Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 614

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Гансүлд, иргэдийн төлөөлөгч Ж.Хишигжаргал, шинжээч Ц.Г, гэрч Ж.Ундрах-Эрдэнэ, Ж.Эрдэнэбаатар, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Алаач овогт Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00650 0176 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаач овогт Ж.Э, Монгол Улсын иргэн, 1959 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командлагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ... оршин суудаг, регистрийн дугаар нх..., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн дүү Ж.Б-г “архи нэхэж уулаа, тог тасалж хогийн шүүрээр цохилоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шүүрийн ишээр болон гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, цохиж, зодон бие махбодод нь чацархайн урагдал, язралт, хэвлийн хөндийд цус алдалт, нүүр, их бие, мөчдөд олон тооны цус хуралт, зулгаралт, шарх бүхий гэмтлүүд учруулж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Алаач овогт Ж.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын ... тоотод “архи уулаа, тог таслууллаа, хогийн шүүрээр цохилоо” гэсэн шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахааргүй байсныг мэдсээр байж төрсөн дүү Ж.Б-г шүүрийн ишээр болон гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, бие махбодод нь чацархайн урагдал, язралт, хэвлийн хөндийд цус алдалт, нүүр, их бие, мөчдөд олон тооны цус хуралт, зулгаралт, шарх бүхий олон тооны гэмтлүүд учруулж онц харгис хэрцгийгээр алсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Эын шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ байж байхад ээж утасдаад дүүгээ очиж асар гэж надад хэлсэн. Би Б-н утас руу залгаад яасан талаар асуухад “цагаан сараар согтуу ээжтэй баймааргүй байна” гэж хэлсэн. Би тэгэхээр уурлаад “би байнга ээжийг чинь асардаг, надад зав чөлөө алга, чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд би У-ийн машинд сууж яваад дүүгийндээ очсон. Очоод хаалгыг нь тогшоод ороход гэр орон нь маш замбараагүй байсан. Би цаашаа гал тогооны өрөө рүү ороод цүнхтэй хувцсаа орхичхоод эргэж гараад орцны жижүүрээс “манай дүүгийн гэрт хөнгөн цэвэрлэгээ хийгээд өгөөч 10,000 төгрөг өгье” гэж хэлсэн. Орцны жижүүртэй нийлж байгаад гэрийг нь цэвэрлэсэн. Тэр үед би орцны жижүүрт дүүгийнхээ нүүр ам хавдсан байгааг харуулсан. Жижүүр надад өөрийнхөө 3 ширхэг түлхүүрийг өгчхөөд гараад явсан. Би дүүдээ одоо  архи уухаа боль хүмүүс уурлаж байна гэж хэлтэл “та ер нь яах гэж ирсэн юм, яв” гээд шүүрийн ишээр намайг цохисон. Тэгэнгүүт нь би уурлаад “чи ер нь яах гэж ингэж байдаг” юм гээд шүүрийнх нь ишээр өөрийг нь хэдэн хэдэн удаа цохисон. Би гал тогооноос хувцсаа аваад гарах гэтэл миний хөлөөс тэврээд “та битгий яв л даа” гээд хөлөөс зүүгдээд би газар унасан. Би хөлөөрөө тийчилж өшиглөөд тавиулсан. Дүү надаас ганц шил архи аваад өгчих, би босож чадахгүй байна гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би “усанд ор” гэж хэлчхээд гадагшаа дэлгүүрээс нэг шил архи авчраад бид хоёр 2-3 цаг хүртэл зовлон жаргалаа ярьж байгаад бид хоёр нам унтсан байсан. Маргааш нь буюу 31-ний өглөө нар хөөрсний дараа би босоод түлхүүрийг нь аваад, утсыг нь нуугаад явсан. Би 5 шард хүмүүстэй уулзаж 2 хундага архи уусан. Тэгээд оройн 20 цагийн үед дүүгийн гэрт буцаж очоод шатаар дээшээ өгсөж байхад байрны хүмүүс “өмхий үнэртээд байна” гээд шуугилдаад байсан. Би түлхүүрээ түлхэж ороод гэрэл асаах гэтэл асаагүй. Тэгэхээр нь “арчаагүй юм бэ, цахилгааны төлбөрөө өгөхгүй” гээд уурлаад цаашаагаа явах гэж байхад биеийнх нь нэг хэсэг дээр нь гишгэчих шиг болсон, яг хаана нь гишгэснээ мэдэхгүй байна. Тэгээд эргэж ирээд “босож өмхийгөө арилга” гэж хэлээд футболкноос нь таттал өөдөөс нүүр, ам самардаад, уурлаад хашхичаад байсан. Тэгэхээр нь өргөөд босгох санаатай хойд шуунаас нь дээш өргөсөн. Гэтэл миний хөл хивсэнцэрт тээглэж хөл алдаад дүүгийнхээ дээрээс нь давхралдаад унасан. Тэгэхэд манай дүү “хэнк” гээд дугарах шиг болсон. Би зүүн тийш нь эргүүлээд дор нь байсан нарийн хивсэнцэртэй нь чирээд унтлагын өрөө рүү оруулсан. Түүнээс хойш дахин хүрээгүй. Тэгээд амьсгаагаа дарж байгаад гэрлийг асаая гэж бодоод орцны жижүүр дээр очиход байхгүй байсан. Буцаж ирэхэд нэг охин зогсож байсан. Тэр охиноос асуухад надад утасны дугаар хэлж өгсөн. Тэгээд би гэртээ орж унтаад шөнө 3 цагийн үед босоод бие засчхаад талийгаачийн байсан өрөө рүү явж очоод талийгаачийг “босож бие засахгүй юм уу” гээд гараас нь татсан чинь хөшчихсөн, цэв хүйтэн болсон байсан...” гэсэн мэдүүлэг;

2. Гэрч Ж.У-н шүүх хуралдаанд өгсөн: “...Миний төрсөн эгч архи их хэмжээгээр хэрэглэдэг хүн байсан. ОХУ-ын Улаан-Үдийн эмнэлэгт архины эмчилгээнд 2 удаа явж байсан. Москвагийн эмнэлэгт бас хэвтүүлж байсан. Сүүлийн үед архиндаа хэт их ороод ааш зан нь эвдэрсэн. Нас бардаг өдөр нь манай ах цуг байсан... Сүүлийн үед ааш нь их хувирсан, хүүхдүүдээ гэрээсээ хөөгөөд байдаг болсон байсан. Гэртээ хүн оруулдаггүй. Хэрэг гарахын урьд өдөр би талийгаачийн гэрт ороогүй. Э ахыг гадаа нь буулгаад явсан. Талийгаач цохиж зодуулсан талаар ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг;

3. Гэрч Ж.Э шүүх хуралдаанд өгсөн: “...Талийгаач охин Б, ач охин М нарынхаа хамт амьдардаг байсан. Түүнийг ОХУ-руу 2 удаа архины эмчилгээнд явуулж байсан. Эах талийгаачийг урьд нь зодож цохисон асуудал гарч байгаагүй. Талийгаач өөрөө архи ууж, энд тэнд хүнд зодуулж байсан гэж сонссон. Гэхдээ нүдээр харж байгаагүй. Талийгаач нь ганцхан Э ахын үгэнд л ордог байсан...” гэсэн мэдүүлэг;

4. Шинжээч Ц.Г шүүх хуралдаанд өгсөн: “...Талийгаачийн биед учирсан гэмтэлд хуучин гэмтэл цөөхөн байсан. Ихэнх нь шинэ гэмтлүүд байсан. Шинжээчийн дүгнэлтээр нас барахаас өмнө нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтлүүдийг ялгаж тусгасан. Энэхүү хугацааг шархны өнгө, хэлбэр хэмжээ болон бусад эмнэл зүйн шинжээр нь тогтоох боломжтой байдаг. Шинэ гэмтлүүд нь 01 дүгээр сарын 30, 31-ний өдөр үүссэн байх боломжтой. Хэвлийн хөндийн битүү гэмтэл болох чацархайн урагдал гэмтэл авсан даруйд мэс засалд ороод оёулсан бол амийг нь аврах боломжтой байдаг. Чацархайн урагдал гэмтэл нь хэвлий рүү хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих, дэвсэх, өшиглөх үед үүсэж болно. Дээрх гэмтэл нь явганаас тэгшхэн гадаргуутай талбайд унахад үүсэхгүй. Баруун хэвлийд хязгаарлагдмал гадаргуутай хатуу, мохоо зүйлийн 16 кг/см3-ээс багагүй хүч үйлчилснээр уг гэмтэл үүснэ. Иймд хоёр хүн тэврэлдсэн байрлалаар газар унах үед тохойгоор хэвлий рүү тулахад ийм гэмтэл учрах боломжгүй. Учир нь үйлчлэх хүч нь бага байна. Харин хохирогч хэвтээ байрлалтай байхад нь нөгөө хүн түүний дээрээс босоо байрлалаас хэвлий рүү тохойлдож унах үед чацархайн урагдал гэмтэл учирч болно. Мөн хогийн шүүрийн ишээр цохиход үүсэх боломжгүй, харин гараар цохих болон хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг;

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Төмөр замд байдаг найз Н байсан. Би энэ хугацаанд ээжтэй холбоо бариагүй байсан. Өнөө өглөө 6 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Б яриад “ээж нас барсан байна” гэж хэлсэн. Би Москва хороололд байх гэртээ ирэхэд ээжийн төрсөн ах Э, төрсөн дүү У, Э нар орцны гадаа зогсож байсан. Тэгээд яасан гээд асуухад Э ах “урьд шөнө ус уулгах гэхэд хамаг бие нь хөшөөд хөдлөхгүй байсан” гэж хэлсэн. ...2019 оны 1 дүгээр сарын 27-ны орой гэртээ ирэхэд ээж архи уусан байсан бөгөөд биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй, зүв зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 35-36,37 дугаар хуудас),

            - 2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой гэртээ ороход ээж согтуу гэрээс хөөхөөр нь би хувцсаа аваад гарсан... Тэр үед биед нь ил харагдах шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 218-219 дүгээр хуудас);

6. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Э ах руу залгаад та ажлаасаа гарсан юм чинь ээжийг очоод хараад өгөөч гэсэн. Тэгтэл Э ах “та нар ээжийгээ харахгүй байна” гэж бухимдаж байгаад харж өгөхөөр болсон. 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Э ах над руу залгаад ах нь ээжийнд чинь ирсэн байна санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд орой нь залгахад Э ах болон ээжийн утас холбогдохгүй байсан. ...манай ээж хүнийг тэвчихийн аргагүй болтол нь элдвээр хэлдэг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 39-41 дүгээр хуудас);

7. Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 1-ний өглөө үүрээр 5 цагийн үед гадаа нохой хуцаад хаалга нүдсэн. Тэгээд би гараад хашааны хаалгыг тайлж өгөхөд Э ах нилээн сандарсан байдалтай байсан ба “эгчийн чинь бие сонин болчихлоо сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь айгаад хүрээд ирлээ” гэж хэлсэн. Тэгээд У ахыг сэрээгээд Москва хороололд ирээд Б эгчийн гэр рүү шууд орсон. Гэрт нь ороход тог тасарсан, гэрлийг нь асаах гэхэд асахгүй байхаар нь асаагуурын гэрэл тусгаад орсон. Гэрээс архины эхүүн үнэр үнэртэж байсан...У ах очиж хараад Б эгч нас басан юм шиг байна, хамаг бие нь хөрсөн амьсгалахгүй байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 42-43 дугаар хуудас);

8. Гэрч Ж.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өглөө үүрээр 5 цагийн үед Э ах бид нарыг унтаж байхад хүрч ирээд “Б эгч чинь  нас барсан юм шиг байна, би яахаа мэдэхгүй хүрээд ирлээ” гээд нэлээн сандарсан байдалтай хүрч ирсэн. ...Талийгаач эгч маань шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан ба дээгүүр нь хөнжил нөмөргөсөн байсан. Тэгээд би очоод хөнжлийг нь сөхөж харахад нүүр ам нь хөхөрсөн, хамаг бие нь хүйтэн болоод хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 44-45 дугаар хуудас);

