Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 664

 

Ж.Э- д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 852 дугаар магадлалтай, Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Э- , түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, овогт Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ж.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

Ж.Э- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 12 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Э-  гаргасан гомдолдоо “...Хохирогч Ж.Б нь миний төрсөн дүү бөгөөд архины хамааралтай болоод 10 гаруй жил болж байгаа. Тухайн үед цагаан сар болж байсан болохоор ээж болон бага дүү Баярмаа нарын гуйлтаар архинаас хөндийрүүлэх санаатай очоод ийм хэрэгт холбогдчихлоо. Түүнээс биш би дүүгээ алах гэсэн сэдэлт, санаа зорилго байгаагүй. ... Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан гэсэн тул мөрдөн байцаалт явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар талийгаачийн гэрийн хана, таазанд хатсан цусыг, талийгаачийн гэрийн цоожны голыг жижүүр Нэргүй сольсон гэдгийг, гэрийнх нь гэрлийг зориуд унтраасныг, эд мөрийн баримтаар хураагдсан цэвэрлэгээний багажны хугархай иш, Англи улсаас хүргэн авчирч өгсөн цагаан утас, ..... дугаарын яриа болон мессежийг шалгуулмаар байна. Мөн орцны жижүүр Нэргүй талийгаачийг архи уусан үед гэрээс нь хувцас, мөнгө хулгайлсан баримтууд дутуу байдаг.

Өмгөөлөгч Ганбадрах байцаалтад ирээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад болж байгаа өмгөөлөгчид прокурор Гансүлд шаардлага тавих ёстой байтал үгсэн хуйвалдаж намайг цагдан хориулсан. Шүүх хуралд эцсийн үгээ хэлэх гэтэл даргалагч шүүгч Батаа гол зүйлээ хэл гэсэн тул арга буюу өмгөөлөгчтэй санал нэг гэж хэлсэн. Миний эрхийг зөрчиж эрүүдэн шүүж шүүх хурал явуулсанд гомдолтой байна. Би 03 цагт талийгаачийг очоод дуудахад бие нь хөрчихсөн байсан. Согтуу байсан ч гэмтэл авбал өвдөлтийг мэдрэх байсан. Намайг согтуурсан үедээ энэ үйлдлийг хийсэн гэдэг. Миний цусны шинжилгээнээс спирт илрээгүй.

Намайг орой ирнэ гэдгийг талийгаачтай хамт архи уусан хүн талийгаачаас мэдсэн. Тухайн хүн талийгаачтай мөнгөний эсхүл өөр асуудалтай байсан, энэ явдалтай ч холбоотой байж болно гэж үзэж байна. Гол нь гэрч Н, О хоёрын мэдүүлэг зөрүүтэй тул нүүрэлдүүлж мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж өгөөч, цахим сүлжээгээр шүүх хуралд суух хүсэлт байгаагаа давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй, прокурор Гансүлдэд давуу эрх олгож, хуулийн заалтуудыг зөрчсөнд гомдолтой байна. Би 60 настай, 80 нас гарсан ээжийнхээ хамт амьдардаг. Үйлдээгүй хэргийнхээ төлөө 12 жилийн ял авсандаа харамсаж байна. Иймд хэргийг дахин шалгуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байгааг эрх бүхий этгээдүүд анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс болсон үйл явдлын талаар мэдүүлснийг хууль зүйн дагуу нотлох үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах туршилтыг хийсэн боловч бэхжүүлэхдээ дуу, дүрсний бичлэг хийлгүй гэрэл зураг хэлбэрээр бэхжүүлсэн нь хуульд нийцээгүй. Мөрдөн шалгах туршилтыг дахин хийлгэж дуу дүрсний бичлэгээр бэхжүүлэх, шүүх эмнэлгийн шинжээч эмч нарыг болон өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтэй байна.

