Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/00285

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00285

 

 

 

П.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/03048 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Н Ш Ш Г Г-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02285 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, С.Индра, Ц.Хорлоо, П.Б нараас 38,233,670 төгрөгийг гаргуулж Мэргэн Финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12А дугаар байр, 58 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээч томилж 62,268,276 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаагаар оруулах болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан ажиллагааг хариуцагч байгууллага явуулаагүй хөрөнгийг шууд албадан дуудлага худалдаанд оруулсан. Хариуцагч нь С.Индра, Ц.Хорлоо, П.Б нар байхад өнөөдрийг хүртэл П.Б надад албан ёсоор үнэлгээ болон дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг хүргээгүй. Төлбөр төлөгч миний бие үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилоход орон сууцыг 88,954,680 төгрөгөөр үнэлж, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад үнэлгээг мэдэгдэх ажиллагааг явуулж, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4-146/6175 дугаар мэдэгдэх хуудсаар үнэлгээний тайлангийн хуулбарын хамт төлбөр төлөгч С.Индра, Ц.Хорлоо, П.Б нарын одоо оршин суудаг, албан ёсны бүртгэлтэй, барьцаа хөрөнгийн хаягаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж, төлбөр төлөгч нарт утсаар давхар мэдэгдсэн. Төлбөр төлөгч П.Б, Ц.Хорлоо нар нэг гэр бүлийн гишүүд бөгөөд төлбөр төлөгч Ц.Хорлоо, С.Индра нар нь шийдвэр гүйцэтгэгчтэй ирж уулзах үедээ үнэлгээний мэдэгдэл болон тайланг шуудангаар хүлээн авсан тухай тайлбар өгсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлд тусгагдсан. Мөн үнэлгээний мэдэгдэл болон тайланг төлбөр төлөгч П.Б нь уурлаад ураад хаячихсан тул дахин хуулбарлаж өгөх талаар С.Индра, Ц.Хорлоо нараас хүсэлт гаргаж байсан нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд тусгагдсан байгаа нь төлбөр төлөгч П.Б үнэлгээг хүлээн авсан болохыг нотолж байна.

Төлбөр төлөгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг үнэлэгдсэн үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаа олгосон боловч уг хугацаанд худалдан борлуулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаанд оруулахад санал ирээгүй, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 72,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон.

Төлбөр төлөгч С.Индра, Ц.Хорлоо, П.Б нар хуульд заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлээгүй, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээг баталгаат шуудангаар хүргүүлснээс хойш 4 сарын дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн төлбөр төлөгч этгээдээс үнэлгээнд гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Н Ш Ш Г Г-т холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016959 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12-А дугаар байр, 58 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Бы гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: П.Б миний бие хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй байх тул дуудлага худалдаагаар оруулахаар гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дахин үнэлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Н Ш Ш Г Г-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад П.Б, Ц.Хорлоо нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205016959 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12-А дугаар байр, 58 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, үнэлгээ тогтоосон талаар мэдэгдээгүйн улмаас гомдол гаргаж чадаагүй гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх1-2, 111-112/

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ барьцаа хөрөнгөнд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч этгээдээс үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж маргажээ. /хх 21-22/

4. Хариуцагч Н Ш Ш Г Г- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1145 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02285 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх24/, 25-26

5. Талууд барьцаа хөрөнгийг хураан авч, битүүмжилсэн болон дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3/47 дугаар тогтоолоор шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргаангүй. Харин шинжээчийн үнэлгээ үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Хэргийн баримтаас үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн дүнгийн талаар тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 3/47 дугаар тогтоол гарган, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх38/ Улмаар шинжээчид хууль сануулж, баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэргийн 40-41 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдож байна. Шинжээч нь П.Б, Ц.Хорлоо нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205016959 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12-А дугаар байр, 58 тоот хаягт байршилтай орон сууцыг 88,954,680 төгрөгөөр үнэлж, дүгнэлтээ 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж, Н Ш Ш Г Г-т ирүүлжээ. /хх 43, 44-57/

Дээрх үнэлгээний тайлангаас үзвэл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч П.Б нь үнэлгээ тогтоосон үйл баримтыг няцаах буюу хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Хариуцагч Н Ш Ш Г Г- нь шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч П.Бд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-146/6175 дугаар мэдэгдэл, энэ талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх58-59/

Түүнчлэн, нэхэмжлэгч П.Б нь үнэлгээ тогтоосон талаарх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, үнэлгээний тайланг урж хаясны улмаас эдгээр баримтуудыг дахин хуулбарлуулж авах хүсэлтийг нэхэмжлэгчийн хамт төлбөр төлөгч этгээдүүд болох С.Индра, Ц.Хорлоо нараас гаргасан үйл баримт тогтоогдсон байна. /хх-63/ Иймд хариуцагч байгууллагын гүйцэтгэсэн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч П.Бд үнэлгээний талаар мэдэгдээгүйгээс эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой байхад мөн оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргаж хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/03048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН