Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 130

 

Ц.Б д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 280 дугаар цагаатгах тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаар магадлалтай, Ц.Б д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хохирогч Д.Э  нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.  

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын газраас Ц.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх Ц.Б г цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Ц.Б  нь тээврийн хэрэгслийг жолоодон осол гаргасныг хангалттай тогтоогоогүй гэж түүнийг гэм буруугүйд тооцсон нь үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож алдаатай шийдвэрлэсэн. Амь хохирогч тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодон явсан нь түүнд учирсан гэмтлээс тодорхой харагдана. Эргэлзээтэй байдал үүссэн нь тодорхой байх тул Ц.Б г цагаатгах нь хууль ёсны үндэслэлтэй байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э  гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх Ц.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогчийг нас барсан учир буруутай гэж үзсэн. Тухайн үед манай нөхөр машины арын суудалд унтаж явж байгаад арын цонхоор шидэгдсэн. Биеэ авч явах чадваргүй, согтолтын зэрэг өндөр, газар дээрээ нас барсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Үйл явдлыг үнэн зөв тогтоогоод байхад Ц.Б г цагаатгасанд маш их гомдолтой байна. Шүүгдэгч нэг удаа ч ирж уучлалт гуйгаагүй, гомдлыг барагдуулаагүй. Иймд хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокуророос Ц.Б г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Г нас барж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ. Хэрэгт авагдсан баримтуудаар тээврийн хэрэгслийн жолоочийн талын суудлын бүрээснээс шүүгдэгчийн бүлгийн цус илэрсэн, мөн хэргийн газарт очсон анхны гэрчүүд талийгаачийг амьд байхад нь “яагаад ийм зүйл болчихвоо” гэж асуухад “балай хүүхнээс боллоо” гэж хэлсэн гэдгийг дамжмал байдлаар гэрч нар мэдүүлдэг. Үүнийг анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо үгүйсгэж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хэрэгт бодитой дүгнэлт өгөөгүй гэж хэргийг буцаасан нь үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э  нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ц.Б г 2017 оны ... дугаар сарын ...-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр “Т К” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Г-ын амь насыг хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 6 гэрчийн мэдүүлэг, жолоочийн суудлын бүрээснээс Ц.Б гийн цус илэрснийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн хамгаалалтын бүсэнд туршилт хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг жагсаан бичээд энэхүү нотлох баримтууд нь шүүгдэгч Ц.Б г осолд орсон тээврийн хэрэгслийг жолоодож явсныг нотолж чадахгүй, эргэлзээтэй гэсэн үндэслэл зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Б г цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн, няцаасан нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүх “хэргийн бодит байдал”-ыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадласнаас үүссэн нөхцөл байдлыг үндэслэн тодорхой нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн эсхүл баталсан хууль зүйн болон үйл баримтын дүгнэлтийг хийх шаардлагатай ба энэхүү дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан хэм хэмжээг зөрчсөн ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор хуульчилжээ.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад яаж үгүйсгэгдэж байгааг буюу шинжээч С.Г-ын “...жолоочийн суудлын бүрээсээс бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц нь Ц.Б гийн ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 214 дүгээр дүгнэлт, Ц.Б машиныг жолоодож явсан, явсан байх гэсэн мэдээллийг уг осолд орж нас барсан хохирогч амьд байхдаа хэлсэн гэдгийг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлэг зэрэгт огт няцаалт өгөөгүй, мэдүүлгийн аль хэсэгт, ямар агуулгад эргэлзээ үүсч байгаа, энэхүү эргэлзээ бусад нотлох баримтаар батлагдаж, эсхүл үгүйсгэгдэж байгаа зэрэгт огт дүгнэлт өгөөгүй байна.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргаж болох боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар уг шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэгдвэл зохих асуудлуудад тодорхой хариулсан байх шаардлагатай байдаг бөгөөд үүнийг хангаагүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогддог тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзнэ.

Түүнчлэн гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өмнө Ц.Б  нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байсан эсэх, гэмт хэрэг гарах үед болон гэмт хэрэг гарснаас хойш сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх ялгаа огт харагдахгүй байх бөгөөд аль аль тохиолдол нь өөр өөр хууль зүйн үр дагавартай байдгийг анхаарах ёстой.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э ийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаар магадлалыг  хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР