Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 00121

 

       2018          05               21                                                 2018/ШЦТ/121   

               

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хохирогч Д.Э,

Иргэний хариуцагч Д.Ц,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц.Б, 

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байтал манай найз А над руу ... дугаарын утсаар залгаад “Г осолд орсон юм шиг байна. Гар утсыг нь цагдаа аваад байна гэнэ чи яриач” гэхээр нь нөхрийнхөө гар утас руу нь залгаад осол болсон талаар мэдсэн. Тэгээд шууд эмнэлэг дээр очиход нөхөр маань нас барсан байсан. ...Би осол болох үед хамт явсан эмэгтэй хүнийг машин жолоодож явсан гэж бодож байгаа. Манай нөхөр архи уугаад согтохоороо биеэ ч даахгүй уначихдаг болохоор машинаа унах чадваргүй байсан байх гэж бодож байна. Мөн Хатгал чиглэлд явах ямар ажил, зорилго байхгүй тийшээ явна гэж байхгүй. Хэрвээ нөхөр маань жолоо барьж явсан бол энэ олон жил машин жолоодож байгаа болохоор осол гаргах хэмжээнд явахгүй байх гэж бодож байна. Осол болсон гэж мэдээд эмнэлэг ороход хамт явсан хүүхэн нь “манай ангийнхан Хатгалд байсан болохоор бид хоёр Хатгал явах гэж байсан юм” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай газрын дарга болон байгууллагын дарга нь Хөвсгөл аймгийн Ханх суманд ажиллаад 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цаг болж байхад Ханх сумаас Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Миний машин дотор манай дарга, худалдан авах ажиллагааны газрын ажилтан Ц, өмчийн газрын ажилтан Л нар сууж явсан. Би явсаар Мөрөн орохын алдад Мөрөнгөөс 19 километрийн зайтай газарт замын баруун талд нэг цагаан өнгийн суудлын машин онхолдсон байдалтай харагдахаар нь зогссон. Намайг очоод зогсоход миний урд хилийн цэргийн машин, эрүүл мэндийн газрын машин хоёр зогссон байсан. Би машинаас буугаад эрүүл мэндийн газрын жолооч Б-н хамт унасан машин руу машиныхаа гэрлийг тусгаад далан руу буугаад хартал унасан машины урдхан талд нэг эрэгтэй хүн хэвтэж байхаар нь яваад очтол тэр залуу сул дуугаар яриад: нуруу өвдөж байна, балай хүүхэнд машин бариулчихсан чинь уначихлаа гэх шиг болсон. Тэгэхээр нь би хамт хүн явсан юм байна даа гээд асуутал нэг хүүхэн эрүүл мэндийн газрын машинд суусан байсан. Тэгтэл эрүүл мэндийн газрын дарга нь эмнэлэгт дуудлага өгсөн. Би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өдөржин гэртээ байсан. Энэ өдрийн өглөө нь Г над руу өөрийнхөө утаснаас “Мөрөнд ирчихлээ” гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь би хариуд нь “за за сайн амарч аваад эргээд холбогдоорой” гэж мессеж бичсэн. Тэгээд энэ өдрийнхөө 18 цаг 20 минутад Г над руу юу хийж байна вэ гэсэн мессеж бичихээр нь би хийсэн зүйлгүй гэртээ л байна гэсэн. Тэгэхэд Г танайх хаана билээ гэхээр нь би Ө багшийн гудамж шүү дээ гээд хаягаа бичиж явуулсан. Тэгтэл Г очоод залгана гэсэн. Тэгээд би гэртээ байж байтал 19 цаг 02 минутад ирсэн байна гэхээр нь би хувцасаа солиод гарсан. Намайг гарахад Г цагаан өнгийн суудлын машинтай ганцаараа ирсэн байсан. Би машинд нь суугаад мэнд усаа мэдээд Чингис рүү оръё гэж яриад явцгаасан. Чингист очоод хоол идэцгээгээд дараа нь пиво ууя гэхээр нь би эмчилгээ хийлгэж байгаа болохоор уухгүй гэтэл Г найз нь Өвөрхангайд гэл үү том машин жолоодож бараа зөөдөг ажил хийдэг. Чамтай олон жил уулзсангүй, чамтай л пиво уухаар ирсэн юм гээд ганцаараа нэг лааз пиво авч уусан. Энэ авсан пивоо уучихаад дахиад нэгийг уугаад дуусгахаар нь би за за найз нь нэгийг ууя гээд авсан пивоноос нь уусан. Бид хоёр суугаад сургуульд байх үеийн юмаа яриад, Г эхнэртэйгээ таарамжгүй байгаа, эхнэртэйгээ асуудалтай байгаа болохоор сүүлийн хоёр сар архи ууж байна гэж ярьсан. Тэгээд нэг эмэгтэй хүнтэй танилцсан гэж ярьсан. Г-н ярианаас сонсоод байхад эхнэр нь өөр нэг хүнтэй болоод гэр оронд нь эрэгтэй хүн аваачаад аав ээждээ танилцуулсан байна лээ, тийм болохоор би өөр амьдрал зохиох гэж байгаа тэр хүүхэн маань нэг хүүхэдтэй дажгүй хүүхэн байгаа гэх мэтээр нэлээд удаан ярьж суусан. Бид хоёр Чингист ярьж суусаар баар хаах гэж байхад гарцгаасан. Гараад Г-н машинд суугаад, Г машинаа унаад хөдөлсөн. Г дэлгүүр оръё гээд 6 дугаар багийн Хишигт дэлгүүрийн үүдэнд очоод зогсоод дэлгүүр рүү ганцаараа, би машин дотор үлдсэн. Г дэлгүүрээс гарч ирээд машинаа унаад хөдөлсөн хөдөлж яваад 12-7 дугаар гудамжинд байх худгийн тэнд машинаа эргүүлээд зогсоосон. Тэнд хэсэг юм ярья гээд ангийнхныхаа талаар яриад, аав ээжийнхээ талаар ярьж суусан. Тухайн үед миний нойр хүрээд байсан учраас халуун паар асаасан байсан болохоор би үүрмэглээд байсан. Энэ үед Г найз нь сургуульд байхад чиний ард суудаг байсан гэж ярьж байгаад, би өөрөө өргөмөл хүүхэд байгаа юм гэж ярьж байсныг нь санаад байна, энэ яриаг сонсож байгаад би унтсан байсан. Нэг мэдэхэд би нэлээд их унтсан бололтой байсан. Би сэрээд ирсэн чинь Г машинаа уначихсан хөдөө явж байгаа бололтой засмал зам дээр явж байхаар нь би хаашаа явж байгаа юм гэсэн чинь Г хамт Хатгал явъя, нэг хүн дээр очно гэсэн ч бил үү нэг юм хэлсэн. Тэгэхээр нь би тэгнэ гэж байхгүй буцъя одоо зогсох хэрэгтэй гэж хэлээд явж байтал нэг гэрэл гарах шиг болсон. Тэгээд л унасан. Түүнээс хойших зүйлийг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машины гадна талд машинаас нэлээд хол нэг овгор юмны ёроолд хэвтэж байх шиг байсан. Тэгэхэд баахан сүнснүүд намайг дараад босгохгүй миний амыг дарчихаад босгохгүй байгаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин дотор суучихсан байсан. Харин машины тэндээс Г ёоё гээд байх шиг сонсогдоод байсан. Тэр газар хоёр машин зогсчихсон байсан санагдаад байгаа юм. Тэгж байтал эмнэлгийн машин ирээд Г-г эмнэлгийн машинд ачаад явахад нь би эмнэлгийн машины урд талын суудалд суугаад явсан. Үүнээс хойшихыг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн орон гаран юм яриад байж байсан. Эмнэлэг дээр очоод байж байтал Г-н эхнэр нь ээжтэйгээ хамт ирсэн. Тэр хоёр намайг хараад энэ алмас миний хүүхдийг толгойг залгисан гэж хэлэхээр нь би би хамт үхэх байсан юм уу би ангийнх хүүхэд би хамт үхэх ёстой байсан юм байна даа гэж хэлсэн чинь надад нэг л сонин мэдрэмж төрөөд сэтгэл санаа сонин болоод өөрийгөө яагаад байгаагаа мэдэхээ байгаад эхлэхээр нь шууд тэндээс гараад явчихсан. Чингисээс гараад дэлгүүр орохдоо зүв зүгээр эрүүл хүн шиг явж байсан. Худгийн тэнд очиж зогсоод би нойроо дийлэхгүй унтсан. Тухайн үед би ажлаасаа акт аваад эмчилгээтэй байсан болохоор гурван лааз пиво уусандаа нойр хүрээд унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудын дарга нар болон манай дарга нар Хөвсгөл аймгийн Ханх суманд албан томилолтоор ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн орчимд Ханх суманд очсон албаны бүх машинууд цуваад Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Миний машин дотор эрүүл мэндийн газрын дарга Ү, Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Б, мэргэжилтэн Ө, аймгийн дотоод аудитын Н нар сууж явсан ба бид нар сааталгүй явсаар өглөө 05 цагийн орчимд Хужиртын даваа уруудаад ороод иртэл зам голлоод нэг хүүхэн машины урдуур ороод ирсэн. Тэгэхээр нь замаа чөлөөлөөд зогстол тэр хүүхэн нэлээд согтуу бид нарын араас нэг юм хөөгөөд байна. Тэр дор хүмүүс байгаад байна гээд сонин сонин чөтгөр сүнс яриад байхаар нь гайхаад байж байтал араас газрын албаны машин ороод ирэхээр нь тэрний жолоочид хэлээд машиныг нь зам хөндөлдүүлээд замын баруун тал руу гэрэл тусгуулаад хартал цагаан өнгийн суудлын тэрэг онхолдсон бололтой ойр орчимд нь нэг хүн ёолоод байсан. Тэгэхээр нь Ү дарга бид хоёр машины тийшээ яваад очсон чинь унасан машинаас урагшаа 5-6 метр зайтай газарт чулуун дунд дэрсний хажууд нэг залуу дээшээ харсан хэвтэж байсан. Тэр залууг Ү эмч үзэж байхад би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Цагдаа руу газрын албаны жолооч дуудлага өгсөн. Тэгээд Ү дарга бид хоёр тэр залууг өргөөд унасан машиных нь арын суудал дээр хэвтүүлээд хувцасаар нь хучсан. Тэр залуу бараг хөлдөж байна уу гэмээр байсан. Өөрөө болохоор даараад байна хөлдөж үхлээ гэж байсан. Яагаад унасан юм бэ яагаад ийм юм болчихов оо гэсэн чинь тэр залуу өөдөөс балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж байсан. Тэгэхээр нь би машиныг хэн унаж явсан юм бэ гэж асуухаар балай хүүхнээс болоод ингэчихлээ гэж хэлсэн. Яг ингэж хэлсэн. Тэр хүүхэн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр хүүхэн утгагүй яриан дундаа бид нар Хатгал явж байсан, би машин барьж байсан гэснээ, өөр нэг хүн машин барьж явсандаа тэр хүн хайччихваа гээд байсан. ...Харин манай дарга, жолооч хоёр машин дотроо орж ирж суугаад Мөрөн явж байх замдаа саяын залуу балай эмэгтэйд машин бариулсан чинь унагаачихлаа гэж байна гэнээ гэж хоорондоо ярьж байсан. Тэр хоёрын яриаг сонсоод бид нар осолд орсон хоёр хүнийг нэг гэр бүлийн хоёр биш юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч М.Ү-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд яасан яагаад ингэчихэв ээ машин хэнийх юм бэ гэсэн чинь Г энэ балай хүүхнээс болчихлоо, машин нь миний машин байгаа юм гэхээр нь би Г-н эхнэрийг таньдаг болохоор энэ юун эмэгтэй юм бэ, чи эхнэрээсээ салсан юм уу гэсэн чинь үгүй ээ манай ангийн хүүхэд байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаартай:

1.2. Задлан шинжилгээгээр талийгаачийн цогцост хэвлий, цээж, тархинд битүү гэмтэл тогтоогдсон ба зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхи, баруун мөр, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөг, зүүн гуя, шилбэ, шагай, тавхайнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний биеийн хүчнээс давсан хэт хүчтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

4. Талийгаачийн хэвлийд учирсан битүү гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн бөгөөд цээж болон тархинд үүссэн гэмтэл нь үхэлд хүргэхэд дам байдлаар нөлөөлсөн байна. Биед учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлөөгүй болно.

6. Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно.

7. Талийгаач Ц.Г нь зам тээврийн ослын улмаас хэвлий, цээж, тархин тус газраа амь насанд аюултай хүнд зэргийн битүү гэмтэл авч цус алдалтын шокын улмаас амьсгал болон зүрх зогсож нас барсан байна.

8. Талийгаачийн үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэлд дурдагдсан болон шинжүүд, фото зургийн үзүүлэлтээр батлагдаж байна.

9. Ц.Г-н цогцосноос авсан шингэн цус нь шинжилгээнд тэнцэж байна.

10.11. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.5 % этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. Талийгаач Ц.Г нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба хүчтэй зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /хх-ийн 43-45 дугаар хуудас,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай: “Б-н биенээс авсан гэх цусанд 2.3 % этилийн спирт илрэв” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Ганболдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай: “Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх жолоочийн суудлын бүрээснээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц Ц.Б-н ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,  

Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч А.Мөнх-Эрдэнийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай: “Жолоочийн үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-ийн а-д заасан “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Д.С-с Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын бүдүүвч зураг /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19  дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 1889 УНХ улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-н амь насыг хохироосон болох нь дээрх гэмт хэрэг гарсан байдал, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтат мэдээллээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн 1738003520114 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Ц.Б-г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон болох нь:

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 193 дугаартай: “1.Ц.Б нь сэтгэцийн хувьд одоогоор онош “F44,0 Диссоциатив ойгүйдэл” эмгэгтэй байна. ...4. Ц.Б нь одоогоор хэргийн талаар болон болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадваргүй байна. 5. Ц.Б нь одоогоор хэрэг хариуцах чадваргүй байна. 6. Ц.Б нь одоогоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй харин СЭМҮТ-д цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна” гэх дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас/-ээр тогтоогдсон ба улсын яллагч шүүх хуралдааны шатанд “шүүгдэгч Ц.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх боловч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах санал” гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж байх тул шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол уг албадлагын арга хэмжээг зогсоож ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 1738003520114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э нь 5.860.290 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэгт Шүүхийн шинжилгээний төвд шинжилгээний төлбөр 60.000 төгрөг төлсөн тухай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, “Титаник” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ул боов, ааруул зэрэг хүнсний бүтээгдэхүүний 57.000 төгрөгийн зарлагын баримт, “Гэтэлгэгч эх” төвд 10 дугаар сарын 30-ны өдөр буяны ном уншуулсан 137.000 төгрөгийн баримт, “Гэтэлгэгч эх” төвд 10 дугаар сарын 31-ний өдөр буяны ном уншуулсан 55.000 төгрөгийн баримт, “Гэтэлгэгч эх” төвд 11 дүгээр сарын 03-ны өдөр буяны ном уншуулсан 5.000 төгрөгийн баримт, “Гэтэлгэгч эх” төвөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буяны эд зүйл худалдаж авсан 48.700 төгрөгийн баримт, “Гэтэлгэгч эх” төвөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буяны эд зүйл худалдаж авсан 72.000 төгрөгийн баримт, “Гэтэлгэгч эх” төвөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буяны эд зүйл худалдаж авсан 61.000 төгрөгийн баримт, “Тэс гүн” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан 792.540 төгрөгийн баримт, Тээл ногоо, “малчин Н.Баттөр” гэх тамгатай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 90.000 төгрөгийн хүнсний ногоо худалдаж авсан зарлагын баримт, “Байгаль ээж” захаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 335.000 төгрөгийн мах сүү худалдаж авсан зарлагын баримт, “Буян дэлгүүр” гэх бичигтэй 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 100.000 төгрөгийн буяны эд зүйл худалдаж авсан зарлагын баримт, “Мөрөн чихэр” гэх бичигтэй 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 572.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний зарлагын баримт, “Цагаан-Уул зах” гэх бичигтэй 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүнсний бүтээгдэхүүний 266.300 төгрөгийн зарлагын баримт, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ПОС системийн хүнсний бүтээгдэхүүний 172.750 төгрөгийн баримт, “НИК” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А92 бензиний үнэ 40.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Бүтэн-Оргил” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Гоё шүүс” 20 ширхэг ундааны ПОС системийн 19.000 төгрөгийн баримт, нийт 2.883.290 төгрөгийн баримт гаргаж өгсөн, 477.000 төгрөгийн баримтгүй байна.

Шүүх баримтуудыг шинжлэн судлаад “Гэтэлгэгч эх” төвөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буяны эд зүйл худалдаж авсан 48.700 төгрөгийн баримт, “Гэтэлгэгч эх” төвөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буяны эд зүйл худалдаж авсан 72.000 төгрөгийн баримт, “Гэтэлгэгч эх” төвөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буяны эд зүйл худалдаж авсан 61.000 төгрөгийн баримт, “Тэс гүн” ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан 792.540 төгрөгийн баримт, Тээл ногоо, “малчин Н.Баттөр” гэх тамгатай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 90.000 төгрөгийн хүнсний ногоо худалдаж авсан зарлагын баримт, “Байгаль ээж” захаас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 335.000 төгрөгийн мах сүү худалдаж авсан зарлагын баримт, “Буян дэлгүүр” гэх бичигтэй 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 100.000 төгрөгийн буяны эд зүйл худалдаж авсан зарлагын баримт, “Мөрөн чихэр” гэх бичигтэй 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 572.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний зарлагын баримт, “Цагаан-Уул зах” гэх бичигтэй 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хүнсний бүтээгдэхүүний 266.300 төгрөгийн зарлагын баримт, нийт 2.337.540 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, гэм хорын хохиролд хамааралтай байх тул иргэний хариуцагч Д.Ц-с 2.331.540 /хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч Д.Э-т олгохоор шийдвэрлэв.

  • хохирогч Д.Э нь Тоёота креста маркийн автомашиныг анх худалдан авсан үнэ буюу 2.500.000 төгрөгөөр нэхэмжилж байх боловч зам тээврийн осол болсны дараа уг автомашиныг хохирогч Д.Эрдэнэцэцэг өөрөө хүлээж авсан, уг автомашин одоо ямар үнэлгээтэй болсон, хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байх тул уг автомашиныг дахин үнэлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.

Хохирогчоос ирүүлсэн Шүүхийн шинжилгээний төвд шинжилгээний төлбөр 60.000 төгрөг төлсөн тухай 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, “Титаник” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ул боов, ааруул зэрэг хүнсний бүтээгдэхүүний 57.000 төгрөгийн зарлагын баримт, “Гэтэлгэгч эх” төвд 10 дугаар сарын 30-ны өдөр буяны ном уншуулсан гэх 137.000 төгрөгийн баримт, “Гэтэлгэгч эх” төвд 10 дугаар сарын 31-ний өдөр буяны ном уншуулсан гэх 55.000 төгрөгийн баримт, “Гэтэлгэгч эх” төвд 11 дүгээр сарын 03-ны өдөр буяны ном уншуулсан гэх 5.000 төгрөгийн баримт, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ПОС системийн хүнсний бүтээгдэхүүний 172.750 төгрөгийн баримт, “НИК” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А92 бензиний үнэ 40.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Бүтэн-Оргил” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Гоё шүүс” 20 ширхэг ундааны ПОС системийн 19.000 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул 545.750 төгрөгийн, нотлох баримтгүй 453.000 төгрөгийн, нийт 1.028.750 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4.4, 6 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэний дараа Ц.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болсныг тогтоосугай.

3. Шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц, наркологийн ердийн тасагт авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь хөөн хэлэлцэх хугацаанд эмчлэгдсэн, хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж үлдсэн ялыг эдлүүлэхийг дурьдсугай.

6. Ц.Б-г Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн сэтгэц, наркологийн ердийн тасагт хүргэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорт даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар иргэний хариуцагч Ц-с 2.331.540 /хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч Д.Э-т олгож, 1.028.750 /нэг сая хорин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Э нь Тоёота креста маркийн автомашинд учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

  10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН