Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00233

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00233

 

Х Б ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/02965 дугаар шийдвэртэй

Х И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б, Л.Г, Г.М, Г.О нарт холбогдох

48,726,225 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.Огийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч У.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Г.О нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Х И ББСБ-тай З19041701 дугаартай зээлийн гэрээ, Б19041701 тоот барьцааны гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлэн авсан. 19041701 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар Б19041701 зээлийн барьцааны гэрээс байгуулан, хариуцагч Л.Г, Ж.Б, Г.М нарын өмчлөлийн /3 хүний/ Б д, 17 хороо, 4 дүгээр хороолол /16063/, Жалханц хутагт Д гудамж, 00 байрны 00 тоотод байрлах 57.5 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 03-н өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгах, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийг хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгаж өөрчлөлт оруулсан байна. Хариуцагч нь 319041701 дугаартай зээлийн нэмэлт гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 31,575,000 төгрөг, зээлийн хүү 17,151,225 төгрөг, бүгд 48,726,225 төгрөгийг төлөөгүй байна. Ингээд шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна. Хариуцагч Г.Огоос зээлийн гэрээний үүрэгт 48,726,225 төгрөгийг гаргуулж Х И ББСБ ХХК-д олгож, Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б д, 17 хороо, 4 хороолол/16063/, Жалханц хутагт Д гудамж, 00 байр 00 тоотод байрлах 57.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаас хангуулж өгнө үү.

Хариуцагч Г.М гадаад улсад байгаа тул түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Зээлийн гэрээг Г.Отой байгуулсан учраас түүнийг хариуцагчаар татсан. Харин Ж.Б, Л.Г, Г.М нарыг барьцаа хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгийн шаардлагатай холбогдуулан татсан гэжээ.

2. Хариуцагч Г.Огийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хишигбуман И ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд Г.О миний бие хариуцагчаар татагдсан болно. Уг банк бус байгууллагаас 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 319041701 тоот зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5% хүүтэй бизнесийн зориулалтаар авсан болно. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж байсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөтгөж чадаагүйн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон бөгөөд Х И ББСБ ХХК-ийн зүгээс хоёр ч удаа зээлийн гэрээг дахин шинэчилж хийсэн болно. Миний зүгээс 2019 оны зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт хорь орчим сая төгрөг төлчхөөд байхад шүүхэд өгсөн нэхэмжлэлд үндсэн зээлийн үлдэгдэл 31 575 000 төгрөг, зээлийн хүүд 17 451 225 төгрөг, нийт 48 726 225 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х И ББСБ ХХК нь хариуцагч Г.Мд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Огоос 48 726 225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х И ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205042731 дугаарт бүртгэлтэй, Б д, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Жалханз хутагт Д гудамж, 40 дүгээр байрны 00 тоот хаягт байршилтай, 57.5 м2 талбайтай, орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471 702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б, Л.Г нараас 70 200 төгрөгийг, Г.Огоос 401 582 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х И ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагч Г.Огийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Зээлийн гэрээний 1.1-д холбогдох хуулиудыг тодорхой заасан атлаа гэрээнд заасан эрх үүргүүд харилцан адилгүй нэг талын эрх ашгийг хамгаалсан шинж чанрыг агуулсан нь харагдаж байна. Үүнээс улбаалан нэхэмжлэгчид давуу эрх эдлэж, зээлдэгч аргагүй байдалд орж санхүүгийн эрхшээлд орсон нөхцөл үүссэн бөгөөд Монгол улс төдийгүй дэлхий даяар үүссэн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газар, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөний бодлогын талаар тодорхой заавар, зөвлөгөө, чиглэлүүдийг өгсөөр байхад энэ банк бус санхүүгийн байгууллага нь өөрт ашигтайгаар өөрийн талд хэрэгжүүлсэн нь хэргийн материалд цугларсан баримтуудаар нотлогдож байна. Гэрээний 6.2, 6.2.1, 6.2.2, 6.2.4-т заасан нөхцөл байдал зээл авсанаас хойш 3 дах сараас эхлэн үүсчихээд байхад гэрээний 6.2-т заасан дангаар эдлэх эрхээ хэрэгжүүлэлгүй зөвхөн ирээдүйд сул орж ирэх хүүнд анхаарч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2 удаа өөрчлөлт оруулахдаа зээлдэгчийн хүсэлт, өргөдөл, саналгүйгээр нэмэлт хийгдсэн нотлогдож байна. Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлүүдэд заагдсан нөхцөл байдал үүссэн нь шүүгчийн тогтоосон 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх зүйлүүдтэй зөрчилдөхгүй байна. Иймд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээнүүдийг хүчингүйд тооцон зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр цуцалж, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хүүд төлсөн 14,239,000 төгрөгөөс 7,669,600 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцуулах, хуульд заасан үндэслэлээр хүүг бууруулах,

Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл уг барьцааны гэрээнд заагдсан иргэн нь уг зээлийг аваагүй, зээлдэгч зээлийн гэрээний оролцогч биш байх тул Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт заасныг үндэслэн, энэхүү барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүхий дүр үзүүлэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчин хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б19041701 тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах,

Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тооцуулан бодож буцаан авахаар өргөдөл гаргаж байгаа тул давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Х И ББСБ ХХК нь хариуцагч Г.О, Л.Г, Ж.Б, Г.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 31,575,000 төгрөг, зээлийн хүү 17,151,225 төгрөг, нийт 48,726,225 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Г.О нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 42/

4. Хэргийн 5-14 дахь талд авагдсан ЗГ9041701 дугаар зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Г.О нь Х И ББСБ ХХК-аас 35,000,000 төгрөгийг, 30 хоногийн 3,5 хувийн хүүтэй, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаатайгаар зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б д 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Д гудамж, 40 дүгээр байрны 00 тоот хаягт байршилтай 57,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон.

Мөн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулж, дээрх гэрээний хугацааг 2020 оны 08 дугаар сарын 19, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тус тус сунгасан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ сунгасан тухай бичгийн баримт /хх-9-10/, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

5. Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар болон нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, талууд зээлийн гэрээндээ зээлийн хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995.10.31/ 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул Х И ББСБ ХХК нь хариуцагч Г.Огоос 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн З19041701 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүүг шаардах эрхтэй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд хариуцагч Г.О гарын үсгээ зурсан байна.

Зээлийн гэрээний дагуу хүү төлөх хуваарьт хариуцагч гарын үсэг зурсан тул нэхэмжлэгч байгууллага төлөгдсөн мөнгөнөөс хүү тооцож авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.

6. Иргэний хуульд заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу олгосон зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээнээс ялгаатай тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж заасан бөгөөд анхан шатны шүүх уг заалтыг хэрэглээгүйг буруутгах боломжгүй юм. Иймд энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

7. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд хариуцагч Г.Мд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь буруу биш юм.

8. Хариуцагч Ж.Б, Л.Г нар барьцааны зүйлийн өмчлөгч бөгөөд барьцааны гэрээг зохих ёсоор байгуулсан байгаа тохиолдолд бодитойгоор зээл аваагүй гэдэг нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад саад болохгүй бөгөөд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.Огийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/02965 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Огийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401,582 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Ц.ИЧИНХОРЛОО