Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 12

 

Ж.Э- д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Н.Э-, иргэний хариуцагч “МЦТ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаар магадлалтай, Ж.Э- д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ...овогт Ж.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ж.Э- ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдахыг үүрэг болгож,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “МЦТ” ХХК-иас “АХТ” ХХК-д 29 550 000 төгрөг, “МЗТ” ХХК-д 3 500 000 төгрөгийг гаргуулж тус тус олгож,

Хохирогч Н.Э- нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Э- д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг гаргасан гомдолдоо “...Top of FormАнхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч нарын гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. 1 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь ....хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэсэн заалтыг зөрчсөн. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтыг зөрчиж иргэний хариуцагчийн гомдолд дурдсан асуудлыг үнэн зөв гэж үзсэн. 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх тухай зохицуулалтыг зөрчсөн. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх зохицуулалтыг хэрэглээгүй. Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох өөрчлөх үндэслэлүүдийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 5. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсгийг удирдлага болгосон нь ойлгомжгүй, хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн. 6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг шүүгдэгч Ж.Э-с хохирол гаргуулаагүй нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчим, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэжээ. Хохирогчийн гаргасан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй ойлгомжгүй байсан тул анхан шатны шүүх гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Давж заалдах шатны шүүх хохирлын асуудлыг шийд гэсэн нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хөндлөнгөөс халдаж, хэрхэн шийдвэрлэхийг заасан, хууль зөрчсөн заалт болсон байна. 7. Хохирогч Энхбаярыг шинжээчийн дүгнэлтээр аюул тохиолдсон үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй буруутай гэж тогтоосон байхад үүнд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. 8. Иргэний хариуцагч “МЦТ” ХХК нь Ж.Э- ыг осол гарсны дараа тээврийн хэрэгсэл шилжүүлсэн тухай гэрээнд гарын үсэг зуруулахаар шаардсан байдаг. Гэхдээ энэ тээврийн хэрэгсэл нь Ж.Э- ых биш юм. Иймд хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүх ял оноохдоо шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ж.Э- ыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шинжийг орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Үүнд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн эд мөрийн баримтыг орхигдуулсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч “МЦТ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн хэлсэн саналдаа “...“МЦТ” ХХК-ийн өмчлөлийн гэж тодотгосон автомашинд мөрдөгчийн тогтоолоор үзлэг хийж, хохирлын хэмжээг тогтоолгохоор заасан боловч ажиллагаа хийгээгүй учраас хохирлын хэмжээ, хор уршиг бүрэн тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч “МЦТ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхэд хэргийг буцаасан ч дутуу хийгдсэн ажиллагаануудыг нөхөн гүйцээх боломжгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Ж.Э-  тус тээврийн хэрэгслийг н.Эрдэнэбаатар гэх хүний эзэмшлийнх гэж удаа дараа мэдүүлсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад н.Э-ын машин эсэхийг тодруулаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гомдлыг үндэслэн Ж.Э- д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ж.Э- ыг Өмнөговь аймгийн Ханбогд сум, Жавхлант багийн нутагт 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд согтуурсан үедээ .... чиргүүлтэй, ..... улсын дугаартай “Бэйбэн” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, иргэн Н.Э-ын жолоодож явсан ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Н.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, .... улсын дугаартай “Бэйбэн” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ч.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт Ж.Э- ыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэсэн атлаа гэмт хэргийн уг хүндрүүлэх шинжээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан нэмэгдэл ялыг оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь буруу, эрүүгийн хариуцлага оногдуулах зарчмыг зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд тэмдэглэгдсэн шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан эдийн хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох, уг хохирлын дүн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд дутуу хийгдсэн нь тогтоогдсон тул энэ талаар давтан дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Анхан шатны шүүхээс гаргасан зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хэрэгт хийх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаасан магадлалыг хуульд нийцсэн гэж үзнэ.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН