Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/00014

 

Г.Билэгжаргалын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00599дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1822 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : Г.Билэгжаргал,

Хариуцагч : М.Батцэнгэлд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 4.191.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхмандах, хариуцагчийн төлөөлөгч Ю.Цэрмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Батцэнгэлд 2016.01.08-ны өдөр   зодуулж хөнгөн гэмтэл авсан. Хариуцагчийн гэм буруу нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 343 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Шийтгэх тогтоолд учирсан хохирлоо иргэний журмаар жич шийдвэрлүүлэх талаар дурдсан. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хамрын яс хугарсан, энэ тухай шийтгэх тогтоолд тусгагдсан байгаа. Хамрын ясны хугарлыг одоо засахад 3.191.000 төгрөгийн зардал гарна. Мэс заслыг Монгол Хьюндай эмнэлэгт хийлгэхээр  төлөвлөсөн байгаа. Төлбөрийг бүрэн төлснөөр мэс засал хийх өдрийг товлож, хагалгааг хийнэ гэсэн хариуг эмнэлгээс өгсөн. Хариуцагч талаас эрүүгийн хэрэгт хагалгааны төлбөрийг хоёр өөрөөр өгсөн гэх боловч тухайн үед хамрын ясны шинэ хугарал буюу гэмтэл учирсан даруйд эмчлэгдэх үнэ нь 1 сая гаруй төгрөг байсан юм.  Үйл явдал болсноос хойш 8 сар гаруйн дараа хагалгаа хийлгэх төлбөр нь одоо /хугарал нь “хуучин хугаралд” хамаарч/ өөр байна. Иймд хариуцагчаас хагалгааны төлбөрт шаардагдах 3.191.000 төгрөгийг, эрүүгийн болон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авсны хөлс 1 сая төгрөгийн хамт нийт 4.191.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. М.Батцэнгэл нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1.536.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, торгуулиа төлсөн. Нэхэмжлэгч  нь эрүүгийн шүүх хуралдаанд эм тарианы 441.000 төгрөг, мэс засалд ороход шаардагдах зардал 1.201.000 төгрөг, цалин 1.200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг, унааны 158.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг анх нэхэмжилсэн. Үүнээс эм тарианы 441.000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ хэрэгт нотлох баримтаар өгч, нэхэмжлэлийн үндэслэл болсон Монгол Хьюндай эмнэлгийн Хамрын ясны хугарал оноштой ба мэс засалд орохоор төлөвлөгдсөн гэсэн оноштой хоёр өөр үнийн дүн бүхий тодорхойлолтыг эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед ч өгсөн байсан. Улмаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг зардлыг тодорхой бус, баримтгүй гээд шийдвэрлэлгүй үлдээсэн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд мөн адил дээрх баримтаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, тогтоолд заасан нөхцөл байдал арилгаагүй хэвээр байна.Түүнчлэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зайлшгүй зардлыг олгож болохоор заасан байдаг ч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр дээр зайлшгүй зардалд хамаарахгүй байна. Мөн түүнийг хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэсэн баримт хэрэгт алга. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй, хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00599 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Батцэнгэлээс 3.191.000 төгрөгийг гаргуулж Г.Билэгжаргалд олгож, нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.010 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66.006 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1822 дугаартай магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэг гарснаас хойш 1 жил болсон. Хамартаа хагалгаа хийлгээгүй хэрнээ хагалгааны мөнгө гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хагалгаа хийлгэх талаар шинжээчийн дүгнэлт үгүй, Иргэний хуулийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зайлшгүй зардлыг олгож болохоор заасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр зайлшгүй зардал биш гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ: 

Г.Билэгжаргал нь М.Батцэнгэлээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3.191.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөг нийт 4.191.000 төгрөг гаргуулахыг шаардсан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас эрүүл мэндэд учирсан хохирол 3.191.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

М.Батцэнгэлийн хууль бус үйлдлийн улмаас Г.Билэгжаргалын хамрын яс хугарч биед нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн хамрын яс хугарсан, уг гэмтлийг хариуцагч учруулсан, М.Батцэнгэл уг үйлдэлд гэм буруутай болох нь тус тус нотлогдсон байх тул Г.Билэгжаргалд учирсан  хохирлыг М.Батцэнгэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

Г.Билэгжаргал хамрын ясны хугарлыг засах мэс засалд орох шаардлагатай байгаа нь эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд мэс заслын үнэ төлбөрийн хэмжээ болон нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлийг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах улмаар төлбөрийн хэмжээг багасгах боломжгүй байна.

Эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхийг гэм хор арилгах үүрэг бүхий этгээдээс нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд энэ тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00599 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1822 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 66.006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                                     ШҮҮГЧ                                                              Б.УНДРАХ