9. Гэрч Ж.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоогоос 2 жилийн өмнө тухайн орцны жижүүрээр ажилд орсон юм. Манай орцны 2 давхрын .. тоотод 60 гаран насны эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан. Тэр эмэгтэй байнга архи уудаг. Гэхдээ нэг авууштай тал нь архи уусан үедээ агсам согтуу зан байхгүй, гэртээ хүн цуглуулж архи уугаад ойр орчмынхоо айлуудад төвөг, чирэгдэл учруулдаггүй хүн байсан. ...2019 оны 1 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 1 дүгээр сарын 26 билүү, 27-ны өдөр байсан. 15 цагийн үед орцны цэвэрлэгээ хийгээд байж байхад 2 эргүүлийн цагдаа “орцны жижүүр байна уу” гээд орж ирсэн. Тэр хоёр цагдаа “.. тоотоос дуудлага ирсэн, хаалга нь онгорхой байна, та хамт ороодхооч” гэж хэлсэн. ...Тэгээд 2 давхарт байх гэр лүү нь ороход Б эгч коридортоо согтуу сууж байсан. Тэр 2 цагдаа “архины хордлоготой байх шиг байна, 103 дуудсан, одоо ирнэ” гэсэн. Удалгүй 103 ирэхэд нь тэр хоёр цагдаа Б эгчийг хүлээлгэж өгөөд явсан. Маргааш нь Б эгчтэй таараагүй. ...01 дүгээр сарын 30-ны өдөр байх аа би цэвэрлэгээ хийгээд байж байтал Б эгчийн төрсөн ах Э орцонд таарсан. Э “та энд юу хийж байгаа юм бэ, архи дарс уух нь уу” гэхэд “үгүй архи уухгүй, та гэрт ороод гэр орон цэвэрлээд өгөөч” гэж гуйгаад байхаар нь гэр лүү нь хамт ороход архины муухай үнэр үнэртэж байсан ба Б эгч ариун цэврийн өрөөний үүдэнд гадуур хувцастайгаа хэвтэж байсан. Зодуулж цохиулсан шинж байгаагүй, зүгээр байсан. Би “та орон дээр очиж хэвтэхгүй яасан юм бэ” гэхэд “зүгээрээ, би ариун цэврийн өрөө орох гэж байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 57-59 дүгээр хуудас);

10. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагийн ахлагч М.Г хамт бүргэд-113 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “10 дугаар байрны гадаа согтуу эмэгтэй хүн мөлхөөд байна” гэх дуудлага ирсэн. Дуудлага өгсөн газарт ирэхэд согтуу эмэгтэй хүн байхгүй байсан. Тэгэхээр нь ойр орчмоор нь байж байгаад 9 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүртэй уулзахад “манай орцны 2 давхрын ...тоотод байнга архи уудаг эмэгтэй хүн байдаг” гэхээр нь ... тоот хаалгыг нүдэхэд согтуу эмэгтэй хаалга онгойлгоод, хаалганы хажууд хөнжил нөмөрсөн хэвтэж байгаад боссон бололтой буцаад хөнжлөө нөмрөөд хэвтсэн. ...жижүүр надад хэлэхдээ “ах нь гэж нэг хүн байдаг, байнга архи нийлж уудаг” гэсэн. Бид хоёрыг гэрт нь орох үед маш өмхий, архины эхүүн үнэр үнэртэж байсан... дуудлага өгснөөс хойш 20 орчим минутын дараа 103 ирээд нөгөө эмэгтэйг аваад явсан. Намайг дуудлагаар очиход Б нь согтуу байсан. Нүүрний дух хэсэгт жаахан хавагнасан бололтой харагдаж байсан. Бусад хэсэгт ямар нэгэн шарх, сорви, гэмтэл бэртэлгүй байсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа дахин дуудлагаар очих үед бие нь нэл хөх эрээн болсон маш их шарх сорвитой болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 62-64 дугаар хуудас);

11. Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуудлагаар очиход 9 дүгээр байрны ойр хавьд согтуу хүн байгаагүй. Би Бн араас ... тоот руу ороход орцоор дүүрэн өмхий үнэртэж байсан. Тухайн айлаас шээс, баас, архины эхүүн үнэр үнэртээд байсан. Б гэх настай эмэгтэй ер нь бол их согтуу, уруул ам нь хатсан, зүүн билүү баруун нүд хамар нь жаахан хавдсан байсан, биеийн бусад ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх, сорви ажиглагдаагүй. 103-ын эмч хувцсыг сөхөж биед нь үзлэг хийсэн. Дараа нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн өглөө Б бид хоёр нас барсан хүн байна гэх дуудлагаар очих үед орцны жижүүр нь Б 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өөрөө ганцаараа хүрээд ирсэн гэж хэлж байсан. Хэргийн газар дээр ах дүү нар нь ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 67 дугаар хуудас);

12. Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсээс “... тоотод ухаангүй согтуу ам, хамраас цус алдсан хүн байна” гэх дуудлагын дагуу очиход уг тоотод, ам хамраас нь цус алдалтгүй, ил харагдахаас баруун нүдний доод хэсэг, хамрын уулзвар хэсэг хавантай, хамраас цус гараад хатсан байсан тул гэмтэлтэй байж болзошгүй гэх шалтгаанаар Гэмтэлд хүргэж өгөөд явсан... Тухайн үед хэвлийгээр ямар нэг шарх сорви ажиглагдаагүй, Б ямар нэг зовуурь хэлээгүй..." гэх мэдүүлэг (1хх-ийн 67 дугаар хуудас);

