Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 00031

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

 2018        08             13                                          2018/ДШМ/31

 

Ц.Э, О.Энарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Амартүвшин,

Шүүгдэгч: Ц.Э, О.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,

Хохирогч: А.Дэлгэржаргал,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Э, О.Энарт холбогдох 1838000000088 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овогт Ц-ын Э, 19… оны … дугаар сарын …-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн …. оны … дугаар сарын …-ны өдрийн …. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн … оны … дугаар сарын …-ны өдрийн …. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн /регистрийн дугаар:….........../.

Монгол Улсын иргэн, Х овогт О-ийн Э, …. оны … дугаар сарын …-ний өдөр төрсөн, … настай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн … оны … дугаар сарын …. -ны өдрийн …. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн …. оны … дугаар сарын….-ний өдрийн … дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн /регистрийн дугаар: …................/.

 

Шүүгдэгч Ц.Э, О.Энар нь бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн 9-16 тоотод оршин суух иргэн А.Дэлгэржаргалын байшинд нэвтэрч “Скай” маркийн гар утас, “TCL” маркийн 40 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлж 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг талын хонхорын 3а-4 тоотод байрлах иргэн П.Гансүхийн гэрт нэвтэрч 32 инчийн “Sharp” маркийн зурагт, зурагтын “Тод станц” зэрэг эд зүйлсийг хулгайлж   410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутагт байрлах иргэн Д.Эрдэнэбаясгалангийн эзэмшлийн “Тээл” нэртэй дэлгүүрийн цонхоор нэвтэрч “Evok” нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи 4 ширхэг, сүүн “Чингис” нэртэй 0.5 литрийн архи 6 ширхэг, хутга 2 ширхэг, хүүхдийн тоглоомон машин 1 ширхэг, 3 хос сав 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 233 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Мөрөн сумын 12 дугаар багийн 2-09 тоотод байрлах иргэн Д.Цэцэгмаагийн байшингийн цонхоор нэвтэрч 40 000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг, шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн 3-52 тоотод оршин суух иргэн Т.Баттунгалагийн байшинд нэвтэрч “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи 3 ширхэг, “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи 6 ширхэг, “Боргио” нэртэй 2.5 литрийн пиво 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 160 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 28-13 тоотод оршин суух иргэн Б.Оюунцэцэгийн 4 тооны үхрийг хулгайлж 3 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 16-24б тоотод оршин суух иргэн А.Бямбахишигийн байшинд нэвтрэн 2 ширхэг хонины мах хулгайлж 264 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2018 оны 3 дугаар сарын 07-ны шөнө Мөрөн сумын 4 дүгээр багийн 24-17 тоот хашаанд оршин суух иргэн Ч.Мөнхбатын малын хашаанаас 2 тооны ямаа хулгайлж арьсыг нь авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Ц-н Э-ийг давтан, бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, шүүгдэгч Х овогт О-гийн Э-г давтан, бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Оюунцэцэгийн 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 3 дугаар сарын 07-ны шөнө хохирогч Ч.Мөнх-Одын 2 тооны ямаа хулгайлсан гэмт хэрэгт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Дэлгэржаргалын байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.Бямбахишигийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч О.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Оюунцэцэгийн 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 3 дугаар сарын 07-ны шөнө хохирогч Ч.Мөнх-Одын 2 тооны ямаа хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Дэлгэржаргалын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хохирогч А.Бямбахишигийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Эийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Дэлгэржаргалын байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч П.Гансүхийн гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Д.Эрдэнэбаясгалангийн эзэмшлийн “Тээл” дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Д.Цэцэгмаагийн байшинд нэвтэрч 40 000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Т.Баттунгалагийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Эд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Дэлгэржаргалын байшинд нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч П.Гансүхийн гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Д.Эрдэнэбаясгалангийн эзэмшлийн “Тээл” дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Д.Цэцэгмаагийн байшинд нэвтэрч 40 000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Т.Баттунгалагийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.ЭнхАмгаланбаатарт оногдуулсан 6 /зургаа/ жил 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Эөөс 275 000 төгрөгийг гаргуулж хохирогч Артсагарын Дэлгэржаргалд, 133 000 төгрөгийг гаргуулж хохирогч Дашзэвэгийн Эрдэнэбаясгаланд, 40 000 төгрөгийг гаргуулж хохирогч Дагвадоржийн Цэцэгмаад, 160 000 төгрөгийг гаргуулж хохирогч Төмөрбаатарын Баттунгалагт, шүүгдэгч О.ЭнхАмгаланбаатараас 275 000 төгрөгийг гаргуулж хохирогч Артсагарын Дэлгэржаргалд, 600 000 төгрөгийг гаргуулж хохирогч Баасанжавын Оюунцэцэгт, 100 000 төгрөгийг гаргуулж хохирогч Чойжилсүрэнгийн Мөнх-Одод тус тус олгож, Эрүүгийн 1838000000088 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Эийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх саарал түрийтэй хар өнгийн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Эд буцаан олгохыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, О.Энарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Э давж заалдах гомдолдоо: Миний бие энэ гэмт хэрэгт холбогдон 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би энэ хэргийг үйлдээгүй, гэм буруугүй, хэргээ үнэн зөвөөр хүлээсэн.

Мөрдөн байцаагч ахлах дэслэгч Энхтүвшин надтай ирж уулзан өмгөөлөгч Н.Бүрэнчимэгтэй цуг ирсэн. Та Дэлгэржаргал гэх хүний гар утас ба зурагт хулгайлсан хэрэгт холбогдож байгаа. Та энэ хүний талаар байцаалт өгнө үү гэхэд би энэ хэргийг үйлдээгүй тул би байцаалт өгөхгүй гэсэн. Гэтэл намайг хүчээр дарамтлан Ц.Эөөр гэрч болгон хэрэг хийсэн мэтээр чанга дэглэмтэй хорих ангид 2 жилийн хугацаатай ял эдлүүлж байгаад байцаагч хошууч Шижир, ахлах дэслэгч Энхтүвшин, хэрэг хянаж байгаа прокурор Б.Амартүвшин нарт маш их гомдолтой байна. Иймд би давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр биечлэн оролцож, хохирогч Дэлгэржаргалыг шүүх хуралд оролцуулмаар байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шалгаж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 231 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч О.Эт холбогдох эрүүгийн 1838002150125 дугаартай хэргийг яллагдагч О.Э, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1838000000088 дугаартай хэрэгт,

            2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч О.Эт холбогдох эрүүгийн 1838002110127 дугаартай хэргийг яллагдагч О.Э, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 1838000000088 дугаартай хэрэгт тус тус нэгтгэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Одонбаатар, О.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хөвсгөл аймаг дахь сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч О.Эт 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 16-24б тоотод оршин суух иргэн А.Бямбахишигийн байшинд нэвтрэн 2 ширхэг хонины мах хулгайлж 264 000 төгрөгийн хохирол, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 28-13 тоотод оршин суух иргэн Б.Оюунцэцэгийн 4 тооны үхрийг хулгайлж 3 200 000 төгрөгийн хохирол, 2018 оны 3 дугаар сарын 07-ны шөнө Мөрөн сумын 4 дүгээр баг 24-17 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхбатын малын хашаанаас 2 тооны ямаа хулгайлж арьсыг нь авч ашигласан, Ц.Этэй бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 9-16 тоотод оршин суух иргэн А.Дэлгэржаргалын байшинд нэвтэрч Скай маркийн гар утас, ТСЛ маркийн 40 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлж 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө дээрх гэмт хэргүүдийн алинд нь ч шүүхээр ял шийтгүүлээгүй байсан байна.

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул О.Эт тус тусдаа оногдуулсан ялуудыг нэгтгэхэд дээр дурдсан аргыг хэрэглэх үндэслэлгүй юм.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр  үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.

Өөрөөр хэлбэл тус тусдаа мөрдөн байцаалт явуулж яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлаагүй тул анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 10 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Э нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн үйлдэл тус бүрт нь ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно...” гэж заасан тул шүүгдэгч нарын үйлдсэн хэд хэдэн удаагийн хулгайн гэмт хэргийн хөнгөнийг хүндэд нь багтааж хүнд зүйл хэсгээр нь зүйлчлэн хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцэх юм.

Иймд шүүгдэгч Ц.Э, О.Энарт холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч О.Э, Ц.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

        ШҮҮГЧИД                                                                       Т.ГАНБАТ

                                                                                                   Н.БАЯРХҮҮ