Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00234

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00234

 

Х ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2021/02981 дугаар шийдвэртэй

Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Бд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 14,357,636 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

1. Нэхэмжлэл Х ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Хариуцагч П.Бд Х ББСБ ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №0112250015 тоот зээлийн гэрээгээр 6,500,000 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлдүүлэгч зээлийг хугацаа, зориулалтын дагуу зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн. Зээлдэгч П.Б нь гэрээнд заасан хугацааны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 938 хоног төлбөр төлөөгүй бөгөөд гэрээний хугацаанд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдэлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч өдийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй байна. Иймд П.Бд зээлийн гэрээний хоёр тал гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийг төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй 938 хоног болсон. Үндсэн зээлийн 6,125,541.32 төгрөг, түүний үндсэн хүү 7,357,340.60 төгрөг, торгуулийн хүү 874,754.70 төгрөгийн хамт нийт 14,357,636.63 төгрөгийг хариуцагч П.Бас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч П.Булгын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: П.Б миний бие нэхэмжлэгч тал болох Х ББСБ ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,500,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Уг мөнгөн дүнгээс 1,200,721 төгрөгийг төлсөн. Тухайн үед хувийн хэрэгцээнд бараа материал авахаар зээл авсан. Х ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 14,357,636.63 төгрөгийг зөвшөөрөхгүй санал нийлэхгүй байна. Тухайн үед авсан 6,500,000 төгрөг дээр хүү алданги нийлээд 50 хувиас хэтрэхгүй байх бөгөөд үүнээс төлсөн мөнгөн дүнгээ хасвал санал нийлж байна. Хүү, торгуулийн хүү нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч П.Бас 12,926,977 /арван хоёр сая есөн зуун хорин зургаан мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгож, үлдэх 1,430,659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221,738, төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бас 221,781 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ... П.Б Х ББСБ ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэрэглээний зээл болох 6,500,000 төгрөгийг авч уг зээлээс 1,200,721 төгрөгийг төлсөн. Тухайн үед төлөлт тасалдсан учир Х ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхтулгад зээлийн төлөлтийг түр хойшлуулах хүсэлт өгсний дагуу миний саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

2020 оноос цар тахал /Ковид-19/ гарсан тул Х ББСБ ХХК-д мөн адил хойшлуулах хүсэлт гаргасан боловч тухайн үед тус банк бус санхүүгийн байгууллага ямар ч арга хэмжээ авалгүй байсаар урт хугацааны дараа өндөр хүү тооцож 14,241,637.34 төгрөгийг нэхэмжилж улмаар Ковид-19 цар тахлын хүрээнд гаргасан Монгол Улсын Их Хурлын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах тогтоол чиглэл, Монгол Улсын Засгийн газрын банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийг зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах тогтоол, Монгол Банк, санхүүгийн зохицуулах хорооны тушаал шийдвэрийг тус ББСБ нь үйл ажиллагаандаа хэрэгжүүлэлгүй, зөвхөн өөрсдийн өндөр хүү ашгийг бодож нөгөө талдаа илт хохиролтой тооцоо гаргаж нэхэмжилсэнд гомдолтой байна.

Нэхэмжилсэн мөнгөн дүнгээсээ миний төлөлт хийсэн гүйлгээг хасалт хийгээгүйгээр зогсохгүй анх зээлсэн үнийн дүн болох 6,500,000 төгрөгөөс давсан хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэж буй нь ашиг орлого буурсан хорио цээрийн үед хүнд цаг үед байж боломгүй зүйл тул миний төлөх чадварыг үнэлэн мөн ББСБ-ын зохион байгуулалтгүй, гэнэт дарамт учруулсан байдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Зээлдэгчээс албан ёсоор зээлийн төлөлтийг хойшлуулах, зээлийн гэрээг сунгах талаарх хүсэлтийг ямар нэгэн байдлаар гаргаагүй. Зээлдүүлэгчид шүүхэд хандах нөхцөл байдал урьд үүссэн боловч ковид-19 цар тахлын улмаас шүүхэд хандалгүй хариуцагчтай удаа дараа холбогдсон боловч төлнө гэж хэлээд төлөөгүй учраас шүүхэд хандсан. Банк бус санхүүгийн байгууллагын хүү, зээлийн эргэн төлөлтийг зогсоох ямар нэгэн шийдвэр Улсын Онцгой комисс болон Монгол Улсын Засгийн газраас гаргаагүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос энэ талаар ямар нэгэн бичиг Х ББСБ ХХК-д ирүүлээгүй. Х ББСБ ХХК-д 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотойгоор нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх чиглэл өгсний дагуу ажилласан.

Хариуцагчийн 6.5 хувиас хэтэрсэн хүү нэхэмжилсэн гэдэг нь үндэслэлгүй. банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн дүнгийн тооцооллыг Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хийсэн тул үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тодорхой хугацааны дараа шүүх хуралдаан болсон тул энэ хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх боломжтой байсан. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлээ буцаан төлөх хүртэл хугацаанд хүү нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй буюу зээлдэгч зээлийг ашигласан гэж үзэхээр заасан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй боловч шүүх шийдвэр гаргахдаа нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх байсан гэж үздэг. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан гэж үзээд нэхэмжилснээс 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

2. Х ББСБ ХХК, П.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01122500150 дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 6,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу хүүгийн хамт хугацаанд нь төлж дуусгах, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаарх шүүх зөв дүгнэсэн байна.

Зээлдүүлэгч ББСБ-аас 6,500,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлснийг зээлдэгч хүлээн авсан, зээлийг ашигласан хугацаанд 1,220,721 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Хариуцагчийн гомдолдоо бичсэн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлт өгсөн гэх байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна үндсэн зээл болох 6,500,000 төгрөгт гэрээгээр тохиролцсоны дагуу хүү тооцон шаардсан байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, төлбөрийн хэмжээг багасгах хууль зүйн үндэслэлгүй.

3. Анхан шатны шүүх Коронавирус халдвар /Ковид-19/-тай холбогдуулан хүү, нэмэгдүүлсэн хүүд 1,430,659 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Учир нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйл нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцааг хуулиар ялгавартай зохицуулсан бөгөөд хүүгийн хэмжээг багасгах эрхийг шүүхэд олгосон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийн зохицуулалт нь 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээнд хамаарна. Энэхүү тусгай зохицуулалтыг өөр төрлийн гэрээнд төсөөтэй хэрэглэхийг Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хориглон заасан.

4. Анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,430,659 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Иймээс давж заалдах гомдол гаргаагүй асуудлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлд заасанд нийцэхгүй тул нэхэмжлэлийн хангасан дүнд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

5. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2021/02981 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Ц.ИЧИНХОРЛОО