Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00022

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00857/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар :

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК,

*******д холбогдох

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 621,201,523.65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт №1070023615 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай, 

Иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тэмүүжин цахимаар, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Саранхишиг, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа :

1.а. ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 514,455,555.52 төгрөг, 2021 оны 08-р сарын 26-ны өдрийн байдлаарх хүү 48.150,088.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,677,739 төгрөг, нийт 564,283,383.11 төгрөг,

ИЗГ-1070030252 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 50,287,765.3 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаарх хүү 5,682,025.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 948,350 төгрөг, нийт 56,918,140.54 төгрөг,

Хоёр зээлийн төлбөр нийт 621,201,523.65 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү,

1.б. ... Маргаан бүхий заалтууд нь "банк тодорхой хугацааны давтамжтайгаар зээлийн хүүгийн хувь хэмжээг тухайн жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянах, Сангийн яамтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу шинэчлэн тогтоож байх агуулгатай бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл хариуцагч нь зээлийг тогтмол 7 хувийн хүүтэй" гэж ойлгохуйц нөхцөл байдал үүссэн эсэх, ноцтой төөрөгдсөн гэж үзэх эсэхийг тогтоох шаардлагатай юм. Маргаан бүхий заалтуудын агуулгыг зээлийн гэрээний 1.1 дэх хэсгийн зохицуулалттай холбож тайлбарлах учиртай юм.  

Тодруулбал, Зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт талууд зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 800,000,000 төгрөгийн зээлийг 84 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар, жилийн 7 хувийн хувьсах хүүтэй олгохоор заасан байна. Хувьсах гэдэг нь өөрчлөгдөх гэдэгтэй утга дүйцэх тул гэрээнд заасан хүүгийн хувь хэмжээг зөвхөн нэмэгдэх бус мөн буурах боломжтойг илэрхийлнэ.

Хариуцагч дээр дурдсанчлан тогтмол 7 хувийн хүүтэй гэж ноцтой төөрөгдсөн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан чухам аль тохиолдолд /58.2.1, 58.2.2 58.3.1-58.3.4, 58.4/ хамаарах талаар нэхэмжлэлд дурдаагүй байх тул түүний шаардлагын үндэслэлийн эсрэг эрх зүйн тайлбар, няцаалт хийх боломжгүй буюу ач холбогдолгүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. 

2.Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа :

2.а.******* ХХК нь *******тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээ байгуулан 800,000,000 төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан.

Зээлийг зориулалтын дагуу ашиглаж махны үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан боловч компаниас шалтгаалахгүй компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн чадвар буурсан. Нийт 181 хоногийн хугацаанд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ удаа дараа авагдсан.

Эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж 2019 оны эхнээс зээлийг хуваарийн дагуу эргэн төлөхөд хүндрэл учирч эхэлсэн тул Ханс банканд үндсэн төлбөрийг жилийн хугацаанд багасгах буюу үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч *******наас хойшлуулах боломжгүй, харин эргэлтийн хөрөнгийн зээл олгоно гэж шийдвэрлэсний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 80.000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй. 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авахаар И******* дугаартай зээлийн гэрээ байгуулсан.

Гэвч бодит байдал дээр уг 80,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгөөр ашиглах боломж олдоогүй, сар бүр 10,0 сая төгрөгөөр хэсэгчлэн олгосон ба компанийн дансанд орж ирсэн өдөрт нь ******* дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн эргэн төлөлтөд буюу 2019 оны 05-11 сарын хооронд төлөгдөх ёстой үндсэн зээлийн төлбөрийг төлсөн, 2019 оны 12 сар, 2020 оны 1, 2-р саруудад үндсэн төлбөр төлөх хуваарь байхгүй байсан тул зөвхөн хүүг төлсөн. 

Манай компаниас үндсэн төлбөрийн хэмжээг хойшлуулж зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг удаа дараа өгсөн боловч *******ны зүгээс ... Зээлийн ангилалд өөрчлөлт оруулсан,... Зээлийн удирдлагын хорооны шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн хариунуудыг өгч байсан.

