Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/00013

 

Д.Содномбалжирын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 325 дугаар шийдвэртэй,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Д.Содномбалжир,

Хариуцагч : ХААН банкны Завхан салбарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор  гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгэхийг даалгах тухай

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Содномбалжир нь Завхан аймгийн ХААН банкны Идэр тооцооны төвд эдийн засагчаар ажиллаж байсан билээ. Гэтэл намайг 2016 оны 5 сарын 19-ний өдрийн ХААН банкны захирлын 16/139 дугаарын тушаалаар  хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалыг  2016 оны 5 сарын 23-нд надад танилцуулсныг хүлээн авсан. Тушаалд заагдсан зөрчил дутагдлыг миний бие гаргаагүй. Иймд Идэр тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ХААН банкны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16/139 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцсэн. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн цуцалсан.  Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтад ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлүүдийн аль нэгийг гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахыг ажилтан хүлээн зөвшөөрч байгаа талаар заасан ба  Д.Содномбалжир гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Д.Содномбалжир нь ажлын байрны давуу байдлаа ашиглан хамтран ажилладаг гэрээт байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа лизингийн зээлээр өөр төрлийн зээлийн бүтээгдэхүүнээр борлуулж лизингийн зээлийн урамшуулал нэрээр харилцагчаас 33.000 төгрөг авч ашиглаж банкинд буцаан төлөөгүй. Түүнчлэн албан тушаалаа ашиглан 70.000 төгрөгийн  хураамжийг  чөлөөлж банкинд орох орлогыг алдагдуулсан. Мөн тооцооны төвийн эрхийн хэмжээг хэтрүүлэн харилцагчид зээл олгосон, зээл зориулалт бусаар ашиглагдаж байхад хяналт тавьж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан. Энэ нь ХААН банкны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, ХААН банкны зээлийн бодлого, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил юм. Д.Содномбалжирын гаргасан зөрчил нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 325 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Содномбалжирын нэхэмжлэлтэй хаан банкны Завхан салбарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдсан байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай магадлал гаргаж, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 325 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхүүд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй ба зөрчил гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн нь буруу байна. Гэтэл нэхэмжлэгч тус зөрчлийг гаргасан гэдэг нь эргэлзээтэй, хөдөлмөрийн гэрээнд заасан биш зөрчлийг гэрээнд заасан болгож, хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож шийдвэрлэсэн тул гомдол гаргаж байна. Мөн нэхэмжлэгчийг буруутгасан үйлдлүүд нь банкны ямар эрх ашиг сонирхолд харш сөргөөр нөлөөлсөнг тогтоогоогүй, харилцагчийн банкинд итгэх илтгэлд сөргөөр яаж нөлөөлсөнг тогтоогоогүй, зээлийн хүү шимтгэлийг дур мэдэн өөрчлөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалд тохироогүй тул хүчингүй болгож, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Д.Содномбалжир нь ХААН банкны Завхан салбарын Идэр тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх Д.Содномбалжирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

ХААН банкны Завхан салбарын захирал 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 16/139 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, дотоод журмын 9.3.3, хөдөлмөрийн гэрээний 5.7-г баримтлан  Идэр тооцооны төвийн эдийн засагч ажилтай Д.Содномбалжиртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх 3/ 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа урамшуулал нэрээр харилцагчаас өгсөн мөнгийг банкинд төлөөгүй, зээл олголтын хураамжаас үндэслэлгүй чөлөөлсөн, зээлийн зориулалтад хяналт тавьж ажиллаагүй гэсэн нөхцөл байдлыг зөрчил хэмээн үзсэн бөгөөд тушаалд заасан зөрчил тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.        

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 325 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