13. Гэрч О.Оюундарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 133-2-92 тоотод 2 дахь жилдээ амьдарч байна. Би нялх хүүхэд хардаг болохоор өдрийн цагаар байнга гэртээ байдаг. ... тоотод нэг эмээ ганцаараа амьдардаг ба байнга архи уусан согтуу байдаг... нас барахаас 3 хоногийн өмнө өдрийн цагаар манай хаалгыг хүн тогшсон, онгойлгоход талийгаач согтуу бараан өнгийн урт үстэй шуб өмссөн “эгч нь хаалгаа түлхүүрдэж, онгойлгож чаддаггүй, эгчдээ хаалга онгойлгож өгч туслаач “ гэхээр нь би хаалгыг нь онгойлгож гэрт нь оруулсан. Түүнээс хойш энэ айлаас их өмхий үнэртэж байсан. Би талийгаачийг ганцаараа амьдардаг гэж бодож байсан, гэтэл нас барсных нь өмнөх орой 20 цагийн орчимд намайг дэлгүүр гарах гэж байтал коридорт чимээ гараад шуугиад байхаар нь хаалганыхаа дотроос чагнахад нэг эрэгтэй хүний дуу гараад “наад баас, шээсээ цэвэрлээч, усанд орооч” гээд чанга чанга хашхираад “пид, пад” хийн цохих шиг чимээ гарсан чинь, эмээ цохиулж байгаа юм шиг ёолоод хашхирах чимээ гарсан. Тэгээд удалгүй би дэлгүүр лүү явах гээд гарахад ах нь бололтой эрэгтэй хүн коридорт гараад ирсэн надаас миний дүү тогийг нь яаж залгадаг юм гээд асуухаар нь “70047004” гэсэн дугаар луу залгаад асуугаарай гэж хэлчхээд гарч явсан, буцаж орж ирэхэд тэр ах коридорт байгаагүй...” гэх мэдүүлэг (1хх-ийн 68-69 дүгээр хуудас);

14. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 447 дугаартай “...Ж.Бгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр чацархайн урагдал, язралт, нүүр, их бие, мөчдөд олон тооны цус хуралт, зулгаралт, шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Ж.Б нь чацархайн урагдал, язрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж, цус алдалтын шокт орж нас баржээ. Талийгаач Ж.Б нь АВО системээр АВ/II/ бүлгийн цустай байжээ. Талийгаач Ж.Б нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач Ж.Бгийн үтрээнээс авсан арчдас, наалдцад үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй болно...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 79-80 дугаар хуудас);

15. Шинжээч эмч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чацархай нь хүний хэвлийн дунд хэсэгт байрладаг учраас хэвлийд нэг удаагийн хүчтэй цохих, дэвсэх, өшиглөх зэргээс чацархайн урагдал, язрал гэмтэл үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь явганаас тэгш гадаргуутай зүйл дээр унах үед үүсэх боломжгүй. Гэмтэл учирмагц хэвлийгээр хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хэдийгээр согтуу хүн өвдөлт мэдрэх мэдрэмж багассан байдаг ч гэсэн чацархай ингэж том урагдсан байхад огт өвдөхгүй байгаа мэт хэвийн байх боломжгүй... Хэвлий дэх цус бүлэгнээгүй байгаа зэргээс үзэхэд бага хугацаанд буюу 1-2 цагийн хугацаанд нас барсан байна..." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 83-85, 86 дугаар хуудас);

16. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч нарын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 501 дугаартай “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №447 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон баруун бугалгын урд дээд гадаргад 2x1 см 1х 1 см, урд дунд гадаргад 1.2x1 см. дотор дээд, урд дээд, дотор доод гадаргад хэсэгчилсэн хүрэн улаан өнгийн цус хурсан, шууны ар доод гадаргад 3x2 см хөх ягаан өнгийн цус хурсан. Хэвлийн баруун хажуу болон урд гадаргад 20x9 см гадаргад хүрэн ягаан өнгийн цус хурсан. Уг цус хуралтуудын дунд 1.2х0.2 см, 1x0.2 см, 2x0.2 см, 1x0.2 см хэмжээтэй өнгөц шархнуудтай. Хэвлийн баруун урд хэсэгт 18x0.2 см, 2.5х0.4 см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун сүүжний дэлбэнгийн хажуу гадаргад 4.5x1.2 см өнгөц шархтай. Баруун түнхэнд 2.2х 0.3 см хар хүрэн өнгийн зулгаралттай. Баруун цавины нугалаасны доор 5x2 см хүрэн ягаан өнгийн цус хурсан. Уг цус хуралтын дунд 0.9x0.2 см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун гуяны гадна доод хэсэгт 20x10 см талбайд хүрэн ягаан болон хөхөлбөр өнгийн хэсэгчилсэн зулгаралт цус хуралттай. Баруун гуяны урд доод гадаргад 8x5.5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Баруун өвдөгний урд гадаргаас шилбэний урд дунд гадарга хүрсэн 14x10 см хүрэн ягаан цус хуралттай. Өвдөгний урд доод гадаргад хүрэн өнгийн зулгаралтууд үүссэн. Зүүн бугалгын гадна дээд гадаргад 0.8x0.2 см, гадна дунд гадаргад 2x1 см, урд дунд гадаргад 2x2 см, гадна доод гадаргад 10x2 см хүрэн ягаан өнгийн цус хуралтууд нь нас барах үед нь буюу нэг хоногийн дотор. Баруун нүдний дээд зовхинд хөх ягаан, дээд уруулын баруун хэсэг, баруун завж, хацрыг хамран 8x4.5 см хэмжээтэй хөх ягаан өнгийн цус хуралт, завжны салстад хөх өнгийн, баруун мөрний дээр 5x4 см хөх өнгийн цус хуралт, баруун мөрний гадна хэсэгт 3x2 см хүрэн өнгийн зулгаралт, хэвлийн баруун урд хэсэгт 1,8x0,2 см, 2,5x0,4 см хүрэн шаргал өнгийн зулгаралт, баруун түнхэнд 2,2x0,3 см хар хүрэн өнгийн зулгаралтууд нь нэгээс дээш хоногийн өмнө үүссэн байхаар байна.

            - 2018 оны 01 дүгээс сарын 31-ний өдөр баруун бугалгын урд дээд гадаргад 2x1 см 1x1 см, урд дунд гадаргад 1.2x1 см, дотор дээд, урд дээд, дотор доод гадаргад хэсэгчилсэн хүрэн улаан өнгийн цус хурсан, шууны ар доод гадаргад 3x2 см хөх ягаан өнгийн цус хурсан. Хэвлийн баруун хажуу болон урд гадаргад 20x9 см хүрэн ягаан өнгийн цус хурсан. Уг цус хуралтуудын дунд 12x0.2 см, 1x0.2 см, 2x0.2 см, 1x0.2 см хэмжээтэй өнгөц шархнуудтай. Хэвлийн баруун урд хэсэгт 18x0.2 см, 2.5x0.4 см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун сүүжний дэлбэнгийн хажуу гадаргад 4.5x12 см өнгөц шархтай. Баруун түнхэнд 2.2х 0.3 см хар хүрэн өнгийн зулгаралттай. Баруун цавины нугалаасны доор 5x2 см хүрэн ягаан өнгийн цус хурсан. Уг цус хуралтын дунд 0.9x0.2 см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун гуяны гадна доод хэсэгт 20x10 см талбайд хүрэн ягаан болон хөхөлбөр өнгийн хэсэгчилсэн зулгаралт цус хуралттай. Баруун гуяны урд доод гадаргад 8x5.5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Баруун өвдөгний урд гадаргаас шилбэний урд дунд гадарга хүрсэн 14*10 см хүрэн ягаан цус хуралттай. Өвдөгний урд доод гадаргад хүрэн өнгийн зулгаралтууд үүссэн. Зүүн бугалгын гадна дээд гадаргад 0.8-0.2 см, гадна дунд гадаргад 2*1 см, урд дунд гадаргад 2*2 см, гадна доод гадаргад 10*2 см хүрэн ягаан өнгийн цус хуралтууд нь үүссэн байж болно.

            - Хэвлийн хөндийн битүү гэмтэл: Чацархайн урагдал, язралт гэмтэл” нас барахаас өмнө 6-10 цагийн дотор үүснэ.

            - Дээрх “Чацархайн урагдал, язралт гэмтэл” үхэлд шууд хүргэсэн гэмтэл болно.    -Чацархайн урагдал, язралт гэмтэл нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр үүссэн байна. Шинэ гэмтэл гэдэг нь гэмтэл тус бүрд өөр өөр цаг хугацаатай байдаг. Шинэ гэмтэл гэдэг нь гэмтэл тус бүрд өөр өөр цаг хугацаатай байдаг. Цус хуралт, зулгаралт, шарханд өнгө, хаталт орчны урвал зэрэг шинжүүдээр хугацааг тогтоодог. Шинэ хуучин гэсэн томьёолол байдаггүй. Чацархайн урагдал нь түүнд байх артери, вений олон судсыг гэмтээдэг, хэвлийн хөндийд байрладаг тул тогтоох боломжгүй учир 6-10 цагийн дотор цус адан шокт орж үхэлд хүргэнэ. Чацархайн урагдал няцрал гэмтэлтэй хүн хэвлийгээр өвдөх зовуурьтай байх боловч үйлдэл, хөдөлгөөн хийх боломжтой. Цус алдаад шокийн байдалд орох хүртлээ хөдөлгөөн хийж чадна. 6-10 цагийн хугацаанд шокийн байдалд орно. Талийгаачийн биед учирсан “чацархайн урагдал, язралт болон биеийн гадаргууд байх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл буюу цохих, өшиглөх, үрэх, шүргэх үед үүснэ. Талийгаачийн биед учирсан “чацархайн урагдал, язралт” нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл буюу хэвлийд цохих, өшиглөх, дэвсэх үед үүснэ. Чацархайн урагдал, язралт, хэвлийн хөндийд цус алдалт нь гэмтлийн хүнд зэрэгт, нүүр, их бие, мөчдөд олон тооны цус хуралт, зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Чацархайн урагдал, язралт гэмтлийг хэрэв нэн даруй зөв оношилж, мэс заслын эмчилгээ хийсэн бол амь нас аврагдаж болно...” гэсэн бүрэлдэхүүнтэй дүгнэлт (2хх-ийн 58-61 дүгээр хуудас);

            17. Шинжээч эмч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Чацархайн урагдал язрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 64-65 дугаар хуудас);

            18. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 435 дугаартай “...Ж.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Э нь архины хамаарал бүхий эмгэгтэй гэх шинж тэмдэг үгүй байна. Ж.Э нь болсон хэргийн талаар асуултад үнэн зөв хариулах чадвартай байна.  Ж.Э нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. Ж.Эод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 100-101 дүгээр хуудас);

            19. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх- ийн 16-26 дугаар хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 27- 33-р хуудас), дуу, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 202-203, 206 дугаар хуудас);

            20. Ж.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 70 дугаар хуудас), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 239 дүгээр хуудас);

            21. Шүүгдэгч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 20 цагийн орчимд намайг орох үед орцны хүмүүс “наад үнэр танараа арилга, ямар хэцүү юм бэ” гээд намайг загнаад байсан... нэг эрэгтэй эмэгтэй хүний хоолой сонсогдоод байсан, би санаа зовоод нүүрийг нь харж чадаагүй...хэдэн тоотод амьдардаг хүмүүс байсан гэдгийг мэдэхгүй... Тэр үед орцонд гэрэлтэй, гэрт тог тасарсан байсан. Тэгээд би хаалга онгойлгоод ороход хөлд талийгаач гишгэгдсэн, би гал тогооны өрөө рүү ороод куртик тайлаад “чи одоо босоо, улс амьтан уурлаад байна" гээд босгох гэхэд үгэнд орохгүй “чи манайхаас зайл" гээд хугархай шүүрийн ишээр намайг цохихоор нь булааж аваад “чи яасан хүн амьтнаас санаа зовдоггүй юм зөндөө л хэллээ, ээж хүртэл эмнэлэгт хэвтээд гарч ирлээ, чиний байж байгаа, хэдэн өдөр чамд хэлдэг юм" гээд тэр ишээр нь жаахан айлгах санаатай гар, хөл, нуруу хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон чинь улам орилоод асаад байсан. Тэгэхээр нь хэсэг байж байгаад, одоо усанд ороод наад архиа зогсоо гэж гуйж байгаад босгох санаатай цамцнаас нь таттал урагдах шиг болсон. Дараа нь өөр лүүгээ харуулж өндийлгөж ирээд 2 суганаас нь дээшээ өргөхөд дийлэхгүй эрчдээ давхарлаж унахдаа тохойгоороо гэдсэнд нь тохойлдсон. Тэгтэл “хэнг” гээд эвгүй дуугарсан. Тэгээд би толгойг нь зүүн тийш нь харуулаад доор нь байсан хивсэнцэртэй нь чирээд унтлагын өрөөнд оруулсан. Лаа хайгаад олоогүй тул шууд унтчихсан. Өглөө миний шээс хүрээд боссон, талийгаачид ус өгөх гээд сэрээх гэхэд сонин болсон байхаар нь дүү нартаа очиж хэлсэн...” гэх мэдүүлэг (1хх-ийн 168-170, 176-179, 2хх-ийн 84-86 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хэргийн талаар анхнаасаа мэдүүлгээ үнэн зөвөөр тогтвортой өгч байсан. 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийн зүй бус авирласан үйлдлийг таслан зогсоох зорилгоор ах хүний аргаа барсан сэтгэлзүйн үүднээс шүүрийн ишээр гар, хөл, нуруу хэсэг рүү нь цохисон гэдгээ мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл болохыг баталсан тул үүнийг тусад нь зүйлчлэх саналтай байна. Онц харгис хэрцгий арга нь санаатай гэмт хэрэгт хамаардаг гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч нь хохирогчийн төрсөн ах нь, урьд өмнө дүүдээ гар хүрч байгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай материал хавтаст хэрэгт байхгүй. Хохирогчийн биед учирсан олон тооны гэмтлийг шүүгдэгч нь дангаараа учруулаагүй. 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шарх, сорви зулгаралт авсан. Шүүгдэгч Э нь 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирогчийг хохироох санаа зорилго байхгүй байсан. Тодруулбал, түүний үйлдэл, үйл явдлын хооронд заавал шалтгаант холбоогүй байх тул өмгөөлөгчийн зүгээс тохиолдлын шинжтэй гэж үзэж байна. Мөн субьектив санаа зорилгын хувьд болгоомжгүй үйлдэл гэдэг нь харагдаж байна. Учир нь шүүгдэгч өөрийн үйлдлийг нийгэмд аюултай болохыг урьдчилан харсан боловч хор уршиг учруулахгүй байж чадна гэж бодсон. Шүүгдэгч нь цагаан сарын баяр болох гэж байсан болохоор талийгаачийн хүүхдүүдийн гуйлтаар гэрт нь очсон. Гэрт нь очсон санаа зорилго бол дүүгээ архи уулгахгүй байх гэж очсон. 01 дүгээр сарын 31-ний өдөр тог тасарчихсан байсан, хохирогчийг том өрөөнд оруулах зорилготойгоор өргөсөн гэдгээ шүүгдэгч хэлж байна. Хохирогч нь 165 см өндөртэй, согтуу, биеэ авч явах чадваргүй байсан. Харин шүүгдэгч нь 168 см өндөртэй 80 кг жинтэй хүн бөгөөд хохирогчийг өргөхдөө даалгүйгээр хохирогч дээр тохойлдож унасан гэж хэлдэг. Тиймээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас хохирогчийн амийг болгоомжгүй хохироосон гэж үзэж байна. Шүүгдэгчийн цусанд хийсэн шинжилгээний дүгнэлтээр спиртийн агууламж илрээгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байхыг хүсье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад зааснаар “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” нь дангаараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж хуульчлан заасан. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг нь зөрөөгүй. Гэрч Нэргүй хэрэг болсон өдрийн талаар яриагүй түүний мэдүүлэг нотолгоо болохгүй. Хэрэг гарах үед талийгаач, шүүгдэгч хоёроос өөр хүн байгаагүй. Шүүгдэгчид төрсөн дүүгээ алах ямар ч санаа, сэдэл, зорилго байгаагүй. Харин ч туслах гэж гэрт нь очсон. Эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэдэг дээр тайлбар хэлэхэд шүүгдэгч хохирогчийг нас барсан гэдгийг мэдээгүй байсан, бас сэтгэл санааны цочрол орсон байхыг ч үгүйсгэхгүй... Үүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Тиймээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг хэрэглэж өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүх өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан асуудлаар дараах дүгнэлт, няцаалтыг өгч байна. Үүнд:

            Нэгдүгээрт, амь хохирогчийн биеийн гадна хэсэгт учирсан олон тооны гэмтлүүд нь цогцост үзлэг хийх үеэс өмнө нэг хоногийн дотор болон нэг хоногоос дээш хугацаанд үүссэн болохыг бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 501 дугаартай дүгнэлтээр үндэслэл бүхий тогтоосон бөгөөд энэ дүгнэлтийг хамтран гаргасан ахлах зэргийн шинжээч Ц.Гын шүүх хуралдаанд өгсөн “...Шинжээчийн дүгнэлтээр нас барахаас өмнө нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтлүүдийг ялгаж тусгасан.... Шинэ гэмтлүүд нь 01 дүгээр сарын 30, 31-ний өдөр үүссэн гэж үзсэн. Шархны өнгө, хэлбэр хэмжээ болон бусад эмнэл зүйн шинжээр нь гэмтэл учирсан хугацааг тодорхойлох боломжтой байдаг тул нэг хоног дотор, нэг хоногоос дээш гэж ялгаж дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаагийн “..2019 оны 1 дүгээр сарын 27-ны орой гэртээ ирэхэд ээж архи уусан байсан бөгөөд биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй, зүв зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг,  гэрч Ж.Нн “...01 дүгээр сарын 30-ны өдөр ...Э гэр орон цэвэрлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь гэр лүү нь хамт ороход ... Б эгч ариун цэврийн өрөөний үүдэнд гадуур хувцастайгаа хэвтэж байсан. Зодуулж цохиулсан шинж байгаагүй, талийгаач надад ”зүгээрээ, би ариун цэврийн өрөө орох гэж байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Бийн “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуудлагаар 88 тоотод очиход согтуу эмэгтэй....нүүрний дух хэсэгт жаахан хавагнасан бололтой харагдаж байсан. Бусад хэсэгт ямар нэгэн шарх, сорви, гэмтэл бэртэлгүй байсан... Үүнээс хойш 2 хоногийн дараа дахин дуудлагаар очих үед бие нь нэл хөх эрээн болсон маш их шарх сорвитой болсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Гунгаабуугийн “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуудлагаар 88 тоотод очиход...Б гэх настай эмэгтэй ...зүүн билүү баруун нүд хамар нь жаахан хавдсан байсан, биеийн бусад ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх, сорви ажиглагдаагүй. 103-ын эмч хувцсыг сөхөж биед нь үзлэг хийсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч П.Ганбаатарын "... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр .. дуудлагын дагуу очиход уг тоотод, ам хамраас нь цус алдалтгүй, ил харагдахаас баруун нүдний доод хэсэг, хамрын уулзвар хэсэг хавантай хүн байсан. Тухайн үед хэвлийгээр ямар нэг шарх сорви ажиглагдаагүй, Б ямар нэг зовуурь хэлээгүй..." гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн болон цогцост хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байх тул амь хохирогчийг нас барахаас өмнө нэг хоногийн дотор үүссэн 27 тооны шинэ шарх, гэмтлүүдийг түүний амь хохирох шалтгаан болсон чацархайн урагдал гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүссэн буюу хэргийн нөхцөл байдлын хувьд харилцан хамааралтай гэмтлүүд байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...амь хохирогчийн биед ил харагдах шарх гэмтлүүдийг 2 хоногийн өмнө учруулсан бөгөөд эдгээр нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тул амь хохирох шалтгаан болсон чацархайн урагдал гэмтлээс тусад нь зүйлчлэх саналтай байна...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. 

Хоёрдугаарт, амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл болох чацархайн урагдал, язрал гэмтэл нь хоёр хүн тэврэлдсэн байрлалаас давхралдаж унах үед үүсэх боломжгүй харин цохих, өшиглөх, эсхүл хэвтээ байрлалд байгаа хохирогчийн дээрээс босоо байрлалаас тохойлдож унах үед буюу 16 кг/см3-ээс багагүй хүчний үйлчлэлээр үүсэх гэмтэл болох нь:

- Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч нарын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 501 дугаартай “...Талийгаачийн биед учирсан “чацархайн урагдал, язралт” гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл буюу хэвлийд цохих, өшиглөх, дэвсэх үед үүснэ... гэсэн бүрэлдэхүүнтэй дүгнэлт;

- Ахлах зэргийн шинжээч Ц.Гын шүүх хуралдаанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь явганаас тэгшхэн гадаргуутай талбайд унахад үүсэхгүй. ...хязгаарлагдмал гадаргуутай хатуу, мохоо зүйлийн 16 кг/см3-ээс багагүй хүч үйлчилснээр уг гэмтэл үүснэ. Иймд хоёр хүн тэврэлдсэн байрлалаар газар унах үед тохойгоор хэвлий рүү тулахад үйлчлэх хүч бага тул энэ гэмтэл учрах боломжгүй. Харин хохирогч хэвтээ байрлалтай байхад нь нөгөө хүн түүний дээрээс босоо байрлалаас хэвлий рүү тохойлдож унах үед учирч болно...” гэсэн мэдүүлэг;

- Шинжээч М.Э “...Чацархай нь хүний хэвлийн дунд хэсэгт байрладаг учраас хэвлийд нэг удаагийн хүчтэй цохих, дэвсэх, өшиглөх зэргээс чацархайн урагдал, язрал гэмтэл үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь явганаас тэгш гадаргуутай зүйл дээр унах үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг;

- Гэрч О.О “...талийгаачийг нас барсных нь өмнөх орой 20 цагийн орчимд намайг дэлгүүр гарах гэж байтал ... эрэгтэй хүний дуу гараад ... “пид, пад” хийн цохих шиг чимээ гарсан чинь, эмээ цохиулж байгаа юм шиг ёолоод хашхирах чимээ гарсан...” гэсэн хөндлөнгөөс хэргийн нөхцөл байдлыг сонссон хөршийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Эын шүүх хуралдаанд өгсөн “амь хохирогчийг өргөх гэж байгаад даалгүй давхралдаж унахдаа хэвлийд нь тохиолдсон бөгөөд тэр үед чацархайн урагдал гэмтлийг учруулсан байх” гэсэн мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч амь хохирогчийг өргөх гэж байгаад даалгүй давхралдаж унах үедээ хэвлийд нь тохойлдож  унаад, чацархайн урагдал бүхий гэмтлийг болгоомжгүй учруулж амь насыг нь хохироосон байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт няцаан үгүйсгэгдэж байна.

Харин шүүгдэгч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Талийгаачид би гар хүрэхдээ эхлээд гэрт нь орох үед төмөр барьсан намайг цохих гээд дайрсан, тэр үед би төмрийг нь булааж аваад хөл, бүсэлхий хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон, дараа нь миний хоёр хөлөөс зуураад байхаар нь цээжнээс доош хэсэг рүү нь өшиглөөд тавиулах гэсэн болов ч тавихгүй давхралдаад унасан...” гэж мэдүүлсэн нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон гэрч О.Оюундарийн мэдүүлгээр батлагдаж байх тул уг мэдүүлгийг яллах үндэслэл болгон шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ж.Э амь хохирогч Ж.Бг хэвлий рүү нь өшиглөж алсан хэмээн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” хэмээн хуульчилсны дагуу шүүгдэгч Ж.Эын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг хэрэгт хууль ёсоор цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн түүнийг яллах үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “амь хохирогчийн аминд хүрсэн чацархайн урагдал гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, өшиглөх үед үүсэх боломжтой” гэсэн агуулгатай дүгнэлт, мэдүүлэг болон гэрч О.О “...талийгаачийг нас барсных нь өмнөх орой 20 цагийн орчимд намайг дэлгүүр гарах гэж байтал ... эрэгтэй хүний дуу гараад ... “пид, пад” хийн цохих шиг чимээ гарсан чинь, эмээ цохиулж байгаа юм шиг ёолоод хашхирах чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд шүүгдэгч Ж.Эын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг баталж байгаа болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь түүний гэм бурууг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж мэтгэлцсэнтэй холбогдуулан уг зүйл, хэсэгт мөн “Дараах мэдүүлэг дангаараа...” гэж хуульчлан заасныг хуульчийнх нь хувьд өмгөөлөгчид сануулан тайлбарлав.

Амь хохирогч Ж.Бгийн биед нас барахаас нь өмнө 1 хоногийн дотор буюу түүний аминд хүрсэн чацархайн урагдал бүхий гэмтлийг авах үед 27 тооны шинэ шарх, гэмтэл үүссэн байх тул шүүгдэгч Ж.Э нь амь хохирогч Ж.Бд тодорхой хугацаанд үргэлжилсэн шинжтэй хүч хэрэглэсэн гэж үзэхээр байх бөгөөд амь хохирогчийн хөрш болох гэрч О.Оюундарийн “амь хохирогчийн ёолох, хашхирах дуу чимээг сонссон” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн болон цогцост хийсэн үзлэгийн гэрэл зургууд зэрэг нотлох баримтаас үзвэл хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон буюу “хүнийг алах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн байна хэмээн дүгнэв.

Амь хохирогч Ж.Б нь биеэ хамгаалах чадваргүй байсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 447 дугаартай “...Талийгаач Ж.Б нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлтээр нотлогдох бөгөөд шүүгдэгч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “гэр лүү ороход хохирогч газар хэвтэж байсан, ...би босгох гээд дийлэхгүй байсан, ...хохирогч босож чадахгүй байсан...” гэж мэдүүлсэн тул түүнийг хохирогчийн бие хамгаалах чадваргүй нөхцөл байдлыг мэдэж байсан гэж үзнэ.

Хэдийгээр амь хохирогч байнга архидан согтуурч зохисгүй байдал гаргасан, шүүгдэгч төрсөн ахын хувиар зэмлэх, сургах, зааж зөвлөх ёс суртахууны эрхтэй боловч шүүгдэгч Ж.Э нь илтэд хууль бус шинжтэй бөгөөд ухамсартай, идэвхтэй үйлдэл хийж, амь хохирогч Ж.Бгийн биед олон тооны шарх, гэмтэл учруулан улмаар хэвлий рүү нь өшиглөж, чацархайн урагдал бүхий гэмтэл учруулж, хүний амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүх бүрэлдэхүүн түүнийг хүнийг алсан буюу хүний амийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хохироосон хэмээн үзэв.   

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Ж.Эыг “хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллаж ирүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан “гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэсэн” хэсгийг хүлээн авч шийдвэрлэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд “Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” хэмээн хууль тогтоогч албан ёсны тайлбар хийж, хэм хэмжээ тогтоожээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас авч үзвэл, шүүгдэгч Ж.Э, амь хохирогч Ж.Б нар нь төрсөн ах, дүү нар боловч хамт амьдардаггүй болох нь байна.

  Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно” гэж хуульчлан заасан тул гэрлэгчидтэй хамт амьдраагүй тохиолдолд тэдний төрөл, садны хүмүүс нь гэр бүлийн гишүүнд хамаарахгүй.

Тодруулбал, гэрлэгчдийн төрлийн болон садны хамаарал нь нэлээд өргөн хүрээтэй байж болох бөгөөд хууль тогтоогч нэг гэр бүлийн гишүүн болох хууль зүйн шалгуурыг гэрлэгчидтэй нэг ам бүлд хамт амьдарч байх гол нөхцөлөөр хязгаарлажээ.

Хууль тогтоогчийн энэхүү үзэл санаа нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон ... хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно” хэмээн мөн адил тусгалаа олсон буйг хууль тайлбарлан хэрэглэхэд харгалзах нь зүйтэй.

Иймд нэг талаас хууль зүйн хувьд шүүгдэгч, амь хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс биш, нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шинжийг хангасан нөхцөл байдал бий болоогүй байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүн алсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэргийн онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан шинжийг бүрэн хангаж байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00650 0176 дугаартай хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн зүйлийн 2.1, 2.7 дахь заалт болгож өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ж.Эыг “хүнийг алах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн (2хх-32 дугаар хуудас) байх тул шүүгдэгч Ж.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад амь хохирогчийн зүй бус байдал зохих хэмжээгээр нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн”, 1.6 дахь заалтад “хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж” гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд нь хүнийг алах гэмт хэргийн тухайд хүндрүүлэх шинж болж хуульчлагдсан тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд давхардуулан тооцохгүйг дурдах нь зүйн хэрэг.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Эод 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, мөн шүүрийн ишийг устгуулах саналтай байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хувийн байдал нөлөөлсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзээсэй. Шүүгдэгч нь хохирогчийн биед учруулсан гэмтэл, гэм буруу дээрээ маргаагүй. Зөвхөн зүйлчлэл дээрээ маргасан тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Мөн түүний эрүүл мэндийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү..” гэв.

            Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хууль зүйн хувьд хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл болон учирсан хохирол, хор уршгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх ойлголт тул өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “...бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн...” хэмээн хуулийн хязгаарлалт тогтоосныг дурдах нь зүйтэй.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ж.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар арван хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй байна.

Шүүгдэгч Ж.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сэжигтнээр нэг хоног, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл тавь хоног, нийт 51 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хугарсан үзүүр нь хумхигдсан нэг ширхэг шүүрийн ишийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр, харин хоёр ширхэг компакт дискийг энэ хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Эод холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Алаач овогт Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад заасан хүнийг алах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Ж.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар арван хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эод оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын цагдан хоригдсон 51 (тавин нэг) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай, хугарсан үзүүр нь хумхигдсан нэг ширхэг шүүрийн ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хоёр ширхэг компакт дискийг энэ хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ж.Эод урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Эод авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

                                                   ШҮҮГЧИД                                           Г.ГАНБААТАР

                                                                                                              М.МӨНХБААТАР