Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Иргэний хариуцагч Б.Гансүх

Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд

Иргэний нэхэмжлэгч Б.Амарсанаа

Шүүгдэгч Ж.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овогт Жаргалсайханы Эд холбогдох эрүүгийн 1929000650045 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд /1,88%/ согтуурсан үедээ 62-43 БЧ чиргүүлтэй, 74-38 УБК улсын дугаартай Бэйбэн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11,3 дахь заалтыг зөрчсөний улмаас 28-43 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, иргэн Н.Энхбаярын жолоодож явсан 32-86 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Н.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 74-38 УБК улсын дугаартай Бэйбэн маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ч.Энхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э нь мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 3 сарын 11-нд цагаан хад гэдэг газар машинаа янзалж байхад манай найз Энхбаатар ирээд замдаа бууна гээд надтай цуг явсан. Орой 6,7 цагийн үед Энхбаатар архи гаргаж ирээд би 3, 4 удаа балгасан. Тэгээд зүүрмэглээд явж байгаад нэг мэдэхэд ийм зүйл болсон байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 9, 11-26-р хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/

Яллагдагч Ж.Эы B, C, E ангилалын №382623 дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан баримтууд /хх-ийн 27-30-р хуудас/

Хохирогч Н.Энхбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

Хохирогч Ч.Энхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ө.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Амарсанаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

Иргэний хариуцагч А.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/

Гэрч М.Бямбаагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/

Ж.Эы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66, 67-69-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3366 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3417 дугаартай дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/

Автотээврийн Үндэсний төвийн Цогтцэций салбарын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80-р хуудас/

  • Ашид Билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний 1434, 84 дугаартай тайлан /хх-ийн 95, 98-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна

Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч Ж.Э нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож  замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 28-43 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, иргэн Н.Энхбаярын жолоодож явсан 32-86 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Н.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 74-38 УБК улсын дугаартай Бэйбэн маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ч.Энхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 9, 11-26-р хуудас/

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/

- Яллагдагч Ж.Эы B, C, E ангилалын №382623 дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан баримтууд /хх-ийн 27-30-р хуудас/

Хохирогч Н.Энхбаярын “…эсрэг урсгалаас ачаагүй нүүрс тээврийн автомашин миний урд явж байсан машины чиргүүлрүү нь мөргөөд миний машиныг чиглээд ирэхээр нь би бултах оролдлого хийж баруун гар тийш рулээ дарж замаас гарахад миний зүүн талаас цагаан өнгийн машин ирээд мөргөсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

Хохирогч Ч.Энхбаатарын “...Э бид хоёр машиндаа нэг шил архи 0,75 литрийн Ерөөл архи хувааж уугаад, архи бараг шилнийхээ талаас доош орж байхад тэндээс хөдлөөд цааш явсан... 150 гэсэн километрийн шон өнгөрөөд явж байхад Э жаахан үүрэглээд байх шиг байсан. Тэгэхээр нь би Эд “чи ядарч байна уу, хөгшин нь жаахан барих уу гэхэд” Э “зүгээрээ ийшээ ойрхон яваад зогсоол байгаа, тийшээ ороод унчихна гээд байсан. Тэгээд цаашаа яваад удалгүй намайг кабинд унтаад явж байсан чинь түр тар хийх чимээ гараад цочоод сэрээд харсан чинь ” мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ө.Батжаргалын “Манай “Аз хур Трэйвэл” ХХК-ийн 32-86 ӨМӨ улсын дугаартай авто машиныг 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой жолооч Н.Энхбаяр жолоодож яваад зам тээврийн осолд орсон ... Үнэлгээгээр гарсан 29,550,000 төгрөгийг гэм буруутай хүнээр төлүүлмээр байна” мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Амарсанаагийн “Манай “Мөнх Зоригт Транс” ХХК-ийн 28-43 УНЦ улсын дугаартай авто машиныг 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой жолооч М.Бямбаа жолоодож яваад зам тээврийн осолд орсон ... Үнэлгээгээр гарсан 3,510,000 төгрөгийг гэм буруутай хүнээр төлүүлмээр байна” мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

Иргэний хариуцагч А.Ууганбаярын “Ж.Этай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Уг 74-38 УБК улсын дугаартай авто машин нь манай компаний нэр дээр бүртгэгдэж нүүрс тээвэрт явдаг хувь хүний машин байсан” мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/

Гэрч М.Бямбаагийн “...эсрэг урсгалаар зөрж байсан олон машин дундаас нэг машин огцом гарч ирээд шууд урсгал сөрөөд өөдөөс орж ирсэн. Би жолоогоо баруун гар тийш дарж машиныг замын хөвөөрүү оруулсан боловч миний машины чиргүүлийн зүүн талын урд булангаас үргэлжлүүлэн тэр талыг жолоочийн талаараа мөргөөд ... ард талд явж байсан машиныг урдаас нь мөргөөд зогссон ... тэр машины жолооч маш их согтуу байсан. Тэр машинд сууж явсан хүн бас согтуу байсан” мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/

Ж.Э гэрчээр “...Энхбаатарын авсан архийг бид хоёр хуваагаад уусан. Архиа дуустал уулгүй би машинаа бариад хойшоо чигт явсан. Миний нойр хүрээд байсан бөгөөд Энхбаатар “машиныг чинь би барья” гэхээр нь би түүнд бариулаагүй ... нэг мэдэхэд өөдөөс ирсэн нүүрсний машинтай шүргэлдсэнээ, арынх нь машинтай өөд өөдөөсөө тулчихаж байгаагаа мэдсэн. Тэр дороо түс хийгээд мөргөлдсөн ... Миний архи дарс уусан буруугаас болж энэ осол гарсан” мэдүүлэг /хх-ийн 65-66, 67-69-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3366 дугаартай “Н.Энхбаярын биед ... учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3417 дугаартай “Ч.Энхбаатарын биед ...  учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/

“Ашид Билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний 1434, 84 дугаартай тайлан /хх-ийн 95, 98-р хуудас/

 Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-р хуудас/ зэргээр тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ж.Эыг  эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн зүйн үндэслэлтэй байна.

 Ял шийтгэл оногдуулахдаа анх удаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ч.Энхбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ж.Э нь сайн дураараа  нийт 626000 төгрөгийн тусламж үзүүлсэн, хохирогч Н.Энхбаярт 2000000/хоёр сая/ төгрөгийг мөн сайн дураараа төлж барагдуулсан байна.

Хохирогч Н.Энхбаяр нь 1 жилийн хөдөлмөрийн хөлс болох 36000000/гучин зургаан сая/ төгрөгийг нэхэмжилж байна гэж хүсэлт ирүүлсэн, эмчилгээний зардлыг баримтуудыг ирүүлсэн хэдий ч  шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэв. Учир нь хохирогч Н.Энхбаяр нь энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Азхур трэйвэл ХХК-ны нэхэмжилсэн 29550000 төгрөг, Мөнх-Зоригт ХХК-ны нэхэмжилсэн 3510000 төгрөгийн хохиролыг иргэний хариуцагч Мөнх Цаст Транс ХХК –аас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Ж.Эы гэмт хэрэгт үйлдэхдээ унаж явсан 7438УБК улсын дугаартай BEIBEN маркын чирэгч толгой, 6243 БЧ дугаартай чиргүүл нь Мөнх Цаст транс ХХК-ны эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан тэээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар гаргуулах  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Эы эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүх хуралдаанд оролцсон прокуророос санал болгосон хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт Жаргалсайханы Эыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Эд тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдахыг үүрэг болгосугай.

3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Мөнх цаст транс” ХХК-аас “Аз хур трейвэл”ХХК-д 29,550,000, “Мөнх зоригт транс” ХХК-д 3,500,000 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.

4. Хохирогч Н.Энхбаяр нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА