Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 323

 

“Г ш” ХХК болон нэр бүхий

компаниудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн

Засаг даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                       Л.Атарцэцэг

                                             Д.Мөнхтуяа

                                             Б.Мөнхтуяа

      Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Г ш” ХХК, “С б” ХХК, “О” ХХК, “Б-А” ХХК, “Ц” ХХК, “Э д м” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “Э г б” ХХК, “Б з” ХХК, “Б б” ХХК-иудад холбогдох хэсгийг тус, тус хүчингүй болгуулах тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0703 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0249 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч “Г ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, “Э д м” ХХК-ийн төлөөлөгч Ч.Б, “Б бичээ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон “Г ш” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0703 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.2, 37.4, 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г ш”, “С”, “О”, “Б-А”, “Ц”, “Э д м”, “С”, “Э”, “Э г б”, “Б з”, “Б б” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн “Г ш”, “С б”, “О”, “Б-А”, “Ц”, “Э д м”, “С”, “Э”, “Э г б”, “Б з”, “Б б” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0249 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэр бүхий 11 компанийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтын “Г ш”ХХК, ““С б” ХХК, “К, “Б-А” ХХК, “Ц” ХХК, “Э д м” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “Э г б” ХХК, “Б з” ХХК, “Б б” ХХК-д, хоёрдугаар хавсралтын “О” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0249 дүгээр магадлалыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хууль болох Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3, 37.4, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүд байсан эсэхийг тодруулалгүйгээр хэрэгт авагдсан үйл баримтыг үнэлэлгүй хэт нэг талыг баримтлан хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь заалтыг тус тус зөрчсөн. Тодруулбал, хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудад заасны дагуу сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийлгүй шийдвэр гаргасныг огт дүгнэхгүй нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч нарыг “нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” хэмээн буруутгадаг боловч хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 02-01/691 дугаартай албан бичгийн хавсралт болох нэхэмжлэгч компаниуд нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаарх баримт үндэслэлгүй юм. Мөн хариуцагчийн үндэслэл болгож буй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан байтал хариуцагчийн зүгээс “иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт явуулсан акт, албан шаардлага хүргүүлсэн” гэж тайлбарладаг ба албан ёсны дүгнэлт, санал хавтаст хэрэгт байхгүй.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс, усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, тэдгээрийн эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг тус тус тогтоосон, хэдийгээр маргаан бүхий захирамжид дурдсанчлан “Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэж тодорхойлсон ч, хэрэгт авагдсан баримтаар нэр бүхий 11 компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогддог, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн зүгээс ч энэхүү давхцалыг үгүйсгээгүй болно.” гэжээ. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, төлөөлөгч нарын зүгээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт буюу усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд орсон талаар үгүйсгээгүй боловч Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан ундны усны хамгаалалтын бүсэд ороогүй талаар анх нэхэмжлэл гаргасан цагаасаа маргасаар байгааг анхан шатны шүүх дүгнэсэн.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Шүүх энэхүү ... 50 дугаар тогтоолыг буруутгаагүй ...Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга хэлбэр шаардлагыг хангаж гараагүй байна гэж үзлээ. ...Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэж заасан нь ойлгомжгүй, тодорхой биш байгаа талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй. Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс дээрх 50 дугаар тогтоолын 7-р хавсралтад заасан “Усны сан бүхий энгийн хамгаалалтын бүс”-тэй давхцалтай, үүнийг зургаар гаргаж нотлох баримтаар ирүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг маргаан бүхий захиргааны актад тодорхой тусгаагүй...” гэж дүгнэсэн байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр захиргааны хэм, хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй байсан, хүчин төгөлдөр гэж л дүгнэснээс биш энгийн хамгаалалтын бүсийг хуульд заасны дагуу биш хэт өргөнөөр болон бага тогтоосон эсэх талаар дүгнээгүй юм.

7. Гэтэл шүүхээс дүгнэлтийг буруу тайлбарлаж хариуцагчид ашигтай байдлаар хэргийг шийджээ. Мөн давж заалдах шатны шүүхээс “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд “тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн давхацсан” гэсэн зохицуулалт байхгүй ч ... Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна гэж дүгнэжээ.

Хариуцагчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтална, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т ...хууль зүйн үндэслэлийг заах гэж хуульчилсаар байтал давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруугаар хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэр гаргасан. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 249 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. “Г ш”ХХК-ийн төлөөлөгч С.Э: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0249 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь судлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хуулийн үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Учир нь анхан шатны шүүх шийдвэртээ “маргаан бүхий захиргааны актад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Хэрэв захиргааны байгууллага энэ заалтыг үндэслэл болгож байгаа бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх тухай шат дараалсан шинжтэй ажиллагааг хэрэгжүүлээгүй тухай болон хариуцагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу телевизээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг хөндөх талаар 2017 оны 3 сард мэдээлсэн гэх тайлбар нь шийдвэр гарахаас даруй таван сарын өмнө байх ба дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 болон түүнээс улбаалсан сонсох ажиллагаа явагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна” гэж маргаан бүхий хэрэгт ач холбогдол бүхий үндэслэлүүдэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байдаг.

9. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжид “...тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон...” гэж “Г ш”ХХК болон нэр бүхий компаниудын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болгосон байна. Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд Гачуурт, Мах комбинат, Үйлдвэр, Яармаг, Нисэх, ДЦС-уудын гэх таван бүс хамаарах ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаар тогтоолын 1 болон 3 дугаар хавсралтаар тэдгээрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг уг тогтоолын 7 дугаар хавсралтаар шинэчлэн тогтоосон ба эдгээр нь өөр нутаг дэвсгэрүүдийг хамааран байрладаг, хэмжээний хувьд ялгаатай бүсчлэлүүд юм.

10. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүс” гэдэгт “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-ийг хамааруулан нэг ойлголт мэт авч үзэн тайлбарласан нь буруу юм. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ мөн энэ тухай"... хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахад хамгийн их хамаарал бүхий энэ /50-р тогтоол/ тогтоолыг үндэслэхдээ өөр өөр харилцааг журамласан байгааг үл анхаарч бүхэлд нь хамааралтай гэж үзэж үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга, хэлбэрийн шаардлагыг хангаж гараагүй гэж үзлээ. Яагаад гэвэл, дээрх тогтоолоор “ундны усны эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын”, “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын” хэмээн нийтдээ дөрвөн бүс тогтоосон ба маргаан бүхий захиргааны актад "Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэж заасан нь ойлгомжгүй, тодорхой биш байгаа талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв гэж үзэж байна. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс ... тогтооно” гэж заасны дагуу эргийн хамгаалалтын бүс эргээс 200 метр зайд байрлахаар байна.

11. Түүнчлэн нэхэмжлэгч нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн үндэслэл болгож буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар шинэчлэн тогтоосон “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-ийн таних тэмдэг хэсэгт хүртэл “Энгийн хамгаалалтын бүс /200м 30082,7га/” гэж тэмдэглэсэн байна. Гэтэл бодит байдал дээр Туул голын энгийн хамгаалалтын бүсийг эргээс 1 км зайд буюу 1000 гаруй метрийн хол зайд тогтоож хууль болон журамд заасан хэмжээнээс даруй 800 метрээр хэтрүүлэн тус бүсийг тогтоосон бөгөөд ингэж тогтоосны улмаас манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...НИТХ-ын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон байна” гэж дүгнэсэн.

12. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал мөн эсэх, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид эрх хэмжээгээ хэтрүүлсэн болон тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай эсэх зэрэгт үнэлэлт дүгнэлт хийх замаар шийдвэр гаргасан ба дээрх маргаан бүхий асуудалтай холбоотой усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоох хэмжээ, зааг, түүнийг бодит байдал дээр хэдэн метрээр тогтоосон болоод энэ нь холбогдох хуульд нийцэж байгаа эсэх зэрэгт дүгнэлт хийгээгүй юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “Хэдийгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд “тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн давхацсан” гэсэн зохицуулалт байхгүй ч, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомстох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгохоор, харин “усны сан бүхий газар...-ын онцгой болон энгийн хамгаалалтын... бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах” нь уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна” гэж дүгнэсэн атлаа Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангахдаа хууль, дүрэм, журам зөрчсөн зэргийг харгалзан үзээгүй.

13. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүс, усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын бүс, тэжээгдлийн мужид хориглох үйл ажиллагааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.9, 2.9.1, 2.9.2, 2.9.3, 2.9.4, 2.9.5, 2.9.6, 2.9.7 дахь заалтуудаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг уг журмаар хориглоогүй байна.

14. Мөн журмын 2.10-д “Энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22.9-д заасны дагуу зохицуулна” гэж, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна” гэж, уг харилцааг тусгайлан зохицуулсан хууль болох Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан байна. Үүнээс үзвэл, түгээмэл тархацтайгаас бусад Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж буй ашигт малтмалын тухайд журмын 2.10 дахь хэсэг хэрэглэгдэхээр байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд энэ талаар хуульчлан тогтоож өгөөгүй тул төрийн захиргааны байгууллага хуулиар эрх олгосноос бусад буюу хуульд заагаагүй бүрэн эрхийг эдлэх хууль зүйн ойлголт байхгүй юм.

15. Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахдаа дээрх журмыг баримтлаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл байхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь холбогдох хууль журмыг зөрчиж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 249 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэлгүйгээр маргаан бүхий акт нь “шийдвэр гаргах ажиллагааны болон агуулгын алдаатай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь бүхэлдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан “усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-тэй давхцалтай гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг зөвтгөж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

17. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон, тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй” гэх үндэслэлээр нийт 95 аж ахуй нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

18. Энэхүү хэргийн нэхэмжлэгч нарын тухайд “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэсэн үндэслэлээр “Г ш”, “С б”, “Б-А”, “Б б”, “С”, “Б”, “Э д м”, “Ц”, “Э г б”, “Э” ХХК-иуд, “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш гурван жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр “О” ХХК-ийн газрын хэвлийг ашиглах эрхийг тус тус дуусгавар болгосон байна, гэвч “Г ш”, “Э д”, “Ц”, “Э г б”, “Э” ХХК-иуд нь тайлангаа дүгнүүлж, нөхөн сэргээлт хийсэн, өөрөөр хэлбэл зөрчлөө арилгасан тухай маргаан бүхий актад зааснаас зөрүүтэй баримтууд хэрэгт авагдсан байна.

19. Хэрэв маргаан бүхий актын үндэслэл буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь бодит байдалд тогтоогдвол зөвхөн шийдвэр гаргах ажиллагааны, эсхүл агуулгын алдаатай гэдэг үндэслэлээр /нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагааг зөвтгөж/ маргаан бүхий актыг хүчингүй болгох нь эрх зүйт төрийн хууль ёсны зарчимд нийцэхгүй юм.

20. Нөгөө талаар, маргаан бүхий актад заасан үндэслэлүүд нь эрх зүйн ялгаатай үр дагаврыг үүсгэнэ. Тодруулбал, хэрэв нэхэмжлэгч нар нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр /нөхөн сэргээлт хийгээгүй, хуульд заасан хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй зэрэг/ газар ашиглах эрхийг нь дуусгавар болгож байгаа бол энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д заасан “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл захиргааны актад заасан бол” гэсэн үндэслэлээр эрх зүйн зөрчилгүй эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах үндэслэлд хамаарах бөгөөд энэ тохиолдолд захиргааны актын хандсан этгээдийн хувьд /тухайлбал нэхэмжлэгч нарын хувьд/ хохирол шаардах эрхгүй. Харин маргаан бүхий актад заасан нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа бодит байдалд үгүйсгэгдэх бол /нөхөн сэргээлт хийсэн, эсхүл газрын хэвлийг ашигласан зэргээр/, гагцхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан “ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэсэн үндэслэлээр цуцлагдаж байна гэж ойлгох ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5-ийн аль нэг үндэслэлд хамаарах бөгөөд энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй.       

21. Иймд, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий актын үндэслэл нь бодит байдалд бий болсон эсэхийг тодруулахад шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгч компаниудын хувьд тус бүрт нь дүгнэлт хийх шаардлагатай.

22. Давж заалдах шатны шүүхээс “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол гарсан учир энэхүү тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны, нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэх дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

23. Учир нь, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 50 дугаар тогтоолоор “ундны усны эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс” /1,3-р хавсралтаар/, “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүс” /6,7-р хавсралтаар/-ийг тогтоосон ба маргаан бүхий актад “Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэсэн үндэслэлийг заасан, гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийн талбай нь 50 дугаар тогтоолын 7-р хавсралтаар баталсан “усны сан бүхий энгийн хамгаалалтын бүс”-тэй давхцаж байгаа зэрэг зөрүүтэй үйл баримтуудыг ялгаж салгаж дүгнээгүй байна.

24. “Усны сан бүхий энгийн хамгаалалтын бүс”-ийн горим нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар зохицуулагдаж байх бөгөөд уг журмын 2.10-т “Энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22.9-д заасны дагуу зохицуулна”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна”, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3.“Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно”, 4.4.“Энэ хуулийн 4.3-т заасан хилийн заагийн гадна үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр байгаль орчны нөхөн сэргээлт хийж, таримал ой, хиймэл нуур, усан сан байгуулсан бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэсэн хуулийн зохицуулалтуудтай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь хэрхэн уялдах талаар дүгнэх шаардлагатай.

25. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор /7 дугаар хавсралтаар/ баталсан “усны сан бүхий энгийн хамгаалалтын бүс” нь дээр дурдсан хуулийн дагуу баталсан Засгийн Газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа эсэх, хэрэв давхцаагүй буюу түүнээс илүү хэмжээгээр тогтоосон бол түүний эрх зүйн үндэслэл болоод бодит шаардлага, ийнхүү илүү тогтоосон тохиолдолд тухайн бүсэд “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах” үйл ажиллагааг хориглох эсэх, хориглосон тохиолдолд тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлахад /тухайлбал маргаан бүхий актаар/ үүсэх үр дагаврыг хэрхэн арилгах зэргийг хариуцагчаас тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.  

26. Дээрх үндэслэлүүдийг тодруулалгүйгээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн учир шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0703 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0249 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 702.000 төгрөг, нэхэмжлэгч “Г ш” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        М.БАТСУУРЬ

                 ШҮҮГЧ                                                               Г.БАНЗРАГЧ