Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00009

 

Т.Тэнгисийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/0459 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1698 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Т.Тэнгис,

Хариуцагч : Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2016.01.22-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн О.Тамирын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Тэнгисээс 22.646 ам.доллар гаргуулж, Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоонд олгох тухай 1597 дугаар шийдвэр 2012.9.27-ны өдөр, 854 дугаар магадлал 2012.12.03-ны өдөр гарсан. Уг шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар даалгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч удаа дараа Иргэний хууль, Шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль зөрчиж төлбөр төлөгчийн эрх ашиг, сонирхлыг хохироосон. 2016.01.12-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд 75.000.000 төгрөгөөс дуудахаар тогтоол гаргасныг гардан авсан. Уг тогтоол дээр үл хөдлөх хөрөнгийг 75.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 177.1, 177.4 дэх заалтыг зөрчсөн ба төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудын харилцан тохирсон үнэ биш. Мэргэжлийн үнэлгээний шинжээчээр үнэ тогтоохгүй өөрсдөө дур мэдэн үнэлснийг зөвшөөрөхгүй. Иймд Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2016.01.22 өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ./хх1, 90/   

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 1597 дугаар шийдвэрээр 22.644 ам доллар буюу 34.168.820 төгрөг гаргуулан Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу битүүмжилж хураасан. Анхны албадан дуудлага худалдаа 2013.09.26 өдөр, 2013.10.25 өдөр тус тус зохион байгуулсан боловч Тэнгис нь 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж 2014.03.20 өдрийн 20612 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан дуудлага худалдааг хүчингүй болгосон байна. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчийн харилцан тохиролцсон үнэлгээ 150.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулаад 2014.5.16 өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 48.4-т заасны дагуу 2015.02.22 өдөр үл хөдлөх эд хөрөнгийн комиссын хуралдаанаар төлбөр авагчаас санал болгох хурлаар шилжүүлсэн. Төлбөр төлөгч Т.Тэнгис нь шүүхэд гомдол гаргаж дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.10 өдрийн 4220 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015.02.02 өдрийн 10 тоот санал болгох хуралдааны комиссын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлүүлсэн байна. 2015.9.28 өдөр 3/542 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгчийн аав О.Тамирт гардуулан өгөхөд 2015.9.29 өдөр шүүхэд гомдол гаргаж шүүхээс 2015.12.17 өдрийн 8881 дугаар шийдвэрээр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй гэсэн үндэслэлээр санал комиссын хуралдааны шийдвэрийг дахин хүчингүй болгосон. Хүчингүй болгосон тухай дээрх орон сууцыг 2016.01.22 өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20.4, ИХШХШТХ-ийн 77.6.-д заасны дагуу шүүхийн заагдсан хаяг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 50 мянгат 28-30 тоот хаягт очиход төлбөр төлөгчийн аав О.Тамирт 3/997 тоот мэдэгдэл 1/8 дугаар тогтоолуудыг гардуулж төлбөр төлөгчид хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016.01.22 өдөр Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу харилцан тохиролцон 150.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 75.000.000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.22 өдрийн иргэний хэрэг үүсгэсэн 4379 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзэх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэсгүй бөгөөд 2016.01.27 өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад түдгэлзүүлсэн захирамжийг ирүүлсэн тул албадан дуудлага худалдаа 2016.01.22 өдөр зохион явуулсан. Энэ нь хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/0459 дугаартай шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албад холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2016.01.22-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Т.Тэнгисийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1698 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/0459 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулжээ.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Тамир хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхны дуудлага худалдаа болохоос өмнө буюу 2013.8.08-ны өдөр үнийн саналыг авсан ба 150.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Ингээд анхны дуудлага худалдааг явуулсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь тухай үед удаа дараагийн үйлдлээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсныг тухай бүрт нь шүүхэд хандан шийдвэрлүүлсэн. Энэ бүх хугацаанд танилцсан хавтаст хэрэг, шүүхийн нотлох баримтууд, хэргийн материал дотор огт байгаагүй, Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоо 150.000.000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн баримт нь уг анхан шатны шүүх хурлын өмнө гэнэт гарч ирж 2013.8.07-ны өдрийн огноотой хавтаст хэрэгт орсон байна. Энэ нь 150.000.000 төгрөгийг харилцан тохиролцсон үнэ мэтээр харуулах гэсэн хуурамч баримт юм. Үүнийгээ анхан шатны шүүх дээр тайлбарлах гэсэн боловч мэтгэлцэх боломж олгоогүй. Бас шүүх хуралд өмгөөлөгчөөр хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах боломж өгөөгүй. Зүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой. Үүнтэй маргахгүй хүндэтгэлтэй ханддаг. Төлбөр төлөгч, төлбөр гүйцэтгэгч талуудын хооронд харилцан тохиролцсон, тохиролцоогүй бол мэргэжлийн шинжээчийн тогтоосон үнээр дуудлага худалдааг зохион байгуулж, барьцаа хөрөнгийг борлуулан төлбөрийн гүйцэтгэлийг явуулахын оронд дуудлага худалдаа явуулсан нэр зүүж, орон сууцыг төлбөр авагч талд шууд шилжүүлэх гэсэн санаатай хууль бус үйл ажиллагаа явагдсан байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээнэ.

