Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00017

 

 Л.Лхамсүрэн, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00572/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1244 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Лхамсүрэн,

******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******,

*******,

******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 54,800,000 төгрөг гаргуулах тухай,

Хэргийг хариуцагч *******, ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Лхамсүрэнгээс:

Би 2015 оны 12 сард Орон сууцны урьдчилгаанд бартер өгнө гэсэн агуулгатай зарыг шуурхай зар сонинд байрлуулсан. Гэтэл 2015 оны 12 сарын 30-ны өдөр миний нэр дээрх ******* дугаарын утас руу ******* залгаад 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууц байна. Ирж уулзаач гэж ярьсан. Тэр өдрийн орой нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 100 айлын шинэ айл цогцолбор дээр очиж үзээд маргааш нь эхнэр ******* хүү *******ий хамт дээрх байран дээр очиж 7 давхрын 705 тоот 44.72 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв 1,750,000 төгрөгөөр бодож нийт 78,260,000 төгрөгөөр худалдаж авахаар *******, ******* нартай тохиролцож байрны урьдчилгаанд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 700 м.кв талбай бүхий өмчлөлийн газар, хашаа, үл хөдлөхийн гэрчилгээтэй өвлийн сууц, мөн зуны сууц, гарааж зэргийг нийт 30,000,000 төгрөгт, мөн өөрийн эзэмшлийн Япон улсад үйлдвэрлэсэн Мазда Титан ******* улсын дугаартай ачааны автомашиныг 15,000,000 төгрөгд, ОХУ-д үйлдвэрлэсэн барилгын засал чимэглэлийн цоо шинэ багаж хэрэгслийг 2,800,000 төгрөгөнд, мөн бэлнээр 7,000,000 төгрөг, нийт 54,800,000 төгрөгийн урьдчилгааг *******, ******* нарт шилжүүлж өгсөн.

*******, ******* нар нь дээрх орон сууцны байрыг ******* захиалан бариулж. Бид тухайн компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж өрлөгийн ажлын хөлсөнд 2 өрөө байр авах гэрээтэй. Ийм учраас *******-тай гэрээ байгуулна гэж хэлсэн. Баян зүрх дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан.

Гэтэл ******* нь бидэнд хэлэхдээ *******, ******* /Төгс билэгт цамхаг ХХК/ нар нь манай барилгад гүйцэтгэсэн өрлөгийн ажлаа дутуу гүйцэтгэсэн учраас гэрээгээр тохиролцсон 2 өрөө байрыг *******д шилжүүлэх боломжгүй гэж хариуг өгсөн. Энэ талаар *******, ******* нарт хэлэхэд тэгвэл байрны урьдчилгаанд өгсөн 54,800,000 төгрөгийг бид танд өгнө гэж хэлсэн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй биднийг хохироосоор байна.

Иймд *******, *******, ******* нараас 54,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлчулуун нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 105 дугаар байрыг баригдаж байхад өрлөгийн ажлыг Төгс билэг цамхаг" ХХК гүйцэтгэхээр 100 хувь бартерын гэрээ байгуулж ажилдаа орсон. Гүйцэтгэлийн явцад санхүүгийн асуудалд орсон тул бартераар авч буй байраа бэлэн мөнгөөр зарж байгаа тул захиалгын гэрээг шилжүүлж өгөх хүсэлт тавьсан бөгөөд хүсэлтийн дагуу захиалгын гэрээг иргэн *******д шилжүүлж өгсөн. Захиалгын гэрээнд төлбөрийн нөхцөлд өрлөгийн ажлаа дуусгаж байж байраа авахаар тусгасан бөгөөд Төгс билэг цамхаг ХХК өрлөгийн ажлаа дуусгаж чадаагүй, мөн иргэн Л.Лхамсүрэн, ******* нарын нэхэмжилж буй зүйлсийг аваагүй болохыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр болсон шүүх хурлаар нотолсон болно. Төгс билэг цамхаг ХХК-тай гүйцэтгэсэн ажлын тооцоо нийлж үлдэгдэл тооцоогоо дуусгасан болно. Иргэн Л.Лхамсүрэн, ******* нараас ямар нэгэн эд хөрөнгө болон мөнгө төгрөг авсан зүйлгүй тул ямар ч тооцоо болон хууль эрх зүйн хамааралгүй болно. Энэ асуудлыг Төгс билэг цамхаг ХХК хариуцах байх гэжээ.

Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгаас:

Гэрээнээс татгалзах тухай асуудал яригдаагүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан Худалдах, худалдан авах гэрээ төгс хийгдээд 6 жил болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1244 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 54,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Лхамсүрэн, ******* нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх Хаан төгрөг ХХК-иас 54,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 431,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Лхамсүрэн, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, ******* нар давж заалдах гомдолдоо:

...Шүүх шийдвэрлэхдээ *******, ******* нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу 54,800,000 төгрөгийг гаргуулан Л.Лхамсүрэн, ******* нарт олгуулахаар шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Тухай нь үед Хаан төгрөг ХХК нь Л.Лхамсүрэн, ******* нарын хооронд орон сууц захиалсан гэрээ хийгдсэн. Мөн *******, ******* нар нь *******-д хийж өгөх ёстой ажлаа 90 хувь гүйцэтгэлтэй хийж хүлээлгэж өгсөн. Түүнчлэн Л.Лхамсүрэн нь ******* дээр очиж учир байдлыг нүдээр үзэж учрыг мэдэж тус компанитай эрх үүргийн харилцаа үүсгэж гэрээ хийсний дараа *******ын Хаан төгрөг ХХК-аас авах орон сууц баттай гэдгийг ойлгосны үндсэн дээр 54,800,000 төгрөгийн хашаа байшин, машин зэрэг эд хөрөнгөө *******, ******* нарт худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан юм.

*******, Л.Лхамсүрэн нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ бүрэн төгс хийгдэж дууссан. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй.

Харин ******* нь Л.Лхамсүрэнгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа нь *******ад хамааралгүй. ******* өрлөгийн ажлыг бүрэн дүүрэн хийсэн байсан гэдгийг Л.Лхамсүрэн нь өөрөө нүдээр үзэж харснаа ярьдаг юм.

Иймд худалдах, худалдан авах гэрээ Л.Лхамсүрэн, ******* хоёрын хооронд хийгдээд 7 жил өнгөрсөн тул *******аас 54,800,000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ : 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Л.Лхамсүрэн, ******* нарын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын зарим нь эх хувиар, зарим нь хуулбар боловч нотариатаар гэрчлүүлсэн байх тул хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Мөн эдгээр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож, дээр дурдсанчлан хуульд заасан шаардлагыг хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн *******-д холбогдуулан 54,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч нар нь орон сууц худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөр 54,800,000 төгрөгт тооцон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхгүй, өмчлөгч биш этгээдүүд болох *******, ******* нарт шилжүүлж өгсөн, хариуцагч *******, ******* нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, гэрээний бус үүрэг буюу хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар зүйлчилж, хариуцагч *******, ******* нарт 54,800,000 төгрөгийг хариуцуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэв.

Түүнчлэн хариуцагч *******, ******* нар нь үндэслэлгүй олж авсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөх боломжгүй гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-н ... буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч *******, ******* нарын ... *******-иас авах орон сууцаа баттай гэдгийг ойлгосны үндсэн дээр 54,800,000 төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ талуудын хооронд хийгдэж 7 жил өнгөрсөн тул *******аас 54,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл хэргийн үйл баримт болон нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт зэргээс тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь хариуцагч *******, ******* нараас 54,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа хэн алинаас нь ямар хэмжээгээр гаргуулах талаар тодорхойлоогүй байх боловч Иргэний хуулийн 242 дугар зүйлийн 242.11-н Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу шүүх, нэр бүхий хариуцагч нараас 54,800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Л.АМАРСАНАА

                                                                     ШҮҮГЧ                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                     ШҮҮГЧ                  Х.БАЙГАЛМАА