Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00224

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00224

 

Б.А, Б.Б, Г.Г Б.Э нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/02475 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Б.А, Б.Б, Г.Г Б.Э нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Х, Э.Ө, Г.Т, Г ХХК-д тус тус холбогдох

гэм хорын хохиролд 5,969,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, түүний өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Э.М 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эцэг Б.Эийн өмчлөлийн Верна маркийн 59-37 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Багануур дүүрэг чиглэлд явж байхад Ланд крузер маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн, урсгал сөрж мөргөсөн. Энэ асуудлыг замын цагдаагийн хэлтэс шалгаж жолооч Э.Өыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасныг зөрчиж осол гаргасан гэм буруутай болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100,000 төгрөгөөр торгосон. Верна маркийн 00-00 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолооч Э.Мөөс гадна Г.Г Б.А, Б.Б, О.Цэлмүүн нар зорчиж явсан юм. Ослын дараа жолооч Э.Мд зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, тархины доргилт, хамрын таславч зүүн тийш мурийсан, Б.Бд зүүн өвдөгний цус хуралт, Г.Гт хэвлийн урд хананы цус хуралт, Б.Аод зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдож, Верна маркийн 00-00 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан. Тээврийн хэрэгсэлд 4,502,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Т ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон. Т ХХК-д үнэлгээний төлбөрт 151,000 төгрөг, ослын газраас эвдэрсэн тээврийн хэрэгслийг зөөвөрлөх ачилтын зардал 80,000 төгрөг тус тус төлсөн.

Нэхэмжлэгч Г.Г хэвлийн КТГ-т шинжлүүлэхэд 150,000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 8,000 төгрөг, эмний мөнгө 10,300 төгрөг, нийт 168,300 төгрөг.

нэхэмжлэгч Б.А толгойн КТГ-т шинжлүүлэхэд 120,000 төг, шүүх эмнэлгийн төлбөр 8,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 7,000 төгрөг, нийт 135,000 төгрөг.

нэхэмжлэгч Б.Б толгойн КТГ-т шинжлүүлэхэд 120,000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 8,000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 7,000 төг нийт 135,000 төгрөг.

Мөргүүлсэн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.М, зорчигч Г.Г Б.Э нь эхнэр Т.Эын хамт ослын тухайд мэдсэн даруйдаа Багануур дүүргээс бусдын автомашинд шатахуун хийж Улаанбаатар хот руу ирэх, очих зардалд 40,000 төгрөг зарцуулсан. Мөн хэргийг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх явцад зорчигч нарыг эмнэлэгт үзүүлж, хийлгэх, үнэлгээ гаргуулах, цагдаагийн байгууллагаас дуудсан үед Багануур дүүргээс ирж, очих зэрэгт нийт 200,000 төгрөгийн зардал гарсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг баталгаажуулах болон итгэмжлэл гаргуулах төлбөрт нотариатад 8.500 төгрөг төлсөн. Өмгөөллийн хөлсөнд 550,000 төгрөгийг төлсөн. Б.Э нийт 798,500 төгрөгийг зардал гаргасан. Ланд крузер маркийн 00-00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Г ХХК бүртгэлтэй боловч Г.Х нь энэхүү тээврийн хэрэгслийг Г ХХК-аас зээл авч худалдан авсан. Иймд хариуцагч нараас гэм хорын хохиролд 5,969,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Хийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн осол болсныг мэдсэн. Автомашинд 5,800,000 төгрөгийн засвар хийсэн. Осол болох үед автомашиныг Э.Ө жолоодож явсан нь тогтоогдсон. Зөрчлийн тухай хуульд зааснаар 100,000 төгрөгөөр торгосон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцахаар, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулан жолоодож явсан Э.Ө гэм хорын хохирлыг төлнө гэжээ.

 

Хариуцагч Э.Өын шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Ослын дараа гэм хорын хохирол нэхэж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтэд эрүүл мэндэд учирсан гэмтэлгүй гэж байсан. Их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Цагдаад шалгагдаж байхад хоёр автомашин даатгалтай учир даатгалаас төлбөр гарна гэж байсан бөгөөд ямар нэгэн төлбөрийн тухай яригдаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Тгийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: 2018 оны 8 дугаар сард хүү Х.Дөлгөөн нь зөвшөөрөлгүйгээр 00-00 УНД улсын дугаартай автомашиныг унаж явсан. Х.Ө нь Х.Дөлгөөний зөвшөөрөлгүй уг автомашиныг унаж Баянзүрх дүүрэгт осол аваар гаргасан. Х.Өаас хохирол 5,000,000 төгрөгийг гаргуулах гэж хайсан боловч олдоогүй гэжээ.

 

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Улсын бүртгэлийн 9915-УНД улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашиныг ЗГ1905124342 дугаар автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож БГ1905124342 дугаар барьцааны гэрээгээр Г ХХК-ийн барьцаанд бүртгэгдсэн. Гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээд арилгах үүрэгтэй. Мөн БГ1905124342 дугаар барьцааны гэрээний 2.3-т заасны дагуу барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд байлгах бөгөөд барьцаалуулагч нь барьцаалсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтын горим засвар, арчилгаа, үйлчилгээ, даатгал зэргийг хариуцна. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг барьцаалуулагч өөрийн бусад хөрөнгөөр арилгах үүрэгтэй. Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг эзэмшиж ашиглаж байгаатай холбогдуулан гарах бусад зардлыг мөн хариуцах бөгөөд цаг тухай бүрд нь төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд автомашины татвар, жолоочийн хариуцлагын даатгал замын хөдөлгөөн зөрчсөний улмаас ногдуулсан торгууль зэрэг төлбөр хамаарна гэж заасны дагуу барьцаалуулагч буюу барьцааны зүйлийн эзэмшигч Г.Т Г.Х болон тухайн үед тээврийн хэрэгслийг унаж явсан этгээд нь уг гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй. Иймд Г ХХК хариуцагч биш тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Т, Г.Х, Э.Ө нараас гэм хорын хохирол төлбөр нийт 5,204,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд 4,733,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Гт 168,300 төгрөг, нэхэмжлэгч Б.Аод 135,000 төгрөг, Б.Бд 135,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 765,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,470 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 98,218 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бгийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх ...00-00 УНД улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин өмчлөгчөөр Г ХХК бүртгэлтэй боловч 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ1905124342 дугаар Г ХХК, Г.Т, Г.Х нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгож, уг тээврийн хэрэгслийг барьцаалж зээлийн гэрээний талууд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дугаар БГ1905124342 дугаар барьцааны гэрээ байгуулан, тээврийн хэрэгслийг Г ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн. Барьцааны гэрээний 2.3-т барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд байлгах бөгөөд барьцаалуулагч нь барьцаалсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтын горим засвар арчилгаа үйлчилгээ даатгал зэргийг хариуцна. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх бүхий л хор уршгийг барьцаалуулагч өөрийн бусад хөрөнгөөр арилгах үүрэгтэй байхаар тохирсон нь барьцааны гэрээгээр тогтоогдож байна. Иймд Г ХХК ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй. Мөн барьцааны гэрээнд зааснаар Г.Т, Г.Х нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, эзэмших ашиглах эрх үүрэг олгогдсон гэж үзнэ. Иймд хариуцагч Г.Т, Г.Х, Э.Ө нараас гэм хорын хохирол төлбөр нийт 5,204,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор тогтоосон болно гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Г ХХК-д холбогдох гэм хорын хохирлыг хариуцах үүргээс чөлөөлөгдсөн талаар дурдаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

8. Хариуцагч Г.Х, Э.Ө, Г.Т нар давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.А, Б.Б, Г.Г Б.Э нар хариуцагч Г.Х, Э.Ө, Г.Т, Г ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,969,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Ө нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 хороо Баянзүрхийн товчооны замд 00-00 УНД улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Э.Мийн жолоодож явсан 00-00 БРА улсын дугаартай Верна маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Уг ослын улмаас хариуцагч Э.Ө Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн 51-т заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн нь 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн шийтгэлийн хуудсаар тогтоогджээ. /хх.9/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Дээрх ослын улмаас нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд гэм хор учирсан болох нь нэхэмжлэгч нарын томографикийн баримт, тасалбар, ачилтын мөнгө, үнэлгээний хөлс төлсөн баримт, Тэнцвэр эсимейт ХХК-ийн үнэлгээ хийсэн баримт, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Г.Х, Э.Ө, Г.Т нар нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Т, Г.Х, Э.Ө нараас гэм хорын хохирол төлбөр нийт 5,204,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд 4,733,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Гт 168,300 төгрөг, нэхэмжлэгч Б.Аод 135,000 төгрөг, Б.Бд 135,000 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.Т, Г.Х нар Гтай 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ЗГ1905124342 тоот зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд 00-00 УНД дугаартай Ланд крузер 200 маркийн автомашиныг барьцаалсан, уг автомашины өмчлөгчөөр Г ХХК бүртгэлтэй байна. /хх.20, 119-131/ Энэ талаар талууд маргаагүй.

Барьцааны гэрээний 2.3-т барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд байлгах бөгөөд барьцаалуулагч нь барьцаалсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ашиглалтын горим засвар арчилгаа үйлчилгээ даатгал зэргийг хариуцна. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх бүхий хор уршгийг барьцаалуулагч өөрийн бусад хөрөнгөөр арилгах үүрэгтэй байхаар тохирсон байх бөгөөд анхан шатны шүүх Г ХХК ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу биш болжээ.

Харин Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдах гомдол гаргасан хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдлэх нь түүний хүсэл зориг тул нэхэмжлэгч нарын өмгөөллийн хөлсөнд төлсөн 550,000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулах боломжгүй юм. Мөн замын болон шатахууны зардал зэрэг нь уг осолтой шалтгаант холбоотой нь баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 765,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Г ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/02475 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...нэхэмжлэлийн шаардлагаас 765,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэсний дараа Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО