Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2016/00459

 

 

 

 

 

 

 

 

 

  2016 оны 8 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2016/0459

       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,     

 

Хариуцагч: ******* / ,,,,,,/ холбогдох,      

 

үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2016.01.22 өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Тэнгисийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа- Т.Тэнгис нь “Есөн дэлбээ” ХЗХ-оос авсан зээлээ төлж чадаагүйн улмаас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.09.17 өдрийн 4597 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар даалгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч удаа дараа Иргэний хууль болон Шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль зөрчиж төлбөр төлөгчийн эрх ашиг сонирхолыг хохироосон. Мөн 2016.01.12 өдөр үл хөдлөх хөрөнгийг ахлах  шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 75.000.000 төгрөгөөс дуудахаар тогтоол гаргасныг гардан авсан. Уг тогтоол дээр үл хөдлөх хөрөнгийг 75.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 177.1, 177.4 дэх заалтыг зөрчсөн ба төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудын харилцан тохирсон үнэ биш. Мэргэжлийн үнэлгээний шинжээчээр үнэ тогтоохгүй өөрсдөө дур мэдэн үнэлсэнийг зөвшөөрөхгүй.

Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсаныг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байгаа. 2016 оны 01 сарын 22 өдөр иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамж гарсан. Иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг *******  энэ өдөр аваачиж өгсөн байхад дуудлага худалдаа явуулсаныг хүчингүй болгуулна. Учир нь хэрэг шийдэгдээгүй байхад үйл ажиллагаа явуулсан ба 2016.01.22 өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргаж байна гэв. 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбарлахдаа- Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012.09.17 өдрийн 4597 дугаар шийдвэрээр Тамирын Тэнгисээс 22.644 ам доллар буюу 34.168.820 төгрөг гаргуулан “Есөн дэлбээ” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэр гарсан. Энэ шийдвэрт, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Т.Тэнгисийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 50 мянгат 28-30 тоот 30 мкв 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилж хураасан. Анхны албадан дуудлага худалдаа 2013.09.26 өдөр, 2013.10.25 өдөр тус тус зохион байгуулсан боловч Тэнгис нь 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж 2014.03.20 өдрийн 20612  дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан дуудлага худалдааг хүчингүй болгосон байна.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг ИХ-ийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчийн харилцан тохиролцсон үнэлгээ 150.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулаад 2014.05.16 өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул ИХ-ийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу 2015.02.22-өдөр үл хөдлөх эд хөрөнгийн комиссын хуралдаанаар төлбөр авагчаас санал болгох хурлаар шилжүүлсэн. Төлбөр төлөгч Т.Тэнгис нь шүүхэд гомдол гаргаж дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.06.10 өдрийн 4220 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015.02.02 өдрийн 10 тоот санал болгох хуралдааны комиссын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлүүлсэн байна.

2015.09.28 өдөр 3/542 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгчийн аав *******т гардуулан өгөхөд 2015.09.29 өдөр шүүхэд гомдол гаргаж шүүхээс 2015.12.17 өдрийн 8881 дугаар шийдвэрээр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулаагүй гэсэн үндэслэлээр санал комиссын хуралдааны шийдвэрийг дахин хүчингүй болгосон байна.

Хүчингүй болгосон тухай дээрх орон сууцыг 2016 оны 01 сарын 22 өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, ИХШХШТХ-ийн 77 дугаар зүйлийн 77.6.-д заасны дагуу шүүхийн заагдсан хаяг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 50 мянгат 28-30 тоот хаягт очиход төлбөр төлөгчийн аав *******т 3/997 тоот мэдэгдэл 1/8 дугаар тогтоолуудыг гардуулж төлбөр төлөгчид хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 01 сарын 22 өдөр ИХ-ийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу харилцан тохиролцон 150.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 75.000.000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй.

Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.22  өдрийн иргэний хэрэг үүсгэсэн 4379 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзэх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэсгүй бөгөөд 2016.01.27 өдөр ******* түдгэлзүүлсэн захирамжийг ирүүлсэн тул албадан дуудлага худалдаа 2016 оны 01 сарын 22 өдөр зохион явуулсан. Энэ нь хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт байгаа бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Т.Тэнгисийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2016.01.22 өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27 өдрийн 1597 дугаар шийдвэрээр Т.Тэнгисээс 22.646 ам.доллар буюу 34.168.820 төгрөгийг гаргуулж “Есөн дэлбээ” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 50 мянгатын 28-30 тоот 2 өрөө орон сууцыг 2013.07.25 өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/1 тоот тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хөрөнгийг хураан авсан байна.

 Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийг саналыг Т.Тэнгисээс аваагүйгээр НШГА нь ажиллагаа хийж албадан дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч төлбөр төлөгч Т.Тэнгис 150.000.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал өгсөн /х.х. 32 тал/, төлбөр авагч нь Т.Тэнгисийн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн баримтууд /х.х. 31 тал/ хэрэгт авагдсан байна. Эдгээр баримтуудаас үзэхэд  төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчийн харилцан тохиролцсон үнэлгээ 150.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчөөгүй байна.

2016.01.22 өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсаныг хүчингүй болгуулах тухайд,

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол 2016 оны 01 сарын 08 өдөр гарч /х.х. 68 тал/, дуудлага худалдааг 2016 оны 01 сарын 22 өдрийн 10.00 цагт  товлосон тогтоолыг төлбөр төлөгчийн хаягаар 2016.01.12 өдөр Т.Тэнгисийн эцэг *******т хүлээлгэн өгчээ. /х.х. 68 тал/

Мөн 2 дахь дуудлага худалдааны мэдэгдлийг 2016.01.11 өдөр Т.Тэнгист хүргүүлэхэд, түүний эцэг ******* 2016.01.12 өдөр хүлээн авч Т.Тэнгист дамжуулж өгөхөөр гарын үсэг зурсан болох нь баримтаар тогтоогдож байна. /х.х. 67 тал/

         Т.Тамир 2016.01.20 өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасанаар 2016.01.22 өдөр Иргэний хэрэг үүсгэсэн 4313 дугаар шүүгчийн захирамжийг /х.х. 10 тал/  НШГА-д 2016.01.22 өдөр өгснөөр байтал, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр 2 дахь дуудлага худалдаа авагдсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

     Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар шүүхийн шийдвэр гарах хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлдүүлэхээр заасан ба тус шүүхийн 2016.01.22 өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг, НШГАлба 2016.01.27 өдөр хүлээн авсан болох нь  “ирсэн албан бичгийг шилжүүлсэн” тухай баримтаар тогтоогдож байна. /х.х.       тал/

     Иргэний хэрэг үүсгэсэн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхгүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

     

Иймд ******* холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2016.01.22 өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Т.Тэнгисийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн  160.1.2 дахь хэсэгт  заасныг  тус  тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт  зааснаар ******* холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2016.01.22 өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Т.Тэнгисийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн   120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Д.СОЛОНГО