Онц хэрцгий аргаар амь насыг нь хохироох нь санаатай гэмт хэрэгт хамаарах бөгөөд Монгол Улсын дээд шүүх 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолоороо тодорхой тайлбарласан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр очсоны дараа өдөр хохирогчийн амь нас хохирсон. Ж.Э-  өргөөд босгох санаатай шуунаас нь дээш өргөсөн. Гэтэл даалгүй дээрээс нь өөрөө унасан, дор нь байсан хивсэнцэртэй нь чирээд унтлагын өрөөнд нь оруулсан тухайгаа хэлдэг. Гэмтэл тус бүрээр нь гэмтлийн зэрэг тогтоогоогүй, шинжилгээ дутуу хийгдсэн талаар дурдаж шүүх хуралдаанд мэтгэлцсэн байхад харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шинжээч эмч нар нь цогцосны чацархайн урагдал бүхий хэсэг, хэвлийн хөндий дэх цусан бүлэн, хэвлийн ханын арьсанд байх цус хуралт зэргээс эд эсийн шинжилгээ аваагүй, шинжилгээ хийгдээгүй нь учир дутагдалтай, ...477 дугаар шинжээчийн дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 501 дугаар шинжээчийн дүгнэлтүүд нь үндэслэл муутай гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эд эсийн шинжилгээгээр хугацаа тогтоогоогүй байж хэвлийн гэмтлийг 6-10 цаг гэж хэт өрөөсгөл нэг талыг барьсан дүгнэлт гаргасан байх тул эд эсийн шинжилгээг зайлшгүй хийлгэж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа. 27 тооны шархыг Ж.Э-  дангаар учруулаагүйн зэрэгцээ биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага шарх, сорви үүссэн байсан. Мөн гэрч Н.О-н мэдүүлэг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болсон асуудлыг бүрэн нотолдог. Анхан шатны шүүх нас барахаас өмнө нэг өдөр гэдгийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шууд тулгаж байгааг зөвшөөрөхгүйгээр давж заалдах гомдол гаргасан.

Шинжээчийн 501 дугаар дүгнэлт ...нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хариултаар дүгнэлт гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул үүнд гомдолтой байна.

...Цогцост үүссэн хөхрөл няцрал нь харилцан адилгүй өнгө, хэмжээтэй байх ба цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 477 дугаар шинжээчийн дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 501 дугаар шинжээчийн дүгнэлтүүдэд дурдсан гэмтлүүдийг ялгаж гэмтэл тус бүрт нь гэмтлийн зэрэг тогтоогоогүй байх тул тогтоолгох,

...Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 501 дугаар шинжээчийн дүгнэлтийн 2, 3, 4 дүгээр заалтад тусгагдсан гэмтлүүд нь өнгөний хувьд яг ижил бичигдсэн байх атлаа 2 өөр хариулт болгон бичсэн нь ойлгомжгүй байдаг. Гэмтэл тус бүрийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоолгох,

Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын задлан шинжилгээ хийгдэх үеийн камерын бичлэгийг шалгаж хохирогчийн хэвлийд байх цусан хурааны шинж байдлыг /цусан бүлэн байсан эсэх, шингэн цус байсан эсэх/ дахин нягтлах, эд эсийн шинжилгээгээр хэвлийд байх цус, чацархайд учирсан цус хуралтад тусгай будган бодисоор хугацаа тогтоох шинжилгээ хийлгэх, камерын бичлэгийг хэргийн материалд хавсаргаж эд мөрийн баримтаар хавсаргуулах,

Талийгаачийг хүнд зэргийн согтолттой гэсэн ба согтолттой хүн унаж тусах, гуйвж дайван элдэв зүйлд биеийн хэсгүүдээр цохисон байх боломжтой эсэх, өвдөлт мэдрэхгүй хэр хугацаанд явах боломжтой эсэхийг тогтоолгох,

Талийгаачийн давсагт “шээс бага” гэх ба шээсэнд спирт илрүүлэх шинжилгээ хийгдээгүй. Энэ нь хэдий хугацаанд спиртийн зүйл хэрэглэсэн болохыг тогтоох ач холбогдолтой юм.

Иймд дээрх үндэслэлээр талийгаачийн нас барсан хугацаа, гэмтэл авсан хугацааг тогтоолгуулах, эд эсийн шинжилгээг хийлгэх, гэмтлийн зэргийг гэмтэл тус бүрээр тогтоолгуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газраар болон Эрүүл мэндийн яамны гэмтлийн салбар зөвлөлийн эмчийг оролцуулан давтан дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.

...Ж.Э-  нь төрсөн дүүгийнхээ амь насыг хохироох санаа зорилго байгаагүй, үйлдэл, хор уршгийн хоорондох шалтгаант холбоо тохиолдлын шинжтэй байгаа /давхралдаж унах үед амь насанд аюултай гэмтэл хохирогчид учирсан/, талийгаачийг өргөсөн үйлдэл нь түүнийг гэмтээх боломжтой гэдгийг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр гэмтэл учруулсан байгаа нь субъектив талын болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Миний үйлчлүүлэгчийн хувьд цагаан сарын баярын өдөр тохиох гэж байсан тул талийгаачийн хүүхдүүдийн гуйлтаар гэрт нь очсон, талийгаачийг усанд оруулж, архи ууж байгааг нь болиулах гэж очсон, гэр орныг нь цэвэрлүүлсэн байсан. 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр талийгаачийг газарт хэвтэж байхад нь орон дээр шилжүүлж хэвтүүлэх сэдэлт, зорилготойгоор өргөсөн, даалгүй давхралдаж унасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан амь насанд аюултай гэмтэл учирсан байгааг анхаарч хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял халдааж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “хэргийн бодит байдлыг тогтоох”, 16.2 дугаар зүйл “нотолбол зохих байдал”, 16.14 дүгээр зүйл “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх” талаар хуульчлан заасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ж.Э-  нь амь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж онц хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Цогцсонд хийсэн үзлэгийн гэрэл зургаас харахад биеийн хэсэг нэлэнхүйдээ шархтай харагддаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 10.1 дүгээр сарын 2 дахь хэсгийн 2.8-д заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсныг нь буруу гэж үзэхгүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Э- , түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Э- од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ж.Э-  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” хорооллын ....... тоотод төрсөн дүү Ж.Б-г “Архи нэхэж уулаа, тог тасаллаа, хогийн шүүрээр цохилоо” гэсэн шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахааргүй байсныг мэдсээр байж шүүрний иш болон гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, нүүр, их бие, мөчдөд олон тооны цус хуралт, зулгаралт, шарх, чацархайн урагдал, язрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус алдалт бүхий гэмтэл учруулж, хохирогч нь цус алдалтын шокт орж нас барсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүхүүд шүүгдэгч Ж.Э- ын гэм буруутай үйлдэл нотлох баримтуудаар тогтоогдсон, Ж.Э- ын үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой болохыг нотлохын сацуу амь хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь архидан согтуурсан боловч амь хохирогчийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг Ж.Э-  ухамсарлаж мэдсэн, хохирогчид олон тооны гэмтэл учруулсан, учруулсан гэмтлийн улмаас хохирогч зовж зүдэрхээр байдал үүссэн зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэжээ.

Ж.Э-  нь өөрийн төрсөн дүү Ж.Б-г тохиолдлын шинжтэй буюу хэрэг гардаг тухайн цаг хугацаанд амь хохирогчийн  архи ууж согтуурснаас гаргаж буй ааш авиртай холбоотой зодож амь насыг нь хохироосон болох нь баримтаар тогтоогдсон, харин Ж.Э-  нь төрсөн дүү Ж.Б-д байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлсэн, үүний улмаас амь хохирогч сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодийн халдашгүй байдлаараа хохирч байсан, хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” шинж тогтоогдохгүй байна гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Э-  “...Талийгаачтай хамт архи уусан хүн энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй. Мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах хүсэлтэй байна. Би энэ хэргийг үйлдээгүй” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах “...Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж өгнө үү, эсхүл мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлууд нь анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт буюу гэмт хэрэг гарсан нөхцөл байдалтай холбоотой байна.

Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл учирч болох нийгэмд аюултай хор уршгийг тухайн нөхцөл байдалд урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байснаараа хайхрамжгүй хандсан гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг.

Хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үнэлэхэд амь хохирогчийг зодсон шүүгдэгчийн үйлдэл нь шууд санаатай хууль бус үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас учрах хор уршиг, үр дагаврыг ухамсарласан атлаа хүсч үйлдсэн, хохирогчийн амь нас хохирход зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо хангалттай тогтоогдсон байх тул Ж.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн Ж.Э-д холбогдох хэрэгт шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулахаар үндэслэл бүхий нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ... эрхгүй” хэмээн тодорхойлсон байдгийг сануулах нь зүйтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд л хяналтын шатны шүүхээс уг шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй бөгөөд энэ хэрэгт тийм нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх Ж.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт тэмдэглэж алдаа гаргасан байх боловч эцсийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байгааг тэмдэглэж, анхааруулвал зохино.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ж.Э- , түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 852 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э- , түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН