дугаарыг явуулчих гэхээр нь Хаан банкны
5723004429 гэсэн дансаа өгсөн чинь 5 сая төгрөг ороод ирсэн. Тэр мөнгийг нь
аваад хүүхдийнхээ төлбөрийг төлж, хүүхдийнхээ хэрэгцээнд зарцуулсан гэсэн мэдүүлэг /хх-11/,

Шүүгдэгч Баяржаргал нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Ц.Батсайхан 5,000,000 төгрөгийг зам тээврийн ажил олж өгнө гэж итгүүлэн итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан болох нь:

 Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын хооронд мессежээр харилцсан тухай гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч нь бусдыг залилан мэхэлж эд хөрөнгийг нь авах гэмт хэрэг үйлдээгүй, харин шүүгдэгч, хохирогч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Х.Баяржаргал нь хохирогч Ц.Батсайханд зам тээврийн ажил олж өгнө гэж итгэл төрүүлэн 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк 5723004429 тоот данс руу шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Баяржаргал нь уг  зам тээврийн ажил олж өгөх эрх бүхий этгээд биш байхын зэрэгцээ авсан мөнгийг буцааж өгөөгүй ба уг мөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа сэдэлттэй байсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …удахгүй ажил бүтэх гэж байна, өнөөдөр ажил бүтнэ, ажил бүтээх хүн нас барсан зэргээр өнөөдрийг хүртэл мөнгийг өгөхгүй хуурч байна гэсэн мэдүүлэг, мессежний  гэрэл зургаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. 

Иймд шүүгдэгч  Х.Баяржаргалыг  бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Баяржаргалын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Уг гэмт хэрэг нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байна.

Иймд шүүгдэгч Х.Баяржаргалд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Х.Баяржаргалаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батсайханд олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах нь  зүйтэй.