Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00132

 

       2018          05               30                                                 2018/ШЦТ/132   

               

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,

Хохирогч Б.О, А.Д,

Иргэний нэхэмжлэгч Ц.Н,

Шүүгдэгч Ц.Э, О.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1838000000088 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Э.

Монгол улсын иргэн, О.Э.

Үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э, О.Э нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн А.Д-н байшинд нэвтэрч “Скай”маркийн гар утас, “TCL” маркийн 40 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг талын хонхорын ... тоотод байрлах иргэн П.Г-н гэрт нэвтэрч 32 инчийн “Sharp”маркийн зурагт, зурагтны “Тод станц” зэрэг эд зүйлсийг хулгайлж 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутагт байрлах иргэн Д.Э-н эзэмшлийн “Тээл” нэртэй дэлгүүрийн цонхоор нэвтэрч “Evok”нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи 4 ширхэг, сүүн “Чингис” нэртэй 0.5 литрийн архи 6 ширхэг, хутга 2 ширхэг, хүүхдийн тоглоомон машин 1 ширхэг, 3 хос сав 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 233.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн 2-09 тоотод байрлах иргэн Д.Ц-н байшингийн цонхоор нэвтэрч 40.000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн 3-52 тоотод оршин суух иргэн Т.Б-н байшинд нэвтэрч “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи 3 ширхэг, “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи 6 ширхэг, “Боргио” нэртэй 2.5 литрийн пиво 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 28-13 тоотод оршин суух иргэн Б.О-н 4 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 16-24б тоотод оршин суух иргэн А.Б-н байшинд нэвтрэн 2 ширхэг хонины мах хулгайлж 264.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Мөрөн сумын 4 дүгээр багийн 24-17 тоот хашаанд оршин суух иргэн Ч.М-н малын хашаанаас 2 тооны ямаа хулгайлж арьсыг нь авч ашигласан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э, О.Э нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн 9-16 тоотод оршин суух иргэн А.Д-н байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Скай”маркийн гар утас, “TCL” маркийн 40 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...18 цагт гэртээ ирээд машинаа хашаандаа оруулж тавьтал цонх онгойсон байхаар нь очиж үзтэл байшингийн баруун талын цонх онгойсон хоймрын хананд тогтоогчоор тогтоосон байсан телевизор байхгүй байсан. Тэгэхээр нь үүдээ онгойлгож ортол гэрийн үүд онгойсон байсан. ...TCL маркийн 40 инчийн хар өнгийн телевизор лизингээр 699.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...манайхаас хар өнгийн Sky маркийн гар утас алдагдсан. ...гар утсаа 70.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 151-154 дүгээр хуудас/,

Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байсан... ...Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод очиход гэрийн эзэн бололтой үл таних залуу энэ манайхаас хулгай хийх гэж байгаад баригдлаа гээд Ц овогтой Э-г барьж авчихсан зогсож байсан. Тэгээд Э-г машиндаа суулгахад Э нь надтай хамт хулгай хийх гэж байсан Э хашааны гадаа хүлээж байгаад намайг баригдахаар зугтаасан гэж байсан ба Э-г хаана байгааг мэдэх үү гэхэд мэднэ би байгаа газрыг нь заагаад өгье гэж байсан. Тэгээд надад ярихдаа Э бид хоёр 20-иод хоногийн өмнө сая хулгай хийх гэж байгаад баригдсан айлын хажуу талын айлаас зурагт, гар утас хулгай хийсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

Гэрч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би А-нд яваад орсон чинь А хулгай хийх гэж байсан хүнийг бариад авлаа гээд үл таних залуугийн дээр нь дарчихсан сууж байсан ба А тэр залуугаас чи манай найзын гэрээс хулгай хийсэн үү гэхэд тэр залуу би танай хажуу талын айлаас 20-иод хоногийн өмнө зурагт, гар утас хулгай хийсэн. ...тэр хүн маань хулгай хийсэн зурагт, гар утас хоёрыг цонхоор тосч аваад зах дээр аваачаад зарчихсан байна лээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156 дугаар хуудас/,

Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр баригдахаас нэлээд хэд хоногийн өмнө Э бид хоёр энэ гудамжинд бас нэг айлаас зурагт хулгай хийсэн. Энэ айлтай ойрхон бараг хамар хашаа байж магадгүй, хашаан дотроо хүрэн байшинтай айл байсан. ...хулгай хийхэд гадаа гэгээтэй байсан. Энэ айлын цонхыг Э модоор түлхсэн чинь онгойсон. Тэгээд би явж ороод хананд нь тогтоосон байсан зурагтыг Э-т цонхоор авч өгсөн. Тэгээд би цонхоор буцаад гараад ирсэн чинь Э алга болсон байсан. ...маргааш нь Э-тай тааралдаад чи зурагтаа яасан бэ гэхэд надад юм хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 146-147 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 163 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 51-52 дугаар хуудас/ зэргээр,

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч П.Гн гэрийн хаалганы цоожийг хөшиж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн“Sharp”маркийн өнгөт нимгэн зурагт, зурагтны “Тод” станц зэрэг эд зүйлсийг нь хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд ...гэртээ харихад манай гэрийн хаалга онгорхой, хаалганы цоожны тавыг “Г” үсэг хэлбэртэй болгоод хөшчихсөн, хажууд нь арматурын төмөр тавьчихсан байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай гэрийн зүүн хойд талд мөлхөө тавилга дээр байсан 32 инчийн Sharp маркийн өнгөт нимгэн зурагт, зурагтны “Тод” станц зэрэг зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

Гэрч Л.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэргийн газарт очиход уг хулгай орсон гэх 2 айлын гадаа яг ижилхэн 1 хүний мөр байсан. ...мөшгиж үзэхэд уг мөр нь хулгай орсон газраас ертөнцийн зүгээр баруун урд зүгт яваад эзэнгүй айлын хашаа руу орчихсон бололтой байхаар нь ... явж байхад нэг хүн тэр хашаанаас гараад гүйчих шиг хашааны завсраар харагдсан. Тэгээд бид нар гүйгээд хашаа руу ороод үзэхэд тухайн хашаан дотор хар өнгийн зурагт болон цагаан өнгийн зурагтын станц зэргийг айлын хашаа түшүүлээд тавьчихсан байсан. ...Э нь нойлоос үсэрч гарч ирээд зугтаагаад араас нь мөрдөгч, ахлах дэслэгч Ч.Э, шинжээч, ахлах дэслэгч М.Б бид нар гүйгээд очиж барьж аваад баривчилж Цагдаагийн газарт авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүний хамт очиж үзлэг хийхэд уг хулгай орсон гэх хоёр айлын гадаа яг ижилхэн нэг хүний мөр байсан. ...мөрийг хөөж мөшгиж үзэхэд ...Ц.Э нь засмал зам хөндлөн гарч гүйгээд айлын хашаа руу ороод хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. ...тухайн хашаан дотор хар өнгийн зурагт болон цагаан өнгийн зурагтын станц зэргийг хашаа түшүүлээд тавьчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай: “1. Хэргийн газраас илрүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. ...3. Ц.Э-с хурааж авсан гутлын мөртэй тохирч байна. 4. Дээрх гутлын мөр нь өмнө үйлдэгдсэн хоёр хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн барагцаанд би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд ... гахай тахианы хонхорын тийшээ хашааны хаалгагүй дотроо монгол гэртэй, дутуу байшинтай айл цоожтой байхаар нь хашаа руу нь ороод гэрийн хажууд байсан лоомыг аваад гэрийнх нь цоожны тавыг хөшөөд хаалгыг нь онгойлгоод дотор нь ороод гэрийн баруун хойд талд ширээн дээр зурагт байхаар нь аваад, мөн хажууд нь байсан цагаан өнгийн станцыг аваад гэрээс гарч яваад “Соёолж” төвийн хажуу талын хашаан дотор ороод унтаж байгаад цагдаа нарыг ирж байгааг хараад зугтаасан боловч баригдчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 12 дугаар хуудас/ зэргээр,

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Э-н эзэмшлийн “Тээл” нэртэй дэлгүүрийн цонхоор буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 20-нд манай дэлгүүр өдөр ажиллаж байгаад орой 18 цагийн үед хаалга цонхоо түгжиж хаагаад 21-ний өглөө 11 цагийн үед дэлгүүрээ онгойлгох гээд ирэхэд дэлгүүрийн хажуу том цонхыг хагалж хулгай орсон байсан. Тэгээд цагдаад утсаар мэдэгдсэн. ...манай дэлгүүрээс “Evok” нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи 4 ширхэг, сүүн “Чингис” нэртэй 0.5 литрийн архи 6 ширхэг, бор иштэй хутга 2 ширхэг, хүүхдийн тоглоомон машин 2 ширхэг, 3 хос сав 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 125 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гараад орж ирэхдээ 1 ширхэг цаасан хайрцагтай зүйл оруулж ирээд гэрийн үүдэнд тавьсан байсан. Цагдаа нар манайд орж ирээд цаасан хайрцагтай зүйлийг задлуулж үзэхэд дотор нь “Evok” нэртэй том шилтэй архи 1 ширхэг, 3 ширхэг улаан, ногоон өнгөтэй чихтэй түмпэн, хүүхдийн тоглоомон машин, шар тортой хүүхдийн хувцаснууд, мөн нэг хар хуйтай хутга, чихэр печень гарч ирж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын хэдний өдөр байсныг мэдэхгүй байна. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд согтуу явж байгаад тус сумын төвд байрлах Э гэх хүний эзэмшлийн “Тээл” нэртэй хүнсний дэлгүүрийн баруун талын цонхыг хагалаад дотор нь явж ороод ... арав гаруй шил архи авсан мөн хүүхдийн тоглоом, хутга, сав зэрэг зүйлүүд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 136 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 108-109 дүгээр хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 111-112 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14, 119 дүгээр хуудас/ зэргээр,

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Ц-н байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40.000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ...13 цаг 40 минутын үед манай охин Б хичээлээ тараад гэртээ очсон гэсэн. Тэгээд байшиндаа явж ортол авдар сав онгойлгоод доторх эд зүйлүүдийг нь гаргаад тараагаад хаячихсан, баруун талын цонхны порчик онгорхой байсан гэсэн. Тэгээд манай охин шууд над руу утсаар ярьж хэлэхээр нь ... гэртээ очсон чинь авдранд байсан дээл хувцсыг бүгдийг нь тараагаад шидчихсэн байхаар нь юмнуудаа бүртгэж үзсэн ...авдар дотор хамгийн дээр нь байсан бор цүнхэнд байсан бичиг баримт, 40.000 төгрөг алга болсон байсан ...өглөө гарахаасаа өмнө авдранд байдаг бор цүнхэнд охиндоо харааны шил авах гэж байсан 40.000 төгрөгийг сул хийчихээд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 192-194 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 38 дугаартай: “1. Хэргийн газраас илрүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. ...3. Ц.Э-с хурааж авсан гутлын мөртэй тохирч байна. 4. Дээрх гутлын мөр нь өмнө үйлдэгдсэн хоёр хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөртэй тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 197-201 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сард ...зүгээр урагшаа харсан хаалгатай айлын хашаа руу орсон бөгөөд уг хашааны дотор ороход хашааны баруун хойд талд жижиг байшин байсан. ...байшингийн баруун талын жижиг цонх онгорхой байхаар нь тэр цонхоор нь ороод авдрыг нь уудалж үзсэн чинь авчих юм олдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 2014-206 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 188-189 дүгээр хуудас/ зэргээр,

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Т.Б-н байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...гэртээ ирэхэд байшингийн маань зүүн талын цонхны торон хаалтыг эвдэж цонхоор хулгай орсон байсан. ...гэрийнхээ үүдний өрөөнд архи, пиво хураадаг юм. Тэр өрөөнөөс архи, пиво авсан байна лээ. ...”Соёрхол” нэртэй 0.5 литрийн шилтэй архи 3 ширхэг, “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи 6 ширхэг, “Боргио” нэртэй 2.5 литрийн пиво 6 ширхэгийг тухайн үед алдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 222 дугаар хуудас/,

Гэрч У.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай эгчийн байшингийн цонхоор хулгай орж архи, пиво алдагдсан гэж Т эгч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 227 дугаар хуудас/,

Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б гэх баар ажиллуулдаг ...хүний гэрийн цонхыг түлхэж онгойлгоод байшингийнхаа нэг өрөөнд хураасан архи, пивонууд дотроос нь том пиво 6 ширхэгийг, Соёрхол” нэртэй 4 ширхэг архи зэргийг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 224 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 214-215 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 216-217 дугаар хуудас/ зэргээр,

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 28-13 тоотод оршин суух иргэн Б.О-н 4 тооны үхрийг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орой 17 цагийн үед манай хашааны гадаа манай үхэр байсан. Тэгээд 17 цаг 30 минутын үед эргээд үхрээ оруулах гэсэн чинь манай үхэр олдохоо байсан. Тэгээд нэлээн тэр хавиар айлын хашаагаар хайхад манай үхэр олдоогүй. Тэгээд манай хүү Баянжаргал би МСҮТ-ийн хойгуур хашаагаар үзээд ирье гээд явсан. Тэгээд манай хүү Б “Гангар” халуун усны хажуугаар үхрээ хайгаад явж байтал үхэр мөөрсөн чимээ гарсан гэсэн. Тэгээд тэр чимээгээр эзэнгүй хашаанд ороход цагдаа нар ирсэн байсан. Манай нэг үхрийг нядалсан бусад үхэр нь хашаанд байна би бусад үхрээ хашаанаас гаргачихлаа гэж манай хүү Б надад хэлсэн. Тэгээд би үхэр нядалсан байна гэх эзэнгүй хашаанд очиход манай цагаан толгойтой, дөрвөн хөл шийр цагаан, цээж цагаан хязаалан насны гунжин үхрийг маань нядалсан байсан. ...Би хулгайд алдсан 4 үхрийн 3 үхрийг амьдаар нь буцааж авсан. ...Нэг үхрийг махыг авсан хэдий ч мах дэндүү улайсан байсан болохоор хаячихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-21 дүгээр хуудас/,

Гэрч А.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э намайг надтай цуг үхэр нядлалцаад өгөөч гэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь Э гуйгаад салахгүй байхаар нь тэр үхэр чинь хаана байгаа юм бэ, хаана нядлах гэж байгаа юм бэ гэхэд би ээж, эмээ, өвөөгөөсөө нууцаар алах гэж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд үхэр нядалж яах гэж байгаа юм бэ гэж хэлсэн чинь харин надад мөнгө хэрэг болоод байна гээд байсан. Тэгээд бид хоёр МСҮТ-ийн зүүн талын гадаа очсон чинь 4 тооны алаг үхэр зогсож байсан. Э тэр дөрвөн үхэрнээс хоёр алаг зүстэй үхрийг нь хашаа руу туугаад оруулсан. Тэгээд нэг хар алаг жижигхэн биетэй үхрийг нь Э барьж аваад унагаагаад намайг намайг нөгөө үхрийн хүзүүн дээр нь дарж бай гэхээр нь дараад өгсөн чинь Э тэр үхрийг нугаслаж алсан. Тэгээд бид хоёр арьсыг нь хуулж байсан чинь Э хүн хараад ирье гээд яваад өгсөн. Тэгэхэд л би хулгайн үхэр байна гэж бодсон. Тэгээд байж байтал Э гүйж ирээд зугтаарай гэж хэлсэн. Тэгээд гудамжинд явж байсан чинь саарал өнгийн жижиг тэрэгтэй цагдаа нар ирээд намайг бариад авсан. Тэр машин дотор Э суучихсан явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...МСҮТ-ийн баруун талд байдаг эзэнгүй айлын хашаанд 4 үхрийг тууж оруулаад дараа нь 2 үхрийг гаргаж явуулаад 2 үхрийг нь авч үлдсэн. ...Тэгээд О-тай уулзтал надаас хэний үхэр юм бэ гэж асуухаар нь манай эмээ, өвөөгийн үхэр байгаа юм, нэг үхрийг нь нядлах гэсэн юм гэж хэлсэн чинь О за гээд бид хоёр нөгөө эзэнгүй хашаа руу ороод би хар алаг жижигхэн биетэй шүдлэн гунж барьж аваад О-р бариулж байгаад нугаслаж алсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-н хамт Мөрөн сумын МСҮТ-ийн хажууд байрлах хашаанд үхэр хашсан байна гэсэн мэдээллээр очиход уг хашаанаас үл таних хоёр залуу зугатаасан. Г.Г-тай хөөж О.Э болохыг тогтоож барьж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхээр нь би хойшоо яваад “Гангар” халуун усны хажууд очоод цэргийн ангийн гудмаар ороод явж байсан чинь үхэр мөөрөх чимээ гарсан. МСҮТ-ийн хажуу талд үхэр мөөрөөд байхаар нь яваад очсон чинь хажуу талын хашаанд манай гурван үхэр хашаатай байсан. Нэг хар алаг үнээ маань дутуу байхаар нь хүлэмж рүү орчихдог юм байх даа гэж бодоод хүлэмжийн тийшээ явах гэтэл хүлэмжний хажууд манай үнээг унагаагаад нядалсан байсан. Би утасгүй гараад ирсэн байсан болохоор эмээгийнх рүү гүйж утсаар ярьсан. Утсаар яриад ээж, аавдаа хэлээд буцаад хашаан дээр иртэл цагдаа нар ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35 дугаар хуудас/ зэргээр,

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 16-24б тоотод оршин суух иргэн А.Б-н байшинд нэвтрэн 2 ширхэг хонины мах хулгайлж 264.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд гэрээ цоожилж орхиод золгуут хийгээд орой 20 цагийн үед гэртээ ирэхэд таамбарны цонх хагалж ороод байшинд байсан хоёр хонины гулууз мах алдагдсан байсан. Тэгээд манай нөхөр М манайх руу орсон хулгайчийн мөрийг нь хөөж яваад урд талын гудамжинд байдаг хүнсний дэлгүүр рүү оруулсан. Тэгтэл тэр дэлгүүр хонины мах авна гээд зар тавьчихсан байсан. Тэгээд дэлгүүрийн эзэн Н эгчээс хоёр хонины мах алдчихлаа мөр нь танай дэлгүүрт ирсэн байна гэхэд Н түрүүхэн таксины жолооч Б энэ хоёр хонины махыг авч ирж өгсөн гээд хоёр хонины мах харуултал миний алдсан хоёр хонины мах мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63-66 дугаар хуудас/,

Гэрч, иргэний нэхэмжлэгч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу шинийн 6-нд Мөрөн сумын 13 дугаар хороонд дэлгүүрээ дөнгөж онгойлгоод байж байтал орой 18 цаг өнгөрч байхад танил Баагий буюу Б орж ирээд Н эгч мах авах уу, хонины мах байна гэхэд нь би угаасаа мах авч байсан болохоор мөнгө муутай л байна даа гэхэд аваад ирсэн байгаа оруулаад ирэх үү гээд гаднаас 2 хонины хавсаргасан мах оруулаад ирсэн. Тэгээд жинлээд үзэхэд 48 килограмм болж байсан. ...Би О.Э-с хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны орчимд Мөрөн сумын 13 дугаар багт “Гангар” дэлгүүрийн урд руу харих гээд явж байтал харанхуйд 18-19 цагийн үед эрэгтэй хүн даллаад зогссон. Тэгээд машинд суухаар нь хаашаа явах вэ гэхэд ийшээгээ гээд би зүүн гар тал руугаа эргээд холгүйхэн гудамж руу ороод энд зогсож байгаарай би юм аваад гараад ирье гэж хэлсэн. Тэгээд машинаас буугаад төд удалгүй ар талын багажны хайрцагаа онгойлго гэхээр нь онгойлготол юм түжигнүүлж хийгээд хаагаад орж ирж машинд суугаад уруудаад яв гэхээр нь явсан. Тэгээд нөгөө залуу явж байх замдаа ах би сая 2 хонины мах машинд чинь хийчихлээ хөдөөнөөс сая орж ирлээ та мах авах уу гэхээр нь би авахгүй гэсэн. ...Тэндээс 13 дугаар хороонд Н гээд таньдаг дэлгүүрийн урд очсон. Нөгөө залуу та энэ дэлгүүрийг таньдаг юм уу та хэлээд зараад өгөөч гэсэн. Би тэгье гээд л юм бодолгүй орж Н эгчтэй уулзаад нөгөө махыг Н эгчид хэлж авахаар болоод би өргөж оруулаад жинлэхэд 48 килограмм болсон. ...Тэгээд цагдаа дээр байж байтал нөгөө залуу ороод ирсэн. Цагдаагийн газар шалгагдаж байгаа Э гэдэг хүн болж таарсан. Таксинд явж мах аваачиж өгснөө өөрөө хүлээгээд би тэгээд цагдаа дээрээс гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...байшингийн таамбар дотор 2 гулууз мах байгааг цонхоор нь олж хараад ... байшингийн цонхны порчикыг хүчтэй түлхэж онгойлгоод байшин дотор авдар шиг юман дээр тавьсан байсан 2 гулууз махыг аваад ...такси барьсан. ...13 дугаар хороо орж Н гээд дэлгүүрийн эгчид уг хоёр махыг нөгөө таксины ахыг зараад өгөөч гэж хэлээд заруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 82 дугаар хуудас/ зэргээр,

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө Мөрөн сумын 4 дүгээр багийн 24-17 тоот хашаанд оршин суух иргэн Ч.М-н малын хашаанаас 2 тооны ямаа хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө ...09 цагийн үед эхнэр бид хоёр хадмындаа очиж малаа гаргах гээд очоод өвөлжөөн дотроос гаргаж байтал өвөлжөөний арын дээвэр хэсгээс хэдэн банз хуулсан онгорхой харагдсан. Тэгээд энэ юу болов гээд өвөлжөөн дээр гарч хартал онгорхой хэсгийн баруун талд 2 ямааны арьсыг нь хуулаад мах нь толгой шийртэйгээ бүхлээрээ хэвтэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...цагаан халтар бүдүүн эм ямаа хавар ишиглэх ямаа байсан. Нөгөө ямаа нь хар зүсмийн хязаалан эр ямаа байсан. Хоёулаа зөв талын чих тасархай, зөв тал нь шоргоолжин имтэй, эвэр дотроо цагаан будагтай ямаанууд байсан. ...”Ноёд” баарны хажуу талын ченжид арьсаа шүүж үзэхэд миний хоёр ямааны арьс зүсээрээ байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...эмэгтэйчүүдийн баяраар хүн баярлуулах гээд мөнгө олдохгүй болохоор нь ерөөсөө тийшээ явъя гэж шийдээд орой болонгуут гэрээс гарч явсан. Тэгээд тэр айлын хашааны ард шууд очоод хашааг нь араас нь даваад өвөлжөөн дээр нь шууд гарсан. Дээврийн 2-3 банзыг хуулж сөхөөд өвөлжөөн дотор орсон ба хонин дотроос эхлээд нэг ямааг нөгөө нүхээрээ өргөж гаргаж ирээд өрөлж алсан. Дахин нэг ямаа гаргаж ирээд өрөлж алаад хоёулангийнх нь арьсыг хуулж авсан. Хоёр ямааны махыг толгой шийрийг нь салгалгүй тэнд нь орхисон. Хоёр ямааны арьсаа шуудайд хийж аваад шууд гэр рүүгээ алхсан. ...маргааш өглөө нь “Ноёд” баарны Б гэдэг хүнд нэг ямааны арьсаа 20.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Д.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 09 цаг болж байхад манай хүргэн М, охин М нар хургаа тарихаар манайд ирсэн бөгөөд бид хэд өвөлжөө рүүгээ орсон чинь өвөлжөөний дээд тал онгорхой байсан. Хүргэн М дээвэр дээр нь гарсан чинь хоёр ямаа алаад арьсыг нь хуулаад хаясан байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...3 дугаар сарын 08-ны өдөр байсан байх өглөө 09-10 цагийн хооронд захын урд талын “Хүлэг” засварын газрын тушаа засмал замын хойд талд арьс нэхий авахаар зогсож байтал Б гэдэг танил залуу 2 ямааны арьс авчирж өгсөн. Тэр арьсыг нь би 25.000 төгрөгөөр худалдаж авсан. ...тэгтэл тэр залуу миний хулгайд алдсан 2 ямааны арьс мөн байна гээд гаргаад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Э ноолуур сайтай хар бараан зүсмийн хоёр ямааны арьс барьчихсан ирсэн бөгөөд би тэр хоёр арьсыг нь 35.000 төгрөгөөр худалдаж аваад ...өөрийн танил С гэх хүнд хоёуланг нь 50.000 төгрөгөөр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-9 дугаар хуудас/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэнд, шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838000000088 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч О.Э нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03  дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 38-47 дугаар хуудас/-аар,

Шүүгдэгч Ц.Э нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-85 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

      Шүүгдэгч О.Э, Ц.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч О.Э-н үйлдсэн 4 удаагийн үйлдэл, шүүгдэгч Ц.Э-н үйлдсэн 5 удаагийн үйлдэл нь тус тусдаа эхлэл, төгсгөл, зорилго сэдэлттэй, өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн, халдлагын объект тусдаа, учруулсан хохирол салангид, үйлдэл тус бүр нь бие даасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Э-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн 5 удаагийн үйлдэл тус бүрт ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэснийг баримтлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Э нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Э-н цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Э, О.Э нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.Э, О.Энх-А нар нь хохирогч А.Д-д 550.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй,

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Д.Э-д 233.000 төгрөгийн хохирол учруулснаас 100.000 төгрөгийг төлсөн, 133.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй, хохирогч Д.Ц-д 40.000 төгрөгийн хохирол учруулснаа төлөөгүй, хохирогч Т.Б-т 160.000 төгрөгийн хохирол учруулснаа төлөөгүй, хохирогч П.Г-д төлбөргүй, 

Шүүгдэгч О.Э нь хохирогч Б.О-т 3.200.000 төгрөгийн хохирол учруулснаас 3 тооны үхрийг буцаан өгсөн, 600.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч Ч.М-д 150.000 төгрөгийн хохирол учруулснаас 2 ямааны арьсыг буцаан өгсөн, 100.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, хохирогч А.Б-т төлбөргүй, шүүгдэгч О.Э-аас иргэний нэхэмжлэгч Ц.Н 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул төлбөргүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.-с 275.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-д, 133.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д, 40.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-т,

Шүүгдэгч О.Э-аас 275.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-д, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.О-д тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э, О.Э нарт холбогдох эрүүгийн 1838000000088 дугаартай хэрэгт эрүүгийн 1838002110127, 1838002150125 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болохыг дурдлаа. 

Эрүүгийн 1838000000088 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Э-н гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх саарал түрийтэй хар өнгийн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Э-д буцаан олгохыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Э-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч О.Э-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.О-н 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө хохирогч Ч.М-н 2 тооны ямаа хулгайлсан гэмт хэрэгт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Д-н байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Б-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч О.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.О-н 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 03 дугаар сарын 07-ны шөнө хохирогч Ч.М-н 2 тооны ямаа хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Д-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогч А.Б-н байшинд нэвтрэн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03  дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Э-г 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Д-н байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирогч П.Г-н гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Д.Э-н эзэмшлийн “Тээл” дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Д.Ц-н байшинд нэвтэрч 40.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Т.Б-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Э-д 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Д-н байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирогч П.Г-н гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Д.Э-н эзэмшлийн “Тээл” дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Д.Ц-н байшинд нэвтэрч 40.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Т.Б-н байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-н цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Э-т оногдуулсан 6 /зургаа/ жил 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-с 275.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-д, 133.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д, 40.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ц-д, 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-т, шүүгдэгч О.Э-с 275.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-д, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М-д тус тус олгосугай.
  4. Эрүүгийн 1838000000088 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Э-н гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх саарал түрийтэй хар өнгийн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Э-д буцаан олгохыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, О.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.НЯМСҮРЭН