Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0117

 

 

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0117

Улаанбаатар хот

Ж.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу Ж.А-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ж.А-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.18 ны өдрийн 40 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах нь

1. Багийн Засаг даргыг сонгох сонгуульд 275 иргэн санал хураалтад оролцсон гэх нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.10-р заалтыг зөрчсөн. Уг заалтад “тухайн баг хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох” тухай заасан. Гэтэл 1. Өөр багийн иргэд оролцсон нь нотлогдсон. Энэ сонгуулийн дүнд нөлөөлсөн байхад нөлөөлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

2. Түүнчлэн “багийн иргэдийг регистрийн дугаараар бүртгээгүй зөрчил нь багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан хууль ёсны дагуу явагдсан үзэх үндэслэлгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.10-р заалтад баг хорооны хуралд зөвхөн баг хорооны иргэн оролцохыг хуульчилсан. Гэтэл тухайн хуралд өөр багийн иргэд оролцож санал өгч, уг иргэдийн нэг нь сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж, хурлын тогтоолд гарын үсэг зурсан байдаг. Хурлын тогтоол ямар байх талаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25-р зүйлд тодорхой тусгасан ба миний маргаан үүсгэсэн 2017.04.22-ны өдрийн 04 тоот хурлын тогтоолд өөр багийн иргэн Нармандах гэх этгээд, нарийн бичгийн дарга гэх үндэслэлээр гарын үсэг зурж баталгаажуулах хуульзүйн үндэслэлгүй байхад тогтоолд гарын үсэг зурж , хурлын үйл ажиллагаанд оролцож байгаа нь дээрх хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байхад шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй.

3. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох сонгогчдын нэрсийн жагсаалт бүхий баримтыг харьяаллын бус иргэнийг оролцсон эсэхийг нотлох боломжгүй гэж шүүх үзсэн. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Уг баримтаар 42 хүн харьяаллын бус иргэн 2017.04.22 ны өдрийн Засаг даргыг сонгох сонгуулийн ирцийн бүртгэлд бичигдсэн хаягт эдгээр иргэн байхгүй нь нотлогдсон. Энэхүү нэрсийн жагсаалт нь Ерөнхийлөгчийн сонгууль явагдахаас 2 сарын өмнө буюу 2017.04.26-ны өдрөөр шилжилт хөдөлгөөн хийхийг хориглогдсоноос хойш гаргасан нэрсийн жагсаалт бөгөөд 2017.04.22-26 өдрүүдэд тус багаас шилжсэн иргэд байгаа эсэх лавлагаа гаргуулах хүсэлтийг игайдвэрлээгүй байж шууд уг баримтыг харьяалалгүй иргэн оролцсон гэдгийг нотолсон баримт биш гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2017.04.22-ноос 2017.04.26 хүртэлх тус багаас шилжилт хөдөлгөөн хийсэн лавлагааг авах хүсэлт гаргасаар байхад хүсэлтийг хүлээн аваагүй атлаа дээрх нэрсийн жагсаалтыг үндэслэлгүй баримт гэж үзсэн нь хууль бус юм.

4. Сонгуульд 275 иргэн оролцсон гэж шүүх үзсэн. Гэтэл харьяаллын бус 42 хүн оролцсон нотлох баримтыг анхаарч үзвэл Т.Д 152 санал авсан гэдэг нь үгүйсгэгдэх үндэслэл болж байгаа ба харьяаллын бус 42 хүнийг хасвал сонгуулийн дүн 55.2 хувьд хүрэхгүй болж байгаа байдлыг шүүх анхаарч үзээгүй. 42 иргэн /хавсралтаар/ харьяалалгүй байгаа талаарх холбогдох баримтыг гаргаж өгөхөд 2 хүнээс бусад нь харьяаллын байна гэж шүүх тайлбарласан ба тайлбартаа өөр хаягтай байгаа боловч овгийн эхний үсэг тохирч байна, овгийн эхний үсэг тохирохгүй байгаа ч нэр ижил байна , энэ хүн байх магадлалтай байна гэх зэргээр нотлогдоогүй тайлбарыг шүүх хуралдаан шүүгч хэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлаж байсан.Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.18-ны өдрийн 40 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Тооллогын комисс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргад нэр дэвшигч Ж.А 87 сонгогчийн буюу 31.6 хувийн санал, Т.Д 152 сонгогчийн санал буюу 55.2 хувийн санал авснаар тооцож, тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг үндэслэн багийн Засаг даргад Т.Д-ыг томилуулахаар сумын Засаг даргад уламжилжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хуралд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн бүр оролцож болохоор байна. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаар тус багийн Засаг даргыг сонгох хуралд тус багаас өөр багт оршин суух бүртгэл бүхий болон насанд хүрээгүй иргэд оролцсон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчээс санал өгсөн иргэдийн бүртгэлээс нэр бүхий 42 иргэн нь тухайн багийн иргэд биш бөгөөд эдгээр иргэдийг хасвал сонгуулийн дүн 55.2 хувьд хүрэхгүй болж байгааг шүүх анхаараагүй гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн жагсаалтаар гаргаж өгсөн 42 иргэнээс Б.Ч болон Ц.Ч нар тухайн багийн харьяат иргэд биш болох нь тогтоогдсон байх бөгөөд бусад иргэд нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Баян-Өндөр сумын Баянбулаг багийн санал өгөх эрх бүхий иргэдийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн жагсаалтад багтсан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд тус багаас шилжсэн иргэд байгаа эсэх лавлагаа гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй гэх гомдлын тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохтой холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байна.

Тиймээс Улсын бүртгэлийн хэлтсээс 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар бүртгэлтэй байгаа иргэдийн бүртгэлийг ирүүлсэн гэх жагсаалт нь 4 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бүртгэл байхаар байна. Түүнчлэн, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр багийн Засаг даргыг сонгох сонгуульд санал өгсөн иргэд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 4 дүгээр сарын 26-ны өдөр шилжилт хөдөлгөөн зогсоосноос хойших тус багийн сонгогчдын жагсаалтад бүртгэлтэй байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл тус багаас шилжилт хөдөлгөөн хийсэн лавлагаа авах хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх бөгөөд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