Хэдийгээр компанийн үйл ажиллагаа доголдож байсан боловч 2019 оны 80.000,000 төгрөгийн зээлэнд 21,271,539 төгрөгийн хүү, 27,712,234 төгрөгийн үндсэн зээл, 248,942 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 49,232,715 төгрөгийн төлбөр хийсэн байна.

2019 оны ******* дугаартай зээлийн гэрээний төлбөрт нийт 56,918.140 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

- дээрх гэрээгээр олгосон зээлээрээ 2016 оны ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлөхөөс өөр боломж олгоогүй. Энэ нь бага хүүтэй зээлийн төлбөрийг өндөр хүүтэй зээлээр сольсон банкны ажиллагаа байсны улмаас манайд уг зээлээс ямар ч ашиг гараагүй, харин өндөр хүү төлж хохирсон. Уг зээл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

 - Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул 2016 оны ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээний дагуу банк хүү шаардах эрх үүсэхгүй ба уг зээлийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 49,232,715 төгрөгийг үндсэн зээл 80,000,000 төгрөгөөс хасуулж 30,767,285 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2016 оны №ЗГ 1070023615 тоот зээлийн гэрээний хугацаа 2023 оны 08 сарын 07-ны өдөр дуусах байсан. Зээл ашиглалтын хугацаанд зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаагүй. Нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар урьдчилан сануулах болон нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээг цуцалсан нь хууль зөрчсөн.

Нэхэмжлэлийн агуулгаас гэрээг цуцалсан эсэх нь тодорхойгүй тул 2016 оны ЗГ-1070023615 тоот зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэрвээ 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг 2016 оны №ЗГ1070023615 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлд төлүүлсэн бол 586,666,666 / 2020.02.05-ны өдрийн зээлийн үлдэгдэл/ - 89,904.566 төгрөг / 2020.03.05-2021.03.11-ний өдрийг хүртэл төлсөн нийт төлбөр/= 496,762,100 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх тооцоо гарч байна.

Иймд шүүх 2016 оны №ЗГ 1070023615 тоот зээлийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд үндсэн зээлийн төлбөр 496,762,100 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үндсэн зээлийн төлбөр буурч байгаатай холбогдон зээлийн хүүгийн хэмжээ буурах тул хүүгийн тооцоог шүүх хурлаас өмнө гаргаж өгнө. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /1-р хх- 110-114/

2.б. ******* ХХК нь *******тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээ байгуулан 800.000,000 төгрөг жилийн 7 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан.

Зээл олгосноос хойш 4 сарын дараа зээлийн хүүг нэг талын санаачилгаар нэмэгдүүлснээ зээлдэгч талд мэдэгдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч энэ талаар огт дурдаагүй. Өөрөөр хэлбэл, банк 1 жилийн 7 хувийн хүүтэй зээл олгосон боловч 2017.01.02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 58 сарын турш 8 хувиар тооцож зээлийн хүү тооцсоны улмаас 38,666,664 төгрөгийн илүү хүү тооцож төлүүлсэн буюу нэхэмжилсэн байна./

Иймд 2016 оны ЗГ 1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт № 1070023615/А дугаар Зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ны Дархан салбар, хариуцагч Ханхөхий ган ХХК, ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Ханхөхий ган ХХК, ******* нараас 621 201 523,65 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ны Дархан салбарт олгож,

Хариуцагч Ханхөхий ган ХХК-ийн гаргасан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ1070023615 дугаартай зээлийн гэрээний 1.3 дахь заалт, уг гэрээний хавсралт №1070023615 дугаартай зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, ийнхүү хүүг нэмэгдүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч ******* ХХК болон ******* нарын өмчлөлийн нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий 13 үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 334 157,62 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 421 482 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 334 157,62 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга :

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх 2019 оны И******* дугаартай зээлийн гэрээний ... нийт 56,918,140.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээс дараах үндэслэлээр 26,150,855 төгрөгийг эс зөвшөөрч байна.

2019 оны ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар шийдвэрлэсэн 56,918,140.54 төгрөгөөс хариуцагчийн төлбөл зохих 30.767,285 төгрөгийг хасвал 26,150,855 төгрөгийн зөрүү гарч байна.

Иймд шүүхийн шийдвэрийн 2019 оны ******* дугаартай зээлийн гэрээнд холбогдох хэсгээс 26,150,855 төгрөгийг хасаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү,

4.б. 2016 оны №ЗГ1070023615 тоот зээлийн гэрээний төлбөрийн талаар:

Анхан шатны шүүх 2016 оны ЗГ-1070023615 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Ханхөхий ган ХХК-иас үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 564,283,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснээс 89,904,566 төгрөгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлд төлүүлэх ёстой байсан боловч банк эхэлж нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү гэсэн дарааллаар суутгасны дараа мөнгө үлдвэл үндсэн зээлийн төлбөрт суутгаж байсан нь дансны хуулгаар нотлогдож байна.

Хэрэв 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг 2016 оны ЗГ-1070023615 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлд төлүүлсэн бол 586,666,666төгрөг - 89,904,566 төгрөг = 496,762,100 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх тооцоо гарч байна. 

Иймд шүүхийн шийдвэрийн 2016 оны №ЗГ 1070023615 тоот зээлийн гэрээнд холбогдох хэсгээс 89,904,566 төгрөгийг хасаж өгнө үү,

4.в. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээг цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү 1,667,739 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас нийт 621,201,523 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 117,723,160 төгрөгийг хасаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

... анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ : 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ХХК-н нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын зарим нь эх хувиар, зарим нь хуулбар боловч нотариатаар гэрчлүүлсэн байх тул хуульд заасан шаардлагыг хангасан, мөн эдгээр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагад нийцсэн.

Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй,

хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч ******* ХХК болон ******* нарт холбогдуулан хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 621,201,523.65 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, 2016 оны зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргээс үзвэл: 1.Талуудын хооронд 2016 онд ЗГ-1070023615 тоот үндсэн хөрөнгийн зориулалтаар, 800,000,000 төгрөгийг 84 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хувьсах хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулагдсан /1-р хх- 9-12/ байх ба энэ талаар талууд маргаагүй.

Зээлийн гэрээний 5.1.1-д зээлдэгч энэ гэрээ...-р хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээлдэгч нь гэрээнээс татгалзах эрхээ алдаж, банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардана гэж хугацааны өмнө гэрээг цуцлах талаар тусгасан байна.

Зээлдэгч буюу хариуцагч тал нь ковид-19 цар тахлын улмаас тавигдсан хөл хорио, хилийн хориг, үйл ажиллагааны хязгаарлалт зэрэг компаниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа доголдож, санхүүгийн чадвар буурсан гэх боловч зээлийн гэрээний 3.3.3-д зээлдэгчид гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсоны улмаас зээлийн эргэн төлөлтийг хэвийн төлөх боломжгүй болсон тохиолдолд зээлдэгч энэ талаар нотлох замаар зээлийн нөхцөлийг өөрчлүүлэх хүсэлт тавих эрхтэй гэж заасан байна.

Энэ нь зээлдэгчийн эдлэх эрх байх бөгөөд уг эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2-т гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна гэж,

Хуулийн 195.3-т хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж тус тус заасан.

Зээлийн гэрээний 1.1-д зээлийн жилийн хүү нь 7 хувийн хувьсах хүү-тэй байна гэж 1.3-т банк жил бүрийн дугаар сарын 1,-ний өдөр зээлийн хувьсах хүү-г банкны жилийн суурь хүүгийн өөрчлөлттэй уялдуулан хянаж, шинэчлэн тогтооно гэж тус тус тодорхойлсон,

гэрээний 6.1-д энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэж тусгасан болон зээлийн гэрээний тусгай нөхцөл/1-р хх-14/ зэргээс үзвэл талууд зээлийн хүү-г хувьсах хүү-тэй байхаар тохирч зээлийн хүүнд оруулсан өөрчлөлтийг зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл, гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү нь хувьсах нөхцөлтэй, хүүгийн хувь хэмжээг гэрээний хугацаанд өөрчилж байхаар тохирсон гэж үзэхээр,

Мөн №1070023615/А тоот зээлийн гэрээний тусгай нөхцөлийн 1-д ...зээлийн хүүний хэмжээнд өөрчлөлт оруулж, тухайн үед мөрдөгдөж буй дээд хүүнд шилжүүлнэ гэж, 2-т зээлийн хүү хувьсах бөгөөд банк нь Сангийн яамтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.01 /В/ заалтын дагуу ...төгрөгөөр дамжуулан зээлдүүлсэн хөрөнгийн хүүг хагас жил тутам шинэчлэн тогтооно. Зээлдэгч энэхүү өөрчлөн тогтоосон хүүгийн хувь хэмжээний дагуу зээлийн хүү-г төлөх үүрэгтэй гэж, 4-т энэхүү тусгай нөхцөлүүд нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байх бөгөөд талууд гарын үсэг зурж, тэмдэг дарсан байгаа зэргээр зээлийн хүү-гийн хувь хэмжээг гэрээний хугацаанд өөрчилж байхаар тохиролцсон үндэслэл, шалтгаан нь энэхүү зээлийн гэрээ болон гэрээний тусгай нөхцөл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

2.Талуудын хооронд ИЗГ-1070030252 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 80,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон байх ба зээлийн гэрээний нэмэлт нөхцөлөөр уг зээлийг хэсэгчлэн олгохоор тохирч талууд гарын үсэг зурсан байна. /1-р хх-50-55-н/

Хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч, бодит байдал дээр уг 80,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгөөр ашиглах боломж олдоогүй, зээлийг хэсэгчлэн олгож, 2016 оны ЗГ-1070023615 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлсөн, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ, уг зээлийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 49,232,715 төгрөгийг үндсэн зээл 80,000,000 төгрөгөөс хасуулж, 30,767,285 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан. /1-р хх-110-114/

Анхан шатны шүүх нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах боломжгүй тул зээлийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж дүгнэж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж үзэв.

Түүнчлэн талууд дээрх хоёр зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү болон ямар дарааллаар төлөх талаар тус тус тохиролцож тодорхойлсон болох нь 2016 оны ЗГ-1070023615 тоот, 2019 оны ЗГ-1070030252 тоот зээлийн гэрээнүүдийн 4.1, 4.2 дахь заалтаар тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан шаардлагад нийцсэн байх тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээх ба үүнийг хариуцлагын шинжтэй үүсдэг үүрэг гэж үзнэ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 53 дугаар тогтоолын 2.4-д ... харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан зэргээс үзвэл үүргийн гүйцэтгэлийг төлөх хугацаа нь болсон зээлийн өрийг төлүүлэхэд энэхүү хуульд заасан дарааллыг баримтлахаар зохицуулсан гэж ойлгогдож байна.

Иймд хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон дээр дурдсан үндэслэлүүд зэргээс хариуцагч талын ...2019 оны ЗГ-1070030252 тоот зээлийн гэрээнд холбогдох хэсгээс 26,150,855 төгрөгийг, 2016 оны ЗГ-1070023615 тоот гэрээнд холбогдох хэсгээс 89,904,566 төгрөгийг тус тус хасаж, нэмэгдүүлсэн хүү 1,667,739 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй, нийт 621,01,523 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 117,723,160 төгрөгийг хасаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 746,566 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.АМАРСАНАА

                                                                 ШҮҮГЧ                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                 ШҮҮГЧ                   Х.БАЙГАЛМАА