1,Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтын талаар:

а/ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр магадлалаар Т.Тэнгис нь 22.646 ам.долларыг Есөн дэлбээ Хадгаламж зээлийн хоршоонд төлөх болж, шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 50.000-ын 28-р байр, 30 тоот 2 өрөө орон сууцнаас хангуулахаар /хх22-26/ шийдвэрт заасан, нэхэмжлэгч төлбөрийг төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр эхэлсэн /хх 27/ байна.   

б/.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 854 дүгээр магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагаа 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр эхэлснээс хойш төлбөр төлөгч нь шүүхэд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасны дагуу Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүх 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2612, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 4220 дугаартай шийдвэрийг /хх43-44, 54-57/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар 17-ны өдөр 8881 дугаартай шийдвэрийг /хх 61-63/ тус тус гаргаж байв.

в./ Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 50.000-ын 28-р байр, 30 тоот 2 өрөө орон сууцны дуудлага худалдааны үнэлгээг эс зөвшөөрч төлбөр төлөгч Т.Тэнгисийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тамир шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар /хх 1, 90/ Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох энэ хэрэгт шүүх 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр /хх 10/ иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч /хх 17/ мөн сарын 18-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн /хх 19/ байна.   

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг 6 удаа гаргаснаас 5 удаа шүүх хуралдаан хойшилжээ. Үүнд: нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/Ш32016/11251 /хх 79/.,  нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлсэн тул 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32016/14378 /хх 87-88/., нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан /өвчтэй/ тул 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/Ш32016/17218 /хх 101/., нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан тул 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32016/20189 /хх 106/., нэхэмжлэгчээс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт ирүүлсэн  тул 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32016/0591 /хх 117/ дугаар захирамжуудаар анхан шатны шүүх хуралдаан хойшилж байжээ.

2. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

а/. Иргэн Т.Тэнгис 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр итгэмжлэл олгосны дагуу О.Тамир нь Т.Тэнгисийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан ч итгэмжлэлийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дууссан /хх 18/ байв. О.Тамир нь Т.Тэнгисийг төлөөлөх эрхгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг хэлэлцэх хяналтын шатны шүүх хуралдааныг О.Тамирын хүсэлтээр хойшлуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

О.Тамир тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлт ирүүлэхдээ  өмгөөлөгч Б.Баяржаргалтай холбоотой эмнэлгийн магадлагааг хавсаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Өмгөөлөгч Б.Баяржаргал нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг тус шүүхэд гаргаагүй.

Т.Тэнгисийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн боловч өмгөөлөгч Б.Баяржаргал, нэхэмжлэгч Т.Тэнгис нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т нийцнэ.   

б/. Т.Тэнгисээс олгосон итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш О.Тамир гомдол гаргасныг анхан шатны шүүх хүлээн авсан байх бөгөөд энэ нөхцөл байдал хяналтын шатны шүүх хуралдаан дээр илэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.4-т заасны дагуу захирамж гаргах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

в/. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 854 дүгээр магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хариуцагч хууль зөрчсөн үйл баримт нотлогдоогүй, энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

г/. Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршооны 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай албан бичиг буюу хэргийн 31 дүгээр талд буй бичгийн баримт нь хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нөхцөл болохгүй байна. Шүүх хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэргийн 31 дүгээр талд буй баримт хэрэгт байгаагүй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 50.000-ын 28-р байр, 30 тоот 2 өрөө орон сууцыг 150.000.00 төгрөгөөр үнэлж байгаа талаар Т.Тэнгис 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр санал өгсөн баримт хэргийн 32 дугаар талд авагдсан, 150.000.000 төгрөгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг төлбөр авагч гаргаагүй тул энэ тухай гомдол нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

д./ Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1698 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