| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 113/2017/0009/З |
| Дугаар | 221/МА2018/0107 |
| Огноо | 2018-02-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2018/0107
| 2018 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2018/0107 | Улаанбаатар хот |
C.Я-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Н.А нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 113/ШШ2017/0013 дугаар шийдвэртэй, C.Я-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 113/ШШ2017/0013 дугаар шийдвэрээр: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч C.Я-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус сумын Засаг даргаар томилохыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: “...Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргад томилуулахаар Ж.Батмөнхийн нэрийг дэвшүүлсэн боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй тул томилохоос татгалзан буцаасан. Ингээд Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор Ж.Батмөнхийг дахин нэр дэвшүүлсэн. Ж.Батмөнх нь хуульд заасан төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй байсан тул хуульд заасан 5 хоногийн хугацаанд томилохоос татгалзаж, буцаасан тухай албан бичгийг дахин хүргүүлсэн.
Ингээд Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Ж.Батмөнхийг дахин нэр дэвшүүлээгүй, харин C.Я гэдэг шинэ хүний нэрийг тус сумын Засаг даргад томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зөвхөн нэг нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэх тухай асуудлыг зохицуулсан заалт юм. Аймгийн Засаг дарга нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/475 дугаар албан бичгээр C.Я-ийн томилохоос татгалзсан тухай мэдэгдсэн боловч дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь C.Я-ийг дахин нэр дэвшүүлээгүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс ““эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар...” гэж заасан нь тухайн шатны хуралд үүрэг болгосон заалт гэж дүгнэсэн атлаа 15 хоногийн дотор хуралдаж нэр дэвшүүлээгүй нь “дахин нэр дэвшүүлээгүй”” гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу юм.
C.Я нь Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2015, 2016 оны нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” дүгнэлт авсан бөгөөд тус аймгийн Аудитын газрын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 256, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/20 дугаар албан бичгүүдийг аймгийн Засаг даргад ирүүлсэн байдаг. Иймд C.Я нь төсвийн шууд захирагч байхдаа Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, хариуцлагагүй ажилласан байх тул сумын Засаг даргаар томилоход Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахгүй байх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж, Шивээговь сумын Засаг даргаар томилохоос татгалзсан.
Иймд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 113/ШШ2017/0013 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч C.Я-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны 09 дүгээр тогтоолоор Ж.Батмөнхийг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тус сумын Засаг даргаар Ж.Батмөнхийг аймгийн Засаг дарга томилохоос татгалзсан бөгөөд мөн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 10 дугаар тогтоолоор Ж.Батмөнхийн нэрийг сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэхэд дээрх үндэслэлээр мөн татгалзжээ.
Говьсүмбэр аймаг Шивээговь сумын Засаг даргад C.Я-ийн нэрийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор дэвшүүлж, Говьсүмбэр аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд тус аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/475 дугаар албан бичгээр “...Шивээговь сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн C.Я нь Төсвийн ерөнхийлөн захирагч болсон тохиолдолд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-д заасныг зөрчих үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа тул түүнийг томилох боломжгүй байна” хэмээн C.Я-ийг Говьсүмбэр аймаг Шивээговь сумын Засаг даргаар томилохоос татгалзсан хариуг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна.
Тухайн аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймгийн Засаг дарга Ж.Батмөнхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн томилохоос татгалзсан тул уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал ....Засаг даргад дахин нэр дэвшүүлэх...” гэж зааснаар C.Я-ийг сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Ж.Батмөнхийг дахин нэр дэвшүүлээгүй, харин C.Я гэдэг шинэ хүний нэрийг дэвшүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зөвхөн нэг нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэх тухай асуудлыг зохицуулсан заалт” хэмээн дурдсан бөгөөд сумын Засаг даргад тухайн нэгжийн Хурлаас нэр дэвшигчийг томилуулахаар аймгийн Засаг даргад санал болгох ба томилох эрх бүхий Засаг дарга нэг удаа татгалзах эрхтэй, тухайн Хурлаас дахин нэр дэвшүүлсэн тохиолдолд тухайн нэр дэвшигчийг сумын Засаг даргаар томилох шийдвэрийг гаргах үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байна.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн Ж.Батмөнхийг эрхийнхээ хүрээнд татгалзан шийдвэрлэсэн ба C.Я-ийн хувьд Ж.Батмөнхийн дараа буюу дахин нэр дэвшигдсэн этгээд гэж үзэх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт нь зөвхөн нэг нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэхэд хамааралтай гэж тайлбарлах боломжгүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тусгаж өгсөн бөгөөд сумын Засаг даргад дахин нэр дэвшигчийн хувьд дээрх тавигдах шаардлагыг хангаж байвал ямар нэгэн үндэслэл зааж түүнийг томилохоос татгалзах эрх томилох эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгоогүй байх тул хариуцагч “...C.Я нь Төсвийн ерөнхийлөн захирагч болсон тохиолдолд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т заасныг зөрчих үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа тул түүнийг томилох боломжгүй байна” гэх үндэслэлээр дахин нэр дэвшигч C.Я-ийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргаар томилохоос татